Тунберг дэлхийн удирдагчдыг "Дүр эсгэж байна" гэж шүүмжлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Шведийн байгаль орчны төлөө идэвхтэй тэмцэгч Грета Тунберг Шотландын Глазго хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд нухацтай хандаж байгаа мэт дүр эсгэж байна гэж хатуу шүүмжилжээ.

“Тус бага хуралд улстөрчид болон эрх мэдэл бүхий хүмүүс бидний ирээдүй талаар нухацтай хандаж буй мэт дүр эсгэж байна, уур амьсгалын хямралын сөрөг үр дагаврыг өөр дээрээ амсаж буй хүмүүсийн одоогийн байдалд нухацтай хандаж буй мэт дүр эсгэж байна” гэж Тунберг дээд хэмжээний уулзалтын гадаа болж буй эсэргүүцлийн цуглаан дээр мэдэгдсэн байна.  

Тэрбээр бага хурлын мөрөөр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гээд дэлхийн удирдагчдад хандан “бла бла бла” гэж ярихаа зогсоохыг шаарджээ.

Даваа гарагт /2021.11.01/ Шотландын Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурал үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх арга хэмжээнд дэлхийн 200 орчим улс орны 25 мянга орчим төлөөлөгч, тэр дундаа 120 улсын төр засгийн тэргүүн нар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top