Хэмнэлтийн тухай хуулиар ХАЗААРЛАХ ЗҮЙЛС

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас үүдэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Нөгөө талаар Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн ч үүнд нөлөөлсөн. Хил гаалийн гацаа, шатахуун түлшний үнийн нэмэгдлээс үүдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн гээд дурдаад байвал энэ хавар олон асуудал шил шилээ даран үүссэн.

Энэ нь зөвхөн Монгол Улс бус дэлхийн нийтийн асуудал болчихлоо. Тиймээс Засгийн газраас энэ тал дээр анхаарал хандуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлшний үнийг хазаарлан тогтоохоос гадна иргэдийн амьдрал ахуйд эерэг үр дүн үзүүлэх тогтоол, шийдвэр олныг гаргасан. Гэвч эдгээр тогтоол, шийдвэр нь цаашид тогтвортой хэрэгждэггүй, төсвийн байгууллагуудад тэгш бус үйлчилж ирсэн учраас “Хэмнэлтийн тухай хууль” боловсруулан, УИХ-д өргөн барилаа.

Үүний дагуу УИХ, Засгийн газраас өргөн барьсан “Хэм­нэлтийн тухай хууль”-ийг лхагва, пүрэв гарагуудад хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, төр түүний бүх шатны байгууллага, нийтийн алба тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлын эсрэг хязгаарлалт тогтоох, хяналт тавихтай холбогд­сон харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийг өргөн барь­сан. Мэдээж хэрэг тус хууль нь Үндсэн хууль, Төсвийн тухай хууль­тай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Гэхдээ “Хэмнэлтийн тухай хууль”-ийн үйлчлэх хүрээнд төрийн захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч, төсвийн байгууллага түүний албан тушаалтан, банк, санхүү, бусад салбарын хуулийн этгээд, түүний албан тушаалтан багтана. Үүнд Монголбанк, улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад дотоод эх үүсвэрээс авсан зээл, мөн гадаад, дотоодын эх үүсвэрээс олгосон хандив тусламж, орон нутгийн бүх сан энэхүү хуулийн үйлчлэлийн хүрээнд зохицуулагдах юм байна.

Тиймдээ ч хуульд заасан этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах бөгөөд бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг баримтлана хэмээжээ. Хүнд цагт байх ёстой хууль бол энэ гэдэгтэй маргах аргагүй. Хуульд зааснаас харахад зардал бууруулах арга хэмжээг энгийн ойлгомжтойгоос гадна өндөр сахилга баттай байхыг заасан. Жишээ нь хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнтэй байхад чиглэхийг ч анхааруулжээ.

Төсөвт ч, төрд ч тэр тэвчиж болох олон зүйл байгааг Засгийн газрын өргөн барьсан тус хуулиар зохицуулахыг зорьсон. Тэгээд ч эдийн засаг хямрах, үүнээс үүдсэн хэмнэх гэдэг нь бидний хувьд өнөөдөр ганцхан тохиож байгаа зүйл биш. Урьд өмнө туулж ирсэн түүх ч бий. Магадгүй энэ удаад чамгүй хүндрэл тулж байгаа учраас Засгийн газраас ийнхүү УИХ-ыг яаравчлуулсан байх.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭМНЭХ ЗҮЙЛ

 

“Хэмнэлтийн тухай хууль”-иар УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга нарыг хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг юуны өмнө хориглосон. Тэд одоо шатахуун түлш ихээр зарцуулдаг өндөр үнэтэй жип автомашин хөлөглөхгүй гэсэн үг. Энэ бол тэвчиж болох зардал мөн. Учир нь тэвчиж болох бүх зүйлд хараа хяналт тавьж, тэр нь тал талаас цугларч байж сая жинхэнэ утгаараа хэмнэлт болж, хөрөнгө хуримтлагдана. Үүнийг нийгмийн аль хэсэгт хэрэг болохыг засгийн тогтоол, шийдвэрээр зохицуулаад явна гэж ойлгогдож байна. 

Гэхдээ үүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, гамшгаас хамгаалах алба, цагдаагийн алба, байгаль орчныг хамгаалах алба, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тусгай алба, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, дипломат алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ, гаалийн алба зэрэг болон үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ шаард­лагыг бий болгодог байгууллагуудад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл түргэн тусламжийн эмч, эргүүлийн цагдаа гэх мэт алба хаагчид автомашинаараа үйлчилнэ. Үүнтэй уялдаж Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлээс бусад суудлаар зорчихыг хориглож. Өндөр зардалтай тансаг зэрэглэлийн суудалд тухлахгүй гэсэн үг.

Үүнээс гадна тэвчиж болох нэг зүйл гэвэл барилга байшин. Тиймээс тус хуульд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга байшин шинээр барихыг хориглосон. Төсвийн тодотголоор ч эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс бусад байшин барилгын төсөвт зардлыг танаж, царцаасан. Нэгэн жишээ дурдахад 2022 оны төсөвт маш олон суманд Соёлын төв барихаар төсөв суулгасан нь тойргоос сонгогдсон гишүүдийн ажиллагаа байсан. Энэ бол тэвчиж болох зүйл. Тэртээ тэргүй сум бүхэн арай ч нураад уначихааргүй Соёлын төвийн барилгатай, тэндээ үйл ажиллагаа явуулж л байна.

Мөн цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглосон нь зүйн хэрэг. Бас нэг онцлох зүйл байгаа нь албан томилолтын хугацаанд удирдамж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчих, аялал жуулчлал хийхийг хаасан. Үндсэн болон дипломат ёслолоос бусад үед албан томилолтоор ажиллах хугацаанд албан хаагч, ажилтанд зориулж дурсгалын эд зүйлс өгөх, угтах, үдэх арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахыг хориглосон юм. Үнэнийг хэлэхэд Улаанбаатараас нэг сайд ч юм уу, агентлагийн дарга орон нутагт очиход аймгийн Засаг дарга нар бэсрэг наадам шахуу арга хэмжээ зохион байгуулж, бэлэг дурсгалаас эхлээд төсвийн мөнгө урсгаж байгаа нь харагддаг. Тэгвэл “Хэмнэлтийн тухай хууль”-иар энэ байдлыг таслан зогсоожээ.

Олны анхаарал хандуулах ёстой зүйлийн нэг бол цалин хөлс байсаар ирсэн. Харин тус хуульд зааснаас харвал төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал зэргийг олгохгүй хэмээсэн. Ямартай ч цагийн байдал нааш эргэтэл төсвийн байгууллагын алба хаагчид бүсээ чангалахаас өөр аргагүй болж байна.

Энд юуны өмнө танаж хасах ёстой нэг зүйл байгаа нь гар утасны зардал, албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газар, өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд очих ирэх замын зардлыг үгүй хийсэн. Ер нь алба хаагч нь хувийнхаа зардлаар сувилуулж, нутгаадаа явж болох л зүйл. Нөхцөл байдлыг харгалзан үзээд утасныхаа төлбөрийг төлчихөж болох л асуудал. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын захиалгын төлбөрт хориг тавьсан нь ямар учиртайг мэдэхгүй. Гэхдээ алба хаагч өөрийн зардлаар хэвлэлээ захиалан мэдээллээ авахад болохгүй зүйл үгүй.

 

ОРОН НУТАГТ ХЭМНЭХ ЗҮЙЛ

 

Ихэс дээдсээс эхлээд дунд бага шатанд мөнгө зувчуулдаг нэг зүйл бол хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга байсан. Тэгвэл тус хуулиар хөшөө дурсгал, угтах үдэх хаалга зэргийг барьж байгуулах, урсгал зардлын шинжтэй хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын арга хэмжээ зэргийг хоригложээ. “Хэмнэлтийн тухай хууль”-д  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гарган, орон нутагт хазаарлаж, тэвчиж үлдэх зүйлсийг нарийн тусгажээ.  

Үүнд, орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, гэрэлтүүлэг тохижилт хийх, хог хаягдлын асуудал, авто замын засвар, шинэчлэл хийх, нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, шинэчлэх, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах, Багийн төв, хорооны засаг захиргааны зориулалтай барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмж худалдан авах, үүрэн холбооны төсөл арга хэмжээ авах, айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт хийх, нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар шинэчлэл хийхийг тус тус хориглохоор хуульд тусгажээ. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр заажээ. 

 

“ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИАР ЗОХИЦУУЛАГДАХ ЗАРИМ ЗҮЙЛ

 

Уг хууль хэрэгжиж эхэлснээр Засгийн газарт тусгайлан зохицуулах эрх үүсэж байна гэсэн үг. Тухайлбал, Засгийн газраас чиг үүргийн давхардалтай эсвэл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрч­лөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэж болох юм байна. Өнөөдрийн байдлаар чиг үүргийн давхардалтай, чиг үүрэг нь ойролцоо төрийн байгууллагууд цөөнгүй байгааг ийнхүү Засгийн газраас татан буулгаж, эсвэл нэгтгэж болох юм байна.

Хууль хэрэгжихээр төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчил­гээний орлогоор өөрийгөө санхүү­жүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрх нь засгийн газар үүсэх юм байна. Энэ бол хэрэгтэй заалт. Учир нь төсөвт байгууллагууд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллана гэдэг энэ хүнд цагт хувийн хэвшлийнхэн ажлын байраа хадгалж үлдэх, орлоготой байх нэгэн эх үүсвэр байгаа гэж ойлгогдож байна.

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн маш хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа учраас энэ мэт заалт оруулсан болов уу. Мөн төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэж­лийн хол­боодоор гүйцэтгүүлэх, хөрөнгө оруу­лалтын төсөл арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох санхүүжилт нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тусгажээ. Эдгээр зүйл заалт нь эргээд хувийн хэвшилд тодорхой үр дүн үзүүлэх юм гэдгийг харж болно. Үүнээс гадна тус хуульд ил тод байдлын, хяналтын, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ­ний гээд олон зүй­лийг тусгаж өгсөн нь эргээд иргэд олон нийт, хувийн хэвшил төр хоёрын дундах харилцааг хэвээр хадгалах бодлого барьсан бололтой.

Ямартай ч урт хугацаанд үргэл­­­жилсэн цар тахал, хил гаалийн хориг, нүүрс тээврийн гацаа, Орос Украины зэвсэгт мөргөлдөөн гээд олон зүйлээс шалтгаалсан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь Зас­гийн газрыг ийм хууль өргөн барихад хүргэсэн. Гагцхүү энэ хуулийн туулах хугацаа аль хүрэх вэ гэдэг асуудал бий. Үнэнийг хэлэхэд хэмнэлтийн горимд бүсээ чангалаад урт хугацааг туулах нь хаа хаанаа хэцүү байх болно. Тиймээс бид зөв бодлого, оновчтой санааг шударга нөхцөлд хэрэг­жүүлж, мэргэжлийн багийн үгийг сонсож, сахилга баттай явахад нэг өдөр энэхүү хуулийг цуцалж, сайхан цаг ирэх байх гэж найднам.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top