...Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг... хэмээн нэрт яруу найрагч Цэндийн Чимэддорж “Малчин” шүлэгтээ бичсэн нь бий. Өвгөд, хөгшид маань ч ингэж хэлдэг байж. Хэлсэнд ээ хүрч заалгуулж ч байсангүй. Харамсалтай нь энэ зуунд малаа хэрхэн маллаж, хашаа хороогоо яаж барихаа төр, засгаараа заалгахаар болж байх шиг байна.
Учир нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд дотор бий Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд малчдын малын хашаа, өвс, тэжээлийн хашааг барьж өгөхөөр тусгасан нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Нийт 30 сая ам.долларын энэ төсөлд Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд 466 малчны бүлэгт 14 мянган хадлангийн талбай, өвсний агуулах барихаар тусгаж. Ер нь энэ онд нийтдээ 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл хэрэгжихийн 45-ыг нь Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр байгааг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хэлсэн байна лээ. Харамсалтай нь эрх мэдэлтэй дарга нар, мэдээлэлд ойр байгчдын идэж уух нь хэрээс хэтэрсэн учраас эдгээр төслүүд ч энэ замаар орно гэсэн хардлага ард түмэнд байна.
Ийнхүү эрс эсэргүүцэлтэй тулгарсан учраас ямар ч байсан Байнгын хороон дээрээ нэг удаа хэлэлцэхийг нь хойшлууллаа. Хойшлуулсан болохоос бүрмөсөн болиогүй, цуцлаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэр хаягаа, арга барилаа өөрчлөөд уг зээлийн төсөл дахин орж ирэх, эсхүл аль нэгэн томоохон дүйвээнээр далимдуулан гэнэтхэн батлагдаад явахыг үгүйсгэх аргагүй. Манай улстөрчдийн арга барил ерөнхийдөө ийм байдаг учраас л хардаад байгаа хэрэг.
Ямар ч байсан энэ удаад сошиал орчинд хүчтэй эсэргүүцэж, аливаа асуудалд ул суурьтай ханддаг зарим нэгэн гишүүн ч шүүмжлэлтэй хандсанаар хойшлууллаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр л гэхэд Хөгжлийн банкны хулгайгаа яая гэж байж дахиад нэг хулгай явж байна. Улаанбаатар хотынхоо бүх хашааг буулгаад малчдадаа өгье гэх зэргээр хүчтэй шүүмжилсэн. Ер нь Эрчим хүчний сайд нь хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, цахилгааныг хязгаарлана гэдгээ мэдэгдэж, хүүхдүүд нь азаа үзэж цэцэрлэгт хамрагдаж байгаа цагт энэ мэт үрэлгэн байдлыг болиулах л хэрэгтэй. Ялангуяа валютын хомсдол үүсч, төгрөг цаас болчихсон, халаасандаа мөнгөгүй иргэд нь үнийн өсөлтөд сөхөрч байгаа, татварын дарамтаас үүдэн хаалгаа барьж байгаа аж ахуйн нэгжийн тоо олширсон ийм цаг үед зээл авч, улсын өрийг нэмэгдүүлэх энэ мэт төсөл, хөтөлбөрийг болиулах нь зүйтэй. Нэг ёсондоо жинхэнэ тэвчиж болох зүйл гэдэг чинь энэ.
Тооцооллоор 240 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих төсөв нь одоогийн байдлаар 3.5 тэрбум орчим төгрөг байдаг гэнэ. Тэгвэл 34 сая ам.доллар гэдэг өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум гэсэн үг. Нэг ёсондоо бол энэ мөнгөөр цэцэрлэг баривал 7000 гаруй “азгүй” хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэр хэрээрээ эцэг, эхчүүд ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Үүнээс гадна салбарын сайдын хэлснээр ирэх өвөл -30 хэмээс давж хүйтэрвэл /манай оронд хэвийн үзэгдэл/ дулааны эх үүсвэрүүд доголдоно гэж байгаа. Үүнийг улаанбаатарчууд ирэх өвөл цахилгаан, дулаангүй өвөлжих нь гэж ойлгож болно. Энэ бүхнийг анхнаас нь зөв тооцоолж, ашигт үйлээр нь эрэмбэлж байж зээлээ хүсэх байж. За даа, тэгээд эрэмбэлээд авч үзвэл эрчим хүч, эмнэлэг, цэцэрлэгээс доогуур ч гэлээ малын хашаанаас дээгүүр зүйл манай улсад уг нь зөндөө. Үгүй дээ л гэхэд малаа эрүүлжүүлэх, малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр гээд бий.
Даанч харамсалтай нь энэ бүхнийг анхнаас нь тооцохыг эрхэм дарга нар маань хүссэнгүй. Нэг бол хөдөөгүүр нэг болчихсон малын угсардаг төмөр хашааны бизнестэй даргын шахаа байхыг ч үгүйсгэх аргагүй. Азийн хөгжлийн банк зээлийн зориулалтаа өөрчлөхгүй гэж байгаа учраас нэг бол авах, үгүй бол татгалзах л үлдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы хэлж буйгаар уг төслийн судалгааг тэртээ 2018 оноос хийсэн гэж байгаа. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд дарга нарын толгойд арай дээр санаа төрөөгүй юм шиг байгаа юм. Аль эсвэл эсвэл асуудлуудаа эрэмбэлж үзэхэд малчид маань малынхаа хашааг барьж чадахгүй хэцүүхэн байгаа нь л манай улсын хамгийн чухал асуудал гэж гарсан юм болов уу.
Сонгуулиар хэдэн тэрбумаар нь цацдаг байж нэг удаа 100 сая ам.доллар гаргаад өөрсдөө малын гоц халдварт өвчний вакцинаа үйлдвэрлэдэг болох хэрэгтэй гэдгийг Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн сануулсан. Бодох ёстой, бодоод зогсохгүй нэн даруй хийх ёстой ажил.
Манай улс 60 гаруй сая толгой малтай ч өнөөдүүл нь байсгээд л өвчилчихдөг учраас мал, махаа олигтойхон экспортод ч гаргаж чаддаггүй.
Гэтэл салбарын сайд нь “Нийт 12 сая тун вакцин худалдан авах хөрөнгийг төсөвт суулгасан. Одоогоор 8.5 саяыг нь авсан. Үлдсэн 3.5 сая тун вакцинаа удахгүй татна” гэсэн юм яриад сууж байгаа юм. Хэрэв бид малаа олгитойхон эрүүл өсгөөд, мах, түүхий эд боловсруулах дорвитойхон үйлдвэртэй болчихсон бол зөвхөн өмнөд хөршид гаргахад л хангалттай. Заавал Европын орнууд, далайн чинад гэж хөөрцөглөж байхын оронд бидний хангаж дийлэхээргүй их эрэлт урд хилийн цаана бий.
Нэмээд сануулахад “Хөгжлийн банкны хулгайгаа яая гэж байхад” гэсэнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалт орсон сураг гарч эхэллээ. Өнөөх л дарга, удирдлагууд нь иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо хууль зөрчсөн, өөрт ашигтайгаар зээл олгосон, өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл өгсөн зэргээс болоод их хэмжээний хохирол учирсан гэх. Яг ингээд идэж уухдаа ханаж цаддаггүй болохоор нь ард түмэн дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Монгол Улсад тулгамдсан хамгийн чухал асуудал бол дөрвөн аймгийн 20 сумын малчид малынхаа хашааг барьж чадахгүй байгаа явдал хэмээн бодож олж чадсан болохоор нь хэдхэн дарга нар зээлийн хөрөнгийг идэх нь гэж хардаад байгаа юм шүү дээ.
Т:.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )