Т.Ариунцэцэг: Жирэмсэн эх бамбайн дутагдалтай үед хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06

Эмэгтэйчүүдийн үргүйдэл нь олон шалтгаантай бөгөөд бамбайн булчирхайн өөрчлөлтийн улмаас үргүйдэл үүсдэг талаар мэргэжлийн эмч онцолж байв. Мөн бамбайн өвчлөл жирэмсний тээлтийн явцад хүндрэл үүсгэдэг ажээ. Нийслэлийн  “Өргөө” амаржих газрын их эмч Т.Ариунцэцэгтэй бамбайн өвчлөл болон түүнээс үүдсэн сөрөг үр дагаврын талаар ярилцлаа.

-Бамбай булчирхай ямар үүрэгтэй вэ, яагаад өвчилдөг юм бол?

-Бамбай булчирхай гэдэг нь өөрөө бодисын солилцоог зохицуулж байдаг хамгийн гол булчирхай юм. Бодисын солилцоог зохицуулж байна гэдэг хүн эрүүл байна гэсэн үг. Харин бодисын солилцоо алдагдсанаар жингийн өөрчлөлт орох, цусны, өөх тосны харьцаа алдагдах, цусны сахар ихсэх гээд олон төрлийн өвчлөл үүсэх эрсдэлтэй болдог. Бамбай булчирхайн даавар алдагдаад ирэхээр бусад эрхтэндээ өөрчлөлт орно гэсэн үг. Энэ төрлийн өвчлөл хүн амын 10 хүртэлх хувьд тохиолддог. Нас ахих тусам өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Бамбай булчирхай, нойр булчирхай зэрэг  дотоод шүүрлийн булчирхайнууд тархитай шууд холбоотой бөгөөд тархи даавраа хэрхэн зохицуулах үүрэг өгч төвөөс удирддаг. Өнчин тархины урд хэсгээс бамбай дааврыг зохицуулдаг даавар ялгарна.  Эм бэлгийн даавар нь алдагдлаа гэхэд бамбайн булчирхай даавартаа нөлөөлдөг. Эсрэгээрээ бамбайн булчирхайн даавар алдагдахаар эм бэлгийн даавар алдагдаж, өөрчлөлт орох аюултай.

-Тэгвэл сэтгэл санаа тайван байх нь чухал юм байна гэж санагдлаа...

-Тэгэлгүй яах вэ. Их хямрах, нойргүй байх, бухимдах зэрэг нь тархийг гэмтээж байдаг  учраас тархины төвийн удирдлагаар биеийн дааврыг зохицуулж байдаг зохицуулалт алдагддаг. Байнга хямардаг хүн дандаа  л өвчин хэлж байдаг шүү дээ. Энгийн жишээ дурдахад, их хямарлаа гэхэд бөөрний дээд булчирхайнаас хямралын кортизол даавар маш их ялгарч судсандаа өөрчлөлт өгч бусад эрхтэндээ нөлөөлдөг юм шүү.

-“Өргөө” амаржих газарт ирж буй жирэмсэн эхчүүдэд ямар  өвчлөл илүү илэрч байна вэ?

-Манай эмнэлэгт хандан ирж буй ээжүүд жингийн илүүдэл ихтэй байна. Энэ нь бамбайн өвчлөлтэй байгаагийн нэг шинж шүү дээ. Тиймээс эмчийн зүгээс бамбайн өвчлөлийн шалтгаан, сөрөг үр дагаврыг таниулж хэлж өгдөг. Жингийн илүүдлээс болж хүүхдээ хэвийн тээж чадахгүй, төрөхийн хүндрэл үүсэх, цус алдах, урагдалтай төрөх, архаг бүтэлттэй төрөх зэрэг олон сөрөг дагаврыг дагуулдаг. Цаашид жингийн илүүдэлтэй ээжүүд чихрийн шижинтэй болох эрсдэл ч өндөр байдаг.

-Бамбайн дутагдалтай эмэгтэйчүүд жирэмсэн болсон тохиолдолд ямар сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй?

-Бамбайн дутагдалтай  эмэгтэйчүүд жирэмслэлээ гэхэд дутуу төрөх, зулбах, амьгүй болох эрсдэлүүд маш өндөр байдаг. Учир нь бамбай өөрөө бодисын солилцоог зохицуулж байдаг гол булчирхай гэдгийг дахин хэлье. Бас эмэгтэйчүүдийн дааварт өөрчлөлт ордог учир хүүхэд тээхэд хүндрэл үүсдэг. Үүнээс гадна эхийн хэвлийд бүрэлдэж буй хүүхэд жирэмсний эхний гурван сард өөрийнхөө бамбайн дааврыг зохицуулж чаддаггүй, ээжээсээ хамааралтай байдаг учраас энэ хугацаанд ээжид бамбайн дутагдал байвал ураг эрт эндэх, амьгүй болох, зулбах, төрлөө гэхэд оюун ухааны хомсдолтой, ой ухааны саажилттай хүүхэд төрөх шалтгаан болдог доо. 

-Дааврыг нөхөх төрөл бүрийн дааврын эм байдаг шүү дээ. Хүмүүс янз бүрийн эм ууж байгаа харагддаг. Энэ нь хэр зохистой вэ?

-Тухайн эмэгтэйд дааврын ямар өөрчлөлттэй байна вэ гэдгийг тодорхойлоод  тохирсон эмийг уух ёстой. Дааврын дутагдалтай бол дааврыг нөхөх шаардлагатай. Бамбайн илүүдэлтэй байвал илүүдлийг багасгах ёстой. Хэвийн хэмжээнд байхгүй бол өвчин үүсдэг гэдгийг мэдэж байх нь чухал л даа. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шүү дээ.

Бамбайн дутагдлын үед ихэнх хүмүүс удаан хугацаагаар тироксин гээд эм уудаг. Анх тавигдсан онош оновчтой биш байвал эмээ зогсоож болдог. Дааврын эм уудаг 1000 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар 37 хувь нь эмээ зогсоосон байдаг. Бамбайн дутагдалтай ихэнх өвчтөнд эмчилгээ зогсоосноос хойш нэг сарын хугацаанд TSH өндөр, зовуурь шинж тэмдгүүд илэрдэг. Иймээс дааврын эмийн тунг эмч л тааруулж, өвчинг эмчилнэ. Дааврын тунг үзлэг, шинжилгээгээр хянаж тааруулдаг тул хэн нэгнээс сонсож хэрэглэх нь эргээд өвчнийг хүндрүүлэх зэргээр эрүүл мэндээрээ хохирдог юм шүү.

-Бамбайн дутагдалтай байгаагаа яаж мэдэх боломжтой вэ?

-Хамгийн наад зах нь жингийн илүүдэлтэй байдаг. Биеийн өөхийг тэнцвэржүүлж байдаг даавар алдагдана. Тарган хүн тал бүрийн өвчинтэй гэдэг дээ. Мөн бамбайн  дутагдал нь үүссэн нас, үргэлжилсэн хугацаа, бамбайн дутагдал хэр их үүссэнтэй холбоотой илэрдэг. Гол илрэх шинж тэмдэг нь ядрах, даарах, жин нэмэх, өтгөн хатах, арьс хуурайших, булчин өвдөх, сарын тэмдэг алдагдах зэрэг байдаг. Бамбайн илэрхий дутагдал нийт тохиолдлын хоёр хувьд илэрдэг байна. Шинж тэмдэггүй бамбайн дутагдал насанд хүрэгчдэд, ялангуяа эмэгтэйчүүдэд 10 хувьтай тохиолддог. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд бамбайн өвчлөл таваас найм дахин их тохиолддог. Ялангуяа төрөхдөө бага жинтэй төрсөн, хүүхэд насандаа жижигхэн байсан бол энэ төрлийн өвчлөлөөр өвдөх магадлал өндөр байдаг.

Үзлэгээр бамбай томорсон байгаа нь мэдрэгдэж болдог. Мөн судасны цохилт удаашрах, даралт ихсэх, бамбайн дархлааны эмгэгийн дутагдалтай ихэнх өвчтөнд бамбайн эсрэг антител буюу эсрэг бие үүсдэг. Шинжилгээгээр бодисын солилцооны хямрал үүсэх, цусны өөх тос ихсэх, цус багадалт, креатин киназа нэмэгдэх, цусанд натри багасдаг. Дааврууд хэрхэн өөрчлөгдсөнөөс бамбайн гаралтай, тархины гаралтай зэргийг ялгаж оношилдог. Бамбайн дутагдлын 95-аас дээш хувийг бамбайн гаралтай дутагдал эзэлдэг.

-Жирэмсэн үеийн бамбайн өөрчлөлттэй үед ямар дэглэм барих вэ?

-Хэвийн жирэмсний явцад бамбайд ямар өөрчлөлт гардгийг мэддэг байх хэрэгтэй. Жирэмсэн үед бодисын солилцоо нэмэгдэх шаардлагатай учраас бамбайд физиологийн өөрчлөлт орж, бамбайн шинжилгээнд өөрчлөлт илэрдэг.  Жирэмсэн үед цусны сийвэнд тироксин, холбогч глобулин ихсэх бөгөөд эм бэлгийн дааврын нөлөөгөөр глобулин бараг хоёр дахин ихэсдэг. Бамбайн чөлөөт даавруудыг хангалттай хэмжээнд байлгахын тулд нийт тироксин дааврууд ихсэх ёстой болдог. Жирэмсний эхний хагаст энэ хоёр даавар 50 хувиар ихэснэ. Жирэмсний 20 долоо хоногтойд энэ хэмжээнд байснаа бамбайн дааврын үүсэх хурд буцаж жирэмсний өмнөх үеийн байдалдаа шилждэг гэдгийг мэдэх нь чухал. Жирэмсэн үед бамбайн өвчлөлтэй эмэгтэйчүүд эмчийн хяналтанд тогтмол хамрагдах, зааврын дагуу даавраа нөхөх эм уух хэрэгтэй.

-Бамбайн илүүдэл нь дутагдлаасаа өөр байх уу, ямар шинжээр илрэх вэ?

-Бамбайн дааврын илүүдлийн үед илрэх шинж тэмдэг өвчин үүсгэж байгаа шалтгаанаасаа хамаардаг. Бамбайн илүүдлийн голлох шалтгаан нь грэйвесын өвчин   юм. Грэйвесын өвчин гэдэг нь аутоиммуны өвчин буюу дархлааны эмгэг юм  л даа. Энэ  өвчний үед дийлэнх тохиолдолд бамбай тархмалаар томрох, нүд бүлтийх, хавагнах, халуунд тэсвэргүй болох, гар хуруу чичрэх, зүрх дэлсэх, хоолны дуршил хэвийн, ихэссэн ч жин хасагдах, амьсгал өнгөц болж, олшрох, арьс халуун, хөлрөмтгий болох,  улайж, загатнах, хумс бөмбийж бөмбөрийн дохиур шиг болох, үс шингэрэх, яс сийрэгжих, цусны сахар ихсэх гээд өвчний шалтгаан, үе шатаас хамаарч шинж тэмдгүүд илэрдэг.

-Сүүлийн үед цар тахлын улмаас хүмүүсийн дунд тархи толгой өвдөх, чилэх, ямар нэг зовуурь шаналгаа их илрэх болсон. Ковид туссанаар бамбайн өвчлөлд өөрчлөлт орох уу, ковидын вакцин хийлгэхэд эсрэг заалт бий юу?

-Түр зуурын бамбайн хордлого нь бамбайн хурцавтар үрэвслийн шинж бөгөөд вирусний халдвар авсны дараа ихэвчлэн илэрдэг. Ковидтой холбоотой 17 тохиолдлыг үечлэн судлахад 50 хүртэлх насны эмэгтэйчүүдэд анх амьсгалын замын шинж илэрснээс хойш 14 хоногоос хойш бамбайн хурцавтар үрэвслийн онош тавигдаж байсан.

Хэрвээ дархлаа дарангуйлах эм, хими эмчилгээ хийлгэдэг бол эрсдэл өндөртэй бүлэгт хамаарна. Бусад вакцины адил бамбайн эмгэгтэй хүмүүст вакцин хийхгүй байх шалтгаан байхгүй. Бамбайн эмгэгтэй хүмүүс вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар гараагүй болохыг судалгаанууд харуулсан. Ковид-19-ийн эсрэг вакцинууд амьд вакцин биш. Зарим хүмүүс вакцин тариулснаар бага зэрэг халуурч, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ бол вакцины эсрэг бие организмын үзүүлж буй хариу урвал тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Хэрвээ та харшилтай бол вакцины найрлага дахь бодисыг анхаарах хэрэгтэй. Харин ч вакцин тариулахгүй байснаар коронавирусний халдварт өртөх эрсдэл их, өвдсөн тохиолдолд нас барах магадлал өндөр байгаа. Иймд вакциндаа хамрагдах нь чухал байна. Гэхдээ вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top