Төрийн өмчит компанийн захирал жилд урамшууллаараа 12 ширхэг нэг өрөө байр авах боломжтой

2022 оны 05 сарын 29

Манай сонин Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад хийсэн аудитын тайланг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад бид Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагаанд  Үндэсний аудитын газраас хийсэн хараат бус тайлангаас тоймлон хүргэж байна.


 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ӨСГӨЖ ИРГЭДИЙГ АЙЛГАХ ТАКТИКИЙН АРД

 

Аудитын тайланг танилцуулахаас өмнө эрчим хүчний үнийг нэмэх тухай сүүлийн өдрүүдэд гарсан үзэл сурталдсан ухуулгыг хүргэх нь бидний үүрэг гэж үзэж байна. Эрчим хүчний салбарын удирдлагын зүгээс сүүлийн хэдэн жил монголчууд дэлхийн зах зээлээс хэд дахин хямдхан цахилгаан хэрэглэж байгаа тухай сурталдаж эхэлсэн.

Өнөөг хүртэл нэг ч хэрэглэгч үүнтэй маргаагүй. Дэлхийн хамгийн хямдхан эрчим хүч хэрэглэж байгаа монголчууд дэлхийн хамгийн бага цалинтай гэдгийг эрхэм дарга нар мэддэггүй бололтой. Энэ салбарынхан өнөөдөр үнийг 30 хувиар нэмэхгүй бол нийслэлийг хөлдөөж магадгүй гэсэн айдас төрөхөөр заналхийлж эхэлсэн.

Ирэх сараас цахилгааны үнийг иргэд өөрсдөө төлнө. Энэ нь хүнсний үнэ нэмэгдсэн одоо цагт ажилгүй болон бага орлоготой иргэдэд хүндхэн тусна. Монголчууд хорвоо дээр хамгийн хямд цахилгаан хэрэглэдэг ч, хамгийн бага хэрэглээтэй. Хүйтний улиралд монголчуудын тал хувь нь гал түлэх замаар хэрэглээгээ бууруулдаг. Энэ хэмнэлт дулааны хэрэглэгчдэд хөнгөлөлт болж хувирна.

Дулааны цахилгаан станцууд дулааныг үйлдвэрлэлийн өртгөөс хэд дахин хямдаар борлуулж байгаа тухай бас л өдөр, шөнөгүй гомдоллоно. Дулааныг хэрэглэгч нь орон сууцны хороолол болон нийслэлд байгаа төр, компаниудын барилга байгууламжууд. Гэр хорооллынхон дулаан хэрэглэдэггүй. Зөвхөн цахил­гаан л хэрэглэнэ. Гэтэл их хэмжээний дулааны үйлдвэр­лэлийн өртгийн тал хувийг гэр хорооллынхон даадаг. Энэ нь орон сууцныхан давуу эрх эдэлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл төрөөс явуулж байгаа бодлого боорцог идэж байгаа хүнээр бялуу идэж байгаа хүний бялууны үнийг төлүүлж байна гэсэн үг.

Дулаанаа 10 дахин хямдаар өгчихөөд цахилгааны үнийг 30 хувиар нэмнэ гэдэг нь Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний салбарыг зохицуулж байна уу, цахилгаан станцуудын салбадай болоод байна уу гэж асуухад хүргэнэ. Хүсэл байвал төрд иргэдэд өгөх мөнгө байдаг гэдгийг цар тахал харуулсан. Хоёр жил гаруй нийгэм бүхэлдээ цахилгааны хөнгөлөлт эдэлсэн. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр гаргасан гэдэг. Зарим улстөрчид үүнийгээ ивээл мэтээр тайлбарладаг. Үнэн нь уул уурхайгаас л иргэдэд хүртээсэн хишиг төдий зүйл. Өмнө нь Эрдэнэтийн ашгийг төр, авлигачид хувааж хүртдэг байсан.

Харин иргэдэд тусалсанаар Эрдэнэтийн нэг ч дарга турж үхэх нь бүү хэл жин хассан мэдээ алга. Энэ нь цаашдаа гэр хорооллынхны шахмал түлшний үнийг Эрдэнэтийн орлогоор төлүүлдэг жишиг тогтоох боломжтойг харуулна. Орон сууцны дулааны үнийг 10 дахин бууруулж болсон юм чинь гэр хорооллынхонд түлшний бяцхан нэмэр үзүүлэх боломж төрд байж л байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ нэмэхээр айлгахын оронд өнөөдөр энэ салбарт байгаа хөрөнгө, түүний өгөөж, үйлдвэрлэлийн менежмэнт зэрэг рүү өнгийж харвал их наяд биш гэхэд хэдэн арван тэрбумаар хэмжигдэх хэмнэх мөнгө харагдах л байх.

 

АВЛИГАТАЙ НҮҮРСНИЙ ҮНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ХАМСААТАН УУ

 

Нүүрсний уурхайнууд нүүрсээ бас л олборлох өртгөөс нь хямд цахилгаан станцуудад нийлүүлдэг тухай гомдоллодог. Тэр бүү хэл цахилгааны станцуудаас ихээхэн авлагатай тухай ярьдаг. Өнөөдөр Цагаан хад гэдэг газар гурван сая гаруй тонн нүүрс хэвтэж байгаа гэнэ. Хилийн хоригт орсон энэ нүүрсийг ухаж гаргахад багагүй хэмжээний зардал гарсан байж таарна. Гэхдээ олон сар ашиглаагүй байхад хэн нэгэн хохирсон мэдээ алга.

Харин 130 км-ээс нүүрс хэрэглэж байгаа, үйлдвэрлэсэн цахилгааныхаа үнийг бараг өдөрт нь шахуу авчихдаг цахилгаан станцууд өрөнд ороод байгаа нь сонирхол татна. Тэр бүү хэл Австралиас 10 шахам мянган км-ээс нүүрс татаж байгаа Хятадын үйлдвэрүүд ашигтай ажиллаад зогсохгүй цар тахалтай үед ч улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байна. Энэ нь нүүрс олборлолт, тээвэрлэлтийн өртөг бодит уу гэсэн асуулт тавихад хүр­гэнэ. Улмаар уурхайн тан­саг хэрэглээг нүүрсний олбор­лолтын өртөгт шингээдэг гэсэн хардлага төрүүлнэ.

Саяхан Багануурын уурхайн захирал гурван мянган ам.доллар авч байгаад гардуулсан байдаг. Хээл хахууль гэдэг бол үнийн хөөрөгдлийн хамгийн том хөшүүрэг. Хэрэв захирал баригдаагүй байсан бол хахуулийн мөнгө дам хэлбэрээр нүүрсний олборлолтын өртөг дээр баталгаатай сууна. Сэтгүүлч Г.Дашрэнцэн нэгэнтээ “Энэ муу нүүрс үнэрхээд байх зүйл биш. Хэрэгтэй бол би төрсөн газрынхаа хонины хашаанаас л хүрздээд гаргаад ирнэ” гэдэг байсан. Монголд өнөөдөр хамгийн олдоцтой бөгөөд хялбархан олборлож болох зүйлд нүүрс тооцогдоно. Гэтэл амьжиргааны эх үүсвэр болсон цахилгааны үнийг нэмэхэд нүүрс хамсаатан болж байгаад итгэх хүн хүн ховор.

Багануурын уурхай, цахилгаан станцуудад 1990 оноос хойш оруулсан төрийн хөрөнгө оруулалт, гадны зээл, тусламжийг тооцвол шинээр хэдэн уурхай нээж, хэдэн цахилгаан станц барих байсныг мэргэжилтнүүд хялбархан тооцож гаргана. Өнөөг хүртэл эрчим хүчний тавдугаар эх үүсвэр баригдахгүй байгаа нь санхүүгийн эх үүсвэртэй холбоотой биш. Харин одоогийн байгаа уурхай, станцууд дээр зовлон тоочиж, хүний өөрийн мөнгө зувчуулах сонирхолтой бүлэглэлүүдийн хийсэн ажил хэмээн зарим эдийн засагчид үздэг. Арабын орнууд нэг баррель нефтийг нэг ам.доллароор олборлоно. Түүнийгээ заримдаа 100 давуулж зарна. Нэг баррель гэдэг нь 159 литртэй тэнцэнэ.

Манайд нэг тонн нүүрс олборлоход 10 орчим доллар гэнэ. Нэг тонн нефтийг нарийн технологиор олборлоход 6-7 ам.доллар байхад манайхан ил шахам байгаа нэг тонн нүүрсийг олборлохдоо 10 ам.доллар зарцуулах аж. Станцынхны үнэ нэмэх нэг шалтгаан нүүрсний үнэ гэдэг. Гэтэл дарга нарын зарладаг нүүрсний олборлолтын өртөг бодит гэдэгт дээрх тооцоо эргэлзээ төрүүлнэ. Сонирхолтой нь сүүлийн 20-иод жил Багануурын уурхайд захирал сонгох гадаад, дотоодын хөрөнгө оруулахыг төр сонирхсон болохоос нүүрс­ний өртөг бууруулах талаар ямар алхам хийсэн тухай мэдээлэл алга.

 

ХЭРЭГЛЭЭ НЬ ХЭДХЭН ХҮНИЙХ Ч, ҮНИЙГ НЬ НИЙГМЭЭРЭЭ ТӨЛДӨГ САЛХИН ТЭЭРЭМ

 

Эрчим хүчний үнийг өсгөх биш, аль хэдийн өсгөчихсөн байгаа “салхин тээрэм” хочит эрчим хүч гаргагч салхин сэнс­нүүд үнэ нэмэх бас нэг шалтгаан гэдэг. Түүний даган баясагч нь нарны зай хураагуур. Тэднийг нийтэд нь сэргээгдэх эрчим хүчний эко төхөөрөмжүүд гэж нэрлэнэ. Гэхдээ энэ өхөөрдөм хэрэгслүүд монголчуудын талхны мөнгөнөөс чамгүй хумсалдаг.

Нийслэлийн долоон буудалд тэтгэврээрээ амьдарч байгаа Должин эмгэнд энэ хэрэгслүүд салхин тээрэм, сарны тольтой л адил харагдана. Учир нь Должин Дон Кихотыг уншиж, шөнөдөө Сэлэнгийн эрэг дээр болзож залуу насаа элээсэн нэгэн. Тэр зай хураагуур, салхин сэнс хоёр эрчим хүч үйлдвэрлэдэг гэдгийг мэдэхгүй. Харин сар бүр цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ хэмээн хэдэн талхны үнэ нэмж бичигдэхийг мэднэ. Должингийн шийтгэлийг монгол даяараа амсаж байгаа. Инээдтэй нь сэргээгдэх эрчим хүчний төслийн өрмийг хэн идээд байгаа нь УИХ дээр ч нууц хэвээр байна. “Ийм төслийн гэрээнүүд нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй” гэж эрхэм гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн.

Хэрэгжиж байгаа гэрээнүүд манайд ашиггүйгээс гадна, дахиад хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэрээнүүд байгаа аж. Тэдгээр нь хэрэгжвэл Должингийн идэх талх илүү ихээр хорогдоно. Тийм учраас хэрэгжээгүй гэрээнүүдийг цуцлах санал гаргаад бараагүй байгаагаа эрхэм гишүүн мэдэгдсэн.

Гэтэл эрчим хүчий сайд Н.Тавин­бэхийн тайлбарлаж буйгаар гэрээ Монголын талд ашиггүй хийгдсэн бололтой юм. Харин цуцалчихвал манай улс ихээхэн төлбөрт унана. Эндээс харвал гадныхан хохирсоноос монголчууд хохирч суух нь улс орны эрх ашигт нийцэх бололтой юм. Цаашлаад гэрээ хийсэн этгээдүүд хэн гэдэг нь нууц. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний технологийн үнэ тав дахин буураад байхад манайд сэргээгдэх эрчим хүчний үнэ өссөөр.

Гэвч түүнийг хэрэглэдэггүй хэрэглэгчдээс дээрэмдэх мөнгөний хэмжээ нэмэгдсээр. Учир ус авахад хэрэглэдэг төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад хурдтай унаж байна. Доллароор амьдрагсад Монголбанкны зарласан ханшаар амьдардаг бол иргэд ханшийн зөрүүгээр үүссэн төгрөгөөр амьдардаг. Сэргээгдэх эрчим хүчний төслийн гэрээ байгуулагчид алсын хараатай нөхдүүд байсан нь өнөөдөр харагдана. Тэд хэрэв төгрөгөөр гэрээ хийсэн бол монголчууд хожих боломжтой. Харамсалтай нь ам.доллароор хийсэн учраас дотооддоо бидний олонх хэзээ ч хэрэглэдэгүй сэргээгдэх эрчим хүчний үнийг ам.доллароор гадныханд татвар төлсөөр байх болно. Удахгүй хэрэгжээгүй гэрээнүүд хэрэгжиж эхэлбэл бүр ихийг төлнө.

 

ТӨРИЙН КОМПАНИД МОБИКОМ, ЮНИТЕЛИЙН АГЕНТУУД БАЙДАГ УУ

 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагаанд  Үндэсний аудитын газраас хийсэн хараат бус тайланд багахан цалинтай иргэн цочирдмоор мэдээлэл байх юм. Тайланд гүйцэтгэх захиралд сарын үйл ажиллагааны сарын урамшууллын 50 хүртэл хувиар тооцоолон 29.3 сая, жилийн үйл ажиллагааны урамшуулал 11 сая төгрөг, нийт 40.3 сая төгрөг олгосон. Энэ нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг зөрчснийг илрүүлжээ.

Эндээс харвал захирал маань сарын урамшуулалд багаар тооцоход 60 сая төгрөг авдаг болж таарах нь. Сарын цалин биш урамшуулал нь нэг өрөө байрны үнэ гэхээр жилд 12 ширхэг нэг өрөө байр авах боломжтой юм байна. Гэхдээ энэ бүхэнд Яам, ТӨБЗ, компанийн ТУЗ ч боломж олгосон бололтой юм. Энэ тухай https://www.transco.mn/files/1648664459 хаягаар орж 17-р хуудаснаас үзэж болно.

Тайланд туссан бас нэг сонир­холтой баримт бол компанийн захирлын урамшуул­лаас гадна компанид бас Юнител, Мобиком компанийн агентууд байдаг мэт харагдана. Учир нь компани ажилчдынхаа цалингаас Юнител, Мобиком компаниудын утасны төлбөр, зээлээр авсан гар утасны төлбөр, хамтын сан зэрэг хууль бус суутгалуудыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн нягтлан бодогч дээрх компанийн агент шиг ажилласан байх юм. Дээрх компаниудад энэ хүн сайн дураараа үнэгүй ажилласан уу, компаниуд тодорхой үнээр хөлсөлсөн үү гэдэг нь дараагийн асуудал. Ямар ч байсан удахгүй өсөж мэдэх цахилгааны үнэ дотор энэ нөхрийн албан ёсны цалин багтаж байгаа нь маргаангүй.

Хэрэв компаниас цалин авдаггүй бол компанид ажилласан цалинг бид олгодог болж таарна. Хэрэв компаниуд цалин олгодог бол бидний үйлчлүүлдэг компани цахилгааны үнэ нэмдэг байгууллагыг дэмждэг болж таарна. Бас нэг сонирхолтой зүйл Монголбанк дээрх компаниудын чанаргүй зээлийг бүртгэдэг. Компаниуд иргэдийг хулхидаж, чанаргүй үйлчилгээ үзүүлчихээд төлбөр хийсэнгүй хэмээн Монголбанк руу утасдана. Монголбанк дуртайяа тухайн иргэнийг чанаргүй зээлдэгчийн жагсаалтад тусгаж зээл авах эрхэд нь халдана. Үүнийхээ шанд Монголбанкны хэн нь, ямар шагнал авдгийг мэдэхгүй ч би л байсан бол хорлосон хэмжээний 10 хувийг өгөхөөс татгалзахгүй.

Эрчим хүчний салбарт байгаа нэг байгууллагын нэг л асуудлыг хөндлөө. Энэ сал­барт олон байгууллага бий. Бүгд төрийн өмчийнх. Ийм тогтолцоонд л авлига нүүр­лэж үнэ нэмэгдэх нөхцөл үүсдэг. Худлаа гэвэл бусад байгууллагуудад хийсэн аудитыг удахгүй гаргаж тавина. Үнэ нэмэх гээд байгаа шалтгаан бараг л тодрох болов уу. 

Х.БАТТӨГС

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.30.210) 2022 оны 05 сарын 30

болохгүй бичигдээгүй хуультай ажиллагсад юм. Салбарын онцлогийг мэдэхгүй байж нийгэмд ЭХ систеийн тухай буруу ташаа ойлголт өгсөн та ЭХ системийн нийт ажиллагсадын өмнөөс уучлалт гуйх ёстой шүү Х.Баттөгс гуай. дашрамд хэлэхэд бид тийм өндөр цалинтай биш шүү. Наран трейд компаны захирал Удвал 1750000 төгрөгний цалинтай ажилд хүн олдохгүй байна гэж зарласан шүү. Бидны цалин 1750000 хүрэхтэй үгүйтэй л байгаа шүү

0  |  1
зочин(64.119.30.210) 2022 оны 05 сарын 30

байдаг ба зөвхөн сарын үр дүнгийн урамшуулал авч л цалин жаахан нэмэгддэг юм. Угаасаа одоо ЭХ-д ажиллах сонирхол байхгүй болсон ба зөвхөн ажилд ороод ганц 2 жил ажиллаж жаахан дөртэй болж аваад л өндөр цалинтай уул уурхай руу яваад өгдөг болсон доо.Аа тэр Мобиком Юнителийн тухайд бол ажиллагсадын өөрсдийн саналыг үндэслэн цалингаас нь суутгадаг болохоос зардалд ордоггүй болохыг мэдэхгүй байж ингэж бичих шаардлаггүй шүү. ЭХ системд ажилладаг ажиллагсад бид ”Ажиллагсадын цусаар бичигдсэн авулгүй ажиллагааны дүрэм” дагуу ИТА нар 2-4 операторын утастай байх ёстой мөн гар утсаа хэзээ ч салгаж

0  |  0
зочин(64.119.30.210) 2022 оны 05 сарын 30

Х.Баттөгс та бүрэн судалгаа хийж аудитын бичсэн дүгнэлтийг зөв бичх байсан юм даа. Та хэтэрхий нэг талыг барьсан буруу мэдээлэл цацаад ЭХ системд тэр тусмаа ЦДҮС ТӨХК-ийн ажиллаж байгаа ажиллагсадыг ингэж доромжтлж болохгүй шүү. Сарын үр дүнгийн шагнал 29,3 сая төгрөг гэдэг чинь жилийн дүн шүү дээ. гэтэл та зөвхөн 1 сард авдаг гэж худлаа мэдээлэл цацаж байгаа нь ард иргэдийг төөрөлдүүлж ЭХ систем -д ажилчид маш өндөр цалинтай гэсэн худлаа яриаг дэврүүлэх шаардлага байхгүй шүү. ЭХ системд тэр дундаа ЦДҮС ТӨХК-д ажилладаг ИТА / инженер техникийн ажилчид/ нарын үндсэн цалин дөнгөж 1 сая орчим

1  |  0
Зочин(202.21.108.4) 2022 оны 05 сарын 29

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн хараат бус тайланд багахан цалинтай иргэн цочирдмоор мэдээлэл байх юм. Тайланд гүйцэтгэх захиралд сарын үйл ажиллагааны сарын урамшууллын 50 хүртэл хувиар тооцоолон 29.3 сая, жилийн үйл ажиллагааны урамшуулал 11 сая төгрөг, нийт 40.3 сая төгрөг олгосон. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг зөрчснийг илрүүлжээ.

0  |  0
Иргэн (203.91.115.49) 2022 оны 05 сарын 30

Ер нь айлуудад нэг өрөө л байхад хангалттай тул барилгын компаниуд студио гэдгийг сайн барих хэрэгтэй. Айлуудын хүүхдүүд томроод гэрээсээ гарангуут эцэг эх нь голдуу байраа буцаад жижигрүүлдэг.

1  |  0
Zailmaar(66.181.161.104) 2022 оны 05 сарын 29

Sonovol taarah humuus shu de, chingisiin ner barisan tsigaam, hujaa orhidosnuud.

0  |  0
ДАШ(64.119.24.116) 2022 оны 05 сарын 29

ЭНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН НҮСЭР ТОМ БҮТЦЭЭ, ҮРГҮЙ ЗАРДЛАА, ХАХУУЛЫН СҮЛЖЭЭГЭЭ АРИЛГАЖ, ХЭТ ӨНДӨР ЦАЛИНГАА, ТАНСАГЛАЛАА ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БОЛГОВОЛ ҮНЭ НЭМЭХ ЯМАРЧ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ШҮҮВ

3  |  0
үнэн(64.119.20.137) 2022 оны 05 сарын 30

Энэ ёстой мундаг үнэнийг бичсэн байнаа. АН засаг барьж байхдаа хэдэн жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний төлбөр цахилгааны суурь үнэ усны суурь үнэ гэх мэт худлаа үнэ зохиож цахилгааны төлбөр нэмсэн шдээ. Тэрийг онсараар нь гарын үсэгтэй сайдын тушаалаар нь хаанаас ч гаргаад харж болно!!!! Энэ салбарынхан өөрсдөө маш өндөр цалинтай хангамжтай тансаглаж туйлдаг салбар!!!! Байнга үнэ нэмж иргэдийг боомилж байдаг салбар. 5 станцаа ч босгочиж чаддаггүй новшийн арчаагүй сайд даргатай.

5  |  1
Зочин(192.82.72.128) 2022 оны 05 сарын 29

Бүгд тийм байгаа шүү шалгаад үзээрээ

2  |  0
Top