Өнөөдөр эрх баригч намыг төдийгүй улс орныг 1970, 1980-аад оны залуус удирдаж, нийгэм, улс төрийг цэвэр байлгах талаас гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаа нь олон нийтэд таалагдах болжээ. Тэдний хувьд дунд үеийн ах нараас МАН хэмээх их айлын ачааг нуруундаа үүрэн үлдэх хүмүүс гэдэг нь тодорхой. Цаашлаад улс орон гэхээр маш том хариуцлагын өмнө зогсоцгоож байна.
Тиймдээ ч МАНАН мафиас эхлээд өдгөө дуулиан шуугиан болж байгаа Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд дэлгэж, хуулийн дагуу зоримог арга хэмжээ аваад эхэлсэнд хаа хаанаа талархалтай сууна. Яг энэ цаг дор Хөгжлийн банкны асуудалд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг холбогдуулан шалгахаар болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр зэхэж байгааг мэдээллээс харлаа. Хөгжлийн банкны зээл хуй, бусад асуудалтай ямар нэг байдлаар холбогдож байгаа бол, шийдвэр гаргалцаж явсан бол шалгуулах нь зүй ёсны хэрэг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд Хөгжлийн банкны ид халуурлын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас шалгаж, асуух зүйл олон байж таарна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хувьд нэг нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж, нөгөө нь нэг нөхрийн хамт 33 тэрбум төгрөгийн зээл авсан учраас асууж лавлах зүйл байсан хэрэг.
Харин Ё.Баатарбилэг гишүүнийг ямар учраас Хөгжлийн банкны зээлдэгч, зээлдүүлэгч, хамжигч нарын тоонд оруулчихав гэдэг нь анхаарал татна. Мэдээллээс харахад Ё.Баатарбилэг гишүүн 2017 онд өөрийн найз, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авахад дэмжсэн бөгөөд жолоочоор дамжуулан авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа бололтой. НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авч байхад Ё.Баатарбилэг УИХ-д анх удаа сонгогдоод удаагүй байв. Түүний хувьд Хөгжлийн банкинд нөлөөлж, хүнд зээл авч өгөх нь бүү хэл шинэхэн гишүүн баруун, зүүнээ олохоор будилж явсан биз. Шинэ гишүүд эхэндээ бүгд л ийм байдаг.
Нөгөө талаар УИХ-ын гишүүд, сайд дарга нар аливаа зүйлд жолоочоо л хөдөлгөж зардаг жамаар л ажилласан нь ямар нэгэн хардлагын эх үүсвэр болсон байх талтай. Тэр өөрөө “Зээл авахад ямар нэг нөлөөлөл үзүүлээгүй, зээлдэгч нөхөртэй найз” гэдгээ хэлнэ лээ. Үүнээс гадна Ц.Баатарбилэг нь шувууны аж ахуйн чиглэлээр төсөл бичиж зээл авсан, өдгөө Төв аймгийн Баянчандмань сумын нутагт аж ахуй эрхэлж байгааг эх сурвалжууд хэлсэн. Ийм учраас чухам яагаад банкны чанаргүй зээлдэгчид, зээлдүүлэгч, нөлөөлөгч, хамжигч нарын дунд Ё.Баатарбилэг гэх тэс хөндлөн дүр босгож байна вэ гэх асуулт зүй ёсоор урган гарна.
Улс төр, нийгмийн хүрээнд ямар хариу гаргаж байна вэ гэхээр бас л сонин хариулт гарна. Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго байв уу, хэн нэгний ашиг сонирхол байв уу, түүний улс төрийн карьерт хонзогносон эрх бүхий нөхдөд нөлөөлөх этгээд байв уу гэсэн гурван салаа хариулт хүн бүхнийг ороож эхэлсэн. Хариуг зөв гаргавал бүрэн эрх хөндөгдөх тухай асуудал байхгүй. Хэргээр буруу гаргах гэвэл ямар нэг асуудал үүсэх ийм нөхцөл байдлын өмнө зогсоно, тэр.
Тэр тусмаа МАН-аас ахмад, дунд үеийнхээ ачааны хүндийг үүрч, энэ намд идэрхэн багаасаа зүтгэж ирсэн, өсөх ирээдүйтэй нэг зүтгэлтнээ зүгээр харж байгаад гэм зэмгүйгээр хэрэгт түлхүүлнэ гэж байхгүй биз дээ. Өнөөдөр МАН-ын ачааны хүнд 1970, 1980-аад онынхны нуруун дээр нэгэнт иржээ хэмээн би дээр дурдсан.
Өдгөө Засгийн газрын тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргаар Г.Занданшатар, УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар, Шадар сайдаар С.Амарсайхан гээд Төрийн эрх барих дээд байгууллага болон Гүйцэтгэх засаглалын олонхыг 1970, 1980-аад оныхон эзэлнэ. Тэгвэл УИХ дахь Байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Г.Дамдинням, Н.Учрал, М.Оюунчимэг нарын 1970, 1980-аад оныхон ажиллаж байгаа бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, намын удирдах бүтцэд ч энэ үеийнхэн зонхилох болжээ. Эдгээр залуус нь МАН-ын бүү хэл ирээдүйд улс орны нурууг түших залуус гэдгийг хаа хаанаа бодолцох ёстой.
Гэтэл үе тэнгийн залуустайгаа мөр зэрэгцэн МАН, энэ улсын төлөө зүтгэж, ид карьерынхаа зам дээр гарч ирсэн Ё.Баатарбилэгийг учир битүүлэг хэрэгт холбогдуулан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ярьж байгаа нь хачирхалтай. Түүний хувьд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, гишүүн болсон төдийгүй 2019 онд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдон ажилласан. Өдгөө парламентад дахин сонгогдоод ажиллаж байгаа хүн. Тэр У.Хүрэлсүхтэй гар сэтгэл нийлэн ажилласан цөөн сайдын нэг гэдгийг улс төрийн хүрээнд болон боловсролын салбарынхан ярьдаг.
Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар богино хугацаанд ажиллахдаа сурах бичгээс эхлээд багш нарын цалин хангамж сургалтын орчинтой холбоотой хэд хэдэн эерэг шийдвэр гаргасан нь өдгөө ч үр дүнгээ өгч байна. Түүнчлэн сургалтын цөм хөтөлбөрт шинэчлэл хийж, сурах бичиг тойрсон бизнесийг цэгцлэн, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд оруулахаар байр байгууламжийг шийдэж ажилласан гавьяатай сайд гэдгийг салбарынхан хэлдэг. Түмний нүдэн дээр ил өрнөсөн дөө.
Мөн Чингис хааны музей хэмээн хотын төвд сүндэрлэж байгаа барилга байгууламж нь түүний зоримог шийдлээр бий болсон. Түүнээс бус хотын төвд “Байгалийн түүхийн музей” гэх тодотголтой нурсан балгас шахуу барилга төрөөс төсөв, цалин авдаг ч хаалга нь хаалттай олон жил болсныг хүн бүхэн мэднэ. Үүнээс ч илүү ихээхэн өв, соёлын хөрөнгийг түүний шийдвэр аварсан төдийгүй соёлын салбарт сүүлийн жилүүдэд ороогүй их хөрөнгө оруулалтыг татаж чадсан.
Тодотговол, Үндэсний төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилга байгууламжийн хөрөнгийг тус тус шийдвэрлэсэн. Парламентад 2016-2020 онд, Засгийн газарт 2019-2020 онд ажиллахдаа зөвхөн бүтээн байгуулалт ахуйн ажилтай зууралдаагүйг 20 орчим хууль санаачилан батлуулснаас харагдана.
Тухайлбал, Боловсролын багц хууль, Төрийн албаны тухай, Музейн тухай, Соёлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай, Кино урлагийг дэмжих тухай хууль тэргүүтэй 20 орчим хууль Ё.Баатарбилэг гэх хүнээр овоглуулна. Түүний богино хугацаанд дайчлан ажилласан хичээл зүтгэл 2020 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бодит үр дүн авчирсан нь дамжиггүй. Ийм л нэг ачааны хүндийг үүрэлцэж яваа ид насны гишүүн чухам ямар учраар Хөгжлийн банкны асуудалтай холбогдож байгааг гайхаж байгаагаа дахин хэлье.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас эхлээд дээр дурдсан үе тэнгийнхэн арай ч өөрсдийнхөө үеийн нэгэн багана болсон нөхрөө гэм зэмгүй байхад нь харанхуй руу түлхүүлэхгүй байх гэсэн найдлага олон нийтэд бий. Нөгөө талаар нэгэн танхимд гар сэтгэл нийлэн ажиллаж, Гүйцэтгэх засаглалын нэрийг өргөөд зогсохгүй шат шатны сонгуульд оноо цуглуулж өгсөн, өөрийг нь дагаж гарч ирсэн нэг залууг хэлмэгдүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшөөрөхгүй байх.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ч тэр анхаарах нь лавтай. Өдгөө нам бус болсон Ерөнхийлөгчийн орон зайг МАН дотор үүрч, түүний үүрэх ёстой ачааг төрийн өндөр дээд албанд үүрч яваа залуусын нэгэн түүчээ гэдгийг ч санаж таарна.
Өдгөө 40 насны босго тулж, зарим нь эрт давсан энэ үеийнхэн ид хийж бүтээх насандаа яваа учраас их улс төрд зарим зүйлийг анхааралгүй орхиж магад тул энэ намын төлөө, улс орнынхоо төлөө 30, 40, 50 жил зүтгэж ирсэн ахмад, дунд үеийнхэн ч анхаарал хандуулах нь ойлгомжтой. Түүнээс бус хамтдаа нам, улсаа тулах нэгэн баганаа сугалж орхиод, ахиад сугалаад байвал хэтдээ хэн юу түшиж үлдэх вэ гэдэг ирээдүй сүүмэлзэх аж.
Өнөөдөр 1970-аад онынхноос Ё.Баатарбилэг гэх нэгэн тулах хүчийг сугалах гэж байгаа бол маргааш та бүхнээс хэн нэгнийг, нөгөөдөр бас хэн нэгнийг сугалж, сааруулах нь ойлгомжтой. Үе тэнгийнхний нэгэн цул багийг хагалах, хүчгүйдүүлэх бодлого хаанаас ч гарч болох цаг үед амьдарч байна. Үүнээс болгоомжилж, нэгнээ хамгаалах нь та бүхний ирээдүйд юу юунаас чухал гэдгийг санахад илүүдэх юун. Эсвэл маргааш та өөрөө.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Залуу үе гэхэд замналаа буруу сонгожээ. Нэн шинэ үеийн завхарсан коммунистууд юм биз дээ чааваас.
Haha