Вакцин хийлгэхээс татгалзсан 3.3 мянган эмчийг ажлаас нь халжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Канадын Британийн Колумб мужид коронавирусний эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан 3.3 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтныг ажлаас нь халжээ.

Тус мужийн эрүүл мэндийн сайд Эдриан Диксийн мэдээлснээр, мужийн нийт 127.5 мянган эмч, эмнэлгийн ажилтны 96 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа бол хоёр мянга гаруй нь нэгдүгээр тунгаа хийлгээд байна. Үлдсэн 3325 эмч, эмнэлгийн ажилтан вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өгөхөөс татгалзсан тул ажлаас нь чөлөөлсөн байна.

Ингэснээр тус мужийн эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд орж, ихэнх төлөвлөгөөт мэс засал хийгдэхгүй зогсжээ.

Британийн Колумб мужийн эрх баригчид эмч, эмнэлгийн ажилтнуудад аравдугаар сарын сард багтан вакцины бүрэн тунд хамрагдах шаардлага тавьсан байна.

Мөн ижил шаардлагыг Квебек муж тавиад байна. Эцсийн хугацааг аравдугаар сарын 15-ны өдөр гэж тогтоосон ч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо Квебек мужийн дээд шүүхэд ханджээ. Дээд шүүхийн шийдвэр арваннэгдүгээр сарын 15-нд гарах гэнэ. Эрүүл мэндийн ажилтнууд эрх баригчдын энэхүү шаардлага хууль бус гэж үзэж байна. Квебек мужийн эрүүл мэндийн сайд Кристиан Дюбэгийн мэдээлснээр, тус мужийн эмнэлгийн байгууллагын ажилтнуудын 96 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол үлдсэн 21.9 мянга нь нэгдүгээр тундаа хамрагдсан эсвэл огт хийлгээгүй үлдээд байна.

Top