Ц.Адъяасүрэн: Озоны давхаргыг хамгаалахад хүн бүрийн хандлага чухал нөлөө үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй экологийн асуудлуудын нэг нь Озоны давхаргын цоорол юм. Цоорол ихсэх тусам амьд оршин буй бүхэнд хортой гэдэг ерөнхий мэдээлэл бидэнд бий. Харин хүмүүс энэ талаар зохих мэдлэгтэй бол Озоны давхаргыг тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой аж. Иймээс “Өглөөний зочин”-оороо БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор Ц.Адъяасүрэнг урилаа.


-Олон нийтэд  ярилцлагаа илүү энгийн, ойлгомжтой хүргэх үүднээс Озоны давхарга хэрхэн оршдог талаар эхлээд тайлбарлуулъя?

-Дэлхийн агаар мандалд маш бага хэмжээтэй оршдог энэхүү хийний 90 орчим хувь нь  дэлхийн гадаргаас дээш давхраат мандалд 10-50 километр өндөрт байрладаг. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг шүүж, хүн байгалийг хамгаалж байдаг учир “сайн озон” гэж нэрлэдэг.

Озон нь хүчилтөрөгчийн гурван атомоос тогтсон молекулыг хэлээд байгаа юм. Өнгөгүй, үнэргүй хий л дээ. Харин озон нь хүн болон дэлхийн эко системд үзүүлэх нөлөөллөөрөө хоёр өөр ангилалд багтана. Озоныг сайн, муу гэж хоёр ангилж болно. Сайн нь дээр дурдсан хүн, амьд ертөнцийг  нарны хэт ягаан хортой туяанаас хамгаалах хуяг болсон давхраат мандлын озон юм. Харин муу озон  гэдэг нь утаа үүсгэх боломжтой, газрын гадарга орчмын агаарыг  бохирдуулагч озон юм.

-Сайн озоноо хамгаалах, муу озоныг ялгаруулахгүй байхын тулд яах ёстой вэ?

-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Озоны цоорхой гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд 1970-аад оны дундуур дэлхийн бөмбөрцөгийн өмнөд туйл дээрх озоны давхарга цоорч, нимгэрч байгааг анх олж тогтоосон. Улмаар түүний учир шалтгааныг хайх болсон. Үүний эцэст давхраат мандлын озоны давхаргын задрал нь үйлдвэрийн аргаар 1920-иод оноос гарган авч хөргөлт, агааржуулагч, тусгаарлагч хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл гэх мэт эдийн засаг, нийгмийн  олон салбарт эрчимтэй ашиглаж эхэлсэн хлортфторт нүүрстөрөгч / ХФН/CFC/ төрлийн бодисоос үүдэлтэйг олж тогтоосон. 

Иймээс озоны давхаргыг задалдаг бодисоос татгалзах, орлуулах өөр төрлийн бодисыг эрэлхийлэх болсон. Учир нь тэр чигээрээ яваад байвал хүн  болон амьд орчин нарны хэт ягаан туяанд хордоно. Озоны давхарга нимгэрэх тусам л өнөөх хэт ягаан туяаны хор биднийг бүрхэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгааг хэлье. Озоны хэмжээ нэг хувь багасвал хорт хавдрын тохиолдол хоёр хувь өснө. Нарны хэт ягаан туяа нэг хувь нэмэгдвэл хүнсний үйлдвэрлэл 10 хувь буурна. Цаашлаад озоны давхарга нимгэрэхийн хэрээр дархлааны системийг дарангуйлж байдаг. Нүд гэмтэнэ, арьсны хорт хавдар нэмэгдэх гээд маш олон төрлийн үр дагаврууд илэрч байдаг.

 

“ОЗОНЫ ЦООРХОЙ 28 САЯ АМ.КМ ЦООРСОН БАЙСНЫГ ЭРДЭМТЭД ТОГТООСОН”

 

-Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг сайн озоноо хамгаалахын тулд биднээс шалтгаалах юу байж болох вэ?

-Эхлээд озон задалдаг бодисуудын талаар ойлголттой болох хэрэгтэй. Улмаар тэдгээрийг орлуулах бодис, хэрэглээний тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Тухайлбал, ахуйн болон худалдаа үйлдвэрлэлийн хөргөлт, барилга ба машины агааржуулалтын салбарт  ашиглагдаж буй хөргөлтөд озон задалдаг бодис ордог гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн аэрозоль шүршигч, цэвэрлэх уусмал, гал унтраагуур, үнэртүүлэгч хий зэрэгт озон задалдаг бодис ордог. Иймээс дэлхий нийтээрээ дээрх бодисоос татгалзах, улмаар орлуулагч бодисыг эрэлхийлж, орчин үед байгаль дэлхийд сөрөг нөлөөгүй, экологид ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байна.

Бид ч гэсэн дэлхий нийтийн энэ хөгжилтэй хөл нийлүүлж, аль болохоор экологид ээлтэй сонголтуудыг хийх хэрэгтэй болчихоод байгаа юм. Жишээ нь, хөргөгч худалдан авахаар зэхэж байгаа бол озон задалдаг бодис ашиглагдсан эсэхийг нь лавлаж, сонголтоо хийх хэрэгтэй. Ингэхийн тулд таних тэмдэг, бодисын нэршлийг нь мэдчих. “Озон задалдаг бодисын тухай Монреалын протокол”-ыг 1987 онд баталсан байдаг. Гол зорилго нь Озон задалдаг бодисын үйлдвэрлэл, хэрэглээг хянах буюу үе шаттайгаар бууруулж, хэрэглээнээс хасах, дэлхийн дулааралд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийн үйлдвэрлэл хэрэглээг үе шаттай бууруулахад оршиж байгаа юм. Цаашлаад озон задалдаг бодисын хэрэглээг улс орнуудад хатуу үүрэг өгч,  тусгай хуваарийн дагуу бууруулах ажлыг зохион байгуулахад Монреалын протоколын гол зорилго оршиж байгаа юм.

Энэ хүрээнд озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах гурван үе шаттай шилжилтүүдийг амжилттай хийж байна. Тодруулбал, Хлорфторт нүүрс төрөгчүүдийг 2010 онд хэрэглээнээс гаргасан. Харин 2030 он гэхэд Гидро хлор фторт нүүрстөрөгчүүдийг хэрэглээнээс хасахаар зорьж байна. Одоогоор хлор саармагжсан бодисуудыг үйлдвэрлэлд хэрэглэсээр байгаа ч 2024-2045 он гэхэд гидро фторт нүүрстөрөгчүүд буюу хлоргүй бодисыг ашиглахаар зорьж байна.

-Озоны давхаргыг цоол­­дог гол бодисуудаас дэлхий даяараа татгалзаж байгаа юм байна. Үр дүнг нь тодорхойлох боломж байгаа юу?

-Байлгүй яахав. Озоны цоорхой 28 сая ам.км цоорсон байсныг эрдэмтэд тогтоосон. 28 сая ам.км гэдэг бол БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрээс гурав дахин их буюу тийм их том цоорол үүссэн байсан гэсэн үг. Дэлхий нийтийн хүчин чармайлтын үр дүнд энэ цоорол жилээс жилд багассаар байна. Хэрвээ бид Озоны цоорол үүсгэдэг бодисоос бүрэн татгалзаж чадвал 2065 он гэхэд цоорол бүрэн нөхөгдөнө гэсэн судалгаа бий. Тэр бүх үйл хэрэгт Монгол Улс ч хамтран зүтгэх үүрэгтэй. Манай Озоны үндэсний албаны гол хийх ажил үүнд чиглэгддэг гэсэн үг.

-Озоны давхаргыг хам­гаа­лахад манай улс ямар хэмжээнд оролцож байна вэ?

-Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсноор Засгийн газрын 1999 оны 129 дүгээр тогтоолоор Озон давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж, 2000 оны долдугаар сараас озон задалдаг бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын зөвшөөрлийн тогтолцоо, 2012-2020 онд Монгол Улсад HCFC (hydro chloro fluoro carbons-гидрохлорфторт нүүрстөрөгч) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ны дэргэдэх Озоны үндэсний албыг байгуулан ажиллаж байна. Монгол Улсад одоогийн байдлаар нийт 17 эрх зүйн баримт бичигт 30 гаруй зүйл, заалтаар Озоны үе давхаргыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм.

Засгийн газрын 1999 оны 104 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсад озон задалдаг бодис импортлох, худалдаалах зөвшөөрлийн тогтолцоог 2000 оноос эхлэн бүрдүүлж, БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас өдөр тутам зохих зөвшөөрөл олгож, Гаалийн ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хилийн боомтууд дээр хяналт тавин ажилладаг. 2004-2016 онд нийт 5254 удаа озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлох зөвшөөрөл олгон гаалийн хяналтаар зохицуулж  байна.

-Монгол Улсад хэрэг­жүүлж буй HCFC хөргөх бодисыг үе шаттай бууруу­лах хөтөлбөрийн тухай, гүйцэтгэж байгаа ажил үүргээсээ  тодруулна уу?

-Дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (ГХФН/HСFC) бодисын хэрэглээг бууруулах Монгол Улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөрийг Монреалийн протоколын Талуудын 63 дугаар хурлаас 2011 онд баталсан юм. Энэ хүрээнд HCFC хөргөх бодисын талаарх бодлого, дүрэм журмыг боловсронгуй болгох, озон задалдаг бодисын хууль бус худалдаанаас сэргийлэх, гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HСFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад озон, уур амьсгалд халгүй, байгаль орчинд ээлтэй орлуулах бодисыг ашиглаж байна.

Манай Озоны үндэсний албанаас өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахдаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэд хэдэн сургалтыг зохион байгуулав. 2012 оноос хойш Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх “Мастер чадамж” сургалт судалгааны төвийг байгуулан ажиллаж, энэ хугацаанд нийтдээ 160 гаруй хөргөлтийн техникчдэд мэргэшлийн  гэрчилгээ олголоо. Озоны давхаргыг хамгаалах олон нийтийн мэдээлэл сурталчилгааны ажилд дээрх мэргэжлийн холбоог татан оролцуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг.

Үүний зэрэгцээ хяналт, зөвшөөрлийн механизмыг хатуу мөрдүүлж, дээрх арга хэмжээний үр дүнд озоны давхаргад ээлтэй хөргөлтийн төхөөрөмж, орлуулах бодисын импорт, хэрэглээ байнга өсөн нэмэгдэж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд шинэ технологи нэвтрүүлж байгаа нь сайшаалтай.

Озон задалдаг бодис бүхий тоног төхөөрөмж импортлох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд озон задалдаг бодис, тэдгээрийн хор хөнөөл, озоны давхаргын хомсдлын байгаль болоод хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийг тайлбарлах, озон задалдаг бодисыг орлуулах бодис бүхий тоног төхөөрөмж импортлохыг ухуулан таниулах мэдээлэл сурталчилгааны ажил өргөн хүрээтэй явуулж байна.

-Цаашид энэ чиг­лэлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд юунд илүү анхаарал хандуулах ёстой вэ?

-Монгол Улс озон задалдаг бодис үйлдвэрлэгч бус, импортлогч орон учраас жил бүр олон улсын конвенциор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу импортлох бодисын хэмжээг БОАЖ-ын сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрт хил, гаалийн байгууллага, ажилтнууд хяналт тавьж, улсын төсвөөр эко (тогтвортой) худалдан авалт хийх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол Улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийг (ГХФН/HCFC) төрлийн бодисын хэрэглээ, импортыг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой юм.

-Сайн озоныг хамгаалах чиглэлд та, бидний ярилц­лага түлхүү өрнөлөө. Харин одоо муу озоны талаар ярихгүй юу?

-Товчхондоо, агаар бохирдуулагч, утааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэж хэлж болно. Нийслэлд муу озон юунаас ихэвчлэн ялгарч байна вэ гэвэл, шатахуунаас. Манай улсад өргөн хэрэглээнд евро-2 төрлийн шатахууныг хэрэглэж байна. Уг нь евро-5  стандартын шатахууныг нэвтрүүлчихбэл муу озон багасна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(103.229.123.73) 2022 оны 11 сарын 22

Хүн бүр заавал уншмаар ярилцлага байнх бид бүгд дэлхийн хүн

0  |  0
иргэн(103.212.118.103) 2024 оны 09 сарын 12

Озоны давхаргыг хамгаалхад Монгол улс юунд анхаарах вэ гэдэгт олигтой юм хэлж чадсангүйээ. Нүүрсхүчлийн давхар исэл үүсгэж агаарт цацаж байгаа бүхнийг уг нь нэрлэж хэрхэн шийдэж болох талаар тодорхой санал дэвшүүлсэн бол дажгүй болох байж.

0  |  1
Top