Монголчууд бид аливаа баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх дуртай ард түмэн. Нийтээр тэмдэглэх баяр наадмынхаа мөн чанарыг танин мэдэхээс илүү найрлаж, цэнгэхийг илүүд үздэг нь нууц биш. Энэ хандлага саяхан болж өнгөрсөн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр мөн ажиглагдав. Уг нь энэ өдрийг баяр наадам гэхээс илүүтэй “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, шаар үлээж, хүүхдүүддээ чихэр авч өгөхөөс илүү тэдний эрхийн төлөө дуугарах ёстой.
Өдгөө манай улсад хүүхдийн эрхийн зөрчил хууль хяналтын байгууллагад хамгийн ихээр бүртгэгдэж байгаа нь үнэн. Хаана л гэмт хэрэг, осол бүртгэгдэнэ тэнд хүүхэд өртсөн байх жишээтэй. Хаана гэр бүл сална тэнд гэмгүй хүүхэд хохирч хоцорч байна. Сургуулийн орчинд гадуурхагдах, багш нартаа зодуулах зэрэг асуудал сүүлийн үед байнга давтагдах боллоо. Энэ мэтчилэн хүүхэд хохирсон гэмт хэргүүд өдөр бүр, цаашлаад цаг тутам бүртгэгдэж байна. Иймээс бид жилдээ нэг удаа ч болов зургаадугаар сарын 1-нд нь тэдний эрхийн төлөө, эрхийг нь хамгаалахын төлөө ажиллаж, дуугарах ёстой байгаа юм.
Угаас 1925 онд Швейцарийн Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтын үеэр зургаадугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгон зарласан байдаг.
Жилийн бусад өдрүүдэд хүүхдийн төлөө дуугардаггүй юм гэхэд ганц тохиох тэмдэглэлт өдөр нь нөлөөллийн ажлуудыг дорвитой хиймээр. Ялангуяа төрийн болон төрийн бус хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд энэ өдрийг ажил хэрэгч байдлаар өнгөрүүлмээр байна.
Монголд өнөөдөр хүүхдийн эрхийн зөрчил ямархан түвшинд байгаа талаар тоо дурдъя. Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан өнгөрсөн оны судалгаагаар дөрвөн сарын хугацаанд хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэрэг 1460 бүртгэгдэж шийдвэрлэгдсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, 30 хоногийн дотор хүүхдийн эрхийн зөрчил 330 гаруй бүртгэгддэг гэсэн үг.
Бүртгэгдсэн хэргийг ангилаад үзвэл, хүүхдийг хувцас, хоол, хүнс, орон байраар зориуд гачигдуулсан зөрчил, хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй зөрчил, хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй зөрчил, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйл хэрэглүүлсэн зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Эндээс харвал Монголын эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалах, асрах наад захын хэрэгцээг нь ч хангаж чадахгүй байгаа юм. Мэдээж энд бүх эцэг, эхчүүдийг хэлсэнгүй. Хүүхдээ эрүүл саруул, сурч боловсрох орчноор бүрэн хангахын төлөө эрмэлзэж буй эцэг, эх олон бий. Сайны хажуугаар саар гэгчээр хариуцлаггүй томчуудыг донгодохгүй өнгөрч болохгүй.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛД ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГҮҮД
Та, бидний мэддэг юм шиг хэр нь мэддэггүй зарим асуудал нь хүүхдийн эрхийн зөрчил болдог байна. Прокурорын байгууллагаас гаргасан судалгаа мэдээллээс харахад хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн зөрчил сүүлийн жилүүдэд ихээр гарах болжээ. Сүлжээ дэлгүүрүүдээр электрон тамхи зарах тохиолдол энгийн үзэгдэл болсон. Гэтэл энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй зөрчил гэдгийг хэн ч мэддэггүй. Мөн хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан зөрчил 24 удаа бүртгэгдсэн байна.
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулах, хөдөлмөрийн мөлжлөг үйлдэх асуудал манай улсад нийтлэг дутагдал болсон гэж дүгнэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна хүүхдийг сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан зөрчил олноор гарах болжээ. Аливаа төлбөр хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан зөрчил хүртэл 18 бүртгэгдсэн байх юм.
Хувийн сургуулиуд хүүхдийн сурах хэрэгцээг бизнес болгож хардаг болсон нь ч нууц биш. Түүнээс гадна сошиал хүчтэй хөгжиж буй энэ үед хүүхдийн өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан зөрчил олноор бүртгэгдэж байгаа аж.
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дараагийн нэг ноцтой асуупал бол өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж ашиг олох, эсхүл амь нас эрүүл мэнд, нэр хүндэд харшлах, аюул учруулах тоглоом наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан зөрчил 22 бүртгэгдсэн байна. Үүгээр зогсохгүй хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан зөрчил хүртэл гарах болжээ.
ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ ҮЗЭГДЭЛ ГААРЧ БАЙНА
Сургууль, сургуулийн дотуур байр, өндөр өнжүүлэх төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн зөрчил ихээр гарч байна. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил нийтлэг гарах болжээ.
Мөн Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй зөрчил 23 гарчээ. Нийт зөрчлийн хэргийн 1412 буюу 96.1 хувь нь хүүхдийн бие махбодид халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн зөрчил эзэлж байгаа нь хамгийн ихээр анхаарал хандуулах асуудал юм.
Энэ мэт хүүхдийн эрхийн зөрчил ихээр үйлдэгдэж байгаад энгийн иргэд хийгээд төрийн болон төрийн бус байгууллага онцгой анхаарч, эрхийг нь хамгаалах чиглэлд дорвитой ажлыг хийж хэрэгжүүлмээр байна. Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь нэг өдөр бэлэг сэлтээр бяцхан багачуудаа аргалах бус амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө хичээхийг хэлээд буй юм. Иймээс монголчуудаа хандлагаа өөрчилж, хайртай бяцхан үрсийнхээ төлөө хамгийн сайхан ирээдүйг буй болгоорой. Тиймийн тулд бид “Тэрний, миний хүүхэд” гэх бус бүх багачууд “Миний үрээс ялгаагүй” гэх хандлагаар хүүхэдтэй харилцаж, хайрлах хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Улс орны минь ирээдүй бол хүүхэд. Даан ч эх оронч биш төрийг дээрэмдэж байгаа этгээдүүд ойлгохгүй юм даа. Юм ойлгодоггүй дайснууд засаглаж байгаа нь гутамшиг.