Zindaa.mn сайт нийгмийн хариуцлагын хүрээнд Асрамжийн төвийн хүүхдүүдийн бодит амьдрал, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг хийгээд Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ гэх мэт асуулт, асуудал, хөндөх сэдэвт анхаарал хандуулан, жилийн турш цуврал сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэхээр төлөвлөлөө. Цувралыг сэтгүүлч Д.Үржинбадам бэлтгэж, 14 хоног тутамд уншигчдын хүртээл болгоно.
АСРАМЖИЙН ТӨВИЙН ХҮҮХДҮҮД 18 НАС ХҮРЭЭД ХААЧДАГ ВЭ?
Асрамжийн төвд амьдардаг хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ? Асрамжийн төвөөс гарч, амьдралтай улаан нүүрээрээ тулж байгаа тэдгээр хүүхдийн асуудлыг энэ чигээр нь орхиж болохгүй.
Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.Өлзийчимэг “Монгол Улсад өнөөдрийн мөрдөж байгаа стандартаар хүүхэд 18 нас хүрээд асрамжийн төвөөс явах ёстой болдог. Шууд нийгэмд гаргадаг болохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Их, дээд сургуулийнхаа дотуур байранд орсон ч төлбөрийн асуудал тулгарна. Эхний жилийг нь бид яаж ийгээд шийдээд өгдөг ч дараа жилээс нь өөрөө хариуцах болдог. Тэгээд л хүүхдүүд жилийн чөлөө авч, ажил хийдэг ч тэр нь амьдрал ахуй, сургууль соёлд нь хүрэлцэхгүй. Эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд, сургалтын төлбөр, хоол хүнс, хувцас, бусад хэрэглээ гээд бүгд яг толгой дээр нь буудаг” гэж хэлэв.
Энэ бол Монгол Улсад хүүхэд асран хамгаалах үйлчилгээ үзүүлж байгаа газруудад, “Насанд хүрсэн” гэх тодотголтой эцэг эх, гэрэн оронгүй хүүхдүүдэд тулгарч байгаа нийтлэг асуудал.
Очих газар байв ч амьдралын баталгаа алга
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын өгч буй мэдээллээр өнөөдөр Улаанбаатарт хүүхдийн төрөлжсөн 17 байгууллагын 26 төв үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр төвд 2021 оны жилийн эцсийн мэдээгээр 823 хүүхэд байна.
Тухайлбал “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хувьд тэндэхийн асран хамгаалалтад одоогоор 2-18 хүртэлх насны 180 гаруй хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна. Тэднээс жилд дунжаар 10 орчим хүүхэд насанд хүрч, төвөөсөө явах болдог. Тэдгээр залуусыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу ах дүү, хамаатан садан, эцэг, эхэд нь хүлээлгэн өгнө. Аз таарч зарим нэгэнд нь сайн садан төрөл байх ч нөгөө хэсгийнх нь очсон амьдрал дардан байхгүй. Ганц жишээ дурдахад төрсөн эгч дээрээ оччихоод хоёр сарын дараа гудамжинд гарчихаж байна. “Хүүхдийн мөнгө”-тэй очдог болохоор тэр үед нь “хайр зарлаад” хамт хэрэглэчихнэ. Зарим нь мөнгийг нь зээлж аваад буцааж өгдөггүй. Ингээд хүүхэд дасан зохицож чадахгүй амьдрал нь урууддаг гэдгийг тус төвийн захирал хэлж байна.
Мөн тус төвийн төгсөгч А.Г 2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “18 нас хүрээд асрамжийн төвөөсөө бор чемоданаа бариад гарахад сэтгэл харанхуйлаад л явчихсан. Ах, эгч нартайгаа хэсэг цуг байрлаж байгаад их сургуулийн дотуур байранд орж байлаа. Асрамжийн төвөөс гарч байгаа хүүхдүүдэд тэр дундаа охидод илүү анхаарах хэрэгтэй. Хараа хяналтгүй, зөвлөгөө өгөх хүн байхгүйн улмаас өсвөр насандаа жирэмслэн, өрх толгойлж буй залуу ээжүүдийн тоо нэмэгдэж байна” гэжээ.
Монгол Улсад асрамжийн төвийг төгссөн хүүхдүүдийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга хариуцаж гэр орон, ажлын байраар хангах журам байдаг ч хэрэгжих нь бараг үгүй.Харин насанд хүрээд очих орон гэргүй, асран хамгаалагчгүй, бүтэн өнчин хүүхэд залуусыг ивээж харах ганц газар нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор. Гэвч тэнд 21 нас хүртлээ л байх боломжтой. Түүнээс цааш тухайн цогцолборт амьдрах зохицуулалт байхгүйн дээр хүчин чадал нь хүрэлцдэггүй. Нийт 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай уг байранд одоогийн байдлаар 84 залуу үйлчилгээ авч байна.
Уг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй хүүхдийн асрамжийн төв байгааг дахин сануулъя. Төгсөгч бүр энэ байгууллагад хамрагдах бас л боломжгүй гэдэг нь эндээс харагдана.МОНГ
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭН ДЭХ БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДИЙН ТООН МЭДЭЭ
(2022.01.17-ны байдлаар)
“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ӨӨР ТОРГООДОГ ЭХНИЙ НЭГ ЖИЛ
“Өнөр бүл”-ийнхэн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдээ боловсролын дараах үйлчилгээнд заавал хамруулахыг зорьдог. Тиймдээ ч есдүгээр анги төгссөн хүүхдүүдээсээ үргэлжлүүлж анги дэвшин суралцах, эсвэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д орох эсэх саналыг нь асууна. Саналыг харгалзаж МСҮТ-д орох хүүхдээ дотуур байранд оруулах, бусад холбоотой зардлуудыг шийдэж өгнө.
Их, дээд сургуульд орох болзлоо хангачихсан хүүхдээ ямар нэгэн аргаар хөөцөлдсөөр сургуульд нь оруулж өгдөг. Бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд улсаас сургалтын төлбөрийг шийддэг. Харин хагас өнчин хүүхдүүдийн хувьд хүндрэл үүснэ.
Тэд нэгдүгээр курсдээ сургалтын болон дотуур байрны төлбөр, хоол хүнсээ “хүүхдийн мөнгө”-өөр үүсгэсэн хуримтлалаараа шийдчихнэ. Асрамжийн төвийн зүгээс болж өгвөл төлбөрийг нь чөлөөлүүлэх, дотуур байрны мөнгийг хөнгөлүүлэх зэргээр тухайн сургуультай нь ярьж, боломжоороо зохицуулахыг хичээдэг. Харин сүүлийн үед ихэнх сургууль төлбөр чөлөөлөх дургүй болжээ.
Сургуульд орж чадаагүй хүүхдүүдээ ажлын байртай болгох, дараагийн байгууллагатай холбон зуучилна. Үгүй бол коллежид оруулж, тогооч, үсчин, шаварчин, цахилгаанчин гэх мэтээр мэргэжил эзэмшүүлж байна.
Ийнхүү тэд тал талын хичээл зүтгэл, дэмжлэгээр их, дээд сургуульд ордог ч хоёрдугаар курсээс нь дээр дурдсан төлбөр мөнгө, орон байр, хоол хүнсний асуудал тулгарч, эрсдэлд орж эхэлдэг. Ихэнх тохиолдолд оюутнууд сургуулиасаа жилийн чөлөө авна. Хоорондоо нийлээд байр түрээслэх, энд тэнд цагийн ажил хийж эхэлнэ. Ажил хийж цөөн төгрөг хуримтлуулдаг ч баталгааг нь хангаж чадахгүй.
Ийм л бэрхшээл дундуур туучиж яваа тэднийг амьдралд дахин хөл алдуулахгүйн төлөө холбогдох газрууд алхам хийдэг ч тууштай ажил хэрэг болж чадахгүй байна.
Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК / НОСК/-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулж байлаа. Энэ хүрээнд тухайн үед хоёр залууг түрээсийн байранд оруулж, ажлын байраар хангасан. Улмаар асрамж халамжийн төвөөс гарч байгаа залуусыг түрээсийн орон сууцанд хамруулах ажил дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих байв. Гэвч энэ ажил тэр цагаас хойш дахин хэрэгжээгүй, зогсжээ.
Энэ талаар НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайханаас тодруулахад “Тус ажлын хүрээнд түрээсийн орон сууцанд орсон залуу маань манайд ажиллаж байгаа. БХБЯ-аас зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд өөрчлөлт оруулах, хамрах хүрээг тогтоох асуудлаар ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг энэ оны зургаадугаар сарын 30-нд дүгнэлтээ танилцуулна. Тэр үед уг ажил үргэлжлэх эсэх нь тодорхой болох байх” гэдэг хариулт өглөө. Харин зарим хувийн аж ахуйн нэгж, компани нийгмийн хариуцлагын хүрээнд багагүй дэмжлэгийг үзүүлдэг байна. Жишээлбэл, “Их засаг” сургууль хоёр ч хүүхдийг үнэ төлбөргүй сургаж байгаа бол МАК компани тус төвийн дөрвөн залууг ажлын байраар хангажээ. Ингэхдээ хоёрынх нь дөрвөн жилийн сургалтын төлбөрийг төлсөн байна.
АСРАМЖИЙН ТӨВӨӨС ГАРСНЫ ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУУЛИАР АЛБАЖУУЛЪЯ
Тэгвэл манай улсын асрамжийн төвүүдэд тулгарч байгаа асуудлуудыг шийдэх гарц нь юу байж болох вэ?
Дээрх бүгдээс харахад нэгэнт Асрамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхэд залууст Асрамжийн төвөөс гарсны дараах үйлчилгээ заавал байх шаардлагатай харагдана. Чи насанд хүрчихлээ, одоо өөрөө учраа ол гээд хөөгөөд гаргаж болохгүй. Гадны өндөр хөгжилтэй орноос эхлээд буурай оронд хүртэл Асрамжийн төвийн хүүхдүүдээ нас биед хүртэл нь байлгах байрыг шийдэж өгсөн байдаг. Бидний хамгийн ойрын жишээ БНХАУ-д асрамжийн төвийн хүүхдүүдийг амьдралд хөл тавьтал нь байрлуулах боломжтой “Шилжилтийн байр” олон байдаг. БНСУ-д ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хүүхэд залуусаа 30 хүртэл нь харж хандаж байна. Ингэхдээ хүүхдээ сургууль төгсгөж, ажлын байртай болгоод, хуримыг нь хийлгэж байнгын харилцаатай байдаг аж.
Энэ талаар хүүхэд Асран хүмүүжүүлэх төвийг удирдаж байгаа М.Өлзийчимэг хэлэхдээ “Нэгэнт төр тухайн хүүхдийг харж хандах хүнгүй гээд 18 нас хүртэл нь авчихсан юм бол асрамжийн төвийн дараах хувилбарт үйлчилгээг бий болгох шаардлагатай. Ядаж сургуулиа төгсөж, баталгаатай ажлын байр, амьдрах орон байртай болгох үйлчилгээг төр үзүүлдэг болмоор байна. Ийм үйлчилгээг үзүүлэх хууль эрх зүйн үндсийг бий болгож, хэрэгжүүлэх шаардлагатай. Хэдийгээр ХНХЯ-аас санал гаргах, дүрэм журам дээр анхаарал тавьж байгаа ч үнэндээ удаан байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хүүхдүүд төгсөөд гараад байна. “Хууль журам батлагдтал чи сургуулиа төгсөхгүй хүлээж бай” гээд хүүхдийн насыг зогсоох аргагүй биз дээ. Бид сүүлийн жилүүдэд төгсөөд гарсан залуустайгаа уулзалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар манай төвөөс 700-аад хүүхэд төгссөн. Тэднээс 500 орчим хүүхдийн судалгааг гаргаж чадсан. Залуус маань амьдралд гараад унаж байна. Бид 30 хүртлээ маш хэцүү үеийг даван туулдаг гэж тэд уулзалтад ирэхдээ ярьж байсан” гэлээ.
Тэгвэл нэн тэргүүнд Монгол Улсад мөрдөгдөж байгаа өнчин, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг 18 нас хүртэл нь асран хүмүүжүүлэх хуульд эрх зүйн орчин, стандартыг шинэчилж, Асрамжийн төвөөс гарсны дараах үйлчилгээг албажуулъя.
Түүнчлэн одоо байгаа нөөц дээрээ тулгуурлан Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолборыг өргөжүүлэх, түүнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв байгуулах, асрамжийн төвийн хүүхдүүдийг насанд хүрч, ажил орлоготой болж, амьдралд хөлөө олоход нь төр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Төр, хувийн хэвшлийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд асрамжийн төвөөс төгсөн гарч байгаа залууст дэмжлэг үзүүлж, ажлын байран дээрээ чадавхжуулж, чадвартай боловсон хүчин бэлтгэн авдаг жишиг тогтооцгооё.
Сэтгэгдэл ( 0 )