Хүүхэд асрах төвд амьдардаг, 14 настай нэгэн хүү ээждээ бичсэн захидлаа манай редакцид хаяглан ирүүлснийг сонсогч танд хүргэж байна.
Сүүлийн үед хүүхдийн асрамжийн төвд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхтэй ч харамсалтай нь асран хамгаалагчид үр хүүхдээ эргэж тойрч ирэх нь ховор болсон гэнэ.
Тухайлбал, "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн нийт хүүхдийн 50 гаруй хувь нь эцэг, эхийнх нь аль нэг нь, 30 гаруй хувь нь эцэг, эх нь хоёулаа байдаг аж.
Хүүхдийн төвийн ажилтнууд хүүхдүүдээ аль болох ая тухтай байлгаж, хайраар дутаахгүйг хичээдэг ч эцэг, эхийн хайрыг нөхөж чадахгүй нь хорвоогийн үнэн. Хүүхдүүд ээж, аавыгаа зүрх сэтгэлдээ үргэлж тээн, өдөр, хоног, цаг тутамд хүлээсээр байдгийг энэ захиа өгүүлэх болно. Захидлыг ЭНД дарж уншина уу
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэг" Өнөр бүл төвд 179 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 46, хагас өнчин 56, эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй 77 хүүхэд байгаа.
Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхтэй байна. Манай нийт хүүхдийн 50 гаруй хувь нь эцэг, эхийнх нь аль нэг нь, 30 гаруй хувь нь эцэг, эх нь хоёулаа байдаг. Өөрөөр хэлбэл, биологийн өнчрөлд автчихсан гэхээсээ илүүтэй нийгмийн өнчрөлд өртсөн хүүхэд олон ирж байна.
Гэр бүлийн салалтаас болоод хүүхдээ хэн нэгэнд орхичихдог, архинд донтолт, шүүхээр эрх нь хязгаарлагдсан өрх толгойлсон ээжүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт олон шалтгаан бий. Зарим нь хүүхдээ орхиод өөр гэр бүл зохиож үр хүүхэдтэй болчихсон, цаад талаасаа хүүхдээ нуучихсан тохиолдол ч байна. Гэхдээ дийлэнх нь архины хамааралтай байдаг. Эцэг, эхийнх нь аль нэг нь амьд, бие бялдрын хувьд эрүүл саруул боловч архины хамааралд автчихсан байх жишээтэй.
Шулуухан хэлэхэд тэдэнд эцэг, эхийн үүрэг, хариуцлага гэж алга. Хүүхдээ улсад даатгачихаад явж байна. Тэдэнд хариуцлага үүрүүлдэг механизм ч алга. Бидний зүгээс хүүхдүүдээ аль болох ая тухтай байлгаж, хайраар дутаахгүйг хичээдэг ч эцэг, эхийн хайрыг нөхөхгүй шүү дээ. Хүүхдүүд маань үргэлж ээж, ааваа хүлээж байдаг.
Сэтгэгдэл ( 0 )