Тирамису амттаны “эцэг” гэгддэг Адо Кампеол таалал төгсжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01


Италийн дэлхийд алдартай тирамису амттаны “эцэг” гэгддэг Адо Кампеол 93 насандаа Тревизо хотноо таалал төгсжээ.

“Тревизо хотын хоолны урлагийн од өдгөө тэнгэрт гялалзах боллоо” гэж Тревизо мужийн амбан захирагч асан, Венето мужийн ерөнхийлөгч Лука Заяа “Facebook”-дээ бичжээ.

Алдарт рестораторын эзэмшлийн “Alle Beccherie” ресторан 1970-аад оны эхээр  анх тирамису амттанаар зочдоо дайлж эхэлжээ. Дэлхийн олон сая хүний таашаадаг тирамису амттаны орцод маскарпоне бяслаг, кофе, тахианы өндөг, элсэн чихэр, савоярди жигнэмэг ордог. Энэ жор түүний эхнэр Альба, ахлах тогооч Роберто Лингуанотто нарын гаргасан алдааны үр дүн гэж Кампеол хожим нь ярьсан байдаг. Гэсэн хэдий ч энэ амттан эхлээд Италид, хожим нь дэлхий дахинд хэрэглэгчдийн таашаал хүртсэн амттаны нэг болсон юм.

Тирамису гэдэг нь итали хэлээр үгчилбэл “намайг дээш нь тат” буюу “намайг сэргээ” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Учир нь энэхүү тэжээллэг амттан сэргээх чанартай.
 

Top