Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт (2022.05.10) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд энэ сарын эхээр манай улсад ажиллахдаа эрх баригчдад хандан хэд хэдэн зөвлөгөө өгсний нэг нь цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед банкуудын IPO гаргах хугацааг түр хойшлуулах тухай байсан билээ.
Түүнчлэн энэ сарын 3-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжсэн юм. Гэхдээ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичгийг Монголбанкнаас өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд ирүүлснийг сануулъя.
Банкуудын тухайд IPO хийх бэлтгэлээ хангах ажлын хэсэг байгуулж, жил орчим хугацаанд нэлээд зардал мөнгө гаргаж бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч буй. Системийн нөлөө бүхий зарим банк IPO хийх зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагуудаас хүлээж байгаа юм.
Тэгвэл Дэлхийн банкнаас Монголын банкны сектортой холбоотой дараах байр суурийг илэрхийлж байна.
“Банкны секторын нөхцөл байдал сайжирсан ч эмзэг талууд хадгалагдсаар байна. Системийн ач холбогдолтой томоохон банкуудын 2021 оны эцсийн тайлан тэнцлийг харахад өөрийн хөрөнгө болон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр түвшинд байгаа аж.
Гэхдээ активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журмын хэрэгжилтийг түр хугацаанд түдгэлзүүлсэн нь банкуудын санхүүгийн бодит нөхцөл байдлыг халхалж байна.
2022 оны 3 дугаар сарын 31-нээс активыг ангилах, эрсдэлийн санг байгуулж зарцуулах журам эргэн мөрдөгдөж эхэлснээр хугацаа хэтэрсэн зээлийн дүн нэмэгдэж, улмаар банкууд зээл олголтоо сааруулж, хөрөнгө оруулалт болон хэрэглээнд дарамт учруулж болзошгүй.
Зарим банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол ард иргэдийн банканд итгэх итгэлийг, ялангуяа банкуудыг олон нийтийн нээлттэй компани болгох ажил ойртсон үед сулруулан банкны системийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй юм.
Тэр тусмаа, хөрөнгө оруулагчид мэдээлэл дутмаг, банкуудын өөрийн хөрөнгийн талаар итгэлцэл сул байх үед бэлтгэл ажлыг хангалттай базаалгүйгээр нээлттэй компани болгох арга хэмжээг яаран хэрэгжүүлбэл санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )