Багачуудын ирээдүйгээ бүтээх ертөнц ''ДүДү'' музей

2022 оны 04 сарын 10

Монгол залуусын өөрсдийн гараар бүтээсэн ''ДүДү'' хүүхдийн шинжлэх ухааны музей урт хугацаанд үргэлжилсэн цар тахлын улмаас зогсонги байдалд орж улмаар үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байсан билээ. Гэхдээ олон зуун хүн "ДүДү-дээ тусалъя" уриан дор нэгдэж "savedudu", "supportdudu" аяныг эхлүүлснээр тус музей энэ сарын 1-нээс үйл ажиллагаа үргэлжлүүлж эхэлсэн. Тиймээс бид энэ удаа тус музейг зорьсон юм.


Энэхүү музей нь сансрын нисэгч, гал сөнөөгч, эмч гэх мэт олон ажил мэргэжлийн дүрд хувиран, тоглонгоо суралцах боломжийг багачуудад олгодогоороо давуу талтай. Музейгээр оронгуут бидний хэзээний танил болсон CU, Гал унтраах анги, Монос хүүхдийн эмийн сан болоод Голомт банк, Монгол шуудангийн салбар оффисууд харагдана.

Тэдгээр байгууламж руу ороход байгууллага бүрд хэрэглэгддэг тоног төрөөрөмж, ажлын хувцас хэрэглэл байх бөгөөд ёстой л таардагсан бол өмсөөд хамтдаа тоглоомоор гэгээхэн мэдрэмж төрүүлэм. Цааш явахад яг айл мэт тохижуулсан өрөө байх нь хүүхдүүд тоглоод ядрах үедээ тухлан унтах хэсэг аж. Сансарын станц, инженерийн хана, усны тоглоом, бөмбөлөгтэй гулсуур,уралдааны зам гээд бүгдийг өөрсдийн гараар бүтээн байгуулсан аж.

Хүүхдийг багаас нь шинжлэх ухаанд дурлуулахуйц хэд хэдэн үзмэр  байгаагаас Сансар огторгуйн хэсэг нь хүүхдүүдийн сонирхлыг хамгийн их татаж байлаа. Түүнчлэн уг музейн үзмэр дунд хүүхдүүд байтугай томчууд биднийг ч гайхшруулах олон үзмэр байна. 

''ДүДү'' хүүхдийн шинжлэх ухааны музейн хөтөлбөрийн албаны ахлах Н.Ариунбаяр “Дүдү хүүхдийн шинжлэх ухааны музей  өмнө нь сансарын  “Еmart”, “Zaisan-hill” гэсэн хоёр салбартайгаар үйл ажилгаагаа явуулдаг байсан. Цар тахлын улмаас төлбөр  төлөх чадамж буурснаар “Еmart” салбарын үйл ажиллагаа зогсоож, одоогоор “Zaisan-hill” салбар хэвийн горимд шилжээд байна. Манай музей нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад амьдрах ухаан, шинжлэх ухаан, экологийн боловсролыг олгох зорилготой байгуулагдсан.

Гаднын оронд хүүхдэд зориулагдсан иймэрхүү музей олон байдаг. Анх тэдгээрээс санаа авч Монголд ч гэсэн хүүхэд багачуудын ой ухааныг тэлсэн, шинжлэх ухааны музей байгуулахыг зорьсон. Музей дотор байгаа бүх тоглоомыг өөрсдөө нэг бүрчлэн угсарч, хийсэн. Түүнчлэн хүүхдүүдэд орж ирэхэд нь ''Дүдү'' хүүхдийн музейн нэг төгрөг гэж өгдөг. Учир нь, тухайн нэг төгрөг нь хүүхдүүд  өөрсдөө бүтээл хийх тасалбар гэсэн үг юм. Бүтээл хийнгээ шүхэр яаж хөөргөх, халуун агаартай байвал илүү дээшээ хөөрнө, хүйтэн агаартай байвал тухайн зүйл доошоо буудаг гэдгийг мэдэх юм. Түүнчлэн хүүхдүүдийн сонирхлыг татах 14-15 мэргэжлийг сонгож музей дотроо байршуулсан байгаа. Цаашдаа илүү олон зүйл хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн  манай хамт олон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Үйл ажиллагаагаа явагдаж эхлэхээр хүүхдүүдэд цахилгааны өгөгдөл, цахилгаан яаж дамждаг талаар мэдлэг олгохыг зорино. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлснээс хойш манайхыг зорьж ирэх хүүхдийн тоо тасрахгүй байна.

Улаанбаатар хотын хүүхдүүд хүссэн үедээ ирж үзэх боломжтой. Харин орон нутгийн багачууд маань зуны амралтаараа манай хамт олныг зорьж ирвэл бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр манай музейг цэцэрлэгийн нэг ангийн 50 гаруй хүүхэд үзэж сонирхлоо. Аз жаргалтай баяр хөөртэй байгааг нь хараад манай  хамт олон ч баяртай байна. Манай хамт олон нэг дор 80-100 хүүхэд хүлээж авах бүрэн боломжтой. Олон хүүхэд зэрэг орж ирсэн тохиолдолд хаалгаа түр барьж цаг нь дууссаны дараа дараагийн хүүхдүүдийг хүлээн авч тоглуулдаг. ''ДүДү'' шинжлэх ухаан хүүхдийн музейд маань нийтдээ 10-12 ажилтантай. Цагийн ажилтан, хөтөлбөрийн алба мөн сайн дураараа ирж ажилладаг оюутан залуус ч бий. Байгууллагын хамт олон маань энэ эрчээрээ байж цаашдаа музейгээ улам илүү өргөжүүлэн тэлж, хүүхэд багачууддаа тоглонгоо мэдлэг олгохыг хичээж ажилласаар байх болно” гэлээ.

Н.ЕРКЕГҮЛЬ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.160.48) 2022 оны 04 сарын 10

Амжилт хүсье.

0  |  0
Top