Ц.Гочоо: Би гурван удаа Засаг даргаар сонгогдохдоо өрсөлдөгчтэй байж санал хураалтаар гарч ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга асан Цэрэнгийн Гочоотой ярилцлаа.


-Нутаг ус, бага насны дурсамжаас тань яриагаа эхэлье?

-Би Дорноговь аймгийн Алтанширээ сумын хоёрдугаар багийн хүн. Хуучнаар бол Чогдон хунтайжийн баг гэж ярьдаг юм даа. Сумын баруухан талд байдаг “Үхэр чулуутын бууц”-нд 1955 онд төрж тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил хурга ишигтэй хөөцөлдөж өссөн. Нэг гэр маань 1959 онд аймаг руу шилжихэд хамт ирээд 1963 онд Арын төмөр замын дунд сургуульд нэгдүгээр ангид орж суралцсан. Тэр үед арын сургуульд голцуу албан хаагч, ажилчдын хүүхдүүд байсан учраас амьдрал ахуй нь нэлээд боломжтой. Есдүгээр сарын 1-нд тэд шинэ цүнхтэй, тансар хилэн формтой ирцгээж байхад би ганцаараа даалимбан формтой, даавуун цүнхтэй очиж, тэрэндээ бас жаахан ичиж байсан юмдаг. Аав ээж хоёр маань салчихсан байсан үе л дээ. Аав маань Эрээнцав руу мал туугаад явчихсан. Ирэхдээ надад форм, цүнх авчирч өгөх ёстой байсан боловч оройтоод 10 сард ирсэнээс болж тиймэрхүү байдалтай сургуульд орсон хэрэг. Арын сургуульд олон ажилчин, сэхээтэн хүний хүүхдүүдтэй хамт суралцсанаараа би бас их бахархдаг. “Жаран гэр”-ийн байранд Өлөө (эмэг эхийн маань эгч Чулуу)-тэйгээ, Гунгааноров ахтайгаа нэг гэрт амьдарна. Гунгааноров ах долоо төгсөөд Модон тасгийн сургуульд явж, Өлөө хоёул үлдсэн. Тэр үед “Жаран гэр”-ийн байр чинь хөдөөнөөс айлууд их нүүж ирдэг, хашаажаагүй олон гэрүүд л байлаа. Нэгдэл дундын тэндээс үртэс үүрнэ, хааяа арын вокзалаас черенковын нүүрс туучихна. /инээв/ Дөрөв, тавдугаар анги хүртэл тэгж л өссөн. Хөдөөнөөс махан хоол ирнэ. Бусад юмыг нь тэгээд Өлөө зохицуулна. Манай эцэг мал туугаад ирэхдээ “Гочоогийн энэ жилийн хэрэглээ шүү” гээд 1000 төгрөгийг Өлөөд өгнө. Далан хилийн нэг дампуу нэгдүгээр гурил, нэг дампуу хоёрдугаар гурил авахад хойтонгийн 5 сарын 15 хүртэл бид хоёрт чөлөөтэй хүрдэг. Тэгээд миний хичээлийн дэвтэр ном, хувцас хунарт тааруулаад болгодог байсан. Тийм амьдралаар л өссөн дөө.

-Багадаа хэр сахилгагүй байв?

-Хөдөлгөөнтэй нь хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ тийм хортой сахилгагүй бол биш. Зун нь эцэг рүүгээ явдаг. Сүмийн булаг, Хөх эрэг, Өехийн худаг гээд энэ урдуур байна. Зүүнбаянгийн хойгуур мал аваад гараад ирнэ. Тэнд анх морь унаж сурсан. Тавдугаар ангиасаа л Алтанширээ рүү очиж эхэлсэн. Дүү нартайгаа ойр байг гэсэн эцгийн ухаан бас байжээ. Энэ нь ч бас зөвдсөн. Сумандаа шилжиж ирээд Алтанширээгийн долоон жилийн сургуулийг төгсөж, Хэнтийн ТМС-д явсан даа.

-Арван хэдэн настай хүүхэд малын санитарчийн мэргэжил эзэмшээд сумандаа ажиллаж, бас ч үгүй сайн санитарч гэж хэлэгдэж явсан гэдэг. Тэр үеийг дурсвал?

-Долоодугаар ангид ороод ирэхэд бас нэлээд юмыг боддог тунгаадаг болж байгаа юм. Олон настайчуудтай, олон нялх дүү нартай, ээж маань ганцаараа цалинтай, нөгөөдүүл нь тэтгэврийн хүмүүс. Тэгээд л би ер нь хөдөлмөр хийж гэртээ тус болох хэрэгтэй юм байна гэж шийдээд долоо төгсөөд Хэнтийн ТМС-д сурахаар явсан. Сайндаа ч үгүй тэр үед Алтанширээгийн долоон жилийн сургууль байгуулагдаад удаагүй, олон газраас багш сурагчид ирчихсэн. Товчхондоо бол сурлагаар гоц гойд хүүхдүүд нэг их байгаагүйгээс ТМС-д явах нь элбэг байсан үе. Харин ТМС-даа амжилттай суралцаж онц төгсөөд сумандаа ирж 180 төгрөгийн цалинтай санитарч хийсэн. Анхны цалингаа аваад ээждээ авчирч өгөхөд ээж маань маш их баярлаж байсан. “Миний том хүү хоолны захад хүрч дүү нараа тэжээж эхэллээ” гээд. Цааш нь 205, 250, 450 төгрөгийн цалинтай мэргэжлийн санитарч болтлоо ажилласан даа.

Долоон зуун ямааны цусыг өдөрт нь авчихдаг, ямар ч үхэр адууны севийн шинжилгээний тарилга туулгыг хийчихдэг. Б.Сүкей, Ц.Дэмид эмч нараар заалгаад малын эргүү авахыг сурчихсан. Эргүүтсэн хонь, ямааны тархинд хагалгаа хийгээд ууттай уйланхайг нь аваад эргүүлээд нойлын утсаар оёчихно. Тэгээд л зүгээр болдог. Мал угаах, мал хөнгөлөх, эмчилгээ тэжээлийн цэгт өвчтэй мал цуглуулж эмчлэх, бригад сууриар тойрох гээд эхлэл төгсгөлгүй ажилд мөн ч их нухлагдсан даа. Малын санитарч болсноос эхлээд мэргэжил боловсрол маш хэрэгтэй юм байна гэдгийг л сайн ойлгосон. Ажил хөдөлмөрийн гарааг ингэж эхлэх юм байна гэдгийг их бодсон. Сайхан хамт олны дунд гурван жил ажилласан. Тэр үед улсын аварга болсон малын эмч Г.Бавуудорж, сүүлд Сайхандулаанд нэгдлийн даргаар очсон Б.Сүкей, хожим гавьяат болсон Ц.Дэмид, мөн Н.Энэбиш, Т.Банди, Г.Нэрэндэндэв гээд сайхан улсууд байсан. Тэднээс их зүйл сурсан даа. Барагтай нэг цус буусан морийг бол хатгачихдаг, чацга алдсан малыг эдгээчихдэг л байлаа.

-Хэдий үеэс нам эвлэлийн ажил хийж эхлэв?

-Тэгээд цэрэгт явсан. Намайг Өмнөговьд хуваарилагдаад байхад манай нутгийн С.Сониу, Д.Бадамсүрэн нар миний хуваарийг Дарханы 134 дүгээр ангийн хуваариар сольж өгсөн нь амьдралын зүг чигээ олоход минь чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Тэнд л эвлэлийн ажлын зах зухаас суралцсан даа. Би ер нь 1969 онд Эвлэлд элссэн хүн байгаа юм. Цэргийн Эвлэлийн үүрийн ажил хийж байгаад гурван жилийн дараа ахлах түрүүч цолтой халагдаж ирээд аймгийн Хөдөлмөр, нийгэм халамжийн хэлтэст очиход минь С.Содномпил гуай надад “Чи олон дүү нартай хүн, эхдээ хань болж ажил хий” гэж зөвлөөд, тэр дагуу нь аймгийн Эвлэлийн хороонд гурван сар ажилласан. Тэр намраа буюу 1978 оны есдүгээр сард Мандах сумын Эвлэлийн үүрийн даргаар томилогдож тэнд дөрвөн жил гаруй хугацаанд ажиллаж амьдарсан. Тэгж ажиллаж байхад хоёр томоохон үйл явдал тохиосны нэг нь 1979 онд болсон Илгээлтийн эздийн Улсын анхдугаар чуулга уулзалт. Тэр уулзалтаар Мандах сумаас Ч.Баяраа, Р.Энхтайван хоёр маань “Алтан гадас” одонгоор, Г.Баянцагаан “Хөдөлмөрийн хүндэт медалиар” шагнуулж байсан. Гурав дөрвөн ч хүн Улсын залуу аварга болсон. Нөгөөх нь Цагаан цавыг анх байгуулахад бүтээн байгуулалтад нь оролцож байсан маань юм. Ер нь Мандахад нэлээн сайн ажилласан гэж боддог.

-Удирдах, зохион байгуулах ажилд чамгүй сайн суралцсан он жилүүд байсан биз?

-Хүнтэй ажиллах арга барилын тухайд Мандахад байхдаа сум нэгдлийн дарга, АИХ-ын депутат Ц.Пүрэв, намын үүрийн дарга АИХ-ын депутат Г.Чимэдготов гэдэг хоёр хүнээс мөн ч их юм сурсан даа. Тэр хоёр хүний нөмөрт удирдах ажлын дөртэй болсон. Удаа ч үгүй нэг хэлмэгдүүлсэн тогтоол гарч Мандахын бүх дарга нарыг ажлаас нь халсан. Хожим нь эргээд бүгдийнх нь нэр төр сэргэсэн л дээ. Тэгэхэд Б.Доржхуяг бид хоёр л ажил дээрээ үлдсэн юм. Тэгээд аймгийн Намын хорооны шийдвэрээр бид хоёрыг Намын дээд сургуулийн Нам улсын хариуцлагатны хоёр жилийн ангид явуулсан. Тэр сургуульд явсан нь амьдралд хөлөө олоход минь маш том дөхөм болж өгсөн гэж боддог доо. Дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрийг шахаад түргэвчилсэн хөтөлбөрөөр үзчихдэг. Бас 450 төгрөгний цалинтай байсан. Ажил хөдөлмөрийн гараа тэгж л үргэлжилсэн.

-Сургууль төгсөж ирээд шууд сумандаа ажилласан байх аа. Ер нь төрсөн нутагтаа ажиллахын давуу тал нь юу байв?

-Тэр их сайхан. Урьд нь Мандахад бол хэдий танихгүй газар очсон ч сайхан залуучуудтай танилцаад сайхан хамт олны дунд ороод сайн ажиллаж сайхан л байсан. Тэрийг хэлэх хэрэгтэй. Харин төрсөн нутагтаа хүрээд ирэхэд хүн зоныг нь танина. Урьд нь санитарч хийж байхдаа өчнөөн тойроод явчихсан болохоор хөдөөгийнхнөө мэднэ. Ядахдаа л газар нутгаа, уул усаа нэрлэчихнэ. Би ер нь уул овоогоо их шүтэж явдаг хүн. Алтанширээ чинь их авшигтай газар орон юм шүү дээ. Сайн юмны авшиг ихтэй. Тэр талаас нь бодоход Чогдон хунтайжаас эхлээд Анги Шагдар, одоо танай дээдцүүл болох Балжинням бэйс гээд олон хүнийг нэрлэж болно. Балжинням бэйсийн талаар уншиж судалж байхад Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол зүтгэлтний нэгэнд яах аргагүй багтдаг юм билээ. Энэ хэдэн мундаг хүмүүс чинь хошуу захирагчид байсан байгаа юм. Чогдон хун тайж, Балжинням бэйс, Дондог хиа гээд л... Тэгээд төрсөн нутгийн уул ус, овоо их сайхан санагдана. Би очих, эргэж тойрох их дуртай. Чулуун гишгэрийнхээ хадан дээр очих, Толбодоо очих... Б.Догмид надаар тоглоом хийгээд “Толбодоо очихоор толгойных нь эргээ гардаг” гээд шүлэг хүртэл бичсэн удаатай. Улаан Чалцай, Баянбуурал, Эрдэнэцогт, Толбын ширээ, Эрдэнэ-Овоо, Ширүүн улаан гээд сайхан авшигтай газар орон байна. Хүнд дандаа энерги өгч байдаг. Тэгээд хүн зон нь их хөдөлмөрч, дундаасаа хөдөлмөрийн баатрыг төрүүлсэн нутаг шүү дээ. Д.Даваасамбуу гуай чинь улсын хэмжээнд нэгдлийн дарга нараас Хөдөлмөрийн баатар болсон гурав дахь хүн юм. Алтанширээгийн улсын аварга цолтой долоо чинь Дорноговийн анхны долоон аварга юм. Тийм хөдөлмөрч зон олны дунд ирсэн болохоор их сайхан байсан. Тэр үеийн сэхээтнүүд бас их хөдөлмөрч бүтээлч хүмүүс байлаа. Тэднийхээ дунд ороод ажиллахаар чинь урамтай байлгүй яахав.

Би урьд нь Ж.Ухнаа даргыг байхад хоёр ч удаа намын үзэл суртлын ажлаар Алтанширээд ирж “Ялалт” сонины дугаарыг бүтэн жилээр цуглуулах үүрэг өгч түүгээрээ үзүүлэх сургууль хийж байсан юм. Аймгийн Материал техникийн бааз, “Ялалт” сонин хоёр Алтанширээ сумтай шефийн харилцаатай. Тухайн үеийн эрхлэгч Р.Түмэнжаргал бид хоёр их найз, хөдөөгүүр их ч явна. “Ялалт” сонин гэснээс Мандахад Эвлэлийн үүрийн дарга байхдаа би “Ялалт” сонины идэвхтэн сурвалжлагч байлаа. Сонинд мэдээ бичиж явуулна. Тухайн үед Ж.Гочоо гуай, Д.Намжилдорж гуай, Д.Гомбожав гуай, Н.Эрдэнэбилэг гээд сайхан хүмүүс ажилладаг байсан. Сүүлд сумандаа ирсэнээс хойш хавар төл бойжуулах үеэр шеф байгууллагын хувиар Д.Шуурган, Д.Чимгээ гээд олон сайхан залуучууд манайд төлчнөөр ирдэг байв. “Ялалт” сонинтой ингэж холбогдож байлаа. Сонин гэдэг чинь намын үзэл суртлын зэвсэг байлаа шүү дээ. Мэдээ бичсэн ч тэр талаа их барьдаг.

Та нар “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” сонинуудыг бүгдийг нь хадгалж чаддаггүй юм гэхэд ядаж “Ялалт” сониноо хадгал гэж л захина. Хөдөөний айлд очоод үзэхэд “ил байхаар хүүхэд урчих гээд байх юм” гээд л авдарнаасаа дугаар дутаалгүй эвхээд хадгалчихсан сонин гаргаж ирнэ. Энэ чинь тухайн үеийн хариуцлагын бас нэг хэлбэр байлаа.

-Сумын засаг даргаар гурван удаа сонгогдож, нам олон нийтийн ажилд 40 шахам жил зүтгэхэд багагүй саад бэрхшээлийг давж туулсан нь мэдээжийн хэрэг. Тухайн үеийн ажлын шаардлага ямархуу байв. Хариуцлага бол өндөр байсан даа.

-Сургууль төгсөөд ирэхэд аймгийн Намын хорооны товчоо хуралдаад надад өгсөн анхны үүрэг бол Алтанширээ сумын Намын үүрийн орлогч нарийн бичгийн даргын ажил байсан. Намын гишүүний нэг үүрэг бий. Дүрмээр заасан үүргээс гадна. Тэр нь юу вэ гэхээр биеэ авч явах, хүнтэй ажиллах, тэгээд өгөгдсөн үүргийг ягштал нь биелүүлэх даалгаврыг намаас өгдөг байсан. Дээр нь нэмээд хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагатай байна гэдэг маань зөв хувцаслахаас эхлээд хүнтэй зөв харьцах, айлд ороод зөв суудал дээр суух, аягатай цайг зөв амсах тухай яригдана шүү дээ. Ахмад хүнийг хүндэтгэх, хүнээс үг сонсох. Хатуу хөтүү үг ч бай, сайшаал магтаал ч бай ялгаагүй. Аливаа хүнийг сонсож сурна гэдэг бол удирдах ажил хийж байгаа хүний эзэмшвэл зохих гол зүйл юм. Сонссоныхоо дараа хариулт өгөх энэ чинь бас л үүрэг хариуцлагын нэг хэлбэр. Үүнийг надад эрхэмлэн захиж байсан хүн бол Г.Чимэдготов дарга байгаа юм. “Миний хүү чи залуу хүн, хүнээс үг сонсож сур. Хүн сайн ч юм хэлнэ, муу үг ч хэлнэ. Тэр бүхнийг сонсож сур. Дараа нь бод. Бодоод аль гаргалгаа нь зөв байна вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй” гэж захина. Тэр хүн бол өөрөө сургууль соёлоор нэг их яваагүй хэрнээ амьдралын хар ухаантай тийм лут хүн байсан. Аливаа юмыг хийе бүтээе гэсэн сэтгэл маань үүрэг хариуцлага хүлээхэд нэг талаараа илүү дэмтэй байсан болов уу. Багадаа хатуу хөтүү амьдрал үзсэн маань ч бас нөлөөлсөн байх. Тэгээд ер нь хийсэн ажлаа зөв ч буруу ч гарах үр дүнг нь хүлээж сурах хэрэгтэй. Алдаж онохгүй юм гэж байхгүй шүү дээ. Алдаа бол гарна. Тэр алдаагаа ухамсарладаг засаж сайжруулдаг байх нь чухал. Тийм байх ч ёстой гэж бодож ажилладаг байлаа.

-Өнөөгийн төрийн албан хаагчдын тухай ямар бодолтой явдаг вэ. Ер нь төрийн ажил хийж байгаа хүн юун дээр илүү их анхаарах ёстой юм бэ?

-Төрийн алба бол цаг хугацаатай л ажил. Төрийн ажил хийхэд ерөнхий мэдлэг чадвар хэрэгтэй байлгүй яахав. Тэрнээс гадна ард түмнийхээ ахуй амьдралыг сайн мэддэг байх хэрэгтэй. Ард иргэдийнхээ амьдралын гүнд орсон байвал илүү л сайн. Би залуухан хоршооны дарга байхдаа шинээр айл болсон залуу гэр бүлд тусалж л байсан. Их гэрт нь гурван жил орчихоод нөгөө шинэ айлдаа ордоггүй. Тэгэхэд бэр нь орж ирээд хэлж байсан “Гочоо дарга аа, та манайд орж үз л дээ. Дандаа хадмынхаар л ирчихээд явах юм. Манайхыг айл гэр болоод гурван жил болоход нэг ч орж ирсэнгүй” гэж. Энэ үг тархин дундуур татаад авах шиг л болсон. Эндээс бодоод төрийн албан хаагч бол айл болгоноо, хүн нэг бүрээ мэддэг байх ёстой гэдгийг анзаарч байгаа юм. Одооны төрийн албан хаагч нарыг харахад хүн болгон дарга болох дуртай болчихсон. Хөнгөн шингэн ажил хийж байгаад төрийн албанд шингэж амар хялбар замаар дарга болох сонирхолтой. Төрийн ажлыг хурууны үзүүрээр хийчих санаатай. Үүнд би эмзэглэж явдаг хүний нэг. Ер нь сонгуулийн дараа дарга цэргээ сонгохдоо ард иргэдээсээ асууж сонсож, амьдрал мэддэг ажилд нухлагдсан хүнийг сонгож төрийн албанд тавих нь зөв гэж боддог. Багийн даргын ажил ч гэсэн дөнгөж сургууль төгссөн хэн дуртай нь ирээд хийчихдэг амар ажил биш шүү дээ. Алтанширээгийнхнийг ярьдаг гэсэн. Ахиад л нөгөө согтуу Гочоогоо сонгочихож гэж. Би гурван удаа Засаг даргаар сонгогдохдоо өрсөлдөгчтэй байж санал хураалтаар гарч ирсэн. Үүнийг би ард иргэдийнхээ ахуй амьдралыг мэддэг байсных л гэж ойлгож явдаг.

-Таны хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Байгалийг их ухаж төнхөж, ан амьтан ургамал газар шороондоо хайр гамгүй хандаж байгаад би их эмзэглэж явдаг. Байгаль бол эргээд хариугаа авдаг гэдгийг монгол хүн бүр мэдэх л хэрэгтэй. Арваад жил засаг даргаар ажиллахдаа миний бие нэг ч газрын зөвшөөрөл лиценз өгч байгаагүй. Харин тэрний эсрэг явж ирсэн.

Дараачийн бас нэг эмзэглэж явдаг зүйл бол залуу үе маань ахмадуудаа сонсохоо байж, хүндэтгэхээ больчихож. Ахмадууд нь залуустаа юм хэлэхээ байсан. Цаг үе нь ийм болчихсон. Өнөөгийн малчдыг л харчих. Байнга мотоциклоор хонио хариулна. Уурга барьсан морьтой хүнээс хонь нь үргэдэг болсон байна шүү дээ. Ингээд бодохоор юу хэлэх вэ дээ. Уургаа бариад адуундаа морддог хүн гэж алга.

Товчхон хэлвэл байгалийн унаган төрх алдагдаж, монгол ахуй соёл гээгдэж, ахмад залуу үеийн холбоо тааруухан болчихоод байгаад эмзэглэж явдаг даа. Залуучууд маань ойлгоно биз ээ. Даяаршил гэж яриад тийшээ нүүгээд байгаа боловч улс үндэстний өөрийн онцлог ахуй соёл үлдэх ёстой гэдгийг бодох л хэрэгтэй.

-Тэгвэл юугаар илүүтэй бахархдаг вэ?

-Сайхан монгол дээл хувцсаа өмсөөд үндэснийхээ баяраар ахмад үеэ хүндэтгэж байгаа маань их бахархал. Монгол уламжлалаар айраг цагаагаа бэлтгээд морь малаа унаж эдлээд явна гэдэг их бахархал шүү. Би монгол уламжлалаараа бахархдаг хүн. Бас төрийнхөө сүлдэнд их бахархалтай ханддаг. Гэхдээ одооны төрийн сүлдэнд жаахан сүжиг муутай. Мөн уул усаа шүтэж дээдэлж яваадаа бахархдаг. Уул усны авшиг мөн ч их шүү.

-Уул усаа шүтдэг гэснээс та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?

-Олон өндөр настай хүний дэргэд өссөн болохоор шүтлэгтэй шүү. Хөгшчүүлийн дэргэд өссөн хүнд цаанаасаа шүтлэг, номын авшиг байж байдаг юм билээ шүү. Энд тэнд шинээр бүтээж байгаа бурхан номын үйлд даган баясаж оролцохыг боддог.

-Хүний мөс чанар муудаж байгаа тухай яриа үеэс үед л байсан болов уу. Таныхаар хүн чанар гэдэг нийгэм орчин нөхцлөөс шалтгаалаад хувирч өөрчлөгдөж байдаг олдмол зүйл үү, төрөлх чанар уу?

-Багаас суусан төрөлх чанар хэдий ч нийгэм орчин их нөлөөлж байна. Үүнийг бас бодох ёстой. Гэхдээ нийгэм хичнээн хүнлэг бус байлаа ч гэсэн хувь хүн өөрөө суурь хүмүүжил сайтай, ёс жудагтай бол бас баргийн юманд янз бүр болоод байхгүй л дээ. Удмын юм гэж бас байна. Удам сайтай хүмүүс бол өөрийнхөө мөс чанарыг алдахгүй авч яваа байдал ажиглагддаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top