БНСУ хоёр улсын харилцааны асуудлуудыг үл харгалзан Японтой яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японы түрэмгийллийн эсрэг 1919 оны үндэсний бослогын ойтой холбогдуулан хэлсэн үгэндээ мэдэгджээ.
Сөүл, Токио хоёр өнгөрсөн үеийн асуудлаа даван туулж, хамтарч ажиллахыг эрмэлзэх учиртай гэж Мүн Жэ Ин онцолсон байна. Тэрбээр Өмнөд Солонгос нь хөрш оронтойгоо яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаагаас гадна коронавирусний цар тахал, нийлүүлэлтийн сүлжээг сэргээх зэрэг бүс нутаг, дэлхийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч Сөүл, Токиогийн хооронд харилцан итгэлцэл дээр тогтсон харилцааг бий болгохын тулд Япон улс Өмнөд Солонгосын иргэдэд зовлон шаналал учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлэх ёстой гэж Мүн Жэ Ин онцлоод түүхээ эргэн харж, түүхийн сургамжийг хүлцэнгүй хүлээн авч, 1910-1945 оны хооронд Солонгосыг түрэмгийлэх үеэр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Токио, Сөүлийн харилцаа 2018 оны намар БНСУ-ын Дээд шүүх Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид Солонгосын дөрвөн иргэнд хүчээр хөдөлмөр эрхлүүлсний төлөө нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасны дараа хурцадсан билээ. Японы Засгийн газар шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, БНСУ-ын эсрэг эдийн засгийн шинжтэй хэд хэдэн хязгаарлалт тогтоосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ 2 УЛС ХОЁУЛАА АМЕРИКУУДЫН СУЛ МӨНГӨӨР ХӨГЖСӨН УЛС , АМЕРИКУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН БООЛ УЛС НЬ