Засгийн газраас Хэмнэлтийн тухай хуулийг өргөн барьснаар УИХ баталж, төсвөө тодотгочихлоо. Нийгэм, эдийн засагт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахын тулд олон цогц арга хэмжээ авахын зэрэгцээ мах гурилаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлшний үнийг тогтвортой барих зэрэг олон асуудал цэгцэрсэн гэж болно. Хүнд цаг үеийг туулж гарахад Засгийн газар, түүний танхим хүчирхэг байх зайлшгүй шаардлага бий. Үүнээс дөрөөлөн үзэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй болж байна.
УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу “Давхар дээл”-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байдаг. “Давхар дээл”-ний асуудлыг сүүлийн 20-иод жил бултаараа шүүмжилж байж өнгөрөгч 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэгцэлж сайдуудын давхар дээлийг тайлсан. Гэтэл өдгөө 2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох” тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээ дурдсан.
Тэд хэлэхдээ “Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” хэмээсэн. Уг нь өчигдөрхөн Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг. Тэгэхээр Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна” гэх шүүмжлэл дагуулж ирсэн. Монголын төр, УИХ тийм ч ой санамжаа алдчихсан гэж бодохгүй байна. Хэн дуртай нэг нь, аливаа нэг бүлэглэлийн хүсэл тачаалаар Үндсэн хуулиа өөрчлөөд байвал юу болох вэ гэдэг асуудал ч сөхөгддөг. Өнөөдрийн нөхцөл байдлаас харж байхад дан дээлтэй сайд нар жульдаж байгаа нь илт. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь зөв юм гэдгийг хаа хаанаа яриад эхэлжээ.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийхэд түүчээлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар Хаврын чуулганы нээлтийн үеэр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэж харах цаг нь болсон” хэмээн онцолсон. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Давхар дээл, Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх, Парламентын гишүүдийн тоог нэмэх гэсэн гурван асуудал байгааг дуулгана лээ. Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуульд ч анхаарах ёстойг хөндсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, зүйл заалт нь хоорондоо уялдаатай төдийгүй зайлшгүй шаардлагатай зүйлс гэдгийг нийгэм өөрөө сануулж буй.
Нэн тулгамдаж байгаа асуудал бол парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зарчимтай зөрчилдөж байгааг хаа хаанаа дуулгах болжээ. Тэр нь Сонгуулийн тухай хууль юм. Тухайлбал, сүүлийн хоёр сонгуулийг мажоритар тогтолцоогоор зохион байгуулж, намын санал ихээр гээгдсэн гэж үздэг. Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгч, сонгогчдын 44 орчим хувь нь МАН-ын, 33 хувь нь АН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн ч МАН-д 65, АН-д есөн суудал ногдож байх жишээтэй. Тэгвэл 2020 оны сонгууль ч яг ийм жишгээр явагдсан нь яах аргагүй тогтолцооны гажиг гэдгийг судлаачид хэлдэг. Өнөөдрийн хувьд нэг намын дарангуйлал ч тогтож мэдэхээр байгааг тал талаас сануулж шүүмжлээд эхэлсэн.
Мөн нэг асуудал байгаа нь Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгох эсэх. Энэ нь өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. Олон жил яригдсан зүйл учраас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх тухай маргаан ид өрнөж байна. Зарим хуульч, УИХ-ын гишүүд ийм жижиг парламентаас ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь иргэдийнхээ эрхийг хязгаарласан хэрэг болно гэх мэтээр эсэргүүцэх нь ч бий. Үүний зэрэгцээ дэмжиж байгаа хүмүүс бас бий.
Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол илүү хариуцлагатай болно. Одоо бол нэг хүн аль нэг инстутицэд хамаардаггүй дураараа шийдвэр гаргаад явдаг нь аюултай болохыг зарим улс орны жишээнээс харж болно гэж байгаа бол ард түмнээс сонголтыг нь булааж авч болохгүй гэх мэтээр хоёр талд маргаж сууна.
Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгохдоо хүрвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал дагаж хөндөгдөхөөс өөр аргагүй аж. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө. “Давхар дээл”-ний асуудлаа цэгцлэнэ гээд бүгд уялдаа холбоотой. Учир нь, өнөөдөр хүн амын тоо өссөн ч гишүүдийн тоо хэвээрээ байгаа. Нэг гишүүнд 10 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Нөгөө гишүүнд 40 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Тэгэхээр энэ хүч тэнцвэргүй харилцааг тэгшитгэж, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэгт зарим байр суурь нэгдэж байгаа. Нөгөө талаас манай улс шиг цөөн хүн амтай, парламент нь төлөвшөөгүй ийм цагт гишүүдийн тоог нэмж зардал чирэгдэл учруулах хэрэггүй гэж үзсэн. Мөн үүнийг дагаад бүх зүйл өөрчлөлт орох учраас асуудлаа уялдуулан авч үзэх хэрэгтэй, яарах хэрэггүй гэх байр сууриуд ч байна. Одоогийн байдлаар ийм дөрвөн асуудал зүй ёсоор яригдаж, Үндсэн хууль хөндөж орох гурван заалтыг нэн яаралтай авч үзэх шаардлага байгааг нийгэм өөрөө хэллээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага байгааг эрх баригчид ч бусад улс төрийн нам, судлаачид ч зөвшөөрөөд байгааг дуулгана лээ.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Намууд өөртөө тааруулаад өөрчлөлт хийнэ. Иргэд хоосон , дордож хоцорно. Иргэдэд хууль санаачлах эрх олго. УИХ- д намын төлөөлөл сонгодогоо боль.