Жо Байденыг талибуудаас аварсан орчуулагч Афганистанаас гарч чадлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг 2008 онд сенатч байхад нь талибуудаас аварсан орчуулагч Аман Халили эх орноосоо гарч чаджээ.

Афганистаны орчуулагч Аман Халили Жо Байден болон өөр хоёр сенатчийг талибуудаас аварсан юм. 2008 онд АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр Black Hawk нисдэг тэрэг Афганистаны талибуудын хяналтад байдаг бүсэд ослын буулт хийхээр болжээ. Нисдэг тэргэнд Жон Керри, Чак Хэйгел, Жо Байден нарын Америкийн гурван сенатч байсан аж.

Ослын буулт хийсэн нисдэг тэрэгний хүмүүс тусламжийн дохио өгөх үеэр уулаар машинтайгаа явж байсан Аман Халили тэдэн рүү ирж, сенатчид аюултай бүсээс гарч чаджээ.

Өмнөх нүүлгэн шилжүүлэлтээр Афганистанаас гарч чадаагүй орчуулагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хандан тусламж хүсэж байсан юм.

Human First Coalition байгууллага орчуулагчийг гэр бүлийнх нь хамт Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн байна. Афган орчуулагчийг эх орноосоо гарахад нь Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй Төрийн департаментын хэд хэдэн хүн туслалцаа үзүүлжээ.

Аман Халили гэр бүлээрээ эхлээд Афганистанаас Пакистанд очиж, тэндээсээ өөр улс руу явсан байна. Тэд аль улсад очсон нь тодорхой бус байгаа аж.

Human First Coalition байгууллага Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон АНУ-ын Төрийн департаментын ажилтнуудад цагаа олж тусламж үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

Тус байгууллагаас мөн АНУ-ын эрх баригчид Пакистаны нийслэлд байгаа 200 афган иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тусална гэж амласан талаар мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top