“Хөх сувд-2022” олон улсын фестиваль ирэх сарын 03-05-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дээр болох билээ. Мөсний баяр бэлтгэл ажлын талаар “Хөх сувд-2022” наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга П.Мөнхжаргалаас тодрууллаа.
-“Хөх сувд-2022” мөсний баяр удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-“Хөх сувд-2022” мөсний баярыг Зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулан байгуулсан. Энэ комисст нийтдээ найман дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнд мөсний баярын Бэлтгэл ажил, зохион байгуулалт, Дотоод ажил хариуцсан комисс, Аюулгүй байдлыг хангах салбар комисс, Биеийн тамир, спорт уралдаан тэмцээн хариуцсан, Соёл урлагийн арга хэмжээ хариуцсан, Мөсөн хотхон, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ хариуцсан, Хог хаягдал, орчны бохирдол хариуцсан зэрэг комиссыг байгуулан тус бүрийн хүлээсэн үүрэг чиглэлийн дагуу ажлуудаа хуваарилж аваад хийж байгаа.
Мөн Аялал жуулчлалын холбоод жил болгон оролцож, хамтран зохион байгуулалцаад явдаг. Өмнөх жилүүдийн мөсний баяр нэгэн хэвийн шинжтэй зохион байгуулагддаг байсан бол энэ жил арай өвөрмөц, шинэлэг байдлаар хийхээр ажиллаж байна. Хамгийн гол зүйл бол орчны бохирдол, аюулгүй байдал дээр маш их анхаарал хандуулж байгаа.
-Энэ жилийн “Хөх сувд-2022”-ын үйл ажиллагаанд ямар, ямар гол хөтөлбөрүүд багтсан бэ?
-Энэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ө.Батжаргал дэглэж, найруулж байгаа. Тухайн хүнийг урилгаар ийнхүү ажиллуулж байна. Мөн нээлтийн үйл ажиллагаа, оройны шоу тоглолтод УДЭТ-ийн уран бүтээлчид, Улаанбаатар хотоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирэхээр болсон.
Урлагийн тоглолтуудыг хүрэлцэн ирсэн хүмүүсийнхээ нас, насанд нь тааруулж хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаагийн мөсний баярт манай улсад суугаа элчид сайдууд, төлөөлөгчид ирэхээр болсон нь бас нэгэн онцлог. Ингэснээр эх орноо гадагшаа сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой тус нэмэр оруулж чадна гэж найдаж байна.
-Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан учраас зохиогдохгүй байх дээрээ тулаад байсан. Мал, амьтны халдварт өвчин хэр байгаа вэ?
-Малын гоц халдварт шүлхий өвчин манай аймгийн зургаан суманд гарсан. Аймгийн удирдлагаас яаралтай арга хэмжээ авч ажилласны хүчинд тухайн өвчлөл хумигдаж, хэвийн болсон. Хатгал тосгонд бүртгэгдсэн шүлхий өвчний тохиолдол нэмэгдэхээс нь урьтаж тусгаарласнаар одоо аюулгүй болсон. Иймээс энэ тал дээр ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй гэж үзэж байгаа.
-Зохион байгуулалтад ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Байгаль орчны, аялал жуулчлалын яамнаас мөсөн дээр автомашин зогсоохгүй гэсэн шийдвэр гарсан байсан. Энэ хэрэгжих боломжтой юм уу?
-Өмнөх жилүүдэд аймгийнхаа хэлтэс, газруудад хариуцуулаад хийчихдэг байсан бол энэ жил нэг бүрчлэн авч үзээд найман дэд ажлын хэсэг байгуулсан. Мөн нуурын мөсөн дээр автомашин зогсоохгүй байх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр гарахаас өмнө аймгийн Засаг даргын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны хуралдааны шийдвэр гарсан байсан. Гэсэн хэдий ч мөсөн дээр огт гаргахгүй гэсэн үг биш. Автомашинууд маань зорьсон газар руугаа шууд яваад, эрэг дээр нь байрлуулахаар зохицуулсан байгаа. Явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тодорхой маршрутын дагуу л явахыг зөвшөөрнө.
-Цар тахлын нөхцөл байдлаас болоод хоёр ч жил өнжсөн. Халдвар, хамгааллын ямар дэглэмүүдийг мөрдүүлэх вэ?
-Энэ жил мөсний баяр маань 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жил өнжсөн. Тийм болохоор хүмүүст маш их хүлээлт байна. Цар тахлын үеийн хорио, цээрийн дэглэмийг Засгийн газраас цуцалсан. Гэсэн хэдий ч нэлээд их хэмжээний хүн ирэх төлөвтэй байгаа учраас амны хаалт зүүх, тодорхой зай барих зэрэг зөвшөөрөгдсөн арга хэмжээнүүдийг хатуу мөрдүүлж ажиллана.
-Мөсний зузаан хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа асуудлуудын нэг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч. Мөсний баярын гол арга хэмжээ яг хаана болох вэ?
-Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр нуурын мөс одоо 1.15-1.20 метрийн зузаантай байгаа. Энэ бол хамгийн тохиромжтой, аюулгүй байж чадах хэмжээ. Мөсний баярыг өмнө нь 80 см-ийн зузаанаас дээш хөлдсөн үед хийдэг байсан юм билээ. Тийм болохоор энэ жил хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж үзэж байгаа.
Мэдээж хар, цагаан хил, нуурын өрх гарсан хэсгүүд рүү иргэдийг зорчуулахгүй байх тал дээр онцгой анхаарч байгаа. Цагдаагийн газар, Онцгой байдлын газрынхантайгаа хамтраад эдгээр газар руу явдаг хэсгүүдэд 24 цагийн шалгалтын цэг гаргасан. Аюулгүй байдлын комиссоос гаргасан сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг дагаж, өөрсдөө дур мэдэн зорчихгүй байх юм бол ямар нэгэн асуудал гарахгүй.
-Хэдий хэмжээний жуулчид, хүмүүс цуглана гэсэн тооцоо байгаа вэ. Жуулчдыг хүлээн авах нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Энэ жилийн хувьд 10 гаруй мянган хүн 3000 орчим автомашин ирэх болов уу гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Мэдээж цар тахлаас шалтгаалан гадаадын жуулчид нэг их ирэхгүй байх. Гэсэн хэдий ч дотоодын аялагчид нэлээд ирэх байх. Хөвсгөл нуур, Хатгал тосгоны ойр орчимд нийтдээ 23 аялал жуулчлалын бааз үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Тэдгээр нь өөрсдийн зэрэглэл, үзүүлэх үйлчилгээнээсээ хамаараад үнэ, ханш нь харилцан адилгүй байгаа.
Мөн аймгийн төв болон Хатгал тосгоноос хоолны гэр, үйлчилгээний газрууд ирж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөсний баярын үеэр том хэмжээний зөөврийн хогийн цэг гурвыг байрлуулах бол дугуйтай хогийн савуудыг байрлуулахаар төлөвлөсөн.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )