Монголчууд наймаа хийх эрхтэй болоод 30-аад жилийн нүүр үзэж байна. Бид социализмын 70 орчим жил хоорондоо наймаа хийх эрхгүй. Төрөөс л амьжиргааны үндэс болсон мах, гурил, даалимба, дэвтрээ авдаг байсан. Социализмд бүх бараа зөвхөн өөрөөрөө л нэрлэгдэнэ. Нэг бараа хоёр төрөлтэй бол үнээрээ ялгагдана. Харин зах зээлийн эдийн засагт нэг төрлийн бараа маш олон нэртэй бөгөөд өөр өөр үнэтэй. Эндээс яагаад энэ олон төрлийн бараа гараад ирэв гэсэн асуулт гарна. Оросын алдарт ардчилагч А.Собчак “Талх социализм хоёр нэг дошин дээр тогтдоггүй” гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа 1980-аад оны дундуур төмөр хөшигний ардах социалистууд талхаа сонгож, социализмаа хаясан байдаг.
Зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн чухал хөшүүрэг чөлөөт үнэ байдаг. Герман тэргүүтэй Европын холбоо Монгол Улсыг зах зээлийн засагтай оронд тооцдоггүй. Учир нь манай оронд зах зээлийн иж бүрэн механизм үйлдчилдэггүй гэнэ. Нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд тэргүүлдэг монголчуудын 30 хувь нь ядуу, дээр нь дахиад 20 хувь нь ядуурлын ирмэгт байгаа мэдээлэл бий. Өнөөдөр дэлхий дээр ядуурлаа устгасан орон байхгүй. Гэхдээ хамгийн бага хэмжээнд хүргэсэн орнуудыг өндөр хөгжилтэй оронд тооцно.
Гаднын нэгэн жуулчин “Хойд Солонгостой харьцуулахад монголчууд зах зээлийн эдийн засагтай юм. Гэхдээ зах зээлд шилжсэн орнуудтай харьцуулахад социализмтай төстэй эдийн засагтай юм байна” гэж ярьсан байдаг.
МОНГОЛЧУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖСЭН ҮҮ
Монгол Улс 1930-аад он хүртэл зах зээлийн эдийн засагтай байсан гэдэг. Харин 1937 оны улаан яргын зорилго нь Монголын сэхээтэн, хөрөнгөтний давхаргыг устгаж социализм байгуулах коминтерний сонирхол байсан нь хожмоо тодорхой болжээ. Манай орон шиг социалист туршилтад гурван үеэрээ нэрвэгдэж, хүн амынхаа арав шахам хувийг хядуулсан улс дэлхий дээр байхгүй. Хэдэн зууны настай сүм, хийдүүд, дэлхийн соёлын өв болсон бурхадаа устгуулсан улс биднээс өөр хаа ч байхгүй.
Дэлхийн хаа нэгтээ социализм байгуулсан гэвэл Монгол л болж таарна. Бидний социалист сэтгэхүй өнөөдөр ч хэвээрээ. Энэ бүхнийг УИХ-ын сонгуулиас харж болно. Нэр дэвшигчид нь сонгогчдодоо маш их юм амлана. Үнэгүй амьжиргаа бэлэглэх тухай үлгэр ярина. Түүнд социалист сонгогчид итгэнэ. Ийм замаар төр байгуулагдана. Социалист сэтгэхүйгээс социалист төр л байгуулагдана. Инээдтэй нь эрхэм гишүүд эх орондоо зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж байгаа хэмээн зүүдлэнэ. Үнэн хэрэгтэй тэдний зах зээл нь тендер, луйвар. Аль нэг салбарын давуу эрх, үнэ төрөөс тогтоох зах зээлд оролцох эрх хязгаарлагдмал байх нь зах зээлийн эсрэг үйлдэлд тооцогдоно.
Манай эрхэм гишүүдийн ярих дуртай үг нь аливаа бараа, үйлчилгээний үнэ хямдруулах, зээлийн хүү бууруулах зэрэг байдаг. Сонирхолтой нь, тэднээс дээрх үгс гарсаны дараа бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг нь бараг хууль болсон. Өнөөдөр монгол залуус дэлхийн хаана ч гологдохгүй ажиллаж байна. Харин Монголдоо л залхуу, архичин, халамж хүртэгч мэтээр цоллуулдаг. Монголд гурван сая хүн тэжээх эдийн засгийн боломж хангалттай бий. Харин улстөрчид зөвхөн өөрсдөдөө л зах зээл нээснээс иргэддээ орон зай үлдээгээгүй. Иргэд арчаагүйдээ ядуураад байгаа юм биш. Эдийн засгийн эрхийг улстөрчид булааснаас ядуурал үүсэж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засагт 50 гаруй хувийг эзэлж байсан төрийн өмч 80 дөхөж яваа гэсэн судалгаа байна. Энэ зах зээлийг төр атгахад ганц алхам дутуу байна гэсэн үг. Улмаар төр социализм байгуулж байгааг харж болно.
1990 оноос хойш Монголын төр зах зээлд шилжих хоёр хүчирхэг алхам хийсний эхнийнх нь өмч, газар хувьчилсан явдал. Удаах нь гадаад паспортын бодлого. 1990 оны хямралыг энэ бодлогоор л даван туулсан. Хоосон лангуу хоёрхон жилийн дотор хотойтлоо бараанд дарагдаж байсныг монголчууд харсан. 1990-2000, 2008-2012 онд бол Монгол орныг зах зээлд шилжүүлсэн гайхамшигт үсрэлтийн жилүүд байсныг гадныхан ярьдаг. Бямбасүрэнгийн Засгийн газрын үед төрийн албан хаагчид олноороо ажлаасаа гарч, ганзганд явж байсныг бид мартаагүй. Тэр хэрээр манай засаг жилээр биш , сараар томорч байсан.
Нийтээрээ ядуу байсан монголчууд бараг бүгд өмчтэй болсон байдаг. Харамсалтай нь өнөөдөр хүн амын 30 хувь нь буцаад ядууралд нэрвэгдсэн мэдээлэл байна. Их хэмжээний баялагтай, том газар нутагтай нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг орны гуравхан сая хүний нэг сая иргэнийг баяжуулах амархан.
Харин ядууруулахад нэлээд ухаан орох тухай Перугийн эдийн засагч хошигнож байсан гэдэг. “Монголчууд алтан дээр суусан гуйлгачид” хэмээн Монголын нэгэн улстөрч хэлсэн байдаг. Үнэн хэрэгтээ эдийн засгийн хөгжил баялгаас бус механизмаас шалтгаалдаг гэдгийг Сингапур, Японы хөгжлийн түүхээс харж болно. Эндээс харвал манай зах зээлийн эдийн засгийн механизм үйлчлэхгүй байна гэсэн үг. Урд хилийн хашааг давуулаад ямарч хэмжээгээр зэс нүүрс шидсэн үмхээд авах зах зээл цаана нь байж л байна. Гэтэл өнөөгийн геополитикийн түвшинд гарсан асар том цонхыг ашиглаж чадахгүй эрхэм гишүүд маань иргэддээ үлгэр ярьсаар.
Өнөөгийн хятадуудын тавьж байгаа нүүрсний хоригийг төрийн түшээдээс өөрөөр тайлбарлах эдийн засагчид байдаг. Тэдний үзэж буйгаар манай төрийн нүүрс зэсийн (Оюу Толгойг оролцуулахгүйгээр) салбар маш их булингартай. Их хэмжээний авлигад нэрвэгдсэн, энэ хэрээрээ ихээхэн нууцтай. Төрийн бүх шатанд янз бүрийн хэлбэрийн хамгаалалттай гэдэг.
Зүй нь Эрдэнэт, Таван толгой улсын үйлвэр гэдэг утгаараа иргэдэд ил байх ёстой газруудын нэг. Харамсалтай нь санхүүгийн хувь хамгийн нууц объект л болж хувирсан байдаг. Эрдэнэт нэг хэсэг үйлдвэрээ шатаах замаар хулгай хийдэг байсан бол өнөөдөр зэс арилжих гэрээ гэж мундаг бизнес байдаг гэнэ. Таван толгойн нүүрс "гэрээдэхэд" тонн тутамд хоёр ам.долларын унац гардаг гэсэн яриа байдаг. Тэгвэл зэсийн гэрээ хийхэд ямар өндөр ашиг унах нь тодорхой. Эрдэнэт зэсээ мэдээж зах зээлийн үнээр зардаг нь тодорхой. Гэхдээ төрд хэд нь ирдэг тухай мэдээлэл байдаггүй.
Жастын Батхүү би Эрдэнэтийг биш гэрээний эрхээ л банканд тавьсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь гэрээний ашгийн хувьд үнэн байх магадлал өндөр гэдгийг батална. Тэрбээр Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин нөгөө банк нь 140 болгож нэхсэн. Гэвч энэ төлбөрийг Эрдэнэт төлөөд дараа нь Батхүүтэй тооцоо бодох тухай мэдээлэл гарч байсан.
Зах зээлд хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёсгүй энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн хүмүүс бол эдийн засгийн гэмт хэрэгтнүүд юм. Үнэн хэрэгтээ тэд Батхүүг аварч байгаа хэрэг биш. Эрдэнэт дэх авлигын сүлжээг аварсан хэрэг болов уу. Монголын хамгийн том үйлдвэр зах зээлд шилжээгүй байхад Монголын эдийн засаг зах зээлд шилжсэн гэх нь утгагүй сонсогдоно. Эндээс бүхэлдээ Монгол Улс зах зээлд шилжсэн үү гэдэг асуулт гарна. Үүний хариуг Европын холбоо өгч байна. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд эрх баригч нам дагаж байж бизнес хийж болно гэсэн санаа залууст сууж байна. Гадныхныг гайхуулж байгаа ноцтой асуудал бол хэд хэдэн томоохон хувийн өмчийг нийгэмчилсэн явдал боллоо.
Гадныхан “Монголчууд өөрсдөө эх орондоо бизнес хийж чадахгүй өмчөө хураалгаж байхад бид ашиг олно гэж байхгүй” хэмээж байгаа мэдээ бий. Монгол Улс зах зээлд шилжихийн тулд эхний ээлжид Эрдэнэт, Таван толгойн засаглалыг ил болгох шаардлагатай. Улмаар шилэн дансыг хөтлүүлэх зэрэг алхамуудыг төр хийхэд Монголд зах зээлийн тунгалаг орчин бүрдэхэд чамгүй түлхэц болно. Зах зээлд шилжих алхам эндээс эхэлнэ гэнэ. Харин өнөөгийн хятад барааг нийтээрээ худалдаж амьдрахыг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж үзэхгүй гэдгээ барууны өндөр хөгжилтэй орнууд ацаггүй мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ ЖИЖИГХЭН ҮҮ
Монголын зах зээл жижигхэн тухай олон хүн ярьдаг. Хэрэв зах зээлийн эдийн засагт шилжсэн орны иргэн бол зах зээлийг зөвхөн өөрийн орны хэмжээгээр хардаггүй гэнэ. Гэхдээ өнөөг хүртэл манай дотоодын зах зээлийг гурван сая иргэнээр хэмжээд яг ямар бараагаар ямар нэгэн компани гурван сая иргэнээ хангасныг тооцох боломжгүй. Монголчууд малаар баян боловч жилд багагүй хэмжээний мах импортлодог. Газар нутаг том ч гурил үр тарианы экспорт хийдэггүй. Түүгээр ч зогсохгүй ихээхэн хэмжээний буудай гурилыг импортолдог.
Дэлхийд нефтиэр тэргүүлдэг оронтой хөрш боловч байнга шатахууны гачаалд нэрвэгдэнэ. Гурван сая хүн жижигхэн зах зээлд тооцогдохгүй. Ийм зах зээлтэй компани дэлхий дээр ч олон биш. Бараа үйлчилгээ бидэнд дутагдалтай байгаа нь зах зээлийн эдийн засгийн зарчим л бидэнд үйлчлэхгүй байгаад хэргийн учир оршиж байгаа гэнэ.
Өнөөдөр залуучууд хангалттай мэдлэг, чадвартай болсон. Тэдэнд эдийн засгийн эрх чөлөө л дутагдаж байгаа. Гадаадад хоёр дээд сургууль төгссөн, гурван хэлтэй эмэгтэй хэдэн жилийн өмнө төрд ажилд орсон гэнэ. Тэр өөрөө жаахан мөнгөтэй, жижигхэн дэлгүүртэй тул цалин харж төрийн албанд орсонгүй. Эх орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сайхан сэтгэл өвөрлөж ажилд орсон. Гэтэл арваад даргатай гуравхан “цэрэгтэй” газар орчихож. Дарга нарын мэдээлэл, мэдлэггүй нь түүний уурыг хүргээгүй. Харин мэдэхгүй юм аа мэддэг мэтээр ярьж ажлаа явуулдаг дарга нар нь л түүнийг тэвчээрийг барсан гэнэ. Тэрбээр “Тэнэг төр гэж байдаггүй. Тэнэг түшмэд л байдаг” гэсээр ажлын хаалгаа тасхийтэл хаасан аж.
Мөн “Монголын төр хөгжих гэвэл социализмын үеийн депутатын үзэл сурталдсан, хэлбэрдсэн түшмэдүүдээсээ салах ёстой” гэдэг үзэлтэй болсон. Та төрийн ордонд үеийн депутатын тэмдэг зүүсэн цөөнгүй гишүүдийг харж болно. Тэр тэмдэг бага насны сэтгэхүй нь л толгойд нь байгааг илтгэнэ. Харамсалтай бага насны сэтгэхүйгээрээ төрийг, эдийн засгийг авч явах үзэл нь давамгайлдаг учраас гарсан шийдвэрүүд социалист ч биш капиталист ч биш шийдвэр гардаг аж. Ийм шийдвэрийн хүрээнд амьдарч байгаа монголчууд зах зээлийн эдийн засгийн зарчмыг бус, гурван сая хүнээ л зах зээл гэж харна.
Харин төрийн түшээд нь өөрийн тойргийн сонгогчдоо л зах гэж хардаг болов уу. Өөрийн тойрогтоо л гурил будаа тараахыг чухалчилна. Улс олон нийтээр ашиг хүртэх шийдвэр гаргах сонирхол маш бага. Үүнийг зарим гишүүд өнөөдөр овжноор ашиглан сонгуулийн холимог тогтолцоог нийгэмд тулгах оролдлого хийж байна. Үнэн хэрэгтээ энэ тогтолцоо өмнө нь байж л байсан. Овойж оцойсон үр дүн санагдахгүй л байна.
Харин жижиг намууд парламентад ганц нэг суудалтай болсоноор Засгийн газрын наймаа дэвэрсэн нь нууц биш. Үнэндээ бидний намаг балчиг сонгуулийн тогтолцоонд уу, намуудын төлөвшилд үү гэдэг нь маргаантай асуудал байж болох юм. Эрх баригч нам залуучуудаа зоригтой гаргаж ирсэн боловч өнөөг хүртэл хуучин араншингаасаа салж чадахгүй л байна. Авлигатай тэмцэх оролдлого бүр хуучин хууль, хуучин гишүүн, хуучин ахмад кадруудын үхширмэл тайлбаруудтай тулж байна.
Хөгжлийн банкны асуудлыг эхнээсээ бүрхэгдүүлж эхэлсэн. Зах зээл жижигхэн гэдэг боловч хоёр их наяд төгрөг сураггүй гэж тооцвол хэн ч итгэхэгүй. Тэр мөнгийг хаанаас ч барих боломжтой. Манай цагдаагийн эдийн засгийн алба энэ бүхнийг илрүүлэхэд нэг их хугацаа шаардахгүй. Гэтэл банкны зүгээс зээлдэгч нас барсан, олдохгүй байгаа гэх мэтийн тайлбар хийж байгаа бол улстөрчид зүгээр л тэр энэ намынх гэх хаяг зүүж шууд зээл хулхидсан иргэнийг биш түүний ойр байсан улстөрчдийг л шоглох төдий ажиллагаа явуулж байх юм. Энэ ертөнцөд мартагдаж, хаягдаж, алга болдоггүй ганц зүйл нь мөнгө гэдэг. Мөнгө ямарч эдийн засагт арилашгүй ул мөрөө үлдээнэ.
Сохор дүлий хүнд ч тодорхой мөр үлдээнэ. Гэтэл энэ их мөнгийг хайх эрэлд УИХ хүртэл хүч хаяж байгаа ч хүчрэхгүй байгаа бололтой. Үнэн хэрэгтээ хонины хашаанд орчихсон зааныг хайгаад олохгүй байгаа бололтой юм. Монголчуудад эдийн засгаа сэргээчих хангалттай зах байна. Гэхдээ гурван сая хүнийг зах зээлд шилжих боломжийг л төр олгочихвол төртэй төргүй иргэдийн амьжиргаа сайжраад л ирнэ гэнэ. Чамлахаар чанга атга гэсэн Монгол хэлц байдаг. Гурван сая хүний хэрэгцээний 60 хувийг л дотоодоосоо хангахад Монголын эдийн засаг хоёр дахин тэлэх боломжтой аж.
ӨМЧГҮЙ ХҮН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ БАЙДАГ
А.Смитийн үеийн эдийн засгийг амьжиргааны зах зээл гэж үзэж болно. Учир нь хүний нийгмийн ихэнх хэсэг нь амьжиргааны наад захын хэрэглээ болох хоол, байр, хувцсаар бүрэн хангагдаагүй байсан. 250-иад жилийн өмнө А.Смитийн бичсэн ном энэ хэрэглээг хангах аргыг зааж өгсөн байдаг. Тухайн номын үзэл санаа 100-гаад жилийн өмнөөс л алдаг оног л хэрэгжиж эхэлжээ. Энэ онолыг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс бол АНУ. Гэвч дэлхийн II үед гарсан Кейнсийн онолд цохигдон бараг устах шахсан түүх бий.
Харин дэлхийд өргөн цар хүрээгээр тархаж өгөөж өгч эхэлсэн үеийг 1970-аад оны Английн дэлхий дээрх хамгийн том улсын үйлдвэрүүдийг хувьчилсан үе гэж үзэж болно. Тухайн үед Английн Ерөнхий сайд төмөр хатагтай Тетчер, АНУ-ын Ерөнхийлөгч Рейган зэрэг улстөрчид А.Смитийн үзэл санаанд итгээд зогсохгүй хэрэгжүүлэхээр шулуудсан байдаг. Мөн тухайн үед Чилийн Засгийн эрхэнд гарсан социалист удирдагч С.Альендог төрийн эргэлтээр унагасан Пиночет хэмээх генералыг социалист лагерийнхан зүхэж байжээ.
Энэ үед ариун цэврийн цаасгүй болсон чиличүүдийн амьдралыг гуравхан жилийн дотор диваажин мэт болгосон хүнийг М.Фридман гэдэг Чикогагийн их сургуулийн багш байв. Тэрбээр А.Смитийн шүтэгч байгаад зогсохгүй үзэл санааг дэлгэрүүлэх орчин цагийн аргыг ч чамгүй боловсруулсан нэгэн. А.Смитийн үзэл санаа энэ цагаас эхлэн дэлхийн эдийн засгийн зонхилох онол болж хэрэгжив. Энэ хүний 30-аад жилийн өмнө бичсэн “Хувь заяагаа сонгох нь” ном нь дэлхийн болон Монголын хамгийн эрэлттэй номоор шалгарч байсан.
Гэхдээ сүүлийн жилүүдэд төрөөс хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогоос харахад номын агуулгыг орчуулагчид, цөөн тооны эдийн засагчид л ойлгосон бололтой санагддаг. Учир нь, манай эдийн засаг өнөөдөр дөрвөн хөлнийх нь нэг хугарсан, бас нэг хөл нь хугарахад бэлэн сандалтай л адил харагдана.
А.Смитийн үзэл санаа хэрэгжсэнээр аж үйлдвэр, технологийн хөгжил гэрлийн хурдаар урагшлав. Улмаар нэг үе түүхий эдээр баян орнууд баяжиж байсан бол өнөөдөр технологитой орнууд баяжиж эхлэв. Цар тахлын вакцинаар баяжсан компаниуд, крипто валютыг бодож олсон, хэрэгжүүлсэн цөөн тооны программистууд санаанд оромгүй мөнгө босгосонтой хэн ч маргахгүй. Өнөөдөр зах зээлийг баялагтай нь биш, технологитой эзэмдэж байна. Смитийн үед зах зээлд эрэлтээс хамаарч нийлүүлэлт хийдэг байсан бол өнөөдөр компаниуд иргэдийн хэрэглээ, үний тодорхойлдог болов.
Хэн нэгэн иргэд аль нэгэн компанд гар утас захиалаагүй технологийн компаниуд л өөрсдөө санаачилж хэрэгжүүлсэн төсөл. Хувиараа сансарт аялах тухай мөрөөдөж байсан хүүхэд цөөнгүй байдаг. Харин Э.Маскт сансарт нисэх захиалга өгсөн хүн байхгүй л болов уу. Эндээс яагаад Маск сансрын хөлөг үйлдвэрлэх санаа төрж, хөрөнгө зарав гэдэг асуулт гарна. Яагаад гэвэл түүнд эдийн засгийн эрх чөлөөнөөс гадна ирээдүйдээ итгэх итгэлийг төр баталгаажуулж өгсөн. Ийм л хүнийг зах зээлийн эдийн засаг төрүүлдэг. Биеийг бус үзлийг нь зах зээл төлөвшүүлдэг. Саяхан нэг нам зүүний үзлээс барууны үзэл рүү шилжиж байгаагаа зарласан. Төрд орсоноо мэдэрсэн бололтой юм.
Өмч үгүй хүн үзэл бодолгүй байдаг үг бараг бүгд найрамдах засагтай адил настай гэнэ. Хүний үзэл бодол өмчөө үржүүлэх хэлбэрээс болж тогтдог тухай судлаачид ярьдаг. Хүн маргаашдаа итгэлтэй амьдрахын үндэс нь ирээдүйн санхүү байдаг. Энэ санхүүг яаж босгохоос үзэл бодол тогтоно.
Чи хэн нэгэнтэй хамтарч эсвэл ганцаараа хөрөнгө босгох шаардлага гарна. Харин ямар хэлбэрээр арвижуулах нь таны үзэл бодол болж хувирна. Гэхдээ та цалингаа авчихаад барууны үзлээр зарцуулах уу, зүүний үзлээр зарцуулах гээд бодоод суухыг үзэл бодол гэж хэлэхгүй. Улс төр гэдэг нь төрийн эрхийг авах зам. Үнэн хэрэгтээ төрийн мөнгийг захиран зарцуулах эрхий төлөө тэмцэл. Иргэдэд эдийн засагт илүү их эрх чөлөөтэйгөөр оролцох эрх олгохыг барууны үзэл. Эдийн засагт төр илүү эрхтэй байхыг зүүний үзэл гэж ойлгож болно. Хүн ам цөөтэй баялаг ихтэй олон оронд барууны үзэл амжилттай хэрэгжиж байна.
Та өмчгүй тул үзэл бодол хэрэггүй гэж ойлгож болохгүй. Эрх баригчид танд өөрийн хүчээр амьдрах эсвэл төрийн хүчээр амьдрах санал тавина. Аль нэгийг нь хүлээн авсанаар таны үзэл бодол илэрхийлэгдэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхий дахины үйл явдлуудаас харахад зах зээлийг бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчид, эрэлт нийлүүлэлт бус, улс төр, их гүрнүүдийн бодлого тодорхойлох замд орж байна. Харамсалтай Монголын зах зээл Смитийн үеийнх шиг л тарчиг мөлчиг байна. Хятадууд хилээ олигтойхон нээхгүй бол манай эдийн засаг ойрын үед 30 хувийн ядуустайгаа л үлдэнэ. Оросын дайн зогсоод, Хятадын ковид арилсан нь ч эдийн засагт нааштай үр дүн ойрын ирээдүйд гарахгүй л болов уу. Яагаад гэвэл зах зээлийн зарчим нийтэд үйлчлэхгүй байна шүү дээ.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n