Асрамжийн газрын хүүхдүүд 18 хүрэхэд наашаа гэх газар алга

2022 оны 02 сарын 27

 Улсын хэмжээнд нийт 820 гаруй хүүхэд асрамжийн төвийг гэрээ болгон амьдарч байна. Тэдний 179 нь Хүүхэд асран хүмүүжүүлэх Өнөр бүл хүүхдийн төвд бий. Асрамжийн газарт зөвхөн хагас болон бүтэн өнчин хүүхдүүд ирдэггүй. Эцэг эх нь амьд сэрүүн боловч үл хайхардаг, хүчирхийлдэг гэсэн шалтгаанаар тэнд очих хүүхэд олон байдаг. Олон талаас цугласан, өөр өөр амьдралтай хүүхдүүд нэгэн дээвэр дор гэр бүл болон амьдрах Өнөр бүл хүүхдийн төвөөс тэдэнд тулгарах нийгмийн асуудал, төгсөөд хаачдаг талаар сурвалжилга бэлтгэлээ.


  

АСРАМЖИЙН ТӨВҮҮДИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ҮҮДСЭН АСУУДАЛ МАШ ИХ

 

Анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан тус газар өдгөө хүүхэд хамгааллын үйлчилгээг нэг дор үзүүлдэг төв болжээ. Биднийг очиход хүүхдүүд ээлж ээлжээрээ хуваагдан цанын бааз орж гулгахаар явсан байж таарлаа. Тийм учраас байшингийн хонгил хүүхдийн хөл хөдөлгөөнгүй, анир чимээгүй байв. Тус төв төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан гэх мэт олон шалтгаантай гэр бүлээс ирсэн хүүхдийг хүлээн авдаг.

Улмаар тэдэнд гэр бүлийн хүрээнд авсантай дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон асрах хувилбарт үйлчилгээ үзүүлдэг байна.  Өнөөдрийн байдлаар Өнөр бүлд 179 хүүхэд байгаагаас 53 нь бүтэн өнчин, 59 нь хагас өнчин, 53 нь эцэг эхтэй гэсэн судалгаа бий. Угтаа бол энэ төв бүтэн өнчин хүүхдэд үйлчлэх зориулалттай газар. Гэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг төрөлжүүлээгүй, төрөөс олигтой зохицуулалт хийдэггүйн улмаас асрамж хэрэгтэй бүх хүүхдийг авдаг байна.

Өнөр бүл төвийн дэд захирлын хэлж буйгаар эцэг эхтэй хэрнээ асрамжинд ирдэг хүүхэд хамгийн эмзэг байдаг гэв. Учир нь, эцэг эх нь амьд сэрүүн болохоор хүүхэд тэднийгээ санах нь их. Мөн тэдгээр эцэг эхүүд хариуцлага султай, хүүхдээ асран хамгаалахаас зугтаадаг, энэ тохиолдолд шийдэх хууль тогтоомж байдаггүй зэрэг олон асуудал байдаг аж.

 

ТЭДЭНД ТУЛГАРДАГ ГУРВАН ТОМ БЭРХШЭЭЛ БИЙ

Нэгдүгээрт: Дээр дурдсанчлан хүүхдээ хаядаг хариуцлагагүй эцэг эх болон тэдэнд хариуцлага тооцдоггүй хуулийн тогтолцоо.

Хоёрдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай төв байдаггүй явдал аж. Тусгай хэрэгцээт хүүхдэд багшлах эрхтэй, мэргэшсэн багш байдаггүй тул нийгмийн ажилтнаар төгссөн хүмүүс нөөц бололцоогоо ашиглан ажилладаг байна. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд асрах, сувилах зэрэгтэй нарийн мэргэшсэн хүн тулж ажиллах ёстой аж. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд ийм боломж алга байгаа нь дутагдалтай. Тус төвд нийтдээ 27 тусгай хэрэгцээт хүүхэд амьдардаг байна.

Гуравдугаарт: Хараа хяналтгүй орхигдсон буюу олны нэрлэдгээр гудамжны хүүхэд ирдэг. Хаяг тогтоолгох төв, орц, гудамжаар хоног төөрүүлж явсаар эцэстээ асрамжийн төвд ирсэн хүүхдийн сэтгэл зүй ихээхэн гэмтсэн байдаг гэнэ. Түүнээсээ үүдэн хэвийн бусаар сэтгэх, ямарваа нэгэн зүйлд донтох, буруу зүйлд автах цаашлаад хулгай болон танхайн хэрэг гэх мэт асуудалд орооцолддог байна. Амьдралын хар барааныг эрт үзэж томчуудын ч зүрхшээмээр замаар явж ирсэн болохоор тэдэнд үүссэн асуудал дорхноо арилчихгүй. Хүүхдүүд асрамжийн газарт ирсэн тохиолдолд удаан хугацаанд сэтгэл зүйн тусламж авч байж шинэ гэр бүлдээ дасдаг байна.

Мөн энэ хүүхдүүд эцэг эхийн гар дээрээс өнчирсөн бусад хүүхдүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлэх хандлага мэр сэр байдаг аж. Тиймээс асрамж хэрэгтэй бүх төрлийн хүүхдийг нэг дор базаад, бөөгнүүлдэг нь хүндрэлтэйг тус төвийн удирдлагууд хэллээ.

                      

ТЭД 18 ХҮРЭЭД ХААЧДАГ ВЭ

 

Хүн бүрийн сонирхдог басхүү санаагаа чилээдэг хүндхэн асуудлын нэг бол асрамжийн газрын хүүхдүүд насанд хүрээд хаашаа явдаг эсэх. Тэднийг насанд хүрсний дараа гурван сонголт угтдаг байна. Нэгдүгээрт, гэр бүлд нь нэгтгэх. Хоёрдугаарт, ах дүү хамаатан саданд нь хүлээлгэн өгөх. Гуравдугаарт, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт очих гэсэн сонголтыг хийдэг байна. Мөн их дээд сургууль, коллежид тэнцсэн тохиолдолд дотуур байранд ордог аж. Гэхдээ эхний нэг жил нь сургалтын төлбөрөө аргалсан ч дотуур байр, хоолны зардал ирэх жилээс нь хэцүүдэж эхэлдэг гэв.

Өнөр бүлээс тэдний сургалтын төлбөр, дотуур байрны асуудалд анхаарал тавьж сургуульд нь хүсэлт өгдөг ч хагас өнчин болон эцэг эх нь хаясан хүүхдэд энэ дэмжлэг төдийлөн очдоггүй байна. Бүтэн өнчин хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийг төрөөс 100 хувь дааж буцалтгүй хэлбэрээр олгодог тул тэдэнд сурах боломж нь арай дээр олддог. Харин үлдсэн хэсэг нь тал төлбөрөө хичээлийн хажуугаар ажил хийж олох, амьжиргаагаа залгуулах гэсэн олон асуудалд бүдэрч сургуулиа дундаас нь хаях нь элбэг аж

 Сар бүр хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж 100 мянган төгрөг болсон. Энэ мөнгийг асрамжийн газарт ирсэн сараас нь эхлэн Төрийн банкны хадгаламжид хийж 18 нас хүрэхэд нь өөрт нь хариуцуулан өгдөг байна. Харин бүтэн болон хагас өнчин хүүхдэд олгодог Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг асрамжийн газарт нь ирснээс нь хойш төрөөс өгөхөө зогсоодог аж.

Олон жил хадгаламжинд хийсэн хүүхдийн мөнгөө их дээд сургуулийн төлбөр, дотуур байрны зардалдаа өгч болох ч энэ мөнгө эхний жилд л хүрэлцэхүйц гэнэ. Хуулиар 18 нас хүрсэн бол шууд том хүн болж биеэ даа гэсэн хатуу бодлогын горыг тэд амсаж зарим тохиолдолд амьдралд хөл алддаг байна.

 

18 НАСТНУУДЫГ НАСАНД ХҮРЭГЧ ГЭЖ ТООЦОХ НЬ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ХЭТЭРХИЙ БАЛЧИРДАНА

  

Тусалж дэмжих хүнгүй тэдэнд мэргэжил эзэмшиж амжаагүй байхдаа орон байрны, төлбөрийн асуудлыг зохицуулна гэдэг хүнд даваа. 18 нас хүртэл нь асарсан учир цаашид яах нь хамаагүй гэсэн шиг хандах нь төрийн жинхэнэ төмөр нүүр гэлтэй.

Насанд хүрээд очих орон гэргүй, асран хамгаалагчгүй, бүтэн өнчин хүүхэд очдог ганц газар нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор юм. Тус газарт 21 нас хүртлээ байх боломжтой. Харин үүнээс цааш өөрсдөө амьдралд хөл тавих бөгөөд тус газрын хүчин чадал бага тул бүгдэд үйлчилж чадахгүй.

Өнөр бүл төвийн дэд захирал Ю.Загарсүрэнгийн хэлснээр “17-18 насны хүүхдүүд удахгүй эндээс явна гэдгээ мэдрээд сэтгэл зүйн дарамтад орох нь бий. Гэр бүлдээ буцаж очсон ч тэдэнтэйгээ эвлэрэх нь ховор байдаг. Мөн хүүхдүүд 15, 16 хүрмэгцээ коллежид элсэж мэргэжил эзэмшихийг илүүд үзэх болсон” гэв. Хүний төлөвшилтийн нас шууд 18 насанд дуусчихгүй. Тиймээс 21,22 нас хүртэл нь харж хандаж, амьдралд хөлд тавихад нь зааж зөвлөх хэрэгтэйг мөн дурдаж байлаа.

Монгол Улс хөгжингүй орнуудыг бодвол эрсдэлт бүлгийн хүүхдэд үзүүлэх дэмжлэг сул. Тусгай хэрэгцээт, эцэг эхдээ хаягдсан, хагас болон бүтэн өнчин хүүхдийг нэг дор бөөгнүүлж асрамжийн газар мөн л бол ав гэж үүрэгдэн төрөлжсөн үйлчилгээт төв байгуулахаас халширч буй нь үнэн. Урд хөршид хэрэгждэг шиг асрамжийн газраас явсан хүүхдүүд амьдралд хөлөө олтлоо байрлах боломжтой “шилжилтийн байр”-уудыг байгуулбал олон иргэнийхээ нийгмийн асуудлыг шийднэ.

Үргэлжлэлийг дараагийн дугаарт…

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уран(114.30.145.190) 2024 оны 05 сарын 18

Асрамжийн газартай холбогдох дугаар бнуу

0  |  0
Top