Г.Батзориг: Банкууд эхний IPO-гоор 600 гаруй тэрбум төгрөг босгох болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

“Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулийн төсөл батлагдсантай уялдаж гарах зарим ойлголтыг тодруулах, санхүүгийн үндсэн гурван тулгуур багана болох банк, даатгал, хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчрах талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар иргэд банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлээд буй. Тэгвэл уг хуулийн хэрэгжилт хөрсөн дээр хэр бууж, ажил хэрэг болохоор ажиглагдаж байна вэ?

-Банк бүр дотроо IPO-н ажлын хэсэг байгуулж, жил орчим хугацаанд бэлтгэл ажлаа нэлээд хангаж ажилласан. Одоо системийн нөлөө бүхий зарим банк IPO хийх зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагуудаас хүлээж байна. Бид түүхэн мөчийн гэрч болоход их ойрхон байна. Банкууд бэлтгэл ажлаа тусдаа ажлын хэсэг гаргаад аль хэдийнэ хийгээд эхэлсэн. Хөрөнгийн зах ч тэр, хөрөнгө оруулагчид ч тэр бэлтгээд эхэлсэн.

Саяхан Төрийн банкийг олон нийтийнх болгох журам Засгийн газраас гаргалаа. Одоогоор зах зээлд Голомт банк эрчимтэй маркетинг хийгээд эхэлсэн байна. Хамгийн түрүүнд IPO хийх болов уу. Удахгүй Хаан банк IPO хийх зөвшөөрлөө аваад маркетингийн ажлаа эхлэх байх гэсэн таамаг байна. Банк болгон дор бүрнээ төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй байна. Гагцхүү цаг хугацааны хувьд өөр, өөр үед IPO хийхээр байна. Мэдээж хуулийн хугацаа буюу энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтаж IPO хийх ёстой. Хөрөнгийн захын тав, зургаадугаар сарын идэвхжил банкны IPO байх болно. 

-Хуулийн хэрэгжих хугацааг маш тодорхой заасан байсан. Та сая хэлээ, 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор арилжааны банкуудыг нээлттэй  компани болгоно гэж байгаа. Гэхдээ заасан хугацаанд багтааж, энэ бүхнийг амжуулах боломжтой юу. Манай санхүүгийн зах зээлд тийм нөөц бий юу?

-Банкууд IPO хийхдээ өөрийн хадгаламж эзэмшигчид, байнгын түнш харилцагчдадаа хувьцаагаа санал болгосноор банк бүр IPO-гоо амжилттай хийж чадна. Манайд өмнө нь хамгийн томдоо л гэхэд 180 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани л IPO хийж байсан тохиолдол бий. Гэтэл банкууд нээлттэй болж байгаа нь өмнөх үйл явдлуудаас хамаагүй томдоо тооцогдоно. Тэр ч хэмжээгээрээ ихээхэн хөрөнгө татах тул ийм богино хугацаанд IPO хийх нь байна. Дээр хэлсэнчлэн системийн таван банк IPO хийснээр 600 тэрбум төгрөгийн хэрэгцээ үүснэ. Ийм хэмжээний мөнгө хаана байна вэ гэхээр эргээд тухайн банкуудын харилцах, хадгаламжид л байна. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай тохиролцох нь банкуудад амар. Яг цагаа тулахаар нэг тэрбум төгрөг хүртэл зах зээлээс босгоход амаргүй бас зардал ихтэй. Тэгвэл тав, 10, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын сангууд байна. Тиймээс мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай тохиролцох нь банкуудад давуу талтай.

-Таны хувьд банк санхүүгийн зах зээлд олон жил ажилласан хүн. Тэр утгаараа иргэд банкны хувьцаа худалдаж авснаар ашиг хэр хүртэнэ гэж төсөөлж байна вэ. Банкны хадгаламжинд мөнгөө хийсэн дээр үү, тэр мөнгөөрөө хувьцаа худалдаж авсан нь илүү өгөөжтэй юү?

-Хадгаламжийн хүү долоон хувь гээд инфляцд бариулчихаад байхад банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж 20 хувьтай байна. Тэгэхээр банканд хадгаламж хийсэн нь дээр үү. Эсвэл банкны эзэн болчихсон нь дээр байна уу. Мэдээж банкны эзэн болчихсон нь дээр байгаа биз.Банкны салбар сүүлийн хэдэн жил хэдэн арав дахин өссөн. Магадгүй Хаан. Голомт банкны ч юмуу, Худалдаа хөгжлийн банкны хувьцааг жирийн иргэд маань 1999 онд, 2000 онд сая төгрөгөөр авчихсан байсан бол өнөөдөр энэ маань 500 сая, тэрбум төгрөг болж өсчих байсан. Гэхдээ үүнийг банкны цөөхөн эзэд хүртлээ. Гэтэл бид чинь улсаараа 3.2 сая иргэн банкны хадгаламжийг нь хийгээд зээлийг нь хийгээд ашгийг нь бүрдүүлээд л явж байсан. Хүн бол зөвхөн ажил хийгээд орлого олохоос гадна орлогынхоо тодорхой хэсгийг хөрөнгийн зах зээлд хийснээр хөрөнгөтэй, хуримтлалтай тэтгэвэрт гарахдаа мөнгөтэй болдог юм байна аа гэдэг  санааг л хэлж байгаа юм.

-Муугаар бодоход банк дампуурчихвал хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн зохицуулалт байна уу?

-Хөрөнгийн зах зээлд гараагүй ч гэлээ сүүлийн 20 жилд 19 банк дампуурсан байдаг. Хамгийн сүүлд л гэхэд нийгмийн даатгалын мөнгө аваад дампуурсан Капитал банк байна. Тухайн банкуудын нийтлэг шинжүүдийг аваад үзвэл системд нөлөөгүй жижиг банкууд бөгөөд олон улсын хяналт шалгалт стандартыг мөрддөггүй, өрсөлдөх чадварууд муутай банкууд байлаа. Мөн засаглалын хувьд нийтлэг ажиглагддаг зүйл нь ганц эзэнтэй банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг танил талдаа зээл болгож гаргах, эргээд нөгөө бизнес нь дампуурах зэрэг ёс суртахууны гажуудал гардаг байсан нь тухайн банкуудыг дампуурахад хөшүүрэг болдог байсан. Гэхдээ өдгөө банк өөр болсон. Эдийн засагт нөлөө бүхий томоохон аж ахуйн бусад нэгжээс ялгаатай зүйл нь банк өдөр бүр тайлангаа гаргаж байдаг. Нэг ёсны өдөр бүр шинжилгээ өгч эмчид үзүүлж буйтай адилхан гэсэн үг. Засаглалын хувьд олон хөрөнгө оруулагчидтай болсноор хяналт шалгалт бүр их нэмэгдэнэ л гэсэн үг.

-Банкууд өөрсдийн IPO-гоо олон нийтэд санал болгоно. Сонирхож буй хөрөнгө оруулагч нар хувьцаа худалдаж авахынхаа өмнө аль банкийг сонгох ёстой вэ гэдэг дээр эргэлзэнэ. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хөрөнгө оруулалт гэдэг бол нэг компанийн хувьцаа аваад болчихдог асуудал биш, маш их судалгаа, мэдээ мэдээлэл дээр тулгуурлаж хөрөнгө оруулалт хийдэг. Бас хөрөнгө оруулалт хийгээд мартаад хаячихдаг ч асуудал биш. Үүн дээр тулгуурлаад бид Мандал ирээдүйн өсөлт гэдэг нэртэй 7200 хөрөнгө оруулагчдийг багтааж чадсан хамтын хөрөнгө оруулалтын санг бий болгосон. Та ямар банканд яаж хөрөнгө оруулахаа мэдэхгүй бол хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа л худалдаад авчихна. Хөрөнгө оруулалтын сан нь таны өмнөөс судалгаа тооцоо, хөрөнгө оруултыг нь хийчихдэг процесс байгаа. Энгийн иргэд буюу жижиг хөрөнгө оруулагчид компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, ком­панийн ТУЗ-д өөрсдийн дуу хоолойг хүргэх зэрэг эрхүү­дээр дутагдаж байдаг. Уг ажлыг хөрөнгө оруулалтын сан нь таны өмнөөс хийж өгдөг гэсэн үг.

-Олон улсын валютын сангаас банкуудын IPO-г хойш­луулах зөвлөгөөг эрх баригчдад өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн 90 орчим хувь нь дотоодын арилжааны банкуудаар дамждаг, Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд манай улсын санхүүгийн салбарын гол дэд бүтэц болдог гэсэн үг. Банкуудын IPO-н ажлын хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хөндлөнгийн аудитын зүгээс хийж буй хянан шалгах ажиллагаа маш их хугацаа шаардана. Мөн андеррайтерууд, хуулийн байгууллагууд гэх мэт өөр бусад хөндлөнгийн оролцогчдын бэлтгэл ажлууд нэлээн удаашралтай байгаа. Системийн нөлөө бүхий банкууд ирэх сарын 30-ны өдрийн дотор IPO хийсэн байх хуулийн шаардлага бий. Энэ хугацаандаа амжиж IPO хийх нь нэлээн шахуу байна гэсэн үүднээс ОУВС хойшлуулах санал гаргасан гэж харж байна.

Хоёрдугаарт, Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан активын чанарын үнэлгээг Монголбанкны зүгээс мөрдөж ажиллана. Банкууд зээлийн багцаа чанартай, чанаргүйгээр нь зөв ангилж тодорхойлох нь эргээд банкны салбарын эрсдэл даах чадварт чухал. Активын чанарын үнэлгээ нь өөрийн хөрөнгийн үнэлгээг зөв тохируулах, цаашлаад банкуудын IPO хийх үнэлгээг оновчтой, бодитоор тогтооход чухал. Ер нь ямар нэг реформ хийхэд бэлэн үе гэж байдаггүй. Учир нь, зовлон бол амьдралын нэг хэсэг гэдэг шиг зах зээлд асуудал байсаар л байна. Эхний IPO-гоор банкууд 600 гаруй тэрбум төгрөг босгох болно. Хадгаламжид 20 орчим их наяд төгрөг байхад 600 тэрбум төгрөг бол асуудалгүй босно. Хамгийн эрсдэлтэй гэгдэх койн дээр хүртэл хоёр их наяд төгрөг эргэлдэж байсан шүү дээ. Юм бүхэнд л айж бэмбэгнээд байвал бид юуг ч урагш хөдөлгөж чадахгүй. Банкуудын зүгээс өөрсдийн үнэлгээгээ тогтоочихсон, мэргэжлийн байгууллагаас л IPO хийх зөвшөөрлөө хүлээж байна. Банкууд дахь томоохон хадгаламж эзэмшигчид, Хөрөнгө оруулалтын сангууд зэрэг банкны худалдан авагчид нь бэлэн байна.

Банкны IPO хойшлохын сөрөг тал нь банк гэдэг том байгууллага олон  нийтийнх болох боломж хойшилно. Уг нь олон нийт хянадаг банканд Капитал банк шиг асуудал үүсэхгүй. Улстөржилт явагдахгүй. Цэвэр бизнесээ хийх боломж бүрдэх давуу талтай.

Тиймээс аар саархан зүйлсээр энэ ажлыг хойшлуулах нь хэрэггүй мэт санагдана. Том дүр зургаараа бол баялгийн тэгш хуваарилалт явагдах эхний алхам ирээд байна шүү дээ. Ер нь мега төсөл хэрэгжиж эхлэхэд түүнийг дагаж томордог сектор бол санхүүгийн салбар юм. Ирэх 2023, 2024 оны Оюу Толгой далд уурхай, төмөр замын бүтээн байгуулалт эхлэхэд банкны сектор ч дагаад томорно. Өсөлтөөс нь өмнө олон нийтийнх болчихвол тэрхүү өсөлтөөс хөрөнгө оруулагч нар хүртэх боломж бүрдэнэ.

-Эдийн засагч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй нэг асуудал байна. Монгол банкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 2.5 хувь өсгөж, есөн хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Бодлогын хүүг есөн хувь болгож байгаа гол шалтгааныг сүүлийн үед зарим улс төрч тайлбарлахдаа Монголбанк долларын ханшийн өсөлтийн эсрэг болон инфляц өндөр байгаатай холбогдуулан өсгөсөн гэж ярьж байна. Монгол Улсын инфляц иргэ­дийн гар дээр их мөнгө овоорсноос болоод өсөж байгаа юм байхгүй. Ам.дол­ларын ханшийн өсөлт ч ялгаагүй иргэд гэнэт доллар аваад, тансаг зүйл хэрэглэх гээд байгаагаас болоогүй.
 

Монгол Улсын эдийн засгийн хувьд инфляцтай бодлогын хүүг өсгөж тэмцэнэ гэдэг үр нөлөөгүй гэж үзэж байна.Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөж улмаар санхүүжилтын зардал 20-30 хувь өснө. Инфляц үүссэн шалтгаан нь бараа бүтээгдэхүүний хомстол, нийлүүлэлтийн асуудал. Үүнийг жирийн иргэн хүртэл ойлгож байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top