Ирэх оны улсын төсөв болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна. Ирэх оны төсөвт ямар санал гаргасан бэ?
-Энэ оны тавдугаар сарын 2-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээр нь тухайн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч, эздийн хооронд тохиролцдог, тохиролцооны баримт бичиг. Ирэх оны хэлэлцээрт цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ гэж тусгасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 26.2-т тодорхой заасан заалтыг олон жил хэрэгжүүлэхгүй байгаа учир хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг ирэх оны улсын төсөвт баталгаажуулж, суулгахыг хэлэлцээрээр тохирсон байсан. Түүнээс гадна нийгмийн хамгааллын хөрсөн түвшинг дордуулахгүй байх, иргэдийн ажлын байрны баталгааг хангах, ажил олгогч нараа дэмжсэн, улс орныхоо эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн, цар тахлын үеийн сөрөг нөлөөллийг хамтарч бууруулах чиглэлээр тодорхой асуудлуудыг улсын хэлэлцээрийн хүрээнд тохиролцож чадсан юм.
Харамсалтай нь хэлэлцээрийн гол хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд улсын төсвөөр баталгаажиж чадахгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардалтай холбоотой асуудлууд бүрхэг, хөрөнгийн эх үүсвэр тодорхой тусгагдаагүй байна. Улсын төсөв гэдэг ард иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Улсын төсөв ажил олгогч болон ажилтны төлсөн татвараас бүрдэж байдаг. Ажил олгогч, ажилтнаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой болохоос биш үр ашиггүй тараадаг зүйл биш гэдгийг сануулах, шаардах хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёр удаа хуулийн хүрээнд саналаа явуулсан. Ер нь бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд илэрхийлсэн. Улсын хэлэлцээрт Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч нар хамтарч ажилласан тул биелэгдэх ёстой.
-Иргэдийн цалин хаа хаанаа ч хүрэлцэхгүй байгаа талаар мэдээлж байна. Ирэх онд цалин нэмэгдэх боломж байгаа гэж харж байна уу?
-Бололцоог төсвийн хүрээнд гаргах үүрэгтэй. Аж ахуй нэгж, албан байгууллагууд нь хорио цээрийн дэглэмд үйл ажиллагаагаа зогсоож, ард иргэд нь алсын зайнаас цахимаар ажиллалаа. Харин цалин, хөлсөө 50-70 хувиар авсан. Цалингүй ажилласан хүн ч олон байлаа. Иргэдийн амьдрал хүнд байдалд орж, улс орны эдийн засаг тэр хэмжээгээр уналтад орсон. Хэрэглэгч, худалдан авагчгүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, баялаг бүтээнэ гэж байхгүй. Тиймээс харилцан хамааралтай асуудлыг ирэх оны төсвийн хүрээнд шийдэх боломж, бололцоо, хамтын зорилго байгаа учраас иргэдийнхээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай. Тэгвэл зах зээл аяндаа хөгжинө. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчээр дамжин ашиг орлого болдог. Улс орны эдийн засаг, татвараар дамжиж, улсын төсөв дэмжигдэж, орлого тал нь биелэгддэг. Цар тахалтай нүүр тулсан хоёр жилийн хугацаанд иргэдийн цалин хөлсийг огт нэмээгүй шүү дээ. Үүнийг бид тал талаас нь ярьж, хэлэлцээрт тусгаж чадсан. Цалин нэмэх боломж бололцоо байна. Улсын төсвийн хүрээнд орлогын эх үүсвэр байгаа нь харагдаж байна шүү дээ. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнд тэгшитгэсэн байдлаар буюу дөрвөн тэрбум, нийтдээ 304 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зардал хэлбэрээр төсөвт суулгаж байна. Аймаг, сонгогдсон тойрог бүрд тэгшитгэсэн байлаар дөрвөн тэрбум төгрөг суулгах ямар хэрэг байна аа. Аймаг бүрийн онцлог, хүн амын тоо өөр байдаг. Үүнийг ингэж тэгшитгэж хуваарилахгүйгээр иргэдийнхээ цалин, орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Цалин орлого гэдэг бол иргэддээ өгч байгаа томоохон хөрөнгө оруулалт. УИХ-ын 76 гишүүнд 304 тэрбум төгрөгөө цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зардалд тусгахыг уриалж байна. Тооцоо хийж үзэхэд төсөвт байгууллагаас цалинждаг 300 мянга гаруй хүний цалинг хамгийн бага буюу 20 хувиар нэмэгдүүлэхэд 366 тэмбум төгрөгийн эрэлт, хэрэгцээ улсын төсөвт шаардлагатай байгаа юм. Тэгвэл энэ шаардлагатай эх үүсвэрийн 300 тэрбум төгрөг нь гараад ирлээ. Үлдсэн эх үүсвэрийг бусад үр ашиггүй зардал болон төсвийг зохиосон Сангийн яам, Засгийн газар, УИХ-ын төсвийн байнгын хороо гаргах ёстой. Цалин нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлэхээр эх үүсвэр хаана байна гээд бид нараар тоо бодуулах гээд байдаг. Сангийн яам, УИХ-ын төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо байна. Энэ хүмүүс ажлаа хийх ёстой.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувиар өслөө. Иргэдийн цалин үүнд хүрэлцэхгүй хүнд нөхцөл байдал үүссэн байна. Энэ тал дээр танай холбооны зүгээс шаардлага тавихаас гадна авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна уу?
-Бид цалин хөлсийг зүгээр ч нэг нэмэгдүүлэх зорилгоор тавиад байгаа юм биш. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн хэрэглээ багаслаа. Цалин орлого нь бодитойгоор 30-50 хувь буурсан. Үнийн өсөлтөд нэрвэгдэж цалин, орлого нь ахиад буурсан. Бодит тооцооллоос харахад бараа бүтээгдэхүүний үнэ төрлөөс хамаараад янз бүрийн хувь хэмжээгээр нэмэгдсэн байна. Үнийн нэмэгдэл нь иргэдийн цалин орлогыг бууруулахад шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Хууль бус үнийн өсөлтөөс иргэдийнхээ бодит орлогыг, аж ахуй нэгж, албан байгууллагийн ашгийг хамгаалах үүрэг төрд байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаална гэсэн үг. Төр үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Монголын үйлвэрчний эвлэлийн холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран ажиллаж байгаа. Шаардлагуудыг хамтарч тавьж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрд санаа бодлыг нь дамжуулдаг гүүр юм. Бид шууд иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлээд, үнийн өсөлтийг бууруулдаг байгууллага биш. Төрд бодит байдлыг уламжилж, шахаж шаардах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээд явж байна. Үүнд иргэдийн санаа бодлыг хэрэгжүүлэх ёстой төрийн холбогдох байгууллагууд нь хариуцлагатай ажиллах ёстой. Бид улсын хэлэлцээрийг Засгийн газар, ажил олгогч нартай байгуулна гэдэг нь хариуцлагийн асуудал юм. Хэрвээ хэлэлцээрт тавьсан шаардлагууд биелэгдэхгүй бол үйлдвэрчний эвлэл хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд жагсаал цуглаан зохион байгуулна. Бүр болохгүй бол ажил хаялтад хүрэхээс өөр аргагүй болно. Энэ байдал аль ч талдаа ашиггүй. Нийгмийн тогтворгүй, эмх замбараагүй байдал нь эдийн засагт хор хөнөөлтэй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ ийм нөхцөл байдлыг нөгөө талууд маань бий болговол хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцээрийн хүрээнд эхлүүлэхээс өөр аргагүй.
-Цар тахалтай нүүр тулсан хоёр жилийн хугацаанд ажлаас хууль бусаар халагдах тохиолдол хэр их гарсан бэ. Энэ асуудлын хүрээнд хийгдсэн статистик тоо баримт, судалгаа байна уу?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаа байдаг. Гэхдээ ажлаас халагдах тохиолдол дан ганц цар тахлын нөхцөл байдал гэлтгүй хөдөлмөрийн харилцааны энгийн үед ч гардаг. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанаас харахад 50 мянга гаруй ажлын байр цар тахлын үед алдагдаж байна. Янз бүрийн нөхцөл байдалд хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүс өдөр тутамд ирж хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авч байгаа.
-Цар тахалтай нүүр тулсан хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар илүү ачаалалтай ажиллаж байгаа. Энэ тал дээр анхаарч байна уу?
-Цар тахлын үед хүндрэл багатай ажиллаж байгаа салбар, албан байгууллага гэж бараг байхгүй. Тэр дундаа халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын хувьд бүр ч хүнд байгаа. Өөрсдөө эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол ч түгээмэл гарлаа. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал маш хүнд байдалд орох нь байна. Манай холбоо үндэсний хэмжээний байгууллагын хувьд долоодугаар сараас хойш жагсаал, цуглаан, шаардлагыг хүргүүлж, тэмцлийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Түүнчлэн холбогдох уулзалтуудыг бүхий л талаар хийж байна. Засгийн газарт энэ асуудлаар бие даасан болон хамтарсан санал, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Хэлэлцээрт цалин, хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар тусгаж чадсан. Харамсалтай нь улсын төсөвт суулгах байдал бүрхэг байна. Эрүүл мэндийн салбарын сайд нь боломж бололцоо байхгүй гээд яриад байдаг. Яагаад байхгүй байна, хэлэлцээрт оруулсан уу гэхээр дотооддоо байгаа гээд байдаг. Дотоодод ямар эх үүсвэр байгаа юм гэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө гэдэг. Ийм байдлаар эрүүл мэндийн салбарын цалин, орлогыг нэмэгдүүлэх тал дээр хариуцлагагүй хандаж болохгүй.
-Сангийн яамнаас иргэдийн дундаж цалин 1.3 сая төгрөг гэж мэдээлсэн. Бодит байдал дээр энэ дүндээ хүрч чадахгүй байх?
-Цалин хөлсийг нэмэх аргачлалын хувьд буруутгаад байгаа юм биш. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаас нь хамаараад хамгийн өндөр болон хамгийн бага цалингийн дундаж нь 1.3 сая төгрөг болсон байх. Боловсролын салбарын дундаж цалин 800 мянган төгрөг, эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 700 гаруй мянган төгрөг байгаа. Энэ хүмүүсийн цалингаас үзэхэд 1.3 саядаа хүрэхгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбар аль ч улс оронд тэргүүлэх салбар байдаг. Ядаж тэргүүлэх салбартаа дундаж цалин гэж мэдээлээд байгаа цалингаа өгчих хэрэгтэй.
-Хүүхдийн мөнгийг бууруулж олгох шийдвэр гарсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь зарим өрхийн хувьд амьжиргаа залгуулдаг гол эх үүсвэр нь болдог. Үүнд танай холбооны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Цар тахлын сөрөг нөлөө нэг хэсэгтээ алга болохгүй. Ирэх онд энэ байдал нэлээн хүндрэх төлөвтэй байна. Хүүхдийн мөнгө гэдэг халамжийн бодлого биш шүү дээ. Энд хүүхдийн хөгжлийн асуудал яригддаг. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан тухайн айл, өрхөд дэм болж буй дэмжлэгийн хэлбэр юм. Ялангуяа цар тахлын үед олон өрхөд дэм болж байна. Үүнийг бид улсын төсвөөс хасах, бууруулах учиргүй. Бүрхэг байдлаар шийдэгдэж буй арга хэмжээг бид дэмжиж ажиллахгүй. Хөгжлийн төсвийг халамжаас хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж тодорхойлоод байна. Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг цалин, орлогоор нь дэмждэг.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүдийнхээ цалингаас тодорхой хэмжээний татвар, хураамж авдаг. Үүнийгээ хэрхэн зарцуулдаг вэ?
-Энэ татвар биш л дээ. Үйлдвэрчний холбооны гишүүний үйл ажиллагаагаа дэмжсэн шимтгэл байгаа юм. Энийг татвар гэж ойлгуулаад байна. Цалин орлогын нэгээс доошгүй хувийг авдаг. Энэ шимтгэл үйлдвэрчний эвлэлийн гишүүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, өөрсдийн тэмцлийн үйл ажиллагаа, өдөр тутмын сургалт сурталчилгааны үйл ажиллагааг дэмжиж буй сайн дурын шимтгэл. Өөрөөр хэлбэл энэ шимтгэлийг төлөхгүй гэвэл заавал үйлдвэрчний эвлэлийн гишүүн бай, шимтгэлээ өг гэсэн хатуу шаардлагыг тавьдаг татвар биш. Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн хүн уг шимтгэлийг төлдөг. Өнөөдөр энэ асуудлыг үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш хүмүүс тавиад байдаг юм. Тухайлбал, үйлвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ төлөө цалин хөлсийг нэмэгдүүл гээд нэлээн чангахан дуугарч, жагсаал цуглаан хийгээд эхлэхээр үйлдвэрчний эвлэл татвар авдаг байгууллага, юу хийв гэх асуултыг тавих гээд байдаг. Улстөрчдийн тоглолтын гол хэрэгсэл энэ болж байгаа юм л даа. Энэ шимтгэл нь хуваарилагддаг. Шимтгэлийн 70 хувь нь үйлдвэрчний хороондоо үлдэж, үлдсэн 30 хувь нь эвлэлдэн нэгдсэн салбарын холбоонд очдог. Энэ 30 хувиас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо буюу төв байгууллагад жилдээ 600 төгрөг ирдэг. Энэ бол бодит үнэн. Манайд 8000 гаруй үйлдэрчний эвлэлийн идэвхтэн улсын хэмжээнд ажиллаж байна. Нийт 230 мянга гаруй гишүүд байна. Гишүүдийн тоог 600 төгрөгтөө үржүүлээд үзэхээр жилдээ 20 гаруй сая төгрөг орж ирдэг гэсэн үг. Төв байранд хэдэн хүмүүс хэвлэлийн хурал хийгээд, байнга зурагтаар гараад, татвар аваад байдаг. Цаана нь 230 мянган гишүүдийнх нь амьдрал дээшилдэггүй гэж бодож асуудаг байх. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа хамтаараа эрх ашгаа хамгаалах эв нэгдлийн зарчим дээр суурилдаг. Хөдөлмөрлөх эрхээ хамгаалахын тулд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүдийн байгууллага гэж ойлгож болно. Хүмүүс хөдөлмөрлөх эрхээ хамгаалахын тулд чадвартай, хуулиа мэддэг, арга барил, мэдээлэлтэй байх ёстой. Бид нэгдсэн байдлаар сургалт явуулдаг. Сүүлийн үед сургалтууд тасралтгүй хийгдэж байна. Мэдээж гишүүддээ хандсан идэвхжүүлэх арга хэмжээ, буцалтгүй тусламж үзүүлдэг. Цар тахалтай үед буцалтгүй тусламж нэмэгдсэн. Мөн хуулийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, гишүүн бус гэж ялгалгүйгээр хуулийн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлж байна. Ийм байдлаар төсөв зарцуулагддаг. Энэ бол гишүүдийнхээ хяналтан дор явдаг төсөв юм.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Цалин 30% нэмбэл юмны үнэ 50% өснө. Монгол бол шулж мөлжиж бие биенээ амьдаар нь барьж идэхийн солиорол болсон улс. Төр засаг бол мануухайнаас дор үхмэл болсон.