Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл дуусахад 18 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой. Тиймээс 12 дугаар анги төгсөж буй хүүхдүүдийн ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл улс орон даяар эхэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусах юм. 

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байх юм. 

2022 онд Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top