Жагсагчдын төлөөллийн Засгийн газарт хүргүүлсэн ШААРДЛАГУУД

2022 оны 04 сарын 11

Иргэд үнийн өсөлт, инфляцын эсрэг өөрсөддөө тулгарч буй бүхий л асуудлаа, хэлэхийг хүссэн үгээ цаас, хайрцган дээр бичиж, жагслаа. Сануулахад, иргэн О.Отгонтөгсийн энэ сарын 04-ний өдөр эхлүүлсэн суулт жагсаал хэлбэрээр үргэлжилсэн юм. Улмаар хөдөлмөрийн насны залуучууд тайван байдлаар жагслаа. Эхний хоёр өдөр 100-150 орчим иргэн суултад нэгдсэн бол сүүлийн хоёр өдөр төв талбайд хөл гишгэх зайгүй болсон хэмээхэд хилсдэхгүй. Тэдний зүгээс “Надаар дутна”, “Төр өөрөө хэмнэ”, “Эх орондоо амьдрах боломж олго” гэх мэт лоозон барьж, улстөрчдийг ажлаа хийхийг сануулж байсан юм. Өчигдрийн хүйтэн цаг агаарт ч 60-70 иргэн төв талбайд суусан байна. Тэгвэл энэ сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн жагсаалын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.


 

ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГУУД

 

Энэ удаагийн жагсаалын онцлох зүйл бол гарцаагүй залуучууд. Ид хөдөлмөрийн насны залуучууд улсдаа тайван амьдрах, боломжийг нь булаахгүй байх, авлигыг шийдэх, эдийн засгаа сэргээх, аюулгүй орчинд амьдрах, шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ажлаа хийхийг шаардсан утга бүхий төрөл бүрийн уриа, лоозонтойгоор үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ үеэр жагсагчдын төлөөлөл Засгийн газарт дараах шаардлагуудыг хүргүүлжээ. Нэгдүгээрт, Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэхийг шаардсан байна.

Уг заалтад “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлнө. 22.1.1-д заасанчлан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд, 22.1.2-д зааснаар биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, 22.1.3-д заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд” хэмээн заасан байдаг ажээ. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах. Гуравдугаарт, бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх. Дөрөвдүгээрт, олон улсны төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх. Тавдугаарт, дарга нарын хангамжийг зогсоох. Зургаадугаарт, үнийн өсөлтөд арга хэмжээ авах. Долоодугаарт, Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах гэх мэт шаардлагыг хүргүүлсэн байна.

 

ЗАЛУУЧУУД ТЭГШ ЭРХ, ЭЭЛТЭЙ ХОТЫГ ХҮСЭЖ БУЙ САНАА ХАМГИЙН ИХЭЭР ДАВТАГДАВ

 

Жагсаалд оролцсон залуусын илэрхийлсэн, хамгийн олон давтагдсан санаа бол тэгш эрх, ээлтэй хот болох зэрэг санаанууд байлаа. Хамгийн олон давтагдсан санаануудаас дурдвал ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй хот болоход онцгой анхаарах, цэцэрлэгүүдийн тоог нэмэхэд анхаарах, цэцэрлэг барих төсвөө нэмэх, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэргийг бичсэн байв. Мөн нийгмийн даатгал болон бусад татварыг хөнгөлөх, үнийн хөөрөгдлийг бууруулах, хил гаальтай холбоотой асуудлыг цэгцлэх, авлигачдад хуулийн дагуу хариуцлага тооцох болон жагсаалын үеэр бэртсэн залуусын биеийн байдлыг олон нийтэд мэдээлэхийг шаардсан юм.

 

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН НАЙМАН АЛБА ХААГЧ БЭРТЖЭЭ

 

Төв талбайд жагссан залуусын долоон шаардлагыг Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Х.Нямбаатар хүлээн авч, Засгийн газар яаралтай хэлэлцэж, хариу өгнө хэмээн мэдээлсэн билээ. Энэ үеэр хэсэг жагсагчид ус, ундааны сав шидсэний улмаас нэг иргэний толгой хагарсан юм. Тухайн иргэнд анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн байна. Улмаар толгойн тус газар нь хоёр оёдол тавьжээ. Мөн 07-08-нд шилжих шөнийн жагсаалын үеэр цагдаагийн алба хаагч, иргэдийг өшиглөж, дэвсэлсэн үйл явдалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр “Жагсаалд оролцсон иргэнийг зодож, ёс зүйн хэм хэмжээ алдсан цагдаагийн албан хаагчийн өмнөөс уучлал гуйж байна” хэмээсэн юм. Жагсаалын үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн найман алба хаагч бэртэж гэмтсэн талаар ч дурдсан. Тодруулбал, алба хаагчдын толгой хагарч, гар, хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирч, нэг алба хаагч яаралтай мэс заслын тусламжийн үйлчилгээ аван Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

 

40 ИРГЭНИЙГ СААТУУЛЛАА

 

Эрүүгийн цагдаагийн албанаас 07-08-нд шилжих шөнийн жагсаалын үеэр 40 иргэнийг саатуулсан. Их тэнгэрийн аманд жагсаал, цуглаан хийж, төрийн тусгай объектод халдах зэргээр хууль зөрчсөн асуудал гарчээ. Тиймээс 08-ны 03.40 цагт цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авч тараасан байна. Албадлагын арга хэмжээний үеэр жагсагчид эсэргүүцэл илэрхийлсэн учраас 40 орчим иргэнийг саатуулжээ. Үүний 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон учир эрүүлжүүлсэн байна. Харин 20 гаруй иргэнийг албадан саатуулсан аж.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шүршдэг машиныг 2012 онд худалдан авсан. Шүршдэг машин, нохой зэргийг бэлэн байдалд байлгасан юм. Гэхдээ ашиглаагүй. Прокурорын зөвшөөрөлтэй саатуулан шалгасан 20 хүний тав нь хүүхэд байсан” гэв. Мөн саатуулсан иргэдээс байцаалт авч, суллажээ. Харин саатуулагдсан залуусын нэг “Харихаар төв зам дагуу алхаж явахад шалтгаангүй баривчилсан. Жагсаалд оролцоогүй” гэв. Мөн “Ажлаа дуусгаад гэртээ харихаар явж байхад цагдаа барьж авч зодсон. Хоёр найз маань туслахаар ирэхэд биднийг хамтад нь саатуулсан” гэжээ. “Үлээлгээгүй атлаа согтуу байна хэмээн гүтгэж, саатуулав” хэмээн тус тусын тайлбарыг өгсөн байна.

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ

 

Хүний эрхийн үндэсний комиссоос жагсаалд оролцогч иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа болон болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллажээ. Ингэхдээ жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авсан байна.

Иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотнын хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхааруулсан аж. Мөн саатуулагдсан иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газарт зөвлөмж өгч, ажиллажээ.

 

ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ ЖАГСАГЧДЫН 11 ШААРДЛАГЫГ ШИЙДВЭРЛЭхээр болов

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай 08-ны өдөр Соёлын төв өргөөд уулзахыг хүссэн ч иргэд төв талбайд уулзахыг шаардсан юм. Төв талбайд иргэдтэй уулзсан Ерөнхий сайд залуусын шаардлагыг сонсов. Тэднээс уучлал гуйж, хичээж ажиллахаа дурдсан юм. Улмаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, жагсагчдын шаардлагын дагуух шийдвэрийг Ерөнхий сайд танилцуулсан. Тэрбээр “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа. Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэн дараах хариуг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, Засгийн газраас гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан энэ сарын 05-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэхүү хуулийг УИХ дөрөвдүгээр сарын 15-ны дотор гурван хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, эцэслэн батална. Хууль батлагдсанаар огцом өсч байгаа магадгүй 1000 төгрөгөөс дээш төгрөгөөр өсч буй шатахуун, мах, гурил болон хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэж үзсэн зарим бүтээгдэхүүний үнийг зохицуулахаар ажиллана.

Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар боллоо. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. Мөн ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн хүр­тээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.

Гуравдугаарт, Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлнэ. Суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид Улаанбаатар хотод ашиглахгүй. Хөдөө, орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашин хэрэглэнэ. Цаашлаад төрийн албан тушаалтнуудын тасалгаанд тодорхой хэмжээний зай талбайн шалгуур тавих болон бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээрт, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж, олон нийтийн хяналтад оруулах байдлаар дотоодын Хөрөнгийн биржээ ашиглан ил тод байлгахыг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.

Тавдугаарт, Монголын залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, холбогдох арга хэмжээг авна.

Зургаадугаарт, Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй. Иймээс энэ долоо хоногт УИХ-ын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас дээрх саналтай холбоотой асуудлыг хүргүүлж, хамтарч ажиллана.

Засгийн газрын та бүхний гаргасан 15 шаардлагын 11-ийг бие даан шийдвэрлэлээ. Урт хугацаанд шийдвэрлэх асуудлууд байна. Авлига авсан шүүгч дахин ажиллах, парламентын тогтолцоо, эрчим хүч, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг олноор дурджээ. Засгийн газар иргэдтэй нээлттэйгээр эдгээр асуудалд хамтарч ажиллана. Долоо хоногтоо нэг удаа иргэдтэй уулзах гэх мэтээр ардчилсан зарчмаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна. Жагсагч залуучууд аа. Та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орох төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллахаа дахин илэрхийлье” гэсэн юм.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН АЛБАНЫ МАШИН АШИГЛАХГҮЙ

 

Засгийн газраас гаргасан тушаалын дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Албаны машин ашиглахыг хориглосон тушаалыг шуурхайлан гаргасан юм. Уг тушаалд “Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагын дарга нарыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов” гэжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам албаны автомашингүй бөгөөд орон нутаг явахдаа түрээсэлж хэрэглэдэг байна. Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашдаа хэрэгцээ шаардлагаас хамаарч, автомашин түрээслэх бодлого барьж ажиллах ажээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн цахим хаягаараа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар шалгуулна хэмээн мэдэгд­сэн юм. Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэт­гэх захирлаар 2019 онд ажилласан билээ.

 

ЕРӨНХИЙ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАВ

 

Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Засгийн газраас 09-ний өдөр ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахлан ажиллах юм. Энэхүү баг бүрэлдэхүүнд шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах ажээ. Ажлын баг энэ сарын 08-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top