Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар арилжааны банкууд ирэх сарын 30-нд багтаж, IPO гаргах ёстой. Гэхдээ улс төрийн түвшинд IPO гаргах хугацааг нэг жилээр хойшлуулах асуудал хэлэлцэгдэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 10-нд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн юм
Сануулахад, энэ сарын 3-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжсэн. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичгийг Монголбанкнаас өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байдаг.
Банкуудын тухайд IPO хийх бэлтгэлээ хангах ажлын хэсэг байгуулж, жил орчим хугацаанд нэлээд зардал мөнгө гаргаж бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч буй. Системийн нөлөө бүхий зарим банк IPO хийх зөвшөөрлөө мэргэжлийн байгууллагуудаас хүлээж байна гэсэн мэдээллийг өгч байгаа.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах үндэслэлийг тодотгон, дараах байр суурийг илэрхийлж байна.
"Банкны салбарын шинэчлэлийг чанартай хийхийг чухалчилж байна. Олон улсын санхүүгийн байгууллагын зүгээс арилжааны банкуудад шалгалт хийгээд балансынх нь бодит байдал, эрсдэлийг нь үнэлж гаргаад хөрөнгө оруулагч нарт санал болгох шаардлагыг тавьсан. Хэрэв Монголбанкнаас арилжааны банкуудад активын шалгалтыг нь зургаадугаар сарын 30-наас өмнө хийсэн байсан бол өнөөдөр хугацаа сунгах шаардлага байхгүй. Бид шинэчлэл хийх гэж байна гээд зах зээл, хөрөнгө оруулагчдыг хуурч болохгүй" гэсэн.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкуудын активын чанарын үнэлгээ болон IPO-той холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлж байна.
“Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл, хариуцлагагүй мэдэгдэл юм. Уул нь олон давхар хяналт шалгалттай, маш хатуу нарийн зохицуулалттай салбар шүү дээ. Банкны салбарт дэлхийд танигдсан нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг жишиг тогтоод олон жил болж байна. Мөн томоохон банкууд маань олон улсын зэрэглэл тогтоох байгууллагуудаар улстайгаа зэрэгцээд зэрэглэлээ тогтоолгодог болоод удаж байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс өөрсдөө бие даан хөрөнгө мөнгө ч босгодог болсон байгаа.
Санхүүгийн зах зээлд өгөөж, эрсдэл 2 үргэлж цуг явдаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд AQR бол эрсдэлийг бууруулах л алхам юм. Системийн хэмжээний банкны IPO нь салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд тохиож буй томоохон реформ. Үүнийг амжилттай хийхэд хувьцааны анхны үнэлгээ маш чухал. Гэтэл эдийн засгийн орчинд тодорхой бус байдал өндөр, шок ихтэй үед ирээдүйн прогноз төсөөллүүд алдаа өндөртэй гарах магадлалтай. Төв банкууд, судалгааны байгууллагууд, мэргэжлийн шинжээчдийн таамаг ихээр зөрж байгаа ийм үед аливаа компанийн ирээдүйн мөнгөн урсгал, одоогийн хувьцааны үнэлгээг хийх нь улам л төвөгтэй болж буй. Иймд зохицуулагч байгууллага ч тэр, банкууд ч тэр цаг хугацаанд хэт шахагдалгүй маш сайн бэлтгэлтэй байснаар энэ реформыг амжилттай хийж чадна. Тэр бэлтгэл ажлын нэг хэсэг нь л AQR буюу активын чанарын үнэлгээ бөгөөд Олон улсын валютын сан ч зөвлөж буй. Эдийн засаг хэвийн үед ч хувьцаа бол үнэ нь өсдөг, унадаг зүйл тул иргэдийн хувьд ч хэзээ яаж ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг дээр санхүүгийн боловсрол чухлаар тавигдана.
IPO хийх цаг хугацааг сунгах буюу амжилттай хэрэгжүүлэх дуусгах хугацааг сунгах нь санхүүгийн тогтвортой байдлын зорилттой салшгүй холбоотой. Системийн 5 том банк нэгэн зэрэг ирэх 6-р сарын 30-ны дотор хувьцаагаа олон нийтэд санал болгоод бүгд амжилттай болохгүй бол яах вэ? Олон улсын зах зээл дээр ч 2022 онд IPO-ийн тоо эрс цөөрч, нэгэнт хөрөнгийн зах дээр арилжаалагдаж буй хувьцааны үнэ эрчимтэй унаж байна шүү дээ. Дотоодын зах дээр ч он гарсаар хувьцааны индекс 20% уналттай, зарим том компани бонд гаргаад цаг хугацаандаа тооцсон санхүүжилтээ татан төвлөрүүлж чадалгүй хугацаагаа сунгах явдал гарч байна. Иймд банкны салбарын тогтвортой байдал талдаа ч, хөрөнгө оруулагчтаа ч эрсдэл үүсгэхгүйн тулд маш болгоомжтой хандах шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн бусад салбар, төлөөллийн хувьд хуулийн хугацаа, шахалтаар биш бэлтгэл ажлаа хангасны дараа өөрсдийн хүсэлтээр олон нийтэд хувьцаагаа санал болгож арилжаалдаг нийтлэг жишиг олон улсад мөрдөгдөж байгаа.
Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй, ухрахгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Гагцхүү эдийн засгийн өнөөгийн орчинд цаг хугацаанд шахагдаж хийснээр санхүүгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд л хэрэгжих хугацааг сунгах саналтай байгаа. Мэдээж эрт IPO хийх боломжтой банк нь зах зээл дээр түрүүлж гараад, хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид оролцож болно, оролцох нь ч хуулиар нээлттэй” гэв.
Сэтгэгдэл ( 0 )