Монголд койны “халуурал” явагдаж, их наядаар үнэлэгдэхэд юу нөлөөлөв

2022 оны 05 сарын 10

Монгол Улсад өнгөрсөн 2021 онд койны “халуурал” явагдаж, олон арван койн зах зээлд гарсан билээ.  Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 2021 оны 12 дугаар  сард арилжаалагдсан койн/токенуудын зах зээлийн нийт үнэлгээ 1.23 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцсэн үзүүлэлттэй байв.

Тэгвэл Монголд виртуал хөрөнгийн зах зээл хурдан өргөжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал:

Нэгдүгээрт,  өнгөрсөн онд мөнгөний бодлогын төлөв сул байсан  нь банкуудыг хадгаламжийн хүүгээ  бууруулахад хүргэсэн. 2021 оны наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж хэдийнэ  сөрөг болсон тул хөрөнгө оруулагчид өөр хувилбар, ялангуяа виртуал хөрөнгийг эрэлхийлэхэд түлхэц болжээ.

Хоёрдугаарт, хэд хэдэн койн/токен капитал хөрөнгийн ашиг, өгөөж өндөртэй гүйцэтгэлийг харуулсан байна. Тухайлбал, IHC 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр 0.3 орчим төгрөгийн ханштай байсан ч хэдхэн хоногийн дотор ханш нь 28.76 төгрөгт хүрч өссөн.

Гэвч 2021 оны 12 дугаар сард IHC койны үнэ 4.3 орчим төгрөг болтлоо буурч, үнийн ихээхэн хэмжээний залруулга хийснээр эрт хөрөнгө оруулалт хийсэн худалдан авагчдын хувьд бодит бус ашиг нь 1,333 хувьд хүрсэн байна. Зах зээлийн нийт үнэлгээгээр хоёр дахь том койн болох ARDX нь мөн ихээхэн хэлбэлзэлтэй замналыг туулсныг тус банкны мэргэжилтнүүд дурдав.

СЗХ-ноос мэдээлснээр 550,000 орчим хөрөнгө оруулагчдын 75 орчим хувь нь зах зээлийн идэвхтэй оролцогчид бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн байна. Хувь хүн эсвэл аж ахуйн нэгжүүд олон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч  дээр бүртгүүлэх боломжтой тул хөрөнгө оруулагчдын давхардсан энэ тоон үзүүлэлт хэтрүүлэгтэй тооцоолол байх магадлалтайг мөн сануулж байна.

Асар их хэлбэлзэлтэй койнтой холбоотой үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан эрх бүхий байгууллагууд койн болон бусад виртуал хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг хамгаалахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог боловсруулах үүрэг бүхий УИХ, СЗХ-оор ахлуулсан хоёр ажлын хэсэг байгуулж, улмаар 2021 оны 12 дугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсныг тодотголоо.

Сануулахад, УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн.

Тодруулбал,  крипто биржүүд албан ёсоор  Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зах зээлд гарах аливаа койн заавал бүртгэлтэй биржээр дамжих ёстой болсон юм.

Энэ хүрээнд, зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй 21 койны хоёрдогч зах зээлийн арилжааг зогсоож буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос  өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс есдүгээр сарын хооронд 14 удаа олон нийтэд өгсөн гэж мэдээлдэг.

Гэвч эрх зүйн орчны зохицуулалтгүй байсантай холбоотойгоор крипто зах зээлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан гэдэг нь өнгөрсөн онд нийтдээ 59 койн зах зээлд гарснаас харагдаж буй юм.

59 койны 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан бол, 21 нь биржээр дамжаагүй учраас ийнхүү хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжаа нь зогсоогдсон.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн  сарын дараа  Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж эхлэх зохицуулалт үйлчилж байгаа. Тодруулбал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд бүртгүүлэх юм.

Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүйгээр олон нийтэд виртуал хөрөнгийг санал болгох, худалдахыг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээх харилцаанд зарим зүйлсийг хориглосон ба зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тусгасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top