Б.Наранбаатар: Сэтгүүлчийн ёс зүйн үйлдлийг эрүүгийн хуулиар шүүж, яллаж болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Олон улсын хэмжээнд жил бүрийн тавдугаар сарын 03-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхдээ чөлөөт хэвлэлийн төлөвшил, мэргэжлийн ёс зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шударга бус бүхний талаар дуу хоолойгоо нэгтгэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Өглөөний зочин” буландаа МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатарыг урьсан юм.  Түүнтэй хэвлэл мэдээллийн салбар, цахим сэтгүүл зүйн ирээдүйн хандлагын талаар ярилцлаа.


-Цахим орчинд сэтгүүлчид өөрсдийгөө мэргэжлийн сэтгүүлч гэдгээ мэдрүүлж, онцгойруулахын тулд ямар оролцоотой байх хэрэгтэй вэ?

- Хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн урсгал, мэдээллийн боломжит эх сурвалжууд улам л нэмэгдэж байна. Эдгээр зүйлс технологийн хөгжлийг дагаад цаашид дахиад ч өснө. Тийм учраас орчин цагт практик сэтгүүл зүйн түвшинд, судлаачдын хувьд ч энэ асуудал толгойн өвчин болсон. Цахим орчинд байх энэ их хэмжээний хаос шинж чанартай мэдээллийн урсгал дунд мэргэжлийн сэтгүүл зүй хаана нь яаж тэсэж үлдэх вэ гэдэг асуулт байсаар л байна. Цахим орчинд байрлах олон талт мэдээллийг хүчээр эмх цэгцэнд оруулах нь боломжгүй зүйл.

Мөн чөлөөт ардчилсан сэтгүүл зүй нь тухайн улс хүний эрхийг дээдэлсэн ардчиллын чиг баримжаагаа өөрчлөөгүй байгаа үед энэ урсгалд ямар нэгэн зохицуулалтыг хүчээр хийх нь буруу гэж үздэг. Тиймээс чөлөөт ардчилсан нийгэмд ямар механизмыг түлхүү хэрэгжүүлж байна гэхээр жинхэнэ утгаараа олон нийтийн ухамсар, санаа бодолд буруу нөлөө үзүүлж буй хуурамч мэдээллийн урсгалыг урьдчилан шүүж болох уу. Хэрэв түүнийг шүүлтүүрлэж болох бол яаж шүүх вэ гэсэн технологийн шийдлийг эрэлхийлж байна.

Үүнийг дагаад баримт нягтлах, олон нийтийн дунд тэсрэлт үүсгэсэн мэдээллийг хязгаарлах, үнэн бодитой эсэхийг нь олохын тулд араас нь мөшгөж тайлбарлах байгууллага, үйлчилгээ сэтгүүл зүйн салбарын нэгэн шинэ салаа мөчир болж ургаж эхэллээ. Энэ чиглэлийг идэвхжүүлэхийг улс орнууд эрмэлзэж байна. Дараагийн байж болох арга хэмжээ нь гэвэл олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн суурь боловсрол буюу мэдээллийг өөрөө шүүж, хяналттайгаар хэрэглэх, таньж сурах боловсролын талаар ярих боллоо.  Тийм ч учраас хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй

 Энэ мэдээллийн зах хязгааргүй урсгал дундаас өөрийн хүсэл сонирхолд нийцсэн, сурч мэдэх үйл явцад нь туслах мэдээллийг яаж таньж шүүх вэ. Мэргэжлийн редакцын бүрэлдэхүүнтэй сайтууд ямар хаягтай, ямар хаягаар түлхүү дамждаг болон сэтгүүл зүйн бүтээл яаж бүтдэг талаарх мэдээллийг хүмүүст бага наснаас нь эхлэн ойлгуулах талаар ярьж эхэлжээ. Тэгвэл цахим орчинд мэргэжлийн сэтгүүлч хүн өөрийгөө яаж зохистойгоор авч явах вэ гэсэн ёс зүйн асуудал гарч ирнэ. Дэлхийн томоохон BBC, Washington Post, AFP гэх мэт редакцууд сэтгүүлчиддээ зориулж зөвлөмж гаргаж эхэлсэн.

Тухайлбал, сэтгүүлч та цахим хаягтай байж болно. Ингэхдээ та ямар тохиолдолд цахим хаягаа ашиглаж болох, болохгүй вэ, ямар үг өгүүлбэр хэрэглэж болохгүй вэ гэдгийг олон жилийн туршлага дээр үндэслэн томьёолж санал болгодог болчихсон. Энэ үүднээс хэрэв сэтгүүлч өөрийнхөө нэрээр бичсэн мэдээ, мэдээллээ түгээдэг цахим хаяг нээсэн бол тухайн постныхоо тайлбар хэсэгт хувийн үзэл бодлоо тулгаж бичиж болохгүй нь. Манай редакцууд ч бас сүүлийн үед энэ чиглэлийн асуудалд анхаарлаа хандуулж, судлах шаардлага байгаа. Харин хэрэглэгчдийн хувьд тухайн иргэн өөрийгөө нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай, ухамсартай, нийгмийн амьдралыг ажиглагчийн нүдээр хардаг, оролцогч байхыг хүсдэг нэгэн хэмээн үздэг бол өөрийн цахим хаягтаа тодорхой хэмжээний шүүлтүүр тавих хэрэгтэй. Үүнд хэвлэл мэдээллийн боловсрол, мэргэжлийн сэтгүүл зүйн, редакцын талаарх ойлголтоо шинэчлэх, сайжруулах, ялган таних ажлыг хийж болно.

-Цаг хугацааны аясаар цахим орчинд түгэх мэдээлэл ихэсэх тусам сэтгүүлчдийн ажиллах бололцоо, хэмжээ хязгаар хумигдах уу. Эсвэл эсрэгээрээ эерэг нөлөө авчрах болов уу?

Бас энэ ойлголт дээр эсрэгцсэн нэг зүйл нь онолын үзэл баримтлал дээр сэтгүүл зүй цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн таамгууд юм. Энэ таамгуудаас таалагдаж буй нь юу вэ гэвэл одоо олон нийтийн мэдээллийг хүлээн авдаг иргэд хөгжлийн тодорхой нэгэн үе шатыг давчихлаа. 1990-ээд оны эхэнд Монголын сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт гарч хүмүүс хэвлэх нийтлэх эрхээ эдэлж үзэгтэй болгон нь сонин гаргаж байсан. Тэгэхдээ толгойдоо орсон юм болгоныг бичиж байлаа. Харь гараг, алмас, ид шид болон далд ертөнцийн талаар бичсэн хэчнээн сонин гарав. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдахын өмнө Хууль зүйн яаман дээр байсан тооллогоор Монголд 1400 сонин гарч байсан гэх тоо бий. Тэдгээрийн зарим нь нэг, хоёр дугаар гаргаад л үйл ажиллагаагаа зогсоож байсан түүх байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хэвлэлийн эрх чөлөөг эдлэх эрхийн тэсрэлт болсон.

Хүмүүс шар хэвлэлийн оргил үе ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Үүнтэй адил цахим орчин дахь мэдээллийн оргил үе улс орон бүрд тохиолдож байна. Хүн аль сонирхолтой, хурц гарчигтай, туйлширсан байр суурь илэрхийлсэн  мэдээллийг түлхүү сонирхож байгаа учраас нөгөө шар хэвлэлүүд цахим орчинд оршин тогтнож байгаа. Мөн хэвлэл мэдээллийн суурь боловсрол сэтгүүлчдийн хувийн оролцоо байсан байгаагүй ирээдүйн хэрэглэгчдэд аяандаа сууна гэсэн өөдрөг таамаглал бий. Одоо өсвөр, идэр насан дээрээ байгаа залуусийн хэрэглээ  5-7 жилийн дотор ондоо болно. Яг одоо цахим сүлжээнд идэвхитэй байгаа хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдсөөр байгааг та бүхэн харж байгаа байх. Ирээдүйн интернэт хэрэглэгчид одоо бидний хэрэглэж буй цахим сүлжээний хэрэгслүүдийг тоохоо болино. Тэд илүү чухал, илүү гүнзгийрсэн, мэргэшсэн, төрөлжсөн мэдээллийг хайдаг болно.

  -Мэргэжлийн сэтгүүлчид шуурхай байх үүргээ гүйцэтгэхэд техник технологийн дэвшил зарим талаар саад болох боллоо. Тэгвэл цаашдаа сэтгүүлчид юу хийх вэ, яаж ажиллах вэ?

 -Мэдээллийг өгдөг, олдог этгээдүүд нь зөвхөн сэтгүүлч байхаа больсноор бүгд нэг том гал тогоонд багтах болсон. Инфлүүнсэр буюу нөлөөлөгч, сэтгүүлч, редактор, ямар нэг хоббитой хүн гээд л бүгд нэг гал тогоонд орсноор эмх замбараагүй байдал үүссэн гэж хэлж болно. Үүн дотроос сэтгүүл зүй яаж үлдэх вэ гэсэн таамаг байгааг хэлсэн. Мэдээлэл дамжих энэ орчин улам л хаос, өргөжсөн, олон оролцогчтой болохоор мэргэжлийн сэтгүүл зүй яах талаар ярилцах болсон. Тиймээс илүү мэргэшсэн, төрөлжсөн, зах зээлээ жижиглэж чадсан сэтгүүл зүйн бүтээлүүд нэгдүгээрт үлдэнэ. Энэ нь юу вэ гэвэл сэтгүүл зүйд 5W 1H гэж ойлголт бий.

Хэн, хаана, юуг, хэзээ, яаж гэсэн асуултад хариулагдах мэдээллийг мэдээний төвшний мэдээлэл гэдэг. Энэ төвшний мэдээлэл дээр хэн түрүүлж мэдээлэх вэ буюу шуурхай байх хүрээнд мэргэжлийн редакц, сэтгүүлч хувь хүнээс хоцорсон байна. Хувь хүн тухайн үйл явдлын оролцогч болсон бол зургийг нь дараад л шууд твиттерт нийтэлчихдэг. Мэргэжлийн сэтгүүл зүй тэгэхээр хэн, хаана, юу гэх асуултад хариулагдах асуултын хойноос хөөцөлдөөд хэрэггүй гэдгийг энэ салбарын зарим редакцууд ойлгох хэрэгтэй байна. Тэгвэл сэтгүүлчид юу хийх ёстой болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс сэтгүүлчид энгийн иргэдээс илүү задлан шинжилсэн нэвтрүүлэг, нийтлэлийн төрөл зүйлээр мэргэших шаардлагатай болно. Нэг сэдвээр дагнан маш сайн мэргэшиж тухайн чиглэлээрээ мэргэжилтний түвшинд очих хүртлээ мэргэшүүлэх хэмжээний чадвар, мэдлэг мэдээлэлтэй болгох ёстой. Тэгж байж цахим сүлжээ, уламжлалт мэдээллийн хэрэгсэл алинд нь ч хэрэглэгчид үлдэнэ.

Бас манай салбарынхны нэг гол алдаа нь хэтэрхий олон талын чадвартай буву универсаль байх гэж хичээдэг явдал юм. Монгол Улс 3.4 сая хүн амтай бол тэдгээр бүх хүнд хамаатай асуудлыг барьж  авах гэж хичээдэг. Тэгэх шаардлага үнэндээ байхгүй. Харин зорилтот бүлгээ улам жижиглэ. Жишээлбэл, цэцэрлэгийн насны хүүхдээ бойжуулж буй эцэг эхчүүд гэхэд л мэдээллийн орон зайд эзлэх жингээрээ томоохон байр суурь эзэлнэ шүү дээ. Тэгэхээр далайцтай, даяарыг хангасан хэмжээний мэдээлэл түгээж байж л янзтай байна гэсэн байр сууринаасаа татгалз. Таны мэдээллийг хүлээн авах хүмүүс цөөн тооны, үнэнч байх тусмаа танд ашигтай гэдгийг редакц, сэтгүүлчид ойлгох хэрэгтэй байгаа.

-Цахим орчин цаашид зах хязгааргүй тэлнэ. Энэ тохиолдолд мэргэжлийн сэтгүүл зүй цаашид ч байсаар байх уу?

-Мэдээж хэрэг мэргэжлийн сэтгүүл зүй байна, үлдэнэ. Харин хэрэгсэл нь өөрчлөгдөж цаасан сонин, хэвлэмэл сэтгүүл байх уу үгүй юү гэсэн асуудал гарч ирнэ. Тэгэхээр олон нийтийн мэдээлэл ямар сувгаар дамжиж хэрэглэгчдэд хүрч байгаагаас үл хамааран сэтгүүл зүй мөнхийн шинж чанартай зүйл. Нийт иргэд буюу олон нийтийн нэгдмэл эрх ашгийг хамгаалдаг, илэрхийлдэг мэдээлэл харилцаа устаагүй тохиолдолд сэтгүүл зүй байгаа гэж ойлгож болно. Маш олон төрлийн мэдээлэл харилцааны хувилбарууд байна.

Жишээлбэл, ПР, реклам, ухуулга сурталчилгаа болон шашны мэдээлэл хүртэл үүнд багтана. Эндээс сэтгүүл зүй юугаараа ялгардаг вэ гэвэл хэн нэгний, хэсэг бүлгийн субьектив эрх ашгыг бус олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг нэн чухал байгаа сэдвийг эрэлхийлж, асуудлыг гаргаж ирснээр шийдвэрлэх арга замыг хайдаг шинжээрээ ялгарна. Тиймээс сэтгүүл зүй хэрэгслээрээ бус мэдээллийнхээ мөн чанараас шалтгаалан мөнхийн шинж чанараа өөртөө агуулдаг.

-Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг заримдаа энгийн иргэд зөвхөн сэтгүүлч­дийн хувийн эрх ашиг, дур зоргоороо авирлах гэсэн оролдлого хэмээн харддаг. Үүнийг яаж ойлгуулах ёстой вэ?

-Хэрэв ардчилсан тогтолцоонд чөлөөт ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тэр тогтолцоог баталгаажуулчихсан байгаа бол хүний эрх, эрх чөлөөг хангадаг баримт бичиг, олон улсын гэрээ конвенцод нэгдэх ёстой. Монголд хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бий. Гэвч хэвлэлийн эрх чөлөөг хамгийн ихээр дээдэлдэг эхний 10 улс оронд яг хэвлэлийн эрх чөлөөний талаар тусгайлан зааж баталсан хууль байдаггүй. Тэдгээр улс орнуудад хүний эрх чөлөөг хамгаалах бүх боломжит журмуудыг баталж сайн хэрэгжүүлдэг учир тэр гарцуудыг хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хүний эрхээр баталгааждаг зүйл учир тэдгээр улс орнуудад байгаа сэтгүүлчийн эрх Үндсэн хуульд байгаа хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэсэн заалтаар зохицуулагддаг.

Мөн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг хоёр хандлагаар хэрэгжүүлдэг. Нэг нь, хэвлэл мэдээллийн салбарт тусгайлсан хууль батлахгүй байх нь зөв юм байна гэсэн ойлголт. Харин үүнийг ерөнхий хуулиудаараа зохицуулдаг байя гэж үздэг. Редакц нь компанийн тухай хуулиараа, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь хувь хүнд хамаарах Үндсэн хуулийн зүйл заалтаараа гээд зохицуулж болно. Нөгөө талын хандлага нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль, болох болохгүй мэдээллийн урсгалыг хязгаарлах тухай хууль, гадаад мэдээллийн гэх мэтээр энэ салбарын нэхсэн, шаардсан бүх зүйлээр хууль батлах явдал.

Манай улсад ч сүүлийн хандлагыг хэрэгжүүлж, хууль нь сул байна, нэмж хязгаарлах ёстой  гэх хэсэг байгаа. Сэтгүүл зүйн салбар хууль нэхэх тусмаа өөрийнхөө явах замын голдиролыг улам нарийн болгодог. Ямар ч сайхан нэртэй, ямар ч зохицуулалтын шинжтэй байлаа гээд хууль батлагдаж л байгаа бол тэр чинээгээрээ сэтгүүл зүйн салбарын аль нэг далавч хумигдаж байгааг энэ салбарынхан ойлгох хэрэгтэй. Хэрвээ ерөнхий зүйл заалттай хууль батлуулчихсан бол хэрэгжилт гэдэг зүйлийг Засгийн газрын, хэрэгжүүлэгч агентлагуудын болон мэргэжлийн “гал тогооны” түвшинд шийдэж чадахгүй байгаагаа хууль нэхэх тусам улам л буруу зам руу орно.  Тийм учраас хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмуудыг сайжруулах хэрэгтэй. Бие биедээ ёс зүйн шаардлага сайн тавьдаг, бүтээлийн хулгай хийдэггүй байх, хариуцлага болон шийтгэлийн системээ аль болох зөөлнөөр яаж хийж чадах вэ гэдгээ илэрхийлж байх ёстой.

-Дээр ярьсан зүйлийн жишээ болж саяхан Эрүүгийн хуульд доромжлох заалтыг тусад нь салгаж, ял шийтгэлийнх нь хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ нь бас л хэвлэлийн эрх чөлөөг хумисан үзэгдэл мөн үү?

-Монголд гүтгэх, доромжлох гэсэн заалтуудыг нааш, цааш нь татсанаар магадгүй дэлхийн хэвлэлийн түүхэнд нэг алхам ухарсан үзэгдэл болж үлдсэн байх. Мөн гүтгэх, доромжлох гэсэн заалтад хамаарах зүйлсийг зөвхөн сэтгүүлч хийдэггүй юм гэдгийг шийдэх гэсэн үүднээс Эрүүгийн хуульд оруулсан. Ардчилсан тогтолцоонд шилжсэн орнууд хамгийн түрүүнд гэвэл гүтгэх, доромжлох гэсэн асуудлыг иргэний хуулиар шийддэг. Иргэн хүн гүтгүүлж, доромжлуулсан бол иргэний хууль болон торгуулын зарчмаар, хувь хүний гаргасан нэхэмжлэлээр шийдэж түүнийг нь шүүхээр нотолдог тогтолцоонд орсон. Үүнийг манайхан дагаж Эрүүгийн тухай хуулиас энэ заалтуудыг авч Иргэний хууль руу оруулсан. Гэтэл 2017 оноос Зөрчлийн тухай хуулийг баталсан. Хэрэв иргэн хүн аль нэг сэтгүүлчид гомдол гаргавал Зөрчлийн тухай хуулиар зохицуулж байсан.

Харин одоо энэ заалтуудыг Эрүүгийн хууль руу буцаагаад оруулчихлаа. Мөнгө төл, төлөхгүй бол шоронд суу гэсэн хатуу зарчим үйлчилж байна. Эрүүгийн тухай хуулиар үүнийг зохицуулж буй нь хүнийг ялладаг, заавал хорих гэсэн, насан туршид нь ялтан гэсэн шошго зүүж өгч байгаа мэт. Гүтгэх, доромжлох гэдэг нь угтаа бол ёс зүйн үйлдэл юм. Ёс зүйн үйлдлийг эрүүгийн хариуцлагаар шүүх ёсгүй.

Тэгэхээр энэ салбарынхны хийх ёстой зүйл нь давхар давхар зүйл заалт, хуулиар далимдуулж сэтгүүлчийн өдөр тутмын ажилд төвөг учруулж буй үйдлийг зогсоох. Шийтгэлээ хүлээх асуудал ондоо. Наана нь тухайн сэтгүүлчийг байнга байцааж, дууддаг, ажлыг нь хийлгэдэггүй гэх мэт далд хэлбэрийн дарамт шахалт үзүүлдэг нь асар их төвөг учруулдаг. Энэ бол цаад утгаараа мэргэжлийн редакц, сэтгүүлчийн ажилд дөнгө, саад болж буй үзэгдэл юм. Түүнээс биш сэтгүүлч хүн би гүтгэх, доромжлох эрхтэй гэж өөрийгөө хаацайлаад байгаа хэрэг биш. Тэгж ойлгуулдаг улстөрчид больцгоо, хэрэглэгч болон уншигчид ч больцгоох хэрэгтэй.

-Сүүлийн үед амтай болгон нь Монголын сэтгүүл зүй худалдагдсан, хэн нэгний халаасанд орсон гэх болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Иргэд, зарим судлаач, улстөрчид Монголын сэтгүүлчид худалдагдсан гэж ярих болсон. Гэтэл манай улсын зах зээлд ажиллаж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллага нэг халаасанд орно гэж байхгүй. Бүгдийг нь базах хэмжээний улс төр, бизнесийн сүлжээ ч байхгүй шүү дээ. Монголын сэтгүүл зүй тогтолцооны хувьд ярихгүй, бичихгүй сэдэвгүй байгаа учир хараат бус тал дээр хангалттай сайн. Харин нэгж редакцын түвшинд очихоор тодорхой улс төр, бизнесийн бүлэглэд үйлчилж байгаа тохиолдол бий. Аль нэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад өөрсдийн мэдээ, мэдээллээ түгээж үйл ажиллагаагаа сурталчлах хэрэгцээ бий.

Түүнийг нь мэргэжлийн түвшинд бичиж боловсруулж, олон нийтэд түгээх боломж нь хэвлэл мэдээллийн байгууллагад байна. Тиймээс тухайн байгууллагууд тодорхой гэрээ хийж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтрах нь зөв. Үүнийг олон нийт шууд утгаараа сэтгүүлчид худалдагдсан, хэн нэгний халаасанд орсон гэж ойлгох нь маш буруу. Хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн ажилчдаа цалинжуулж, ашиглалтын зардлаа нөхөхийн тулд ашиг олох хэрэгтэй. Хуулиар ганц хүлээн зөвшөөрсөн мөнгө олох арга нь реклам, сурталчилгаа учир үүнийг бусдын халаасанд орсон мэтээр ойлгож болохгүй.

-Саяхан нэгэн мэдээллийн сайтын сэтгүүлч ярилцлага хийх үеэрээ ёс зүйн ноцтой алдаа гаргасныг бүгд шүүмжилсэн. Үүнийг дагаад сэтгүүлчдэд итгэх иргэдийн итгэл багасч байгаа ажиглагдсан. Хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн чухал зүйлсийн нэг нь эрх сур­валжаас саадгүй мэдээлэл авах шүү дээ.

-Энэ тохиолдлыг сайн бодоод үзвэл сэтгүүлчдийг муухайгаар харууллаа, салбараар нь хороллоо гэж хамгийн ихээр орилсон хүмүүс нь сэтгүүлчид өөрсдөө байсан. Хэн ч анзаараагүй байхад л “Май, үүнийг анзаар бидний алдаа энэ байна” хэмээн хамгийн түрүүнд “таваглаж” өгсөн хүмүүс нь энэ салбарынхан өөрсдөө болчихсон. Угаас мэргэжилдээ хайртай, чадвартай сэтгүүлч хэнийг ч доромжилж, гүтгэхгүй. Мэдээж л хүн болохоор ёс зүйн алдаа хааяа гарна. Өдөр тутамдаа өөр хүмүүс, сэдэвтэй харьцана. Тогтсон стандарттай үйлдвэрлэлийн явц ч биш учраас олон янзын зүйл тохиолдоно. Тийм учраас үүнийг бүрэн гүйцэт шийдсэн ганц ч улс алга. Хамгийн боломжит арга нь сэтгүүл зүйн “гал тогоо” өөрөө өөрийгөө шүүдэг байх явдал болсон. Хариуцлага тооцож, шийтгэдэг нь арга нь дотооддоо байх нь хамгийн боломжит арга гэж үзэж байгаа.

Үүнийг Эрүүгийн, Иргэний хуулиар зохицуулаад байхаас илүү хэвлэлийн өөрийн зохицуулалтыг чадамжтай, хүчтэй болгоха хэрэгтэй. Сэтгүүлч эх сурвалждаа хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэсэн бичигдээгүй зарчим бий. Өөрөөр хэлбэл эх сурвалжаа хүндлэхгүй, дайрч давшилж байгаа нь хүний эрхийн зөрчил юм. Хэрэв ямар нэгэн сэтгүүлч таныг тодорхой мэдээлэл өгөх чадамжтай, үг, дуу хоолой, байр суурь тань олон нийтэд хэрэгтэй гэж хандвал түүнд нээлттэй ханд. Сэтгүүлчийн мэдээ, мэдээлэл гэдэг хувь хүн талх олж идэх гээд, хувийн эрх ашигтаа ашиглах гэсэн зүйл биш. Сэтгүүл зүйн бүтээл нь олон нийтийн эрх ашгийн төлөө явдаг зүйл учраас сэтгүүлчийн мэдээлэл нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж, алдаа дутагдлыг сайжруулах хэмжээний зүйл юм. Нэг үгээр хэлбэл та бүхний төр засагт тавих хяналтын үйл явцын хамгийн хүчтэй хэрэглүүр юм шүү. Тиймээс уншигч та мэргэжлийн редакц, сайн сэтгүүлчийг ялгаж тань. Түүнээс айх, зугтаах биш хамтран ажилла. Төдий чинээ таны үйл ажиллагаа, нэр хүнд, бизнес өөрийн тань хамтрагчдад хүрч үнэ цэнтэй ПР болдог. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгүүлч(202.9.46.139) 2022 оны 05 сарын 03

Наранбаатар аа, чи хоосон хийсвэр юм яриад яахав, сэтгүүлзүйн багш ухаантай юм бол ганц мэдээ бичиж үзсэн үү, сурвалжлага найруулал яаж бичдэгийг мэдэх үү?

0  |  0
Зочин(66.181.187.104) 2022 оны 05 сарын 03

Муу сурдгууд хамгийн муу сургууль нэртэй юмнаас картон хавтас авч сэтгүүлч нэртэй болно. 35 үсэг бүрэн мэдэхгүй

0  |  0
Браво!!!(66.181.161.32) 2022 оны 05 сарын 03

Браво!!!

0  |  0
Top