Монголын инфляцын талаарх ТЭДНИЙ БАЙР СУУРЬ

2022 оны 05 сарын 17

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ  оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөнийг  Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Улаанбаатар хотын инфляц  15.2 хувьтай гараад байна.

Үнийн өсөлтөд гол нөлөөллийг үзүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн жилийн өөрчлөлтийг харвал дараах байдалтай байгаа юм.
 

 

Инфляцын түвшнийг өмнөх  онуудын дөрөвдүгээр саруудтай харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сарынх өндөр өсөлттэй гарчээ.

 

    2019 оны 4 дүгээр сард 7 хувь

    2020 оны 4 дүгээр сард 4.7 хувь

    2021 оны 4 дүгээр сард 5.6 хувьтай гарч байжээ.

 

Харин энэ оны 4 дүгээр сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Инфляц гуравдугаар сард улсын хэмжээнд мөн 14.4 хувьтай гарч байсан. Үнийн өсөлтийн эрчим буурахгүй байгаатай холбоотойгоор Төв банк  2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш 6 хувьтай байсан Бодлогын хүүг энэ оны 1 дүгээр сарын 31-нд 0.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол гуравдугаар сарын 24-нд 2.5 нэгж хувиар өсгөж, 9 хувьд хүргэж, мөнгөний бодлогыг хатууруулсан юм.

Тэгвэл үнийн өсөлтийн эрчим хадгалагдсан хэвээрээ байгаа энэ үед Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг гаднын байгууллагууд ямар зөвлөгөө өгч буй эшлэн хүргэе.


Олон улсын валютын сангийн БАЙР СУУРЬ

Инфляц гол төлөв Монголбанкны хяналтаас гадуур орших нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн, мөн Монголбанкны зүгээс шаардлагатай арга хэмжээг саяхан авсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт доогуур байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоохондоо нэмж өөрчлөх шаардлагагүй.

Нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шийдвэр шууд хамаарна. Гэсэн хэдий ч инфляцын хүлээлт хяналтаас гарахаас сэргийлж Монголбанк байнгын ажиглалт шинжилгээ хийж байх хэрэгтэй. Монголбанк энэ зорилгынхоо хүрээнд 2020 оноос хойш засгийн газраас эдийн засгийг дэмжих үүднээс авч хэрэгжүүлсэн олон төрлийн арга хэмжээ болон тэтгэврийн доод хэмжээг огцом нэмсэн, удахгүй батлагдах цалин хөлсний доод хэмжээний өсөлтийн инфляцад үзүүлэх үр нөлөөг сайтар ажиглан шинжлэх хэрэгтэй. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажим нэмэгдэх үзэгдэл үүсвэл бодлогоо нэмж чангаруулах шаардлагатай болно.

Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон байгаа. Нийлүүлэлт нь хязгаарлагдсан эдийн засагт энэ мэт зорилтот бүлэгт чиглээгүй дэмжлэг нь зөвхөн инфляц, ханшийн дарамтыг өдөөж, улмаар мөнгөний хатуу бодлогын үр нөлөөг бууруулах учраас төсөвтэй адилтгах зардлыг нэн даруй зогсоох ёстой.

Ингэснээр Монголбанкны үйл ажиллагааны хараат бус бие даасан байдал хангагдаж, ОУВС-гаас Монгол Улсад 2020 онд олгосон онцгой байдлын санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дөхөм болох учиртай.


Дэлхийн банкны БАЙР СУУРЬ

Гадаад секторын дарамт нэмэгдэж, инфляц огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор мөнгөний бодлого чангарахаар хүлээгдэж байна.  Инфляцын түвшин төв банкны зорилтот түвшин болох 6 ± 2 хувиас мэдэгдэхүйц давсан, гадаад тэнцвэрт бус байдал улам нэмэгдэж, бодит хүүний түвшин сөрөг утгатай хэвээр байгаа нөхцөлд үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогыг нэмж чангаруулах шаардлагатай болохоор байна. Бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх нь инфляцын хүлээлтийг сааруулахад дэмтэй ч, ингэхдээ төсөвтэй адилтгах үйл ажиллагаанаас татгалзах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг бэхжүүлэх арга хэмжээтэй хослуулах нь зүйтэй.

Монгол Улс импортоос үлэмж хамааралтай, ханшийн инфляцад үзүүлэх нөлөө өндөр тул чөлөөтэй хөвөгч ханшаас болгоомжлохыг ойлгож болно. Гэхдээ өнөөгийн нөхцөлд хийж буй валютын интервенц, валютын арилжааны хязгаарлалтуудыг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд зах зээлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлж, долларжилтыг өдөөх эрсдэлтэй. Иймд төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэж бууруулах, бодлогын хүүгээ өсгөх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд харин гадаад шокийн сөрөг нөлөөг ханшинд шингээх хэрэгтэй.

Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(64.119.19.206) 2022 оны 05 сарын 17

Инфляцын түвшинг үнэн зөв гаргана шүү худлаа мэдээлэл гаргасан бол хуулийн дагуу хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй...

0  |  0
Гадаадад гарч амьдар(27.123.214.2) 2022 оны 05 сарын 17

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлээд явах эдийн засагчид Монгол банкинд байгаа. Гэвч дээрээ дарга нар мөн улс төрийн хараат байдлыг бий болгож байгаа мэдлэггүй чадваргүй чансаагүй цүнх барьсан нөхдүүд байгаа болохоор инфляци айхтар доошлохгүй л байх

0  |  0
Top