Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн ахлах зөвлөх Сюзан Хопкинс ковид халдварын улмаас гол төлөв вакцин хийлгээгүй хүмүүс эндэж байгаа ч вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд нас барах тохиолдол гарч буйн шалтгааныг тайлбарлажээ.
Түүний хэлснээр, энэ нь вакцины дүнд тогтсон дархлаа аажмаар суларсантай холбоотой аж. Ялангуяа өндөр настан, тэр дундаа 70-аас дээш насныхан, эрүүл мэндийн заалтаар эрсдэлт бүлэгт орж буй хүмүүсийн дунд нас баралт өндөр байна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүст гурав дахь тундаа хамрагдахыг зөвлөжээ.
Дээрх бүлгийн хүмүүс болон 50-иас дээш насныхан хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш зургаан сарын дараа давтан тундаа хамрагдахад тохиромжтой гэнэ.
Их Британийн Эрүүл мэндийн үндэсний албаны мэдээллээр, тус улсын 80-иас дээш насны иргэдийн 70 гаруй хувь, 50-иас дээш насныхны 60 орчим хувь нэмэлт тундаа хамрагдаад байна.
Тус улсад одоогийн байдлаар нийт 50.3 сая хүн буюу хүн амын 75 хувь нь эхний тун, 45.8 сая хүн бүрэн тунгаа хийлгээд байгаа бол 10.3 сая хүн нэмэлт вакцинжуулалтад хамрагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )