Хан Тамирыг халиасан “Хангайн цом”-ын халгиа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Өвлийн тэргүүн сарын шинийн 24-ний өдөр зохиолч, яруу найрагчид Архангай аймаг руу аяны жолоо заллаа. Цавцайсан уул нуруудыг довтолгон давхисаар, цан хүүрэг татуулан бууж мордсоор, царгиа мөнгөн жаврыг цээж дүүрэн амталсаар Цэцэрлэг хотноо аяны дөрөө мултлав. Монголын Зохиолчдын эвлэл /МЗЭ/ -ийн дэргэдэх Архангай аймгийн “Хантамир” утга зохиолын нэгдэл “Хангайн цом” яруу найргийн наадмаа хийхээр ийнхүү олныг оройлж, бусдыг буухиалсан нь энэ ээ. Тус наадамд 20 гаруй найрагч, Номын ертөнц” ТББ болон номын баярт оролцож яваа зохиолчидтой дөрөө харшуулан ийнхүү дэргүүлсэн юм. Арын сайхан хангай нутаг нь номын суут, мэргэд, урлагийн авьяастан, хүчтэний өлгий билээ. Энэ жилийн яруу найргийн наадам халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч Сунтарын Лувсанпэрэнлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан түүний нэрэмжит болж байгаагаараа онцлогтой. Лувсанпэрэнлэй нь шашин, түүх, гүн ухаан, ёс суртахуун, уран зохиол, урлаг, анагаах ухаан, эм зүй, одон зурхайг эзэмшиж, зохиолоо ихэвчлэн төвд, монгол хэлээр шүлэглэн бүтээж байжээ. Нутаг хошууныхаа бахархал, шүтээн болсон гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, орчуулагч, эрдэмтэн, хутагтын нэрэмжит “Хангайн цом” яруу найргийн наадмын тэмдэглэлээс хүргэж байна.

 

“ХАНГАЙН ЦОМ” НААДАМД ХАНГАЙН НАЙРАГЧ ТЭРГҮҮЛЛЭЭ

 

Арын сайхан хангайг зорин ирсэн зочид маргаашийн мандах нарнаар аймгийн нийтийн номын санг Эрдэнэ мэргэн бандида, эгшиг дуун онолч Ханчо хамба Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгох ёслолд оролцсоноор тус өдрийн үйл ажиллагаа эхлэв. Хойморт сүмбэрлэгч бурхны дүртэй ихэмсэг хайрхан юу нь өглөөний наранд гэрэлтэн дүнхийнэ. Булган ууландаа буян заяагаа даатгаж бултаараа жаргалтай амьдран суугаа булга минжийн орон нэн амгалан налайна. Сэрхийх салхин үгүй сэтгэлийн тооноор цэлийтэл харагдах Цэцэрлэг хотын намуухан өдөр зохиолч найрагчдын дуу шуу, инээд наргианаар сэрэх шиг, сэргэх боллоо. Ном уншихын хүслэнд хорхойссон сэргэлэн нүдтэй жаалууд номын сангийн үүдээр гүйлдэж номд нэвтэрсэн нутгийн буурлууд хүндэтгэлийн суудалнаа тухлан заларчээ.

Архангай аймагт Хүүхдийн номын сан, Нийтийн номын сан гэсэн товхийсэн хоёр барилгатай аж. Хоёр давхар энэ өргөөнд ёстой л номын амтанд шимтэж, эрдмийн оргилд шамдсан хүмүүсийн хөл тасрахгүй. Нийтийн номын сангийн эрхлэгч О.Мөнхтуяа утга уран зохиолд элэгтэй нэгэн. Хүүхдийн номын сантай аймаг ховорхон байдаг хэмээн аймаг, аймгаас ирсэн найрагчид ам унагаж, атаархан магтаж байлаа. Архангай аймагт болж буй утга зохиолын бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллаж, ар талд нь бат найдвартай зогсдог ажээ.

“Хангайн цом” яруу найргийн наадам нь 1980-аад оноос угшилтай агаад аймгийнхаа хүрээнд товхийтэл тэмдэглэн хийчихдэг байсан бол 2018 оноос улсын хэмжээний том наадам болтлоо өргөжсөн байна. Уг наадам 2018 онд Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо, эгшиг дуун онолч Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болж Ховд аймгийн яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүлж байсан. Удаах жил нь XX зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болгон явуулж Төв аймгаас гаралтай яруу найрагч Д.Цогбадрах түрүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа унаган нутгийн хүү, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү тэргүүлж, дэд байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, гутгаар байранд “Алтан өд” наадмын шагналт яруу найрагч Н.Нямхишиг нар орсон бол  тусгай байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, А.Түмэнбаяр нар хүртлээ. Мөн Р.Чойномын “Өд” сангийн нэрэмжит шагналыг Сэр-Одын шагналт яруу найрагч Г.Лхагвадорж нар гардан авсан юм.

Наадмын зар түгэж 21 аймгаас 86 бүтээл ирснээс шилдэг 15 найрагчийг шалгаруулжээ. Орон нутгаас таван найрагчийн мандат олгож нийт 20 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан юм. Зулын 25 гийсэн билэгт сайн өдрийн үдэш “Хангайн цом” наадам Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт найраг эгшигт халгинхан байв. “Хангайн цом” наадмыг ус нутгийн охин, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа жил бүр хөтөлж, эгшиг хөг нэмдэг билээ. Түүний ээж МУГЖ Ш.Дэлгэржаргал Ихтамир сумын уугуул гэдгийг хөтлөгч бүсгүй бахархан өгүүлнэ лээ. Мөн түүнтэй хамтарч “Хантамир” төвийн тэргүүн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан хөтөлсөн бөгөөд нутаг орныхоо хүн зон, хөгшин буурлууд, бахдам түүх, бахархам он жилүүдийг нэгд нэгэнгүй мэддэг, нутаг орондоо элэг сэтгэлтэй нэгэн.

Тэрбээр “Хангайн цом” наадмыг улсын хэмжээнд гурвантаа зохион байгуулж, бүх л ажлыг гардан хийж, сэтгэл зүрхээ ширээж буй билээ. Залуу хүний зангараг, халуун зүрхний илчээр бүхнийг бүтээн цогцлоож, нэгтгэн томж яваа торгон сэтгэл, мяндсан ухаантай найрагч юм. Нутгийнхан нь ч түүнийг хүндлэн сонсож, хүрээлэн дэмжинэ гэж жигтэйхэн. Наадмын шүүгчээр Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байгаа зохиолч яруу найрагч О.Содномпил, П.Батхуяг болон Архангай аймаг дахь утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Ч.Мөнхбаяр, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нар шүүн тунгаалаа. Яруу найрагч Ч.Мөнхбаяр нь нутаг орондоо амьдарч, аймгийнхаа яруу найрагч зохиолчдыг зангидаж байдаг дотогшоо нуугиж, гадагшаа дүрэлзсэн хүн. Тэрбээр “Элкондор” хамтлагийн “Бүсгүй”, “Охиндоо”, “Тавилан” зэрэг олон сайхан дууны эзэн. Нутагтаа амьдрангаа уран бүтээлээ туурвихын үлгэрийг үзүүлж, утга зохиолд үнэн байхын гайхмыг таниулж яваа билээ.

Архангай аймагт шүлэг найргаа бичиж чимээгүй хэр нь шүлгээрээ “чимээтэй” амьдарч яваа хүн олон. Түүний нэг нь Эрдэнэмандал сумын уугуул, яруу найрагч МЗЭ-ийн гишүүн Л.Баасансүрэн юм. Хөдөө нутагтаа морин дэл дээр дэргүүлж, мал сүргээ адгуулж яваа адуучин эрийн сэтгэлээс монгол сэтгэлгээтэй монгол шүлэг л хөвөрнө. Энэ л наадмаас монгол шүлэгтэй найрагчид тодрон гарч, торолзон цоролздог билээ.

УТГА ЗОХИОЛОО ДЭМЖДЭГ УДИРДЛАГАТАЙ АЙМАГ УРАГШЛАХЫН УРЬТАЛ НЬ ГЭГЭЭН АЖГУУ

Архангайн удирдлагууд ард олныхоо сэтгэлийг тунгалаг, ухаан бодлыг хурц байлгах үйлс нь зуун зуунд улам дэлгэрч ийнхүү яруу найргийн наадам, ном бүтээлээр түүчээлж яваа нь бахдам байлаа. “Хангайн цом” наадамд УИХ –ын гишүүн Ж.Мөнхбат мялаалгын шүлэг уншиж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг баяр хүргэж үг хэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж орхив.

Болор цомын эзэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны “Хангайн цом”-ыг ивээн тэтгэж 25 сая төгрөг шийдэж өгсөн нь наадмыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулахад маш том түлхэц болж өгснийг “Хантамир” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Урангоо онцолж байлаа. Тэгвэл 2019 оны наадмыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дэмжиж төсөв мөнгийг нь шийдэж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэмжин ажиллажээ.

Энэ жилийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төв, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал, ИХТ-ийн дарга Б.Батжаргал, Эрдэнэбулган сумын засаг дарга Д.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, Нийтийн номын сангийн эрхлэгч О.Мөнхтуяа нар хамтран ажиллаж, дэмжин тусалжээ. Зарим орон нутаг утга зохиолын салбараа дэмжих нь хойрго байдаг бол Архангай аймаг энэ тал дээр илүү сэтгэлтэй, зүтгэлтэй хандаж байгаа нь алхам бүрд харагдав.

Тус наадмын шагналын сан болох найман сая төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас ивээн тэтгэсэн бол бусад зардлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас санхүүжүүлжээ. Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал “Хантамир” утга зохиолын нэгдлээс гаргаж буй өөрийн нутгийн үе үеийн зохиолч яруу найрагчдын бүтээлийг нэгтгэсэн шилмэл номыг ивээн тэтгэж буй сайхан мэдээг дуулгаж байна. 60 сая төгрөгний төсөвтэй тус ном нь “Хантамирын ай” нэртэй бөгөөд тун удахгүй уншигчдын гар дээр хүрэхээр бэлэн болжээ.  Утга зохиолоо дэмждэг удирдлагатай аймаг урагшлахын урьтал нь гэгээн, хөгжихийн хөшүүрэг нь даацтай байх нь дамжиггүй.

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Эрдэнэбулган сумын засаг дарга Д.Мөнхбат нар утга зохиолын ажлыг идэвхийлэн дэмжиж, ард түмнийхээ оюун санааны гэрлийг өрдөхийн төлөөнөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нь бусад аймагт ч жишиг болох буй за хэмээн цагаахан атаархал, гэгээхэн мөрөөдөлд хөтлөгдсөнөө нуун юун. Наадмын дараа зулын 25-ны ерөөл билэгт өдрийг тохиолдуулж зохиолч, яруу найрагчид Эрдэнэ Булган уулнаа зул бадрааж, хүсэл юугаан даатган шивнэв. Үлэмж хайрхны өвөр бэлд нь шигтгээ мэт улалзан гэрэлтэх гэрлэн өмсгөл шөнийн харанхуйд үзэсгэлэн төгс агаад үнэн сүрдэм, сүсэглэм сэтгэлийг төрүүлж, үдшийг улам төгөлдөр болговой.

УНШИГЧИД НОМ УНШИХ ХҮСЭЛ ИХТЭЙ Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУ БАЙНА

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Бүтээлч сар”-ын хүрээнд Үндэсний номын баярыг орон нутагт зохион байгуулж байгаа билээ. “Номын соёлт ертөнц” ТББ Эрдэнэт, Говь-Алтай аймгаас номын баярыг эхэлж, ийнхүү Архангай аймагт үргэлжүүлсэн юм. Тус номын баяр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болсон бөгөөд Соёлын яамнаас аймгуудын номын санд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж байгаа аж. Энэ ч утгаараа тус ТББ-аас  “Хангайн цом” наадмыг хамтран хийхэд оролцож автобус, унаа, хоол, байрлах буудал зэрэг зардлыг хариуцсан бөгөөд цаашид аймгийн номын сангийн үйл ажиллагаатай хамтарч ажиллахаар болжээ. Нутгийн хүмүүс “Соёлын яам аймгийн номын сантай шууд хамтран ажиллах нь илүү өгөөжтэй, хүртээмжтэй ажил болох байсан болов уу” хэмээн хэлж байсныг холбогдох яаманд уламжилъя.

Өдөрлөгийн үеэр Архангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн нийтийн номын санд уншигч зохиолчдын уулзалт болж, зохиолчид илтгэл тавьсан юм.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Сарантуяа "Шинэ зууны уран зохиол ба уншигчид", зохиолч О.Энхжавхлан "Эссэ хэрхэн бичих вэ?", “Ном бичихэд бэлэн үү?”, Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын ном, хэвлэл хариуцсан мэргэжилтэн О.Сундуй "Төрөөс баримтлах номын бодлого", “Номын ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд "Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн хууль", нэвтрүүлэгч Б.Гантигмаа "Телевизийн эфир, түүнд өөрийгөө бэлтгэх" зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

Хүмүүст ном унших сонирхол байвч түүнийгээ худалдаад авчих боломж бололцоо муу байгаа талаар зохиолчид хэлж байв. Ажиглаад байхад аймаг орон нутагт номын дэлгүүр  байдаггүй аж. Ном соёлыг түгээх, сурталчлах, зохиолчдыг таниулах үйлсэд номын дэлгүүр чухал үүрэгтэй бөгөөд үүнийг бодлогоор дэмжиж хэвлэх үйлдвэр, редакцуудыг орон нутагт байгуулбал зохиолчид нутаг орондоо тааваараа амьдрах боломжтой болох юм. Түүнчлэн аймгийн номын санг илүү өргөжүүлэн, номын ордон барьж байгуулах ажлыг далайцтай эхлүүлвээс оюуны гэгээ улам тэлж, олон түмний сэтгэл улам гэрэлтэх буй за.

МЗЭ-ийн дэргэдэх “Хантамир” утга зохиолын нэгдэл орон нутгийн дарга удирдлагуудтайгаа тухлан уулзаж хэтийн ажлаа хэлэлцэж, хийж бүтээх өрнүүн үйлсээ төлөвлөөд амжина лээ. Цаашид хийх үйлс нь цаглашгүй их, яруу утгын мөртүүд яндашгүй арвин байх болтугай. Хан Тамирыг халиаж, хангайн уулсыг өндөлзүүлсэн “Хангайн цом” яруу найргийн наадам эгшиглэнтэй агаад халгиа цалгиатай, их ээ холыг цаламдсан том наадам болжээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арын хангай(192.82.82.90) 2021 оны 12 сарын 02

Архи авдаг мөнгөөрөө ном худалдан авбал ядаж мөхөс хэрэгт нумрахгүй юмсан

0  |  0
Top