Малчин Б.Дарьбазар нутгийнхнаа малжуулахаар 40 гаруй айлд ТӨЛ МАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ

2022 оны 03 сарын 31

Хаврын дунд сар хэтийж, цас ханзран, горхи жирэлзээд нэгэнт урин цаг иржээ. Энэ л үед малчны хотонд төлийн дуу цангинан, малчид маань борви бохисхийх завгүй ч бахдалтай сайхан.

Ийм нэгэн өдөр төл малаасаа бусдад бэлэглэж байгаа малчны тухай сонсож, түүнтэй холбогдсон юм.

Түүнийг Бавуугийн Дарьбазар, эхнэрийг нь Лувсангийн Нямаа гэдэг. Тэд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул бөгөөд 1997 онд Сэлэнгэ аймагт нүүж иржээ. Өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд малаа өсгөн амьдарч байна. Тэд гурван хүүтэй бөгөөд бага нь тосгоныхоо Ерөнхий боловсролын сургуульд сурч, том хоёр хүү нь тус тусын амьдралыг зохион, нутгаас гарчээ.

Тэдний гэр бүл малтай болохыг зорьж байгаа залуу гэр бүлийг дэмжиж, сүүлийн хэдэн жил төл малаасаа нутгийн айлуудад үнэ төлбөргүй өгч байгаа аж.


-Мандал сумын нутгаар хаваржилт сайхан уу. Төлийн боожилт ямар байна вэ?

-Энэ жил цас багатай, дулаахан, сайхан хавар болж байна. Шөнөдөө бага зэрэг хүйтэрч байна. Мал төллөлт дундаа орлоо, төлийн бойжилт боломжийн байгаа.

-Танайх хэчнээн тоо толгойны, хэдэн хошуу мал маллаж байна вэ?

-Манайх хонь, ямаа, үхэр, адуутай. Бод мал 200-аад, бог нь 1300 орчим байгаа.

-Энэ тооны малтай болно гэдэг малчин хүнээс багагүй цаг хугацаа, их хөдөлмөр шаарддаг байх. Таны хөдөлмөрийг төрөөс үнэлсэн үү?

-Манай гэр бүл 1990 оноос хойш тасралтгүй мал маллаж, өсгөж энэ хүрлээ. Аймаг, сумаас маань бидний хөдөлмөрийг үнэлсэнд баяртай явдаг. 2019 онд Сумын аварга, өнгөрсөн онд Аймгийн аварга малчин болсон.

-Олон мал маллахад хүн хүч дутагдаж байна уу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван хүүтэй. Бага маань энэ тосгондоо сургуульд сурдаг. Дунд хүү Дорнодод малын эмчээр ажиллаж байна. Том хүү Улаанбаатар хотод гэр бүлтэй болоод ажиллаж байгаа.

Хүн бүл мал төллөлтийн үеэр жаахан дутагдана. Бусад үед гайгүй дээ, эхнэр бид хоёр өөрсдөө болгоод л явна.

-Сүүлийн үед олон малтай айлууд туслах малчин ажлуулдаг болж. Танайх малчинтай юу?

-Хүмүүс олон малтай гэж жийрхээд, туслах малчин олдохгүй л байна.

-Ер нь туслах малчны цалин хөлс дунджаар хэд байдаг вэ?

-Айл, айл янз бүр байх шиг байна. Зарим нь мал өгнө. Зарим нь мөнгө төгрөгөөр цалин хөлс тохирч байна. Манай хувьд ч ялгаагүй хөлсийг нь аль алинаар нь тохирч болно.

-Танай гэр бүлийг бог малынхаа төлийг тосгоны айлуудад үнэгүй өгч байгаа гэж сонслоо.

-Манайх сүүлийн хоёр, гурван жил бага малын төлнөөс нутгийн айлууддаа өгч байна.

Ишиг, хурганы ихрийн өрөөснүүдийг тэжээгээд, мал болгоод авъя гэсэн айлуудад өгдөг. Залуу улсуудыг малд дуртай байг, малтай болог гэж бодоод өгдөг юм.

-Энэ хугацаанд хэдэн айлд мал өгсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд 30 гаруй айлд төл мал өгсөн. Энэ жил арваад айл 50 орчим хурга, ишиг авсан.

-Малчдын хаврын өөр нэгэн том ажил нь ямаа самнах байдаг. Энэ ажилд малчид маань хүн хөлсөлдөг болсон. Ямаа хэдээр самнуулж байна вэ?

-Ямаа самнах ажил дундаа л явж байна. Манай хувьд 1 кг ноолуурыг 20-25 мянган төгрөгийн хооронд гэж тооцож, самнуулж байна.

-Энэ жил Сэлэнгэ аймагт ноолуур ямар үнэтэй байна вэ?

-Энэ жил ноолуур гайгүй өндөр үнэтэй байна. Нэг кг нь 130-135 мянган төгрөг хүрч байгаа.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top