Уяачид, бөхчүүд төдийгүй ард олны дунд хүлээлт үүсгэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэн батлахаар болжээ. Цар тахлаас үүдэн, сүүлийн хоёр жил зохион байгуулаагүй баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй наадамчин олонд Баяр наадмын тухай хуулийг батлан барих нь бас нэгэн том баяр болно. Хуулийг өдгөөгөөс хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нараас өргөн барьсан ч цар тахал хэмээн хэлэлцэлгүй өнөөдөрт ирсэн юм.
Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цөөнгүй шалтгаан бий. Юуны өмнө Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг үндэслэн хийх нь зүйтэй. Тэдний санал, дүгнэлтийг үндэслэн, УИХ-аас сайн хууль гаргаад өгчихөөр морь, бөх, сур гээд мэргэжлийнхэн төрийн оролцоогүй наадмаа зохион байгуулчихна. Төр ч зардал хөрөнгө, ерөнхий зохион байгуулалтаас өөр зүйлд оролцох хэрэггүй. Урьд өмнөх зохицуулалтаар бол уяач, харваачаа ч ялгахгүй нэг нөхөр төрийн сэтэр зүүчихээд зохион байгуулах нэрээр морь, бөх, сур гээд будилаан хутгадаг байсныг халах нь чухал. Тэртээ тэргүй мэргэжлийн холбоод байхад морины зүс ч мэдэхгүй тэднээр будилаан хутгуулж яах юм. Нөгөө талд сайн хууль батлаад өгчихсөн байхад ямар ч асуудал алга.
Сүүлийн жилүүдэд хамгийн их маргаан дэгдээж буй нэг зүйл нь хурдан морийг эрлийз, монгол хэмээн дундаа талцаж буйд оршино. Уяачид бүтэн жилийнхээ хөдөлмөр, хөрөнгийг зарцуулж, хурдан морьдоо сойчихоод яг баяр наадмын өдөр эрлийз хэмээн хасуулах амаргүй. Тэгвэл энэ байдал сүүлийн олон жил давтагдаж, уяачид төдийгүй эцэст нь Монгол наадмаа хуваахад хүргэсэн.
Нэгэн жишээ дурдахад, 2020 оны наадамд уралдахаар ирсэн хурдан морьдын 70 орчим хувь нь хасагдаж, Морин спорт, уяачдын холбоонд 400 гаруй гомдол ирсэн байдаг. Энэ статистик бол уяачид дундаа хуваагдах төдийгүй монголчууд цаашид наадах биш дайтах хэмжээнд очиж байгааг харуулсан хэрэг. Тиймээс өдгөө өргөн барьчихаад байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулиар энэ маргаан эцэслэх учиртай. Уг хуулийг хэдэн гишүүн дур мэдээд өргөн барьсан хэрэг биш. Хэлэлцэх явцад мэргэжлийн холбоод болон уяачид, наадамчин олынхоо үгийг сонссон гэдгийг дурдаж байсан. Тэгэхээр хуулийн нэмэлт өөрчлөлт нь мэргэжлийн холбоо, наадмын дэвжээ, адууны бэлчээр, уяачдын галаас төрсөн гэхэд болно.
Үндэсний баярын наадмын тухай хуулийн 10.12-т “Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ” гэж заажээ.
Тэгэхээр 10.11-ийн заалтыг аваад үзэхээр “Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу адуун сүрэг болон хурдан морийг бүртгэж, мэдээллийн санг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэнэ” хэмээсэн. Харин хуулийн 13.2-т “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах монгол үүлдрийн адууны стандартыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэхээр хуульд заагаад өгсөн эдгээр үндэслэлийг баримтлахаас өөр аргагүй. Энд өнөөх уяачдын маргаад байгаа сэрвээний өндрийг хэмжих, үүлдэрлэг байдлыг харгалзах гэдэг маргаан алга болж байна.
Морин спорт уяачдын холбооны VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д 700 гаруй уяачдын 64.3 хувийн саналаар эрлийз морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулахаар шийдвэрлэсэн. Иймээс мэргэжлийн холбооноос гаргасан олонхийн шийдвэрийг Үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталгаажуулснаар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Яаж ч бодсон үүлдэрлэг байдлаас нь харгалзан уралдуулна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уяачид мэдэж байгаа. Тэр тусмаа наадмаар уралдахаар ирсэн тэр олон мянган морийг үүлдэрлэг байдлаар нь ангилна гэдэг санаанд оромгүй зүйл.
Ингэхээр айсуй баяр наадмаар эрлийз, монголын маргаан гарахгүй гэсэн үг. Яагаад гэхээр мэргэжлийн холбоо, уяачдын олонхийн саналд үндэслэн баталгаажуулсан стандартаар хурдан морьдоо сойж таарна. Төрөөс хууль гаргаад байхад стандартад нийцээгүй морь уяж очих ямар мулгуу байх билээ. Өөрөөр хэлбэл их морины сэрвээний өндөр 141 сантиметр байх ёстой гээд стандартын дагуу хуульчилж өгөөд байхад 1.51 сантиметр өндөр сэрвээтэй морь уяж очих хэн байх юм. Гагцхүү Төрөөс хууль гаргаж өгөх хэрэгтэй байсан юм.
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ТҮРҮҮЛЖ ҮЗҮҮРЛЭСЭН, ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮД ДОЛООДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР ЦОЛ ЧИМГЭЭ ХҮРТЭХГҮЙ
Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Үндэсний бөхийн барилдааны дүрэм болон Ёс зүйн дүрмийг баталж, тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтжээ. Тэгэхээр мэргэжлийн холбооноос баталсан энэ дүрэм Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусна гэсэн үг. Бөхийн салбарт ч сэргээшнээс эхлээд ёс зүйн талаарх маргаан газар авсан. Үндэсний бөхийн холбооны дүрэм журмаар зохицуулагдаж байгаагаас яг таг хуульчилсан зүйл байгаагүй. Тийм ч учраас Даян аварга Н.Батсуурь уйлж, Улсын аварга Э.Оюунболд нарын бөхчүүд урвайж сууна.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авна” хэмээн заасан бол 14.3-т “Энэ хуулийн 14.2-т заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно” гэжээ. Энэ заалт бол хуучин зохицуулалтаараа явж байна гэсэн үг.
Харин шинэ нэг зүйл гэвэл 8.2-т “Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэсэн бол 8.3-т “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид улсын цол олгоно” гэсэн байна. Энэхүү заалтаас харахад наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд баяр наадмын халуун уур амьсгал дунд цол чимгээ авч чадахгүй аж.
Яагаад гэхээр хуульд “...допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн..” олгохоор заасан. Учир нь бид сэргээшийн шинжилгээг аль нэг улс руу илгээж, хариу нь хоёр сар орчмын дараа ирдэг. Ийнхүү хоёр сар орчмын дараа ирсэн шинжилгээний хариуг гурав хоногийн дотор Улсын цол олгох саналыг зохион байгуулах хороо Ерөнхийлөгчид мэдэгдэж, Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлиг гаргаснаар та амжилтаа үнэлүүлэн цол хүртэх аж. Магадгүй цол, чимэг гурван сар шахам хугацааг туулж эзэндээ очих юм байна.
Энэ заалт нь зөв зүйтэй боловч нэг талдаа баярын уламжлалт уур амьсгалд өөр агаар оруулж байгаагаараа онцлог. Урьд өмнө долоодугаар сарын 12-ны өдөр үзүүрлэж, түрүүлсэн, шөвгөрсөн бөхчүүд баяр хөөртэйгөөр цол, чимгээ авч, тэднээс сэргээшийн шинжилгээ авч, гадны улс руу явуулна. Гэтэл хоёр сарын дараа сэргээш хэрэглэсэн хариу ирэхээр цолыг нь хураан авч барилдах эрхийг нь хасдаг. Энэ үеэр өнөөх баяр наадмын хөөр, ард түмний хүндлэл, бэлэг сэлт ямар ч үнэ цэнэгүй болдог. Уламжлал ёсоор бол шинээр төрсөн цолтнуудаа нутгийн зөвлөл, бизнесмэнүүд, улстөрчид нь хүлээн авч, өндөр үнэтэй бэлэг сэлтээр дардаг. Улстөрчдийн хувьд ч нийт түмний анхааралд ордог таатай цаг байв.
Гэтэл энэ бүхэн даруй 2-3 сараар хойшилж байна. Гурван сарын дараа өнөөх баяр наадмын уухай аль эрт сэтгэл зүрхнээс алсарч, намрын ургац, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд ундарч байх үеэр таарч байгаа нь тиймхэн. Төрийн баяр наадмын уухай тархинд ид хадаж байх үед бол наадамчин олон тийм начин, ийм заан төрлөө хэмээн хөөрнө. Гурван сарын дараа начин цол авсан бөхийг тэр бүрий хүмүүс таних уу, үгүй юү. Түрүү, үзүүр булаасныг чухам яах юм. Бас нэг асуудал байгаа нь өнөөх нутгийн зөвлөл, улстөрчдийн тэр өдрийн сэтгэл хөөрөл, хөөрлийг дагасан үнэ цэнтэй бэлэг ирэх үү, үгүй юу. Энэ мэтээр чамгүй өөрчлөлтүүд орж байгаа юм. Үндэсний баяр наадмын тухай хуулийг урьд өмнө зургаан удаа өөрчилж байжээ. Тиймээс хуульд дахин дахин гар хүрэхгүй байх талаас нь бодож бүх зүйлээ мэргэжлийн багийнхаа саналд үндэслэж хийх шаардлага байгааг дуулгах нь зүйн хэрэг байх.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Үхэр монголчуудаас болж Үндэсний их баяр наадам завхралд орж баяр наадам маань түүхэн уламжлалаараа биш төрсөн хуулийн дагуу ийнхүү яасан нь мэдэгдэхгүй байсаар шээс, баасны шинжиогээний хариуны дараа 3 сар хүлээлгэж байж эрхэм наадамчид гэр гэртээ харьцгаах юм байна.