Хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсаар байна!

2022 оны 04 сарын 04

Зуун жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлагийг хүрээлэн болгож, Ерөнхийлөгч өөрийнхөө дэргэд авчээ. Төр өөрийнхөө мэдлийн агентлагийг хэрхэн яах нь тэдний өөрийн хэрэг байх. Гэхдээ үүнээс улбаалан бидний хэвлэлийн эрх чөлөө хаана явна вэ гэх бодол өөрийн эрхгүй орж ирнэ. Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд сэтгүүл зүйн салбар ямар том үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэтэл өдгөө ардчилал маань өөрийг нь өсөн бойжиход хамгийн том тулгуур болсон сэтгүүл зүйн салбараа яасан их боомилно вэ. Ардчилал гэдэг нь сүүлийн 30 гаруй жил “ардчилсан” гэх нэрийн дор бүрэлдсэн төрийг хэлсэн хэрэг. Ерөөсөө үе үеийн эрхтэн дархтнууд сэтгүүл зүйг өөрсдийнхөө талд хазаарлахыг чухалчилж ирсэн нь туйлын үнэн. Хэтдээ ч ингэсээр байх бололтой. Ардчиллыг өмчлөх гэж дотооддоо төдийгүй олон улсад хөгөө чирж байгаа АН ч бай, нэрнээсээ бусдыг ардчилсан харагдуулахыг хүсч буй МАН ч бай бүгд л хэвлэлийн эрх чөлөөнд ил далд халдсаар ирсэн нь хаашаа ч нуух аргагүй зүйл.

Шар хэвлэлийн зах зээл өндөр авч байх цагт Н.Энхбаярын хаанчлал ч ид мандан бадарч байв. Ийм л цагийн орон зайд “Хаан” явсан Н.Энхбаярыг 27 хэвлэл мэдээллийн байгууллага “оны онцлох”, “шилдэг улстөрч” гэх мэт өргөмжлөлөөр нэгхэн жилийн дотор тунхаглан зарласан байдаг. Хэвлэл мэдээллийнхэн Н.Энхбаярт хайртайдаа бус, тэр нь ч мундагтаа биш үйл ажиллагаагаа хаалгах вий гэхдээ “Хаан”-даа тал зассан нь энэ.

“Хаан” маань өөрийг нь болон гэр бүлийг нь сөрөг талаас мэдээлсэн хэвлэлийг “нүцгэн бие, садар самуун сурталчиллаа” гэх мэтээр шалтгалан хааж байсан. Үнэн хэрэгтээ өөрийнх нь эсрэг, шударга үнэний төлөө явж байгаа хэвлэл мэдээллийг ийнхүү эрхэндээ оруулж байв. Гэхдээ ардчилал өсөн бойжиж буй тухайн цагт шар хэвлэлийн зах зээл эмх замбараагүй байсныг үгүйсгэхгүй.

Нэгэн үе Н.Алтанхуяг Ерөнхий сайд байв даа. Тэрбээр өөрийнх нь “Хаан жимс” амралтын Бие засах газрын бохир ундны эх үүсвэр рүү цутгаж байгааг баримтаар дэлгэсэн сайтыг хаан, амыг нь барьж байсан баримт халуунаараа байна.  Саяхандаа 2017 онд алдарт "Зөрчлийн тухай хууль” хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав “гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох” санал гаргахад Байнгын хорооны гишүүд бүгд дэмжиж байсан нь чөлөөт хэвлэл мэдээллийг боомилж байгаагийн нэгээхэн жишээ. Ардчиллыг босголцсон хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяар, сэтгүүлчийг 10 саяар торгуулахаар бултаараа улайрч байсныг бодоход аймшигтай.  Өнөөх ардчилал, хэвлэлийн эрх чөлөө гэж индэр дээрээс цээжээ дэлддэг нь бүр ч худлаа, хоосон дүр.  

Уг нь сэтгүүлч бидэнд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай л хэрэгтэй. Мөн сэтгүүлчид төдийгүй иргэн хүнд ч хардах эрх гэж нэг зүйл бий. Нөгөө талаас “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн хоёрдугаарт “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан байдаг биз дээ. Эрх мэдэлтнүүд өндөр торгуулиар айлгаж, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг нийгэмд тараахгүй гэсэн санаархал хуулийг ч үл тооход хүргэж байна. Гүтгүүлсэн ч юм уу, булхайгаа уудлуулсан ч юм уу Ц.Гарамжав гэдэг хувь хүн ийм санал гаргалаа ч Байнгын хорооны гишүүд бүгд дэмжиж байгааг юу гэж үзэх вэ.

Тэр ч бүү хэл үнэний хөлд гүйцэгдэхээрээ өөрийнхөө эзэмшил байгууллага, компаниар дамжуулан рекэт хийдэг тал ч ажиглагдах болов. Энэ бол эрх мэдэлтнүүдийн хэвлэн нийтлэх, бусдад мэдээ мэдээлэл түгээх эрхийг ноцтой зөрчсөн учраас Харилцаа холбооны газарт гомдол гаргасан байдалтай асуудал шийдэгдээгүй сууж байна. Уг нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт  тогтоохгүй” хэмээн заасан байдаг сан.

Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага хохироод үлдэх ёсгүй. Үүнээс үүдсэн сэтгүүлчдын дунд ан цав үүсгэсэн нь өдгөө ч хэвээрээ. Эрх мэдэлтэй хөрөнгөтнүүд үнэний төлөө дуугарсан мэдээллийн байгууллагын сувгийг хааж амыг нь барина, дээрээс нь мөнгө төлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд дунд яс хаяна, шүүх засаглалаар далайлгана гээд дарамт их. Манай салбар, сэтгүүлч бид ийм л эрсдэл дунд ажилладаг ч та бүхэнд ямар ч үнэ төлбөргүй мэдээллээ цаг алдалгүй хүргэсээр байна. Та бүхэн бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг ямар үнэ төлбөргүй уншиж, үздэг атлаа шударга үнэний дуу хоолой болсны төлөө яасан их боомилно вэ. 

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаас МҮОНРТ, “МОНЦАМЭ” агентлаг гэх хоёрхон байгууллага төрөөс санхүүжиж, бусад нь асар том эрсдэл дунд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн бүхий л төрөл сувгаар сурталчилах, олон нийтэд таниулах замаар гэрээ байгуулан, түүнээс орж ирэх мөнгөөр урсгал зардал, сэтгүүлчдийн цалингаа болгож ажилладаг салбар. Нөгөө талаас салбарын зарим нөхөд нь “Хувийн ААН, байгууллага, албан тушаалтан, УИХ-ын гишүүдээс 30 сая, 40 сая, 100 сая төгрөг шантаажилсан гэх юм. Зарим баримт нь ч байна” хэмээн барин тавин бичсэн нь бий. Үүнийг хараагүй болохоор мэдэх юм алга. Хэрвээ ийм зүйл байгаа бол бид гал тогоондоо ярьж асуудлаа шийдэх ёстой. Бидний эрхийг хамгаалдаг, ёс зүйг сахиулдаг, нэг үгээр хэлбэл бидний гэр болсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сүүлийн үед олныг хамарсан бодит ажил хийгүй байна. Сэтгүүлч байгууллага хоёрын дунд амьд харилцаа алдарсаар. Манай ихэс дээдэс “Ардчилал, эрх чөлөө мандтугай” хэмээдэг ч хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсаар л байна.

 

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top