АНУ ковидын вакцины үйлдвэрлэлээ өргөжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ядуу, буурай орнуудад нийлүүлэх ковидын эсрэг вакцины хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд 2022 оны хоёрдугаар хагасаас эхлэн жилд нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр зорьж байна гэж “The Washington Post” сонинд мэдээлжээ.

АНУ-ын Цар тахалтай тэмцэх комиссын төлөөлөгч Дэвид Кесслерийн мэдээлснээр, мРНХ вакцин үйлдвэрлэж буй “Pfizer”, “Moderna” зэрэг компаниудад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, боловсон хүчин бэлтгэхэд нь зориулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Мөн энэхүү шийдвэр нь ирээдүйд гарч болзошгүй цар тахалд АНУ-ын эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх, богино хугацаанд шинэ эм, бэлдмэл үйлдвэрлэх чадамжийг бий болгоход чиглэжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад нийт 47.3 сая хүн коронавирусний халдвар авч, 765 919 хүн энджээ. Энэ хоёр үзүүлэлтээр тус улс дэлхийд тэргүүлж байгаа билээ.

Top