Орос, Хятадын хил дээр 2000 ачааны машин дарааллаа хүлээж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Орос, Хятадын Манжуур- Забайкальск хилийн боомт дээр 2000 гаруй ачааны машин хил нэвтрэхээр хүлээж байна. Мөн онлайнаар дарааллаа хүлээж байгаа 2,5 мянган чиргүүлтэй машин, 400 ачааны машин байгаа гэнэ.

Хятадын нутагт маш их ачаа хуримтлагдсан, Хятадаас ачаа авахад 30-40 хоног зарцуулдаг болсон талаар орос жолооч нар гомдол гаргажээ. ОХУ-ын Тээврийн яамнаас ГХЯ-тайгаа хамтран Хятадын талтай хэлэлцээр хийж байгаа ч амжилт олохгүй байна.

Оросоос ирсэн ачаанаас коронавирус илэрсний дараа Хятадын тал 12 дугаар сарын 3-нд хилээ хаасан. Жолооч нар боомтоос явсан ч Манжуурт голомтлон тарсан халдвар намжсаны дараа энэ сарын 14-нд хил нээгдэхэд дахин цугларчээ.

Орос, Хятад улсууд хилийн долоон боомттой ч одоо Манжуур–Забайкальск, Суйфэньхэ–Пограничный, Дуннин–Полтавка, Хуньчунь–Краскино гэсэн дөрвөн боомт л ажиллаж байна.

Манжуур–Забайкальск боомт өдөрт 280 машин нэвтрүүлэх хүчин чадалтай ч Хятадын талаас гаргасан шинэ дүрмээр өдөрт 70 машин л Хятадад орж чадаж байна. Оросоос ирсэн ачааны машин хил нэвтрээд чиргүүл, ачаагаа үлдээгээд ОХУ-ын нутагт буцан орох ёстой. Хятадууд авчирсан ачааг буулгаж, авах ёстой ачааг нь ачсаны дараа маргааш нь дахин хил нэвтэрч чиргүүлээ авдаг болсон. Энэ дүрэм хурдан шуурхай үйлчилгээнд их саад болж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top