УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийлээ. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн олонхын санал аваад байгаа аж. Тодруулбал, ШЕЗ-ийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш Ц.Давхарбаяр, ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Д.Ариунтуяа, ҮАБЗ-ийн ахлах референт Д.Мягмарсүрэн, Монголын олон улсын арбитрт арбитрч Д.Эрдэнэчулуун, АТГ-ын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний газрын дарга Х.Хашбаатар нар нэр дэвшиж байгаа юм.
Гэвч эдгээр нэр дэвшигчдийг шүүхийн байгууллагатай нягт уялдаатай, ашиг сонирхлын зөрчилтэй тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас асуулт асууж уг асуудлыг хөндөж байв. Нээлттэй сонсгол өнөөдөр үргэлжилнэ. Ингээд асуулт хариулт хэрхэн өрнөснийг сонирхуулж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-2017 оноос хойш миний бие энэ шүүхийн шинэчлэлтэй холбоотой олон асуудал хөндөж тавьсан. Бид шударга шүүхийг тогтоохын төлөө гудамж талбайд гарсан, жагсаж цугласан. Эцэстээ Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явсан. Яг энэ шүүх эрх мэдлийн бүлэгтэй холбоотой шинэчлэлийн ажлын хэсгийг би ахалж байсан юм. Шүүхийн тухай хуульд шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг шинэ механизм оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч хүн мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргавал хариуцлагад татдаг, огцруулдаг, чөлөөлдөг, бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг болгох үүднээс Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг Шүүхийн тухай хуульд оруулж ирсэн. Энэ Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Түүний дөрөв нь шүүгч нар дотроосоо байя. Мэргэжлийн алдаан дээр мэргэжлийн хүмүүс үнэлэлт дүгнэлт өгье, тавыг нь гаднаас буюу шүүгч бус гишүүн болгоё гэдэг гол агуулгатай. Би энд хэн нэг хүн гэхээсээ зарчим ярихыг хүсэж байна. Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас асууя. Та шүүхийн системийн хүн мөн үү, биш үү. 1996 оноос хойш та шүүхийн захиргааны байгууллагад Тамгын газрын даргаар ажилласан, Шүүхийн ерөнхий зөвлөлд хоёр удаа сонгогдсон шүү.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
-Би 1998 оноос хойш шүүхийн захиргааны ажлыг 21 жил хашиж байсан нь үнэн. Одоогоор бол шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа.
УИХ-ын гишүүнХ.Нямбаатар:
-Таны эхнэр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, та Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа одоо ажиллаж байгаа хэчнээн шүүгчийг шүүгчийн сонгон шалгаруулалтад ороход нь санал өгсөн бэ. Гуравдугаарт, Шүүхийн Тамгын газарт таны удирдлага дор ажиллаж байсан хүмүүсээс өнөөгийн шүүхийн системд хэчнээн хүн ажиллаж байна вэ. Таны удирдлагад ажиллаж байсан хүмүүс өнөөдөр шүүгчээр ажиллаж байгаа. Тэдэнд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох 40 зүйл заалтыг биелүүлээгүй гэсэн сахилгын хэрэг маргаан үүссэн тохиолдолд та түдгэлзэнэ. Ийм тохиолдолд Шүүхийн сахилгын хороо дөрөв, дөрвөөрөө санал тэнцэнэ. Үүнээс гарах үр дагаврыг та юу гэж тооцсон бэ. Та ШЕЗ-д байхдаа хэчнээн хүнд шүүгч болох санал өгсөн бэ. Тэр тоог хэлж өгнө үү.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун:
-Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалт, ярилцлага хийгээд Ерөнхийлөгчид саналаа өгдөг хуультай. Энэ дагуу хүмүүст санал өгч байсан. Гэхдээ ШЕЗ-ийн орон тооны таван гишүүн бүгдээрээ санал нэгдэж байсан тохиолдол ховор байдаг юм. ШЕЗ-ийн тогтоол болоод хуралдааны тэмдэглэл олон нийтэд нээлттэй байдаг. Хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхэд хэн нь хэний төлөө санал өгч шүүгч болгож байв гэдэг харагдана. Миний багцаалдаж байгаагаар давхардсан тоогоор 300 орчим шүүгчид саналаа өгч байсан. Миний удирдлагад ажиллаж байсан 30 гаруй шүүгч одоо шүүгчийн ажил албан тушаалаа хийж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Би таныг бол ерөөсөө огт танихгүй. Миний хувьд шүүхийн шинэчлэлийн төлөө нэлээд хэдэн жил дуугарч, өөр рүүгээ гал дуудаж, танай өмнөх ШЕЗ-ийн даргатай энэ асуудлаар тэмцэл өрнүүлж байсан. Улмаар шүүхийн шинэчлэл рүү явсан юм. Тэгэхээр шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд садаа болохгүйгээр нэр дэвшихээсээ татгалзаач гэдэг саналыг танд хэлж байна. Учир нь бид анх удаагаа Шүүхийн тухай хуулиар шүүгч нарт хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллагыг бүрдүүлж байна.
Энэ байгууллага нь есөн хүний бүрэлдэхүүнтэй, үүний тав нь шүүгч биш хүн байх ёстой. Тэр таван хүн олонхын байр сууринаас асуудалд хандаж шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн алдаан дээр хариуцлагатай хандах ийм хөндлөнгийн хараат бус байгууллагыг л байгуулахыг зорьж байгаа. Та өөрөө сая энэ салбар системийн хүн гэдгээ бүрнээ хүлээн зөвшөөрлөө. Таныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад нийтдээ 300 орчим шүүгч томилогдсон гэж хэллээ.
Тэр үе бол нэлээд асуудал дагуулж яригддаг үе шүү. Үндсэндээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн шүүхийн шинэчлэл есөн жилийн хугацаанд бүтэлгүйтээд дахиад шинээр Шүүхийн багц хуулийг Засгийн газар оруулж УИХ батлаад өнөөдөр бид хэрэгжүүлэх гээд явж байна. Нөгөө “Шударга бусын хонгил”, шүүгчийг томилохдоо ШЕЗ дээр авлига албан тушаалын асуудал яригддаг гэдэг бүх үед та хамт байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхэд нийт 500 орчим шүүгч ажиллаж байгаа. Үүний тэн хагасаас илүү нь тантай ямар нэгэн байдлаар буюу томилгооны болон хамт ажиллаж байсан хүмүүс байна. Тийм учраас шүүхийн шинэчлэлийг нэг хүнээс болж нураамааргүй байна.
Энэ зарчмын үүднээс би хувьдаа таныг дэмжихгүй. Бусад гишүүдийг энэ байр суурь дээр байгаач гэж уриалж байна. Бид шинэчлэлийн төлөө явж л байгаа бол аливаа нам, улс төрийн харьяалал харгалзахгүйгээр энэ хуулийнхаа хэрэгжилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, эхнээс нь алдаа гаргахгүйгээр хийгээд авмаар байна гэдэг саналаа хэлье. Бас Д.Эрдэнэчулуун таныг нэрээ татаач гэж нөхөрсгөөр зөвлөж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-24 хүн нэр дэвшихэд ямар шалгуураар тавыг нь оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүд чинь зүгээр л кнопчин боллоо. Ядаж долоон хүн оруулж ирээч гэсэн. Шүүхийн сахилгын хорооноос гарсан шийдвэр эцсийнх байх ёстой. Шүүгчийн хэрэг шүүх дээр очиход шүүгч нар шүүгчээ хамгаалдаг. Ийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчид хариуцлага тооцдог Сахилгын хороо нь тусдаа байх ёстой. Мөн Шүүхийн сахилгын хороо нь шүүгчдээ хариуцлага тооцож чаддаг л байх хэрэгтэй. Гэтэл шүүхийн байгуулагад захиргааны ажил насаараа хийсэн Д.Эрдэнэчулууныг оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Шүүхийн байгууллагад огт ажиллаж байгаагүй хүн орж ирэх ёстой биш бил үү. Иргэдийн шүүхэд итгэх итгэл бүр хасах болсон шүү. Ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан ийм байдалд хүрсэн гэдгийг бодоорой.
Сэтгэгдэл ( 2 )
zever ashig sonirhol...temzeh heregtei ed nartai, archaagui umnuud
Шүүх бол бүрэн дампуурсан Эрдэнэчулуун гэдэг хүн бол Элбэгдоржийн хүн түүнийг хууль зүйн байнгын хороон дарга г Бямбауогт гэх нөхрийн зүтгүүлж байгаа хүн бхйна гэж харагдаж уншигдаж ойгогдож байна. Хууль зүйн байнгын хороон даргаа зайлуулах хэрэгтэй