Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын ахалсан Ажлын хэсгээс 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын дүн 130 хуудас материалыг хэдхэн улсын нууцаас гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар тэргүүлж, төрийн яам, агентлаг, Монголбанк, Эрүүгийн цагдаагийн төлөөллөөс бүрдсэн 25 хүнтэй баг 2011-2016 онд Хөгжлийн банкинд бугшсан идээ бээр, бондын мөнгөний зарцуулалт, ирээдүйд учрах аюулын талаар юу анхааруулж байсан бэ?
2016 онд шалгаж байх үед Хөгжлийн банкинд Чингис бондын 1,5 тэрбум, Евро бондын 580 сая, Самурай бондын 30 тэрбум иен, Германы Коммерц банкны 13.1 сая евро, Хятадын хөгжлийн банкны зээл 212 сая ам.доллар, Кредит свисс банкны зээл 300 сая ам.доллар, Оросын Внешэконом банкны зээл 20.0 сая ам долларыг зарцуулж байсан юм. Зургаан жилийн өмнө илрүүлсэн ноцтой зөрчил дутагдал, анхааруулж байсан асуудлууд 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй болсон Хөгжлийн банкны өнөөдрийн өвчин хорт хавдрын шатанд хэдийнээ шилжээд байсныг баталж байна. Хөгжлийн банк, бондын мөнгөнд “фортуна” Н.Батбаяр ноёрхож, АН-ын МҮДН фракц даам гарч, захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар утсан хүүхэлдэй болж байсан нь шалгалтын материалаас тодорхой харагдана. Хамгийн их ашиг хонжоо олсон хүн нь ХХБ-ны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АСЕМ, Х.Баттулгын төмөр зам гэх зэрэг, ашиг сонирхол, MCS группын нэр хүртэл цувран гарч байна. АН засгийн эрх барьж, бондын мөнгөөр наргиж байсан 2012-2016 он буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын хууль, журам зөрчсөн, бодлогогүй алхмууд Хөгжлийн банкны өнөөдрийн хүндэрсэн өвчний үүсэл шалтгаан болсныг баримтууд илчилж байгаа юм. Н.Алтанхуяг Бондын бодлогын зөвлөл гэгч өөрийнх нь ам алдсанаар “Хуулиас давсан нэг юм хийчихсэн” үед Хөгжлийн банкийг хүндээр өвчлүүлсэн байна.
“САМУРАЙ”-ГИЙН СЭЛМЭНД ЦАВЧУУЛСАН НЬ
“Самурай” нэртэй өрийн бичиг гарган 30 тэрбумын зээл авч, 2014 оны 1-р сарын 6-нд Хөгжлийн банкны дансанд орсон байна. Хамгийн гол нь Монгол Улс 30 тэрбум иенийн өртэй болсон боловч дансанд орсон нь 24 тэрбум 250 сая иен. Холбогдох зардал, шимтгэл 5,75 тэрбум иенийг хасуулаад, 24,2 тэрбум иен хүлээн авсан байна. Хүнээс 30 мянган төгрөгийн зээл авсан баримтан дээр гарын үсэг зураад, гар дээрээ 24 мянгыг авсан гэсэн үг юм. Монгол Улс авсан 24,2 тэрбумаа биш 30 тэрбум иен төлнө. Иен нь ханш нь маш их хэлбэлдэг мөнгө тул Хөгжлийн банк их хэмжээний алдагдалд орсон байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Засгийн газрын үед ханшийн зөрүүний алдагдалд орох иенээр бонд босгож, өрөн дээр өр нэмсэн нь Хөгжлийн банкны өвчний түүхийг муутгах гол хүчин зүйлийн нэг болжээ.
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ИХ ӨР ЯАЖ ҮҮССЭН БЭ?
Өнөөдөр Хөгжлийн банкинд 164 тэрбум төгрөгийн өртэй байгаа “Эрэл” компани, Д.Эрдэнэбат Германы “EBAWE Anlagentechnik GmbH” компаниас 17 сая 350 мянган еврогийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Хөгжлийн банк Германы Коммерц банктай энэ гэрээний үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх 12,145 сая еврогийн төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн ерөнхий гэрээ болон Зээлийн тусгай гэрээг тус тус байгуулсан байна. Германы “Коммерц” банкны 2016 оны 8-р сарын 18-нд ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн “Эрэл”-д 11,277,500 еврогийн зээл олгосон. “Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтанд ороогүй, төр, засгийг гэрээ байгуулж дэмжээгүй учраас өрөө төлж чадахгүй байгаа гэж буруугаа үүрэхээс бултдаг. Д.Эрдэнэбатыг Хас, Чингис хаан зэрэг банкинд тавьсан өрөө төлөөгүй байхад Хөгжлийн банк зээл олгосон.
АСЕМ НЭРЭЭР МӨНГӨ УГААСАН
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн удирдагчдыг Монгол цуглуулсан гэж өөрийгөө сурталчлахад нь монголчууд их үнэ төлснийг шалгалтын материалаас харж болно. Хөгжлийн банкны ТУЗ 71 дүгээр тогтоолоороо АСЕМ-д зориулж дотооддоо 275 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Зориулалтыг нь “Өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгох, “АСЕМ Вилла” хотхоны төслийг хэрэгжүүлэхэд” гэж тодорхойлжээ. Зочид буудлуудын зөвшөөрөл, зэрэглэл, хөнгөлөлттэй зээлээр юу хийсэн нь тодорхойгүй, MCS групп Богд ууланд барьсан АСЕМ хаусуудаа тэрбумаас дээш үнээр зарсан. Гадаадын төрийн тэргүүнүүд хэдхэн хоног буугаад мордсон, АСЕМ-ийн далимаар газар, хямд зээл авч барьсан хаусуудаа зарж ашиг олсон.
“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ОЛЗ
Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкны ч эзэн байсныг 2016 оны шалгалтын материалын130 хуудас баримтаас олон удаа харагдана. 2016 оны хагас жилийн байдлаар Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан нийт харилцах, хадгаламж 706.8 тэрбум төгрөг байжээ. Үүний 242.1 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотын банкинд, 366.2 тэрбум төгрөг Худалдаа Хөгжлийн банкинд байршуулж байв. 706,8 тэрбумын хадгаламж, харилцахын 608 тэрбум нь Д.Эрдэнэбилэгийн хувийн хоёр банкинд байршиж байсан гэсэн үг юм. Банкинд харилцах, хадгаламж байршуулах хязгаарлалтын дүнгээс Улаанбаатар хотын банк 149.8 тэрбум, Худалдаа Хөгжлийн банк 8.5 тэрбум төгрөг, Чингис Хаан банк 5.6 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан байна.
“2015 оны хагас жил болон жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны нийт харилцах, хадгаламжийн дийлэнх хувийг Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад байршуулсан, эрсдэлийн хязгаарлалтын дүнгээс Улаанбаатар хотын банкинд байршуулсан харилцах, хадгаламж хагас жилийн байдлаар 186.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсныг Актив пассивын удирдах газар Актив пассивын удирдах хорооноос хадгаламжаа бууруулах, журмын хүрээнд арга хэмжээ аваагүй нь жилийн эцсийн байдлаар хязгаарлалтын дүнгээс 159.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн байгаагаас харагдаж байна. Дээрх тайлангаас бусад банкуудад харилцах, хадгаламжийг нэмэх боломжтой байтал Улаанбаатар хотын банк, Капитал, Чингис хаан банкинд харилцах, хадгаламжийн хэмжээг хэтрүүлэн байршуулсан байгаа нь банкны эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байна” гэж шалгалтын материалд онцлон дурьджээ.
ГАДААД ӨРТЭЙГЭЭ УЯЛДУУЛДАГГҮЙ ДОТООД ӨР
580 сая долларын евро бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл, Кредит Свисс банкны хамтарсан зээлээс дотооддоо олгосон зээл нь дүнгээрээ хэтэрсэн байжээ. Гадаад эх үүсвэрийнхээ хүү, төлөх хугацаа зэргийг нь тооцохгүйгээр зээл олгож байсан байна. Жишээ нь 2017 оны эхний улиралд багтаан евро бондын 580 сая ам.долларыг төлөх байтал 2016 оны хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсвөөс төлөгдөх ёстой зээлийн эргэн төлөлт 3 хан хувь, тухайн төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн эргэн төлөлт 62 хувь байжээ. Евро бондоо төлөх хугацаа нь тулчихсан байхад түүгээр дотооддоо олгосон зээлийн эргэн төлөлт 123.7 тэрбум тасалдаад байгааг илрүүлжээ. Хөгжлийн банк ойрын 3 жилд гадаад талдаа 3,4 их наяд төгрөг төлөх ёстой байхад түүгээр олгосон зээлийн эргэн төлөлт 2,2 их наяд байжээ. Зээлийн эргэн төлөлтөнд саад учрахаар байна гэж 6 жилийн өмнө онцгойлн анхааруулж байсан баримт юм. Гадаадаас хүүтэй, төлөх хугацаатай, мэдээж тодорхой хэмжээтэй зээл авсан. Харин түүнээсээ хэтрүүлсэн зээл дотооддоо олгож байсан. Нэг монгол гадаад хүнээс 5 хувийн хүүтэй 1000 доллар зээл авчихаад төлөх хугацаа нь болчихоод байхад нөгөө монголдоо 4 хувийн зээлдүүлчихэн, өмнөөс нь торгуульдаг, алдагдал хүлээх нь эрүүл үзэгдэл мөн үү? Банк бүү хэл жирийн иргэн ийм гэнэн алхам хийхгүй.
САНГИЙН САЙДАА ҮЛ ТООСОН ХӨГЖЛИЙН БАНК
Сангийн сайд 2016 оны 6-р сарын 30-нд Хөгжлийн банкинд 7-1/4437 тоот албан бичиг хүргүүлж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ Засгийн газар бүрдэх хооронд шинээр зээл олгохгүй, батлан даалт гаргахгүй, их хэмжээний дүнтэй гэрээ байгуулахгүй, томилгоо, халаа сэлгээ хийхгүй байх даалгавар өгсөн. Хөгжлийн банкны удирдлага Сангийн сайдын даалгаврыг үл тоож, тэс хөндлөн зөрж, яг эсрэг 8 алхам хийсэн байна.
Үүнд:
ДҮРЭМГҮЙ ТОГЛООМ БУЮУ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЕНДЕРҮҮД
“Хөгжлийн банктай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж Тендерийн хуулийг өөрчилж аваад, Хөгжлийн банкны “их найр наадам” эхэлсэн байдаг. Хуулийг орлуулж журам гаргасан. Банкны ТУЗ бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах журам гаргаад 2013 оны 5-р сард хүчингүй болгосон. ТУЗ-ийн баталсан журам хүчингүй болоод, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат шинээр гаргах хооронд бүтэн 4 сар өнгөрсөн байна. Н.Мөнхбат тендерийн журмаа 2 жилийн дотор 3 удаа өөрчилсөн. Тендерийн хууль үйлчилдэггүй, тендерийн журам ч үгүй Хөгжлийн банк. Журамгүй ч байж болдог, эсвэл журмаа тэр дор нь өөрчилдөг, журмаа зүгээр л зөрчдөг. Дүрэмгүй тоглоомоор дүрэмгүй тоглож байсан байна. Машин унаа, тавилга хэрэгсэл, программ хангамж зэргийг худалдаж авахдаа байгуулдаг гэрээний нэгдсэн загваргүй, техникийн тодорхойлолт, үнийн санал авах баримт бичиг боловсруулдаггүй. Жишээ нь MCS группын хамааралд байсан “Анун”-аас 2011, 2013 онд тавилга авсан гэрээнд нь үнийн дүн байхгүй. Хэдэн төгрөгөөр сандал, ширээ авснаа гэрээндээ бичдэггүй банк, тэртусмаа Монгол Улсын Хөгжлийн банк байдаг юм байна. Тендер огт зарлаагүй, гэрээ нь он, сар, өдөр ч байхгүй. Жирийн айл хүртэл тавилга авахдаа үнэ, чанар зэргийг нь харьцуулдаг байтал Хөгжлийн банк улсын мөнгө уйлдаггүй гэгчээр хүүдэгнэж байсны ганцхан баримт нь энэ.
11 ЖИЛИЙН ӨМНӨХ 838 САЯЫН ҮНЭТЭЙ ПРОГРАММ
2011 онд ганцхан удаа үнийн харьцуулалт хийж үзээд, 838 сая төгрөгөөр программ хангамж худалдаж авсан байна. Нэг удаа үнэ төлөөд зогсохгүй сар тутамд шинэчлэл, сайжруулалт гэх зэргээр мөнгө өгдөг. Өнөөдрийн үнэ цэнээр бол 2 тэрбум төгрөгт хүрэх асар өндөр үнэтэй программ хангамж авчээ. 2011 онд 1 тэрбум 167 сая төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдсан авсны 329 сая нь тендергүй, шууд худалдан авалт. Үлдсэн нь ганц удаа үнийг нь харьцуулж үзсэн, 838 саяын үнэтэй программ. “Энэ хугацаанд банкны худалдан авах ажиллагааг зохицуулах журам байгаагүй тул журам зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байдалд орж байна” гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэжээ. Журамгүй болохоор журам зөрчөөгүй гэж мэлзэнэ гэсэн үг.
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН “БЛҮҮМБЕРГ” ТВ-Д 3,1 ТЭРБУМЫГ ӨГЧЭЭ
“Журмаа зөрчин худалдан авсан 2013 оны гэрээний дүнгийн ихэнх хувийг “Блүүмберг ТВ“-тэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 1,835,200 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар хөрвүүлбэл 3,115,252,000 төгрөгийн гэрээ эзэлж байна” гэж шалгалтын материалд дурьджээ. Хөгжлийн банк 2013 онд 4,4 тэрбумын бараа, үйлчилгээ авсны 3,1 тэрбум нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн хармаанд орсон байна. Энэ хооронд тендерийн журамгүй байсан. ТУЗ-ийнх нь баталсан журам 4-р сард хүчингүй болж, захирал Н.Мөнхбат 9-р сарын 25-нд журам гаргах хүртэлх бүтэн 5 сарын хугацаанд журамгүй журмаар ажиллажээ.
АРХИ СУРТАЛЧИЛДАГ, ХӨГЖМИЙН ХӨТӨЛБӨРТ МӨНГӨ ӨГДӨГ ХӨГЖЛИЙН БАНК
2014 онд цагаан Чингис брэндийн шинэ жилийн борлуулалтын идэвхжүүлэлт, “Альфа мюзик” хөтөлбөрийн 9 удаагийн шоунд гэх мэтэд зориулж “Анар-Од” гэдэг компанид эх орноо барьцаалж босгосон бондын мөнгөнөөс 76,2 сая төгрөг өгчээ. Хөгжлийн банкинд хөгжмийн хөтөлбөр, архины шинэ жилийн борлуулалт мэдээж ямар ч хамаагүй. АН засаглаж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар бүхнийг мэдэж байх үед арын хаалгатай явсан “Анар-Од” компанийн эзэн хэн болохыг судлах шаардлага ч үүсч байна. “Ай Си Эйч" ХХК-тай 62,3 сая төгрөгийн цуврал нэвтрүүлэг хийлгэх, телевизүүдээр цацах” , Баабарын тэргүүлдэг ”Монголын шилдэг нийтлэлчдийн клуб“-тэй 60 сая төгрөгийн пиарын зөвлөгөө авах гэрээг шууд байгуулжээ. Нийтлэлч Баабар тархи угаах ямар зөвлөгөө өгсөн бэ? гэдэг нь сонирхол татна. Н.Алатнхуягийн “Чингис бондын өрийг хожим үр хүүхдүүд маань төлчихнө”, Н.Батбаярын “Н.Алтантуяа 1981 онд нэрээ Н.Алтанхуяг болгож солиод Чингис хааны хишгийг хүртэж байна” гэх зэрэг ихэмсэг үг хэллэг чухам энэ үед гарч байв.
БҮТЭН БАЙШИНГИЙН ҮНЭЭР 2 ДАВХАР АВСАН НАЙМАА
Худалдаа, хөгжлийн банкны 13 давхар барилгаас Хөгжлийн банк 11,12-р давхрыг ньнь 27,5 тэрбум төгрөгөөр 2015 онд худалдаж авсан. 13 давхар барилгын бүтэн зардлаар 11, 12-р давхрыг машины 10 зогсоолтой хэсэгчлэн авсан нь асар их шүүмжлэл дагуулдаг. Худалдан авсан ажлын байрны талбайн хэмжээ зөрүүтэй гарсан. Хамгийн гол нь Хөгжлийн банкинд өнөөдөр 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй ХХБ-ны дээвэр дор нэгтгэн оруулсан. Өртэй Худалдаа, хөгжлийн банкны харуул хамгаалалтын алба хяналтын камер дээрээ авлагатай Хөгжлийн банкны ажилтнуудыг бүртгэж хянаад сууж байдаг гэсэн үг юм. Төв замын урд талын ханан дээр нь Блмүүберг ТВ гардаг шилэн цагаан байшин дээр Худалдаа, хөгжлийн банк, Хөгжлийн банкны нэр, лого зэрэгцээд товойж байдаг. Худалдаа, хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкийг өвөртөө оруулаад зогсохгүй АН-ын Төв байр байсан газар, барилгын суурийг ч 7 тэрбум төгрөгөөр худалдан авч, УИХ-ын 2012, Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын зардлыг даасан байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо АН-с хэн нь энэ бүхнийг хариулах,хариуцах болж байнаа.Мөнхбат саяхан Амараа гэсэн алиа салбадайн подкастад ороод сууж байхдаа Ганбаяр амараа хоёрт өөрийгөө ямарч буруугүй МАН -с АН-н биднийг зориудп яллаж байгаа гэж айхтар сайн ойлгуулсан Алиа салбадайч яахав АН-н гишүүн хүн мэдээж Мөнхбатыгаа зөвгөж ойлгоно,харин Ганбаяр чухамдаа яг юу гэж ойлгосон нь тодорхойгүй үлдсэнБүгд ямарч байсан ял хүлээхээс өөр аргагүй болсонбайна
Одоо АН-с хэн нь энэ бүхнийг хариулах,хариуцах болж байнаа.Мөнхбат саяхан Амараа гэсэн алиа салбадайн подкастад ороод сууж байхдаа Ганбаяр амараа хоёрт өөрийгөө ямарч буруугүй МАН -с АН-н биднийг зориудп яллаж байгаа гэж айхтар сайн ойлгуулсан Алиа салбадайч яахав АН-н гишүүн хүн мэдээж Мөнхбатыгаа зөвгөж ойлгоно,харин Ганбаяр чухамдаа яг юу гэж ойлгосон нь тодорхойгүй үлдсэнБүгд ямарч байсан ял хүлээхээс өөр аргагүй болсонбайна