Афганистаны дүрвэгсэд Европын эв нэгдлийг эвдэх үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчоо (EASO) Европын Холбоо руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний өсөлтийг ажиглаж байна. Европ руу цагаачлах хүсэлт гаргасан хүмүүсийн тоо өнгөрсөн наймдугаар сард ковидын өмнөх түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ Афганистанаас орогнол хүссэн 10 мянган өргөдөл ирсэн нь долоодугаар сарынхаас 38 хувиар их байгаа аж.

Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчоо (EASO) Афганистан дахь нөхцөл байдал нь Европын цагаачлалын системд нөлөөлнө гэж үзэж байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан  улсаас Европ руу цагаачид шилжин ирэхтэй холбоотойгоор Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчоо Брюсселийг “хүнд хэцүү байдалд” бэлдэхийг уриалжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тус товчоонд бүртгүүлсэн дүрвэгсдийн тоо нэмэгдсэн нь АНУ-ын Афганистан дахь үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаачлалын шинэ давлагааны зөвхөн эхлэл нь аж.

Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчооны гүйцэтгэх захирал Нина Грегоригийн мэдэгдсэнээр наймдугаар сард 10 мянган афган иргэн орогнол хүссэн нь долоодугаар сарынхаас 38 хувиар өссөн тоо аж.

Орогнол хүсэгчдийн тоо Зүүн Европын орнууд, ялангуяа Балканы чиглэлд нэмэгдсэнийг Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчооноос онцолжээ. Эдгээр орнуудад Болгар, Словен, Хорват, тэрчлэн Австри орж байна. Европын орогнол олгох асуудал эрхэлсэн товчооны гүйцэтгэх захирал Нина Грегори мөн “цагаачлалын халуун цэг”-ээр Латви, Литвийг нэрлэжээ.

Түүнчлэн Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч буй мэдээллээр тус улс орогнол хүсэгчдийн тоогоор Европын Холбоонд нэгдүгээрт жагссан хэвээр байна. Зөвхөн есдүгээр сард л гэхэд ХБНГУ-аас 13 мянган хүн орогнол хүсжээ. Тэдний дийлэнх нь Сири, Афганистан, Иракийн дүрвэгсэд байсан аж.

Нина Грегоригийн ярьснаар Европын Холбоо бүхэлдээ афган иргэдийн орогнол хүссэн хүсэлтээр дүүрчээ. Афганистаны хямралаас болж үүссэн Европын Холбоон дахь цагаачлалын хямрал нь Европын эв нэгдлийг эвдэх болно гэж шинжээчид дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top