Д.Оргилтуяа: "Уран Хас"-ыг залуусын нүдээр өөрсдөд нь хүргэхийг зорьсон

2021 оны 11 сарын 30

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ СОНГОДОГ “УРАН ХАС” БАЛЕТЫГ

АНХ УДАА КОНТЕМПРАРИ ХЭЛБЭРЭЭР ТАВИНА

 

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгийн жүжгийг нэн шинэ буюу контемпрари хэлбэрээр анх удаа удаа толилуулах гэж байна.

Тус балетыг 2021 оны арванхоёрдугаар сарын 01-02-ны өдөр "Корпорэйт Конвеншн Центр"-т 19:30 цагаас тоглох юм.

“Монголын контемпрари хөтөлбөр”-ийн үүсгэн байгуулагч, “Уран Хас” контемпрари балетын ерөнхий продюсер Д.Оргилтуяатай ярилцлаа.


-Өмнөх сонгодог “Уран Хас” балетаас энэ удаагийн контемпрари “Уран Хас” ямар онцлогтой вэ?

-Онцлог нь гэвэл сонгодог балетын бүжигчдийн техник нь дээшээ, тэгш байдаг. Контемпрари балетын онцлог нь техникүүд нь эрс өөр. Нэлээд нугарна, шалан дээгүүр бүжиглэдэг хүртэл техникүүд байдаг. Тэгэхээр энэ бүжгийн техникүүдийн арга барил нь гадна талаас нь өнгөц харахад амархан мэт боловч цаанаа маш нарийн. Техникүүдийг зөв суралцаж байж бүжиг нь гоё харагддаг. Суралцаагүй хүмүүс дуурайгаад хийвэл замбараагүй, үзэмжгүй харагддаг.

Тэгэхээр технкийг сайн суралцаж, зөв гүйцэтгэлээр хийх нь маш чухал. Контемпрари нь олон жил бүжиглэсэн туршлагатай, хөдөлгөөнөө төгсгөж чаддаг, цэвэр, цэмцгэр гүйцэтгэж чаддаг, бүжигчин хүний ур чадварыг шаарддаг бүжгийн төрөл шүү дээ.

-Сонгодог “Уран Хас” балетыг яагаад контемпрари хэлбэрээр хүргэх болсон бэ?

- Манай улсын соёлын өв болсон “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийг 1973 онд таван эрхэм хүн хамтран бүтээсэн. Контепрари гэдгийг нэн шинэ гэсэн утгатай гэж ойлгож болно.

Сонгодог “Уран Хас”-ыг яагаад контепрари болгов гэхээр сүүлийн 20 жилд дэлхий дахинд контепрари урлаг гэдэг урсгал хүчтэй хөгжиж байна.

Дэлхийн бүжгийн ертөнцөд том бүжгийн компаниуд, бүжгийн нэр хүндтэй академи, театрууд контемпрари бүжгийн чиглэлээр маш идэвхэй өрсөлдөж байна.

Мэдээж сонгодог зүйл бол сонгодгоороо үлдэнэ. Тэр бол ямар ч өөрчлөлтгүй. Гэхдээ хуучин классик зүйлээ олон удаа үзэхээр уйтгартай болдог. Сүүлийн үеийн чиг хандлага, бүжгийн ертөнцөд шинэ, гоё чиглэлүүд гарч ирж байна. Үүнтэй уялдуулаад хуучны сонгодог, сайн бүтээлүүдийг дараагийн шинэ үеийнхэндээ ойлгуулахын тулд өөрсдийнх нь хэлээр шинэ маягаар хүргэж байгаа.

Залуу үеийнхэн өөрсдийн нүдээр харж, тэр классик зохиолыг яаж орчин үеийн хэв маяг руу оруулж байна вэ, шинэ үеийн залуус яаж харж байна вэ тэр хэлбэрээр хүргэх нь тэдэнд илүү ойлгомжтой. Тэгэхээр монголчууд бид энэ чиг хандлага, хөгжлөөс хоцрох ёсгүй, урагшлах ёстой.

-Сонгодог бүтээлүүдийг орчин үеийн бүжгийн төрөл рүү хөрвүүлж байгаагийн зорилго юу вэ?

-Манай соёлын өв болсон Уран Хас, Учиртай гурван толгой гэх мэт сайхан бүтээлүүдийг контемпрари шинэ хэв маяг руу оруулж тавих нь их чухал гэж бодож байгаа. Яагаад гэвэл балет үзэгчдийн эгнээг залуучуудаар дүүргэх хэрэгтэй. Бидний дөрөв, таван жилийн өмнө хийсэн судалгаагаар Дуурь бүжгийн эрдмийн театрыг зорин ирж, балет үздэг 40-өөс дээш насны 500 орчим хүн байна. Тэднийг классик балетуудаа үзэх дуртай, үнэнч үзэгчид гэж болно. Харин залуучууд балет үзэх нь бага байна. Яагаад тэд балет сонирхохгүй байгаа юм бэ. Тэгэхээр бид тэр сонгодог бүтээлийн хөгжим, бүжгийг шинэ хэв маягт оруулж, сүүлийн үеийн техник технологийг ашиглаж, маш гоёоор очин үеийн сэдэв рүү нь оруулаад хүргэхээр залуу үе олноороо сонирхох ёстой.

Залуучуус маань контемпрари “Уран Хас”-ыг үзчихээд энэ гоё балетын сонгодог хувилбар нь ямар байдгийг сонирхоно гэж найдаж байгаа.

-Энэ удаагийн “Уран Хас” балет дээр Хас, Хандармаагийн дүрийг бүтээж байгаа гоцлоочид нь ямар онцлог ур чадвартай балетчид байгаа вэ?

-Хасийн дүрийг ДБЭТ-ийн гоцлол бүжигчин Т.Хан-Очир бүтээж байна. Харин сонгодог “Уран Хас” балетын гол дүр Хандармааг бид Халиун гэж нэрлэсэн. Хасын хайртай бүсгүй Хариунд ДБЭТ-ийн бүжигчин Б.Халиунаа тоглоно.

Энэ хоёр маань манай Монголын балетын хөтөлбөрт таван орчим жил явсан. Австри, Германд контемпрари бүжгийн арга техникийг суралцаж ирсэн. Манайд мөн бүжигчнээр ажиллаж байгаа.

Өөр нэгэн гоцлооч нь Хасын маань найз, сөрөг баатарт ДБЭТ-ийн балетын бүжигчин н.Хувьтөгөлдөр гэдэг авьяаслаг залуу байгаа. Манай Хувиа ялангуяа сөрөг дүрийг маш чадварлаг гаргаж байна. Өөрөө зэвүүн, өвөрмөц дүр төрхтэй л дөө.

Та бүхэн хүрэлцэн ирээд шинэ үеийн уран Хас, сөрөг талын баатар Хувиа, Хасын сүйт бүсгүй Халиун нарын орчин үеийн хөгжмийн хэмнэлд маш чадварлаг бүжиглэж байгааг хараарай. Ер нь хүмүүс энэ балетаас үнэхээр сайхан таашаал аваад гарна даа . Бид маш гоё зүйл хийж байгаа.

МОНГОЛЫН КОНТЕМПРАРИ БАЛЕТЫН ХӨТӨЛБӨРТ

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ БҮЖИГЧДИЙГ ХАМРУУЛДАГ

-Монголын контемпрари балетын хөтөлбөрт оролцох сонирхолтой уран бүтээлчид хэрхэн хамрагдах вэ?

-Ер нь бол манайх зөвхөн мэргэжлийн балетчидтэй ажилладаг. Манай бүжигчдийн баг дан балетчдаас бүрддэг. Энэ жил “Уран Хас” үндэсний хэв маяг орсон контент учраас бид СУИС болон Сүлд чуулгаас тус бүр хоёр бүжигчин авсан. Ерөнхийдөө 70-80 хувь нь балетчид, үлдсэн нь ардын бүжгийн бүжигчид гэсэн үг.

Тухайн бүжигчин манайд орох хүсэлтээ гаргана. Тэднээс бид аудишн /сонсгол/ аваад шалгаруулж, сайн бүжигчдийг авдаг. Нөгөө талаар хамгийн гол нь бүжигчид маань өөрийгөө хөгжүүлэх, гоё, шинэлэг зүйл суръя, ялангуяа контемпрари чиглэлээр өөрийгөө хөгжүүлье, техник, арга барилуудаас суралцаж авъя, ганцхан балетчин, монгол бүжигчин биш, дэлхийд хамгийн түгээмэл болж байгаа бүжгийн урсгалыг суралцъя гэсэн чин хүсэлтэй байх ёстой. Түүнийхээ төлөө зорилготой байх ёстой. Тэгж байж манай хөтөлбөрт хамрагдана.

Монголын контемпрари хөтөлбөр нь 2011 оноос хойш ажиллаж байгаа болохоор мэргэжлийн, чадвартай залуучуудтай ажилладаг гэдэг нь монголын бүжгийн байгууллагууд дотроо нэлээд мэдрэгдчихсэн.

Ер нь манайх 2017 оноос хойш Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүдээс гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигдээ аваад Австар, Герман, явсан. Америк руу явдаг Хөгжим бүжгийн хүүхдүүдээс гадна өөрсдийнхөө хөтөлбөрт хамрагдсан ДБЭТ-ийн бүжигчдээ аваад зун болгон мастер классууд авахуулах гээд том том бүжгийн компаниуд, эсвэл олон улсын бүжгийн фестивалиуд дээр очоод мастер классууд авахуулдаг. Тэгэхээр тэд мундаг болохоос өөр арга байхгүй.

-Танай хөтөлбөрт хамрагдаж байгаа залуу уран бүтээлчдэд ямар боломж нээгддэг вэ?

-Манай хөтөлбөрт хамрагдсан бүжигчдийн 50 хувь нь ДБЭТ-д балетчинаар ажиллаж байна. Тэднээс 10-12 бүжигчин жил бүр балетийн хөтөлбөрт давхар бүжигчнээр ажиллаж, манай продакшнуудад оролцдог. Бид Австри, Герман, ОХУ-ын модерн балетын хамгийн том компани болох “Тодес” зэрэг дээр очиж, мундаг багш нараас нь мастер класс авдаг. Австрийн Вена хотод олон улсын бүжгийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс модерн болон контемпрари чиглэлээр өөрийн нэрээр нэрлэсэн техникүүдээ заах гэж том том багш нар ирдэг. Тэндээс бид франц, америк, герман багшаас контемпрари техникүүдийг заалгаж, мастер класс авч байсан.

Манай хөтөлбөр бол манай Монголын мэргэжлийн бүжигчдийн чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Цаашилбал Монголын контемпрари орчин үеийн бүжгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа байгууллага юм.

 

"Амьдралыг тэтгэгч" цуврал контемпрари балет

-Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) өнөөдрийг хүртэл ямар төслүүд хэрэржүүлсэн бэ?

-Манайх 2012 онд анх байгуулагдахдаа тэр үеийн Хөгжим бүжгийн коллеж /Монгол Улсын Консерватори/-ийн Сонгодог бүжгийн төгсөх ангийн оюутнуудыг АНУ-ын Колорадо мужийн “Колорадо балетийн академи”-д зуны сургалтад авч явснаар эхэлсэн. Бид түүнээс хойш 2017 он хүртэл 30-аад оюутныг зуны сургалтад хамруулсан. Тэр нь сар үргэлжилдэг эрчимжүүлсэн сургалт байдаг. Тэнд классик балетаас гадна америкийн тап дайнс /tap dance/, броадвэй /broadway/, модерн, контемпрари бүжгийн төрлүүдээр техникийг нь зааж өгдөг маш гоё сургалт байдаг. Тэднээс одоо ДБЭТ-т 18 орчим залуу бүжигчин балетчинаар ажиллаж байна.

Тэднийхээ цаашаа хөгжиж, контемпрари бүжгийн техникийг илүү сайн суралцаж, гоё юм бүтээмээр байна гэдэг хүсэлтийн дагуу бид продакш байгуулсан.

Бид байгаль орчны өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын тухай олон нийтийн боловсролд нь зориулж, орчин үеийн балетууд хийх гэж төлөвлөсөн. Үүндээ гадаадад суралцсан олон гоё бүжгийн техникүүдийг ашиглаж, дээрээс нь контемпрари, орчин үеийн бүжиг дэглээчээр суралцаж ирсэн, өөрсдийн мэргэжлийг дээшлүүлсэн залуу уран бүтээлчдэдээ боломж олгосон. 2017 онд Номадик балет продакшнтай хамтраад “Амьдралын тэтгэгч ус” балет хийсэн. 2019 онд бид “Амьдралыг тэтгэгч агаар” агаарын бохирдлын тухай, хор уршгийн тухай балет хийсэн. Маш гоё балетууд болсон. Хүмүүсээс олон сайхан эерэг сэтгэгдэл хүлээж авсан.

Үүнд бид урамшиж 2020 ондоо “Моушн Монголия” олон улсын контемпрари бүжгийн фестиваль дээр хамтарч ажиллах “Урлагийн зөвлөл”-ийн урилгыг хүлээж авсан. Бид олон улсын бүжгийн фестиваль дээр өөрсдийн нэг монгол контемпрари контенттой байя гэж ярилцаж “Уран Хас” балетын контемпрари хувилбарыг хийе гээд л зорьчихсон.

Тэгээд бид 2020 оноос хойш маш шаргуу ажиллаж байна. Дунд нь ковид гараад багагүй хүндрэлүүд учирлаа. Гэхдээ энэ жил он гарахаас өмнө хийгээд дуусгасандаа их баяртай байна.

-Танай байгууллага гурав дахь контемпрари балетаа одоо тавьж байна. “Уран Хас”-ын дараагийн том төсөл юу вэ?

-Ирэх жилүүдэд бид “Уран Хас” балетаа америк авч явах зорилготой байгаа.

Түүнчлэн бид байгаль орчны балет хийдгээрээ онцлогтой. “Уран Хас” балет бол “Моушн Монголия” олон улсын фестивальтай холбогдож гарч ирсэн, гэнэтийн хийх ёстой ажлын нэг болоод гараад ирсэн. Үүнийгээ дуусгаад “Амьдралын тэтгэгч” цувралын гурав дахь хэсэг болох хөрсний бохирдол, хогны менежментийн тухай орчин үеийн балетийг 2022-2023 онд хийх ёстой.

Өмнө нь бид ус, агаары бохирдлын тухай балетаа гаргачихсан.

Дөрөв дэх буюу сүүлийн цуврал нь балет нь дэлхийн дулаарлын тухай “Амдралыг тэтгэгч гал” юм. Үүн дээр хамгийн гоё нь Колорадо балет компаниас манайхтай хамтарч ажиллах санал ирүүлсэн. 2023 онд “Колорадо балет”-ийн багийг монголдоо авчирч тоглуулах зорилготой байгаа. Тэр үеэрээ Колорадор балеттай хамтарч дэлхийн дулаарлын талаар хамтарсан балетаа хийх төлөвлөгөөтэй байна.

-Ярилсанд баярлалаа.

-Баярлалаа.


Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II дугаар наадамд зориулж тус контемпрари балетыг Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ)-өөс “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бүтээн, энэ жил олонд хүргэж байна.

“Уран хас” бүжгийн жүжгийг 1973 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр анх тайзнаа тавьж байжээ. Тус бүжгэн жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав удирдаж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, Ардын зураач Ч.Гунгаажав тайзны зургийг зурж, цомнолыг нь академич Б.Ширэндэв бичжээ. Харин жүжгийн гол дүр Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа нар анх тоглосон түүхтэй. Түүнээс хойш үе үеийн шилдэг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцлон, тус балетийг 48 жил Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьсан юм.

Тэгвэл энэ жил контемпрари бүжгэн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ийн бүжигчид амилуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ti(66.181.161.8) 2021 оны 11 сарын 30

Woooow

0  |  0
Top