Zindaa.mn сайт нийгмийн хариуцлагын хүрээнд Асрамжийн төвийн хүүхдүүдийн бодит амьдрал, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг хийгээд Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ гэх мэт асуулт, асуудал, хөндөх сэдэвт анхаарал хандуулан, жилийн турш цуврал сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэхээр төлөвлөлөө. Цувралыг сэтгүүлч Д.Үржинбадам бэлтгэж, 14 хоног тутамд уншигчдад хүргэнэ.
Энэ удаагийн дугаарт Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.
- “Өнөр бүл хүүхдийн төв”-д өнөөгийн байдлаар хэдэн хүүхэд амьдарч байна вэ?
- Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа стандартаар манай төв 02-18 насны хүүхдүүдийг хүлээн авч урт богино хугацааны үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар тухайн насны 179 хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна.
- Танайд ирж байгаа хүүхдүүдийн нэлээд хувь нь эцэг, эхтэй байдаг гэсэн. Тэдгээр хүүхэд ихэвчлэн ямар шалтгаантай ирж байна вэ?
- Өнөр бүл төвд 179 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 46, хагас өнчин 56, эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй 77 хүүхэд байгаа.
Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхтэй байна. Манай нийт хүүхдийн 50 гаруй хувь нь эцэг, эхийнх нь аль нэг нь, 30 гаруй хувь нь эцэг, эх нь хоёулаа байдаг. Өөрөөр хэлбэл, биологийн өнчрөлд автчихсан гэхээсээ илүүтэй нийгмийн өнчрөлд өртсөн хүүхэд олон ирж байна.
Гэр бүлийн салалтаас болоод хүүхдээ хэн нэгэнд орхичихдог, архинд донтолт, шүүхээр эрх нь хязгаарлагдсан өрх толгойлсон ээжүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт олон шалтгаан бий. Зарим нь хүүхдээ орхиод өөр гэр бүл зохиож үр хүүхэдтэй болчихсон, цаад талаасаа хүүхдээ нуучихсан тохиолдол ч байна. Гэхдээ дийлэнх нь архины хамааралтай байдаг. Эцэг, эхийнх нь аль нэг нь амьд, бие бялдрын хувьд эрүүл саруул боловч архины хамааралд автчихсан байх жишээтэй.
Шулуухан хэлэхэд тэдэнд эцэг, эхийн үүрэг, хариуцлага гэж алга. Хүүхдээ улсад даатгачихаад явж байна. Тэдэнд хариуцлага үүрүүлдэг механизм ч алга. Бидний зүгээс хүүхдүүдээ аль болох ая тухтай байлгаж, хайраар дутаахгүйг хичээдэг ч эцэг, эхийн хайрыг нөхөхгүй шүү дээ. Хүүхдүүд маань үргэлж ээж, ааваа хүлээж байдаг.
- Ер нь хүүхдээ хаясан эцэг, эхэд хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
- Хүүхдээ орхисон эцэг, эхэд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна. Эцэг, эх байх эрхийг хуулинд зургаан сар хүртэл хязгаарлах, эрхийг нь хасах гэж заасан ч энэ заалт тэдэнд шийтгэл болж чадахгүй байна. Сэтгэл зүйн хувьд хүүхдээ хаясандаа гэмших ёстой байтал тэрчигээрээ алга болдог, хүүхдээ эргэж тойрч ирдэггүй. Хэдгийгээр эрхээ хязгаарлуулсан ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас мултрах ёсгүй.
Эрхээ хязгаарлуулсан эцэг, эхийг зургаан сарын хугацаанд засарч байна уу, үгүй юу гэдгийг хянах зохицуулалт шаардлагатай байна. Хүүхдүүд асрамжийн төвд харьяа нутаг дэвсгэрийнхээ Засаг даргын захирамжаар ирдэг. Гэтэл Засаг дарга нар эцэг, эхийг нь олж, тэдэнтэй ажиллаж, архины албадан эмчилгээнд явуулах, албадан хөдөлмөр эрхлүүлж, үр хүүхэдтэй нь хамт байлгах ажлыг хийхгүй байна. Шулуухан хэлэхэд ихэнх Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хойрго хандаж байна.
- Асрамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүд хаана очдог вэ?
- Төвөөс 18 нас хүрээд гарсан хүүхдүүдээ дараагийн үйлчилгээ буюу Засаг дарга нарт шилжүүлэх учиртай. Тухайн хүүхэд аль нэг Засаг даргын захирамжаар манайд ирж байгаа. Бид хүүхдээ 18 хүрэхээр нь захирамж гаргасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Засаг дарга нарт албан бичгээр явуулдаг. Тухайн дүүрэг болон аймгийн гэр бүлийн газруудад “танайхаас тийм захирамжтай ирсэн хүүхэд маань насанд хүрээд гарч, амьдралд хөл тавьж байна. Тийм учраас энэ хүүхдийг дэмжиж ажиллаж, хяналт тавиарай гэж ханддаг. Энэ нь тэр бүр хэрэгжихгүй байна. Яагаад гэхээр Засаг дарга нар үүрэг, хариуцлагаа тэр бүр ухамсарлахгүй, хүүхдийг хүлээж авдаггүй асуудал байдаг.
Ер нь насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг Монголд мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу ах дүү, хамаатан садан, эцэг, эхэд хүлээлгэн өгдөг. Гэвч аз таарч сайн садан төрөл байх ч нөгөө хэсгийнх нь очсон амьдрал дардан байхгүй. Ганц жишээ дурдахад төрсөн эгч дээрээ оччихоод хоёр сарын дараа гудманд гарчихаж байна. “Хүүхдийн мөнгө”-тэй очдог болохоор тэр үед нь “хайр зарлаад” хамт хэрэглэчихнэ. Зарим нь мөнгийг нь зээлж аваад буцааж өгдөггүй. Ингээд нөгөө хүүхэд чинь дасан зохицож чадахгүй амьдрал нь урууддаг.
- Эцэг, эх, асран хамгаалагчгүй залуус яах вэ. Тэдэнд тулгарч байгаа гол асуудал нь юу байна вэ?
- Насанд хүрээд очих газаргүй, бүтэн өнчин хүүхэд залуус НЗДТГ-ын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 21 нас хүртлээ байх боломжтой. Түүнээс хойш боломжгүй болчихоод байгаа юм. Гэхдээ тэр газар нь хүчин чадлын хувьд ямар билээ дээ.
Хэрвээ хүүхэд маань дээд сургууль, коллежид орвол сургуулийнх нь дотуур байранд оруулж амьдруулдаг. Ер нь 18 нас хүрээд л эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд, сургалтын төлбөр, хоол хүнс, хувцас, бусад хэрэглээ гээд бүгд яг толгой дээр нь буудаг. Манайх чадлаараа шийдэхийг хичээдэг ч хуулиндаа 18 нас хүртэл асарна гээд заачихсан, төсвийн хязгаартай болохоор хэцүү.
Дотуур байранд ороод хүүхдүүд маань эхний нэг жилдээ хадгаламжаасаа сургалтын төлбөрөө явуулчихаж байна. Дотуур байр, хоол хүнсний асуудлаа шийдчихэж байна. Хоёрдугаар курст ороод ирэхээрээ хүүхдүүдэд асуудал тулгамдаж эхэлдэг. Яагаад гэхээр манайхаас гараад явчихаж байгаа учраас хоол хүнсийг нь тэр бүр өгөх боломжгүй. Хүүхдүүдийн өмсөж зүүх, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс гээд явахаар хүүхдүүд маш их эрсдэлд орж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хүүхдүүд маань жилийн чөлөө авдаг. Хоорондоо нийлээд байр түрээслэх, энд тэнд цагийн ажил хийж эхэлнэ. Ажил хийж хэдэн төгрөг хуримтлуулах гэдэг ч амьдралын баталгааг нь хангаж чадахгүй байдаг.
- Оюутан болоод сургалтын төлбөрөө хүүхдийн мөнгөний хуримтлалаараа төлчихдөг гэсэн үг үү?
-Янз бүр. 15, 16 настай ирсэн бол тэр хэмжээний хуримтлал үүсэхгүй шүү дээ.
Манайд багаасаа байсан хүүхдүүд найман сая орчим төгрөгтэй гарна. Нэг ёсондоо хүүхдийн 20 мянган төгрөг, одоо 100 мянга болсон. Энэ мөнгийг нь банкинд нэр дээр нь насанд хүртэл нь битүүмжлээд хадгалчихдаг. Тэр хүүхэд дундаас нь гэр бүлтэйгээ эргэн нэгдээд ах, дүү хамаатан садан нь аваад явбал мөнгийг нь өгөөд явуулна. Тэгээгүй бол хүүхдийг насанд хүрээд өөрөө зөвшөөрөөд мөнгөө авъя гэвэл бид банк руу нь албан бичиг хийж өгөөд, хүүхэд мөнгөө авах эрх нь үүсдэг. Тэр үед нь бид дэмжиж туслаад, ярилцаж байгаад сургалтын төлбөр ч юм уу, дотуур байрны төлбөрийг нь төлүүлнэ. Ихэнх тохиолдолд бид сургуулиас нь гуйгаад дотуур байрны төлбөрөөс чөлөөлөх, сургалтын төлбөрийг чөлөөлүүлэхийг хичээдэг. Харин сүүлийн үед ихэнх сургууль төлбөр чөлөөлөх дургүй болсон.
Бид Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдээ боловсролын дараах үйлчилгээнд заавал хамруулахыг зорьдог. Саналыг харгалзаж МСҮТ-д орох хүүхдээ дотуур байранд оруулах, бусад холбоотой зардлуудыг шийдэж өгнө. Их, дээд сургуульд орох болзлоо хангачихсан хүүхдээ ямар нэгэн аргаар хөөцөлдсөөр сургуульд нь оруулж өгдөг. Бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд улсаас сургалтын төлбөрийг шийддэг. Харин хагас өнчин хүүхдүүдийн хувьд хүндрэл үүснэ.
- Дэлхийн бусад орнуудад асрамжийн төвийн насанд хүрч байгаа хүүхэд залууст ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Манай төвд гадаад томилолтын зардал гэж байдаггүй. Яг манайх шиг үйл ажиллагаа явуулж байгаа ижил төстэй гадаад орнуудын туршлагыг судлах шаардлага үнэндээ байдаг. Хэдийгээр бид гадаад томилолтын зардал байдаггүй ч зарим байгууллагын дэмжлэргээр БНСУ-д очиж туршлага судалсан. Жишээлбэл, Солонгос улсад 30 хүртэл нь тэр хүүхдийг харж хандаж байна. Сургууль төгсгөөд, дараа нь ажлын байртай болгож, хуримыг нь хийлгээд байнгын харилцаатай байдаг. Мөн тэдний бас нэгэн үйлчилгээ нь хүүхдийг бага байхад нь гэр бүлтэй болгох, асрах айл олж өгөх ажлыг сайн хийдэг юм билээ.
Манай дээр үрчлэлт хийхэд хүндрэлүүд байгаа нь ээж, аав нар тэр бүр зөвшөөрдөггүй. Өөрсдөө ч авдаггүй, өрөөлд ч өгдөггүй. Энэ байдлаасаа болоод хүүхдүүд насанд хүрээд л хүнд нөхцөл рүү ороод ирдэг. Тэгэхээр үүнийг бас бодолцох ёстой. Одоогоор манайд ийм үйлчилгээ их дутмаг байна.
- Тэгвэл манай улс асрамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхэд залуусын асуудал дээр ямар өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж харж байна вэ?
- Нэгэнт төр тухайн хүүхдийг харж хандах хүнгүй гээд 18 нас хүртэл нь авчихсан юм бол асрамжийн төвийн дараах хувилбарт үйлчилгээг бий болгох шаардлагатай. Ядаж сургуулиа төгсөж, баталгаатай ажлын байр, амьдрах орон байртай болгох үйлчилгээг төр үзүүлдэг болмоор байна. Ийм үйлчилгээг үзүүлэх хууль эрх зүйн үндсийг бий болгож, хэрэгжүүлэх шаардлагатай. Ядаж 25 хүртэл нь энэ хүүхдүүдээ харж ханддаг баймаар байна.
Хэдийгээр ХНХЯ-аас санал гаргах, дүрэм журам дээр анхаарал тавьж байгаа ч үнэндээ удаан байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хүүхдүүд төгсөөд гараад байна. “Хууль журам батлагдтал чи сургуулиа төгсөхгүй хүлээж бай” гээд хүүхдийн насыг зогсоох аргагүй биз дээ.
- “Өнөр бүл” төвийнхөн сүүлийн жилүүдэд төгсөгчидтэйгөө эргэх холбоо тогтоож, уулзалт хийдэг болсон. Ер нь тэдгээр залуусын амьдрал ямар байна вэ?
- Би 2016 онд ажлаа аваад 18 хүрч төвөөсөө гарсан хүүхдүүдтэйгээ холбоо тогтоох зорилгоор “Эргэн дурсахуй” уулзалт хийсэн. Тухайн үед 120 гаруй хүүхэд ирсэн. Өнгөрсөн жил нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа. Дотно яриа өрнөсөн сайхан уулзалт болсон. Тэд маань нийлээд дүү нараа эргэж ирнэ, зарим хэрэгтэй зүйлийг боломжоороо шийдэж өгнө. Хүүхдүүд маань хаана, юу хийж байгаа талаар судалгаа авлаа.
Одоогийн байдлаар манай төвөөс 700-аад хүүхэд төгссөн байна. Тэднээс 500 орчим хүүхдийн судалгааг гаргасан. Тэдний маань таван хувь орчим нь тэнгэрийн орон руу явчихсан, 10 орчим хувь нь гэмт хэрэгт холбогдсон, 30-аад хувь нь амь зуулгатай, нөгөө хэсэг нь дундаж амьдралтай, 25 гаруй хувь нь амьдралын баталгаагаа хангачихсан сайхан амьдарч байна. Залуус маань амьдралд гараад 30 хүртлээ маш хэцүү үеийг даван туулдаг гэж уулзалтад ирэхдээ ярьж байсан. Хүүхдүүд маань 18 хүрээд л “насан хүрсэн” гэсэн томдсон тодотголтой, хүүхдээрээ амьдралтай улаан нүүрээрээ тулдаг болохоор үнэхээр сэтгэл өвдмөөр.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Mgl etheg ehchuud hatuu hariuthlaga tavahgui bolhoor ene asuudal yuch uurlugduhgui busd orond huuhded hucherhiilel hiisen tohioldold huuli changa bol etheg ehchuud huuhded hatuu handahgui hun hariuthlaga baihgui huuhed helmegdeh n argagui tur ger buld hariuthlagatai changa huulitai bolohgui bol yuch uurchlugduhgui ene jil bur unchun sul doroi uls.n tuhai yarsaar suujil bna
Urnu anhaaral asuudal bndaa
бид ерөнхийд нь бүдэг бадаг л мэддэг юм байна, асрамжийн газраас гараад дараагийн амьдрал нь яаж явдагыг үнэндээ мэдэхгүй юм байна. 25 хүртэл нь ямар ч байсан улс анхаарч асуудлыг нь шийдэж байх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо.\nсаяхандаа 2000 оны үед траншейны хүүхдүүд ямар их байлаа, нэг мэдсэн л алга болсон, гадагшаа гараад эртхэний донор болчихсон уу, хүний наймаанд явчихсан уу гэнэт л алга болцгоосон, монголын минь ирээдүй болсон хүүхэд багачууд шүү дээ, тэдний буруу гэж байхгүй, арчаагүй эцэг эх маш их буруутай, төр бас буруутай шүү. энэ асуудлыг шийдэх хэрэгтэй