Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номны нээлт боллоо

2021 оны 12 сарын 03

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж өдгөө жил бүр 10 цуврал хэвлүүлж олон нийтийн хүртээл болгодог уламжлал тогтоод байна.

2020 онд 13 цуврал  бичиж, хэвлүүлсэн боловч  цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад олон нийтэд хүргэх, түгээх ажил хойшлогдоод байсан юм. Тиймээс 2020, 2021 оны нийт 27 цуврал номыг олон нийтэд танилцуулах арга хэмжээг ШУА, Нийслэлийн боловсролын газартай хамтран  өнөөдөр зохион байгууллаа.

 

Шинжлэх ухаан танин мэдэхүйн эдгээр цуврал бүтээлийг ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бичиж туурвидаг  бөгөөд Нийслэл болон орон нутгийн боловсролын газраар дамжуулан ЕБС болон бусад номын сангуудад үнэ төлбөргүй тараагддаг юм.

Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд номын зохиогч эрдэмтэн судлаачид, НБГ-ын удирдлагууд, ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл оролцож номны дээжсээс гардан авлаа.

Энэ үеэр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээ бол Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100, ШУА-ийн 60 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал ажлуудын нэг юм. Өнөөдөр нээлтээ хийж буй Шинжлэх ухааны хялбаршуулсан 27 дэвтэр нь нийт иргэдийн соён гэгээрэлд зориулсан бүтээл юм. Бид сүүлийн 7 жилд Нийслэлийн боловсролын газартай хамтраад хэд хэдэн цогц арга хэмжээг зохион байгуулж тогтмолжуулаад явж байна. Бүхэлдээ өсвөр залуу үеийг шинжлэх ухааны эрдэм мэдлэгт дуртай болгох, нийт өргөн олонд  эрдэм мэдлэгийг түгээж, соён гэгээрүүлэхэд зориулсан арга хэмжээ юм.   ШУА бол эрдэм мэдлэг түгээж, бүтээж олон нийтийг соён гэгээрүүлэх, үйлдвэрлэл практикт шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг нэгэн цогцоор авч  хэрэгжүүлэхийг  чармайн ажилладаг. Өнөөдрийн нээлтээ хийж байгаа 27 цуврал бол шинжлэх ухааны тодорхой салбараар манай эрдэмтэн судлаачдын бичсэн шигшмэл бүтээлүүдийг  энгийн хялбаршуулсан, ойлгомжтой хэлбэрт оруулж  бүтээн туурвисан цувралууд байгаа. Энэ цувралыг бүтээх ажлыг зохион байгуулсан ажлын хамт олондоо,  хамтран оролцсон нийт зохиогч нартаа талархал илэрхийлье” гэлээ.

Нээлтийн үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн энэхүү цуврал нь хүүхэд багачуудын хүлээж авах түвшинд хялбаршуулж бичигдснээр онцлог бүтээл. Энэхүү цуврал нь хүүхэд, багачуудыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болж хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ өгч байгаа гэж бид үнэлдэг” гэлээ.

 ШУА-иас 2020, 2021 онд хэвлшүүлсэн танин мэдэхүйн цуврал бүтээлийн товч агуулгатай танилцана уу.

Танин мэдэхүйн цуврал №55 1945 он:  Монгол Улс тусгаар тогтнолоо  ард нийтээр  батлав

Монголын ард түмэн тусгаар тогтнолоо бүрэн батлахын тулд хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, бүх ард түмний санал асуулгад оролцож, Дундад Иргэн Улсын  ноот бичигт тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх болсон түүхэн үйл явдлыг олон нийт, залуу хойч үеийнхэнд таниулсан бүтээл болжээ.

Танин мэдэхүйн цуврал №56 Буган чулуун хөшөө

Буган хөшөөнд “Амьтны загварт урлаг” бүрэн төгс байдлаараа илэрхийлэгдэж байдгийн хувьд нүүдэлчдийн соёл-урлагийн нэвтэрхий толь гэж нэрлэж болох бөгөөд Монгол оронд олдсон буган хөшөө, түүний дүрслэл, утга агуулгын талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №57  Чингис хааны нохой

Монгол нохой нь нүүдэлчин үндэстний соёлын нэгэн салшгүй хэсэг бөгөөд түүх, археологийн баримтад тулгуурлан сурвалжийн мэдээгээр бататгаж угсаатны зүй, хэл шинжлэлийн баримтуудад түшиглэн домог, туульст буй тусгалуудаас монгол нохдын төрх байдал, нохойн гүйцэтгэсэн үүргийн талаар уншиж болно.

Танин мэдэхүйн цуврал №58  Монголчуудын бичгийн хэрэгсэл, эд өлөг

Бичгийн хүний хэрэглэдэг ширээг ч орлон чадах өврийн модоос эхлээд ном судрыг бичиж зурж бүтээдэг, хатгаж сийлдэг, барлаж хэвлэдэг, нааж болгодог, уншиж тэмдэглээд хавчаар хавтсаар дамжин тодруулга сэлтийг хийгээд тамгалж тэмдэглэн баринтаг шоголд агуулаад донтор гарчиг зүүн бурхан тахил дээрээ залах, хорго шүүгээнд хадгалахад бэлэн болгодог дарааллыг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №59 Орхон бичиг

Монгол оронд буй нүүдэлчдийн соёл түүхийн холбогдолтой дурсгалт зүйлийн шинжлэх ухааны болон нийгэм түүхийн ач холбогдолтой эртний Түрэг Уйгурын хаанчлалын үед хамаарах бичгийн дурсгалуудын түүх, монгол түрэг хэлний холбоо хамаарлын тухай өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №60 Салхины эрчим хүч

Дэлхийн цаг уурын нэгэн үзэгдэл агаарын урсгал буюу салхины ерөнхий зүй тогтол, зан авир, олон янз байдал, салхины эрчим хүчийг ашигласан туршлага, хөгжүүлэлтийн тухай ойлголт, мэдлэгийг уншигч олонд хүргэхийг зорьжээ.

Танин мэдэхүйн цуврал №61 Монгол уран барилга

Монгол архитектурын байгууламжийн урлаг техникийн нийлмэл системийн хэвийн болон шилжилтийн төлөв байдлыг судалж, хэв маяг, арга техник, чанар, инженер хүн ур ухаанаа өргөн хүрээнд чадмагаар ашиглаж бүтээдэг болохыг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №63 Анагаах увдист рашаан

Монгол орны халуун рашаануудын тархалт, байршил, химийн найрлагын ерөнхий төлөв, анги төрөл, рашаанд агуулагдах биологийн идэвхт элементүүд, рашаанд орох, уух үеийн үйлчлэх нөлөөлөл, хэрэглээ, ашиглалтын талаар толилуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №64 Сонирхолтой биохими

Бие организм дахь уургийн “хувь заяа”-г тодорхойлоход онцгой үүрэгтэй оролцдог “убикютин” уургийн талаар болон дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 өвчний үүсгэгч вирусийн талаарх сүүлийн үеийн сонирхолтой баримт мэдээллийг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №65 Хаг, хөвдийн ертөнцөөр аялцгаая

Бидний нүдэнд үл үзэгдэх эгэл мөөгөнцрөөс экосистемийн өргөн хүрээний эргэлтэд экологийн нишийн салшгүй түнш замаг, мөөгний харилцан ашигтай ертөнц болох хаг, хөвдийн талаарх шинжлэх ухаан, танин мэдэхүйн суурь ухагдахуун, үндсэн ойлголтын тухай бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №66  Монгол орны бактерийн палеонтологи

Тунамал чулуулагтай нягт авцалдан тогтсон эрдэс баялаг, ашигт малтмалын гарал үүсэл, хэлбэр хэмжээ, тархалтын орчин, хэтийн төлөвийн асуудлыг магадлан, фосфорит, алт, мөнгө, газрын тосны тухай асуудлыг сонгон органик ертөнцийн үндсэн асуудлыг тайлбарлан бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №67 Пробиотик бидний амьдралд

Хүний биед ашигтай пробиотикийг хэрэглэхийн ач холбогдол, монголчуудын уламжлалт цагаан идээ, үйлдвэрлэл, хэрэглээний талаар танилцуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №68 69 Археологи - Эртний соёлын ул мөрийг судлахуй

Археологийн шинжлэх ухаан юуг судалдаг болох, хэзээ хаана үүссэн, хөгжлийн товч түүх, дэлхийд алдартай олдвор, нээлтүүд, судалгааны аргууд, шинэ чиглэлүүд, технологиуд зэргийг олон нийт, залуу хойч үеийнхэнд таниулсан бүтээл болжээ.

Танин мэдэхүйн цуврал № Генетик бидний амьдралд

Сүүлийн жилүүдэд удамшлын молекул механизмыг тайлбарласан ололт амжилтад тулгуурлан генетик өөрчлөлттэй бие махбодуудыг гарган ХАА, анагаах ухаан болон бусад салбаруудад ашигла урьд өмнө байгаагүй бие махбодуудыг гарган хүн төрөлхтний өмнө тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэхэд үүсэх эерэг болон сөрөг нөлөөний талаар бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №70 Мөөгний гайхамшигт ертөнц

Мөөгний үүсэл, эртний ангилал зүй, бүтэц, хүнс тэжээлийн ач холбогдол, хортой мөөгийг ялгах, Монгол орны мөөгний судалгаа зэргийг толилуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №71 Газарзүйн гайхамшиг

Монгол орны газрын гадарга, гадаргын ус, уур амьсгалын гайхам сонин үзэгдэл, судалгааг урьдын болон орчин үеийн судалгаагаар баяжуулан бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №72 Монгол орны алтны ордууд

Алт, түүний шинж чанар, хэрэглээ, гарган авах арга, эдийн засгийн үр нөлөө, Монгол орны алтны ордуудын гарал үүсэл, үйлдвэрлэлийн төрөл, хамгийн сайн судлагдаж нийтэд танигдсан ордуудыг танилцуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №73 Машин сургалт

Цаг хугацаа их зарцуулдаг олон ажлуудыг мэдээллийн технологийн тусламжтайгаар амжилттай шийдвэрлэн судалгаа, шинжилгээний шинэ үр дүнд бага өртөг зардалтайгаар богино хугацаанд хүрч буй өнөө үед технологийн хөгжлийн шинэ чиг хандлага, хиймэл оюун ухааны машин сургалтын онол, арга зүй, хэрэглээг энэ номоороо танилцуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №74 Монгол орны эртний амьтан ургамал (Эртний хөхтөн)

Монгол орноос хамгийн түгээмэл олддог хөхтөн амьтдын төрөл зүйлийн талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №75 Газар хөдлөхүй

Газар хөдлөлтэй холбоотой үзэгдэл, газар хөдлөл судлалын үндсэн чухаг суурь, ерөнхий тойм мэдээллийг түүвэрлэн бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №76 Нарны эрчим хүч

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан энэхүү товхимолд нарны эрчмийн нөөц, түүнийг ашиглаж эрчим хүч гарган авах зарчим, хэрхэн ашиглаж байгаа талаар товч ойлголтыг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №77 Манж, халхын ургийн холбоо

Манжийн төрөөс халхын язгууртнуудтай ураг төрлийн холбоо тогтоосон үйл явц, түүний түүхэн уг үндэс, учир шалтгаан, арга хэлбэрүүд, нийгэм улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөөллийн асуудлыг судлан бичжээ.

Танин мэдэхүйн цуврал №78 Лазер

Лазерын үүсгүүрүүдийн хөгжил, хэт богино пульс, өндөр эрчим, ажиллах зарчим, цацрагийн шинж чанар, түүний төрлийн талаар анхны мэдлэгийг танилцуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №79 Нийгмийн тэгш бус байдал

Нийгмийн тэгш бус байдал, шударга ёс, түүний төрөл, чиг хандлага, арга хэмжээ, жендерийн асуудал, угсаатны болон арьсны тэгш бус байдал, нас, боловсролын ялгаа зэргийг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №80 Ургамлын эрдэс бодисын хооллолт

Ургамлын амьдралд зайлшгүй шаардлагатай, түүнгүйгээр өсөлт хөгжилт, үржлийн процессууд явагдаж чадахгүй тийм хэрэгцээт эрдэс элементүүдийн талаарх үндсэн ойлголт, эрдэс элемент дутагдвал ямар шинж тэмдэг илэгдэг зэргийг өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №81 Монгол мэндчилэх ёсон

Монгол хүний хүндлэл эрхэмлэлийн ёсыг бүрэн илтгэдэг монгол мэндчилгээ, ерөөл, бэлгэ дэмбэрлийн үг, захидал харилцаа зэрэгт монгол мэндчилгээг хэрхэн хэрэглэх тухай өгүүлжээ.

Эх сурвалж: ШУА

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золзаяа(122.201.25.246) 2023 оны 10 сарын 17

эдгээр цувралыг хаанаас авч болох вэ?\n

0  |  0
Top