Өнгөрсөн сард халдвар авсан 60 хүн тутмын нэг нь энджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт сүүлийн хоёр сар дараалан буурч байна. Өнгөрсөн аравдугаар сард нийт 12.9 сая хүн халдвар авсан нь есдүгээр сарынхтай харьцуулахад гурван саяар буурчээ. Өнгөрсөн сард 214 мянга орчим хүн нас барсан нь есдүгээр сарынхтай харьцуулахад 20 хувиар буурчээ. Аравдугаар сард халдвар авсан 60 хүн тутмын нэг нь эндсэн бол есдүгээр сард энэ үзүүлэлт 75 байжээ.

Аравдугаар сарын байдлаар, АНУ-д халдварын 2.4 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн сард халдварын тархалт Украин улсад хамгийн өндөр байжээ. Тус улсад халдварын нийт 500 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь есдүгээр сарынхтай харьцуулахад 3.5 дахин өссөн байна.

Аравдугаар сард нас баралт мөн АНУ-д хамгийн өндөр байв. Тус улсад нийт 42 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ.

Халдварын нөхцөл байдал Ази, Ойр Дорнодод тогтворжиж байна. Тухайлбал, Турк улсад сүүлийн хоёр сард хоногт 30 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол аравдугаар сарын сүүлээр энэ үзүүлэлт 20 хувиар буурчээ. Зүүн өмнөд Азид халдварын голомт болоод байсан Филиппин, Малайз улсад халдвар 2-3 дахин буурчээ. Өнгөрсөн сард эдгээр улсад халдварын 200 мянга орчим шинэ тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top