Шоколад үйлдвэрлэлийн экологид ээлтэй хувьсгал

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

Та шүүслэг алим идэхийн оронд зөвхөн үрийг нь аваад, бусдыг нь хаяж байна гээд төсөөлөөд үзээрэй. Шоколад үйлдвэрлэгчид какаог яг ингэдэг байжээ. Зөвхөн үрийг нь аваад бусдыг нь хаяна.

Швейцарын хүнсний технологичид шоколад хийх шинэ арга бодож олжээ. Ингэхдээ какао модны жимсийг бүтнээр нь ашиглахаас гадна чихэр хэрэглэхгүй.

Швейцарын Цюрихийн Технологийн дээд сургуулийн профессор Ким Мишрагаар удирдуулсан эрдэмтдийн багийн бүтээсэн шоколад нь какао модны жимсний зөөлөн эд, шүүс болон эндокарпий буюу үрийг агуулдаг.

Энэ технологи хүнс үйлдвэрлэгчдийн анхаарлыг хэдийн татаж амжжээ. Уламжлалт аргаар зөвхөн жимсний үрээр шоколад үйлдвэрлэхэд хулууны хэмжээний жимсний шим тэжээлээр баялаг зөөлөн эд нь хаягддаг байна. Шинэ төрлийн шоколад хийх  нууц нь какао модны жимсний чихэрлэг шүүсэнд оршино.

Эрдэмтэн Ким Мишрагийн ярьснаар, какао модны жимс нь ханборгоцойг санагдуулам хурц амттай байдаг аж. 14 хувийн чихэр агуулдаг шүүсийг нэрж, сироп гарган, зөөлөн эд, хатаасан үртэй нь хольдог байна. Жимсийг ийнхүү бүтнээр нь, ямар ч хаягдалгүй ашиглах нь экологид ээлтэй технологи юм гэж эрдэмтэд онцолжээ. Үүний дүнд маш чихэрлэг, өтгөн какао цэлцгэнүүр бий болох ба энэ нь чихрийн үүрэг гүйцэтгэдэг байна. Эрдэмтдийн энэхүү бүтээл Швейцарын шоколад үйлдвэрлэгчдийн бахархал болсон инновацын жагсаалтыг үргэлжлүүлж байна.

XIX зуунд алдарт “Lindt” брэндийг үүсгэн байгуулагч Рудолф Линдт санамсаргүй байдлаар шоколад үйлдвэрлэлийн гол үе шат болох “conching” буюу какао зуурмагийг удаан хугацаанд холих аргыг санамсаргүй байдлаар нээжээ. Тэрбээр холигчоо шөнө унтраахаа мартсанаар өглөө нь гайхалтай зөөлөн, чихэрлэг амттай шоколад хийсэн байжээ.

Мишрагийн багтай Швейцарын экологийн цэвэр какао мод үржүүлгийн КОА стартап хамтран ажилласан байна. Стартапыг үүсгэн байгуулагч Аниан Шрайбер какао модны жимсийг бүтнээр ашигласнаар бүтээгдэхүүний үнийг бууруулах, фермерүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэг энэ салбарын олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. “Бялууны аль хэсэг хэнд оногдох талаар маргалдахын оронд том хэмжээний бялуу хийвэл бүгдэд л хүрэлцэнэ” хэмээн Шрайбер ярьжээ. Түүний хэлснээр, фермерүүд какао зуурмагийн борлуулалтаас нэмэлт орлого олох бол үйлдвэрлэгч орнуудад үйлдвэрлэлийн нэмэлт боловсруулалт хэрэгтэй болно. Үүний дүнд үйлдвэрлэгч орнууд ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр хожих боломжтой болно.

Тэрбээр шоколад үйлдвэрлэх уламжлалт арга цаг үеийн шалгуурт нийцэхгүй болж байна. Африк, Өмнөд Америкийн фермерүүд баян орны шоколад үйлдвэрлэгч нарт хямд үнээр какао модны жимсийг борлуулдаг аж. Зах зээлийн ийм бүтэц Швейцарын колоничлолын өнгөрсөн үед зориулсан үзэсгэлэнгийн үеэр хатуу шүүмжлэлд өртсөн байна. Харин Швейцар улс хэзээ ч бусад улсыг колоничилж байгаагүй гэж үздэг хүмүүстэй шоколадны түүх судлаач Летициа Пиноха санал нэгдсэнгүй. Түүний ярьснаар, Швейцарын хөлсний цэргүүд бусад улсын колониудыг хамгаалахаас гадна Швейцарын усан онгоцны эзэд боолуудыг тээвэрлэдэг байжээ.

Женевийн түүх шоколад үйлдвэрлэлийн салбарын мөлжлөгийн үетэй нягт холбоотой гэж Пиноха онцолжээ. Женев нь түүхий эдийн худалдааны төв байсан бөгөөд XVIII зуунаас эхлэн какаог Женевт авчирч, тэндээс Швейцарын шоколад үйлдвэрлэгчдэд хүргэдэг байжээ. Колоничлолын үеийн ийм худалдаагүйгээр Швейцар улс хэзээ ч шоколадны эх орон болохгүй байсан. Тухайн үеийн бусад бараа бүтээгдэхүүний адил какао нь боолуудын хөдөлмөрийн үр дүн юм.

Орчин цагт шоколадны үйлдвэрлэл хатуу зохицуулагддаг болжээ. Үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлд нь хянах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг. Харин ирэх жилээс Европын Холбоонд шоколад нийлүүлэгчид какао мод үржүүлэхэд ой мод устгахгүй байх баталгаа өгөх үүрэг хүлээгээд байна.

Асуудал бүрэн шийдэгдсэн үү

Хүүхдийн хөдөлмөр, ой мод устгахтай холбоотой асуудал ялангуяа Африкт өнөөг хүртэл гарсаар байна гэж “Chocosuisse” шоколад үйлдвэрлэгчдийн холбооны захирал Рожер Верли онцолжээ. Зарим үйлдвэрлэгчид ийм асуудлаас зайлсхийхийн тулд үйлдвэрээ Өмнөд Америк руу шилжүүлж байна. Ингэснээр Африкт асуудал шийдэгдэх үү? Үгүй. Хариуцлагатай компаниуд Африкт үлдэж, нөхцөл байдлыг сайжруулахад  туслах хэрэгтэй. Тиймээс Цюрихт нээсэн шоколад үйлдвэрлэх шинэ арга ихээхэн ирээдүйтэй эхлэл гэж тэрбээр үзэж байна. Какао модны жимсийг бүтнээр ашигласнаар фермерүүдийн хувьд ашигтай бол үйлдвэрлэгчдэд экологийн цэвэр үйлдвэрлэл эрхлэх давхар боломж нээгдэж байгаа юм.

Бүтээгдэхүүний үнэ

Аниан Шрайбер мөн байгальд ээлтэй шоколадны үйлдвэрлэлийн технологийн ач холбогдлыг онцгойлон дурджээ. Түүний хэлснээр, фермерүүдийн бүтээгдэхүүний гурваны нэг хувь нь хэзээ ч хэрэглэгчид очдоггүй. Шоколадны салбарын хувьд энэ харьцаа бүр доогуур. Учир нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдийн зөвхөн үрийг нь ашиглаж, бусад хэсэг тариалангийн талбай дээр хог болон үлддэг байсан.

Хүлэмжийн хийн ялгарлын ихэнх хувь хүнсний аж үйлдвэрлэлд ногддог тул хог хаягдлыг багасгаснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

Тансаг хэрэглээнд тооцогддог шоколад нь үүнд томоохон үүрэг гүйцэтгэхгүй ч чухал жишиг болох боломжтой гэж Шрайбер, Верли нар санал нэг байна.

Тэгвэл шинэ технологиор бүтээсэн шоколад ямар үнэтэй байх вэ? Чихэр агуулаагүй бүтээгдэхүүн ямар амттай байх вэ гэсэн асуултад хариулт өгөхийн тулд Цюрих дэх Ким Мишра эрдэмтний лабораторид эргэн очих хэрэгтэй.

Шинэ бүтээгдэхүүний амт үдийн хоолны дараа кофетой идэхэд маш тохиромжтой гэж эрдэмтэн онцолжээ. Харин үнийн хувьд, дэлхийн томоохон чихрийн үйлдвэрүүдийн нөлөө болон төрөөс тэдний авч буй татаасны улмаас асуудал гарч магадгүй гэж Мишра үзэж байна.

Төрөөс дэмжлэг үзүүлсээр байгаа цагт чихэр нь хүнсний бүтээгдэхүүний хамгийн хямд орц байсаар байна. Нэг тонн сахар 500 хүрэхгүй ам.долларын үнэтэй байдаг. Харин какао жимсний зөөлөн эд, шүүсний үнэ үүнээс өндөр байдаг. Тиймээс шинэ төрлийн шоколадны үнэ одоогийн нөхцөлд өндөр байх болно.

Гэсэн хэдий ч Хавай, Гватемала, Гана зэрэг какао мод тарьдаг улс орнуудын шоколад үйлдвэрлэгчид Мишра эрдэмтэнтэй хэдийн холбоо тогтоож, шинэ технологийн талаар мэдээлэл авчээ.

Швейцар улсад гэхэд “Lindt” зэрэг томоохон үйлдвэрлэгчид какао жимсийг бүтнээр ашиглаж эхэлсэн ч нэг ч үйлдвэр сахраас бүрэн татгалзах алхам одоогоор хийгээгүй л байна. “Бид зах зээлийг сорьж, экологид ээлтэй шоколадны үйлдвэрлэлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүссэн зоригтой үйлдвэрлэгчдийг хайж байгаа. Тэр үед бид энэ тогтолцоог нурааж чадна” хэмээн Мишра онцолжээ.

Тийм зоригтой үйлдвэрлэгчдийг жилд хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий 200 мянган тонн шоколад үйлдвэрлэдэг Швейцар улсад гарч ирж магадгүй. “Chocosuisse” шоколад үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Рожер Верли шоколад үйлдвэрлэлийн салбарыг экологид ээлтэй ирээдүй хүлээж буйд итгэлтэй байна. “Шоколад ирээдүйд ч гайхалтай сайхан амт чанараа хадгалж үлдэнэ гэдэгт итгэдэг. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрэлт нь ч өснө. Швейцарын шоколадыг хэрэглэсээр байна” гэдэгт Верли огт эргэлздэггүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.41) 2024 оны 08 сарын 31

Боолын хөдөлмөрөөр шоклад үйлдвэрлэдэг

0  |  0
Top