М.ХУЯГБААТАР: "Мөсний баяр"-ыг тасалдуулалгүй явуулахыг зорьж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймагт гуравдугаар сард "Мөсний баяр" зохион байгуулагдана. Гэвч сүүлийн өдрүүдэд нууранд хар хил гарсантай холбоотойгоор “Мөсөн дээгүүр зорчихгүй байх” анхааруулгыг иргэдэд өгөөд байгаа юм. Тиймээс бид "Мөсний баяр" хугацаандаа зохион байгуулагдах эсэх болоод цаг үеийн зарим асуудлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатартай холбогдож, тодрууллаа. 


-Сар шинийн баяр тохиож буйтаа холбоотойгоор орон нутгууд тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна. Танай аймгийн хувьд ямар шийдвэрт хүрээд байна вэ. Хөл хорих уу?

-Хөвсгөл аймагт хөдөлгөөн хорих ямар ч шийдвэр гараагүй. Цаашид ч гаргана гэж төлөвлөсөн зүйл алга. Аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 14-нд гарсан захирамжаар, аливаа уралдаан, тэмцээн, хурал зөвлөгөөнийг зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 50 хувьд барихыг сануулсан. Мөн төрийн болон төрийн бус байгууллага цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй, харин ард иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ баримталж тэмдэглэхийг уриалсан.

-Иргэдийн дунд 20-ны өдрөөс хойш хөл хорьж магадгүй гэх таамаг яваад байна. Энэ талаар тодруулбал?

-Бид аливаа шийдвэрийг гаргахдаа нутгийн ард иргэдийнхээ эдийн засгийн байдал, орлого зарлагын түвшнийг харгалзан үздэг. Тиймээс бид ноднин жилээс хойш аль болох хөл хорихгүй байх арга хэмжээнүүдийг авч ирсэн. Иргэдийн дунд яригдаж буй тэр таамаг бол үндэслэлгүй юм.

-Уламжлал ёсоор ирэх гуравдугаар сард "Мөсний баяр"-ыг зохион байгуулах ёстой. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

-Аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд “Мөсний баяр” зохион байгуулахаар комисс томилогдон ажиллаж байна.

Олон жилийн өмнөөс Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг уламжлал тогтсон учраас бид үүнийг тасалдуулалгүй явуулж, онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой. Тиймээс одоогоор “хийнэ” гэсэн төлөвлөгөөтэй бэлтгэл ажил явагдаж байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд мөс өмнөх жилүүдийг бодвол нимгэн хөлдөж байна. Мэдээж өдөр бүр зузаан нь нэмэгдэж байгаа. Дээрээс нь сүүлийн үед хар хил их гарч байгаатай холбоотойгоор иргэдийн дунд “хийнэ, хийхгүй” гэх эргэлзээ төрөөд байна. Гэхдээ мөсний баяр бол Монголыг дэлхийд сурталчлан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн гол эвент, арга хэмжээ шүү дээ. Үүнийг нутагтаа зохион байгуулахад дам нөлөөгөөрөө нэлээд орлого олох боломж бүрддэг учраас ямартай ч хийнэ гэсэн төлөлвлөгөөтэй ажиллаж байна.

Магадгүй тухайн үед мөсний зузаан хүрэлцэхгүй, хар хил аюулын түвшинд хүрсэн байх юм бол заавал “Мөсний баяр”-ыг хийнэ гэж зүтгэхгүй. Хоёрдугаар сарын 15-наас хойш мөсний зузааныг хэмжиж үзээд, тодорхой шийдвэрийг гаргах байх.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top