Жил бүрийн энэ үед Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот бүхэлдээ утаан бүрхүүлтэй болдог. Өнгөрсөн долоо хоногт тус хотын агаарын чанар эрс муудсан тул Энэтхэгийн эрх баригчид бүх шатны сургуулиудыг хаах шийдвэр гаргасан байна.
Дели хотын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвшөөрөгдөх хэмжээнээс 34 дахин их байна. PM2.5 тоосонцор нь уушгийг хамгийн их гэмтээдэг. Энэтхэгийн тариаланчид тариалангийн талбайдаа үлдсэн сүрлийг шатаадагтай холбоотойгоор тус улсын агаарын чанар өвлийн улиралд илүү их бохирддог. Агаарын чанарыг агаарын бохирдуулагч PM2.5, PM10, озон, азотын болон хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшингээр тодорхойлдог.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ ХОТУУД
2020 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 46 нь Энэтхэгт, 42 нь Хятадад, зургаан нь Пакистанд, дөрөв нь Бангладешид байсан бол Индонез, Тайландын тус бүр нэг хот багтаж байжээ. Түүнчлэн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын ес нь Энэтхэгт байдаг. Баруун Хятадын Шинжаан дахь Хотан хотын агаарын чанар 2020 онд 110.2 буюу дэлхийн бусад хотуудтай харьцуулахад хамгийн муу үзүүлэлттэй нь байжээ. Түүнчлэн 2019 онд Энэтхэгт 1.67 сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан тухай “Lancet” сэтгүүл мэдээлжээ. 1990 оноос хойш хатуу түлшийг өөр төрлийнхөөр сольсноор агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт буурсан ч хүрээлэн буй орчинтой холбоотой нас баралт нэмэгдсэн байна. Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг “iqair.com” хуудаст мэдээлснээр одоогийн байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд 130-д бичигдэж байна. Тус цахим хуудас дэлхийн 4680 хотыг агаарын бохирдлоор нь жагсааж, өдөр бүр шинэчилдэг. Ингэхдээ агаарт агуулагдаж буй нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын хэмжээг нь голчлон харгалзаж үздэг байна. 2019 оны хамгийн их бохирдолтой орнуудыг жагсаахад Монгол Улс дэлхийн улсуудаас гуравдугаарт орж байсан билээ. Уг жагсаалтыг мөн л нэг куб метр агаарт хэдэн микрограмм нарийн ширхэгт PM2.5 тоосонцор агуулагдаж байгаагаар гаргаж байв.
УТААНЫ ЦАМХАГ ГЭЖ ЮУ ВЭ
Энэтхэг, Хятадын зарим хотууд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд утааны цамхаг суурилуулсан. Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Нью Дели хот хоёр ширхэг утааны цамхаг суурилуулсан бөгөөд нэг нь хөл хөдөлгөөн ихтэй худалдааны бүсэд байрладаг. Хоёр сая ам.долларын үнэтэй, 25 метрийн (82 фут) өндөр цамхгийн 40 сэнс секундэд 1000 шоо метр (35 мянга шоо фут) тоосонцроор дүүрсэн агаарыг шингээж, шүүлтүүрээр шүүдэг. Утаат цамхаг нь нэг километрийн радиус дахь агаарт агуулагдаж буй PM2.5-ын хэмжээг 50 хувиар бууруулдаг байна. Гэвч энэ нь хэр үр дүнтэй вэ гэдэг өнөөг хүртэл асуулт хэвээр байна.
АГААРЫН БОХИРДЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
ДЭМБ-ын мэдээлснээр агаарын бохирдлын улмаас жилд долоон сая гаруй хүн нас бардаг ажээ. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь агаар дахь тоосонцрын хэмжээ нь ДЭМБ-аас тогтоосноос давсан бүс нутагт амьдарч байна.
АГААРЫН БОХИРДОЛ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМААРАЛ
“Greenpeace” төрийн бус, олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Иеб Саногийн хэлснээр ирэх жилд агаарын бохирдлоос болж долоон сая ураг төрж амжилгүй эндэх аюул нүүрлээд байгаа аж. Агаарын бохирдол хүн төрөлхтний амь нас, ирээдүйг устгаж үгүй хийж байгаагаас гадна эдийн засгийн асар их хэмжээний алдагдалд оруулж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлд 225 тэрбум ам.доллар, эрүүл мэндийн салбарт олон их наяд ам.доллар бидний халааснаас гарч буйг Сано анхааруулжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )