СХД: Хүнсний талонд хамрагддаг иргэдийг ажлын байранд зуучиллаа

2022 оны 05 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЕ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр /2022.05.04/ зохион байгууллаа.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Э.Батшугар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул нар оролцлоо.

Тус өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2022 онд хэрэгэжүүлэхээр баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг  иргэдэд нэг цэгээс хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.

Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлсэн юм.   Өдөрлөгийн үеэр зорилтот бүлгийн (хөгжлийн бэрхшээлтэй) иргэнийг байнгын ажлын байраар хангаж буй “ТЖТБ” ХХК, “БАЯН ХҮДЭР” ХХК, “АЛАГ ТАРАГ” ХХК, “НОМИН ХОЛДИНГ” ХХК-тай ”САНАМЖ БИЧИГ” байгуулж гарын үсэг  зурлаа.

ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР ДАРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА:

- “Хүний эрхийн бичгийн үйлчилгээ”-нд хамрагддаг өрхийн ажил хайгч 100 иргэнийг 2022-2024 онд ажлын байраар хангаж хамтран ажиллах талаар “Номин холдинг” ХХК-тай “САНАМЖ БИЧИГ” байгуулж гарын үсэг зурлаа.

- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл, ажилд зуучлалын үйлчилгээ үзүүлэх, дүүргийн ажил олгогч томоохон байгууллагууд газар дээр нь иргэдэд ажлын байраар хангах, ажлын шууд ярилцлага хийх

- 2022-2023 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг сурталчлах

- Нийгмийн халамжийн үйлчилгээний хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд смарт карт олгох ба хугацаа сунгах

- Ахмад настны амралт, сувиллын эрхийн бичиг олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтийн танилцуулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top