Эдийн засгийн аюулгүй байдал ТУНХАГ төдий байх ёсгүй

2022 оны 06 сарын 13

Ковидоос үүдсэн олон удаагийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнээс шалтгаалан амаргүй сорилтуудтай тулгарсан Монголын эдийн засаг цаашид  ОХУ-Украины нөхцөл байдал, БНХАУ-ын 'О ковид" зорилт, гадаад өрийн дахин санхүүжилтэд тулгарах эрсдэл зэрэгтэй  холбоотойгоор эдийн засгийн "далд" хоригуудад орж болзошгүйг эдийн засагчид, судлаачид хэлж ярьж байна.

Тухайлбал, ОХУ-Украины дайн намжлаа ч барууны орнуудын зүгээс ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүд хэзээ цуцлагдах нь тодорхой бус. Хоригийн эзэд цаашид асуудлуудаа ОХУ-гүйгээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж буй. Нөгөө талаас ковидын илүү өндөр эрсдэлтэй хувилбар энэ намраас тархах талаарх таамаглал дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-ын хатуу чанд бодлого дахин үргэлжилж, эрэлт нь буурах нь гэсэн сэрэмжийг дагуулж буй юм.

Тэгэхээр Монгол Улс ийм эрсдэлүүдийг хэрхэн яаж хор хохирол багатай даван туулах вэ гэдэг сорилтын өмнө ирээд байна.

Цар тахлыг сөрөх гэсэн хориг арга хэмжээнүүдийн сүүдэр дэлхийн эдийн засагт туссан хэвээрээ байхад, шинэ хямралууд нэмж асуудал үүсгэж буй нь хөгжиж байгаа орнуудыг дефолтын эрсдэлд оруулж, орлого багатай орнуудын 60% нь өрийн хямралтай тулаад буйг Олон Улсын Валютын Сангаас мэдээлсэн.

Түүнчлэн  энэхүү дүр зураг  манай Монгол Улсад ч хамаатай буюу ойр асуудал гэдгийг Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөлөөс сануулж, байр сууриа илэрхийлсэн. Одоогоор дефолт зарласан болон зарлах эрсдэл өндөртэй орнуудад гарч байгаа нийтлэг урьтал нөхцөл нь тухайн улс орнуудын инфляц болоод байгааг онцолсон юм.

Шри Ланк, Аргентин, Палестин зэрэг дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг аваад үзэхэд инфляцаар дамжин нийгэм, эдийн засгийн бүх салбарт цочрол, дарамт ирж байгаа жишиг манай тухайд ч тойроод өнгөрөхгүй дайраад өнгөрөх бодит эрсдэлтэй. Манай улсын тухайд инфляцтай зэрэгцэн  гарч байгаа нэг гол асуудал нь гадаад өр төлбөрүүд юм.

Манай улсын хувьд Засгийн газрын өр 2021 оны байдлаар 33 их наяд төгрөг буюу 10.9 тэрбум ам.доллар болж өссөн  нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 79.57 хувьд хүрсэн хэмжээ. Засгийн газрын өрийн дүнд Монгол банкны Хятадын Ардын Банктай байгуулсан 1.6 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцэл болон Хөгжлийн банкны гадаад бондыг нэмж тооцоход  ДНБ-ий 96 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Гэтэл төсвийн орлогын 30 орчим хувийг, экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нь тасалдах, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл байнга дэргэд байсаар байна.

Тэгвэл эдийн засагт олон эрсдэл нэмж тулгарч болзошгүй ийм орчинд Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг асуудал юу юунаас илүү чухлаар тавигдаж, бидний өмнө томоохон сорилтыг бий болгож байгааг эдийн засагч,  судлаач Д.Ган-Очир анхааруулж байна.

Тэрбээр "Эдийн засгийн аюулгүй байдлын дэд бүрэлдэхүүн хэсэг тус бүрт хамаарах зарим үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг 2010-2020 оны байдлаар тооцож харахад 2010 он буюу Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталж байсан үетэй харьцуулахад тодорхой ахиц дэвшил гарсан боловч хэрэгжилт нь хангалтгүй, тунхаг хэвээр үлдсэн асуудлууд цөөнгүй байгаа нь эдийн засгийн бие даасан байдалд аюул занал учруулж байна. 

Эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудад нийт гадаад өр өндөр түвшинд хүрсэн, 2023, 2024 онуудад өндөр дүнтэй эргэн төлөлт хүлээгдэж буй байдал, гадаад валютын нөөцийн хүрэлцээ буурч бага түвшинд хүрсэн, төрийн санхүүгийн сахилга бат хангагдахгүй явсаар засгийн газрын өр, зээл өссөөр буй байдал, банкны салбарын эмзэг байдал өндөр, хүнс, эрчим хүч, шатахууны нийлүүлэлт цөөн зах зээлээс хэт өндөр хамааралтай байдал, экспорт нэг улсад төвлөрсөн, тээвэрлэлт үр ашиггүй, хил боомт дээрх гацаа үргэлжилж буй байдал зэргийг эн тэргүүнд дурдаж болохоор байна. 

Эдгээр асуудалд анхаарал хандуулж, одоо эхлүүлээд байгаа холбогдох төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, шуурхай, зохистой шийдвэрлэхгүй тохиолдолд богино хугацаандаа гадаад өрийн дефолт, ханшийн, өрийн, банкны гурвалсан хямрал тохиолдох, цаашлаад хямрал богино давтамжтай тохиолдсоор гадаад өрөнд баригдсан хараат байдалд хүрэх, нийгмийн эмх замбараагүй байдалд хөтлөх эрсдэлтэй. Энэ эрсдэлийг ч сүүлийн үед Шри Ланк, Пакистанд болж буй үйл явдлууд анхааруулж байна. 

Иймд одооноос гадаад өрийн стратеги, макро сахилга баттай бодлого, тэр дундаа төрийн санхүүгийн сахилга батыг сахиулах, худалдаа, аж үйлдвэржилтийн бодлогын хүрээнд экспортод чиглэсэн, эдийн засгийг олон тулгууртай болгоход дорвитой арга хэмжээ авч эхлэх, хил дамнасан худалдааны тээвэр, логистик, хил боомтын асуудлыг тогтвортой байлгах шийдэл хайх, экспорт, импортын зах зээлийг төрөлжүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ авах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.  Монгол Улсад батлагдсан баримт бичгүүдэд үүсэж буй асуудлын оношилгоо, шийдвэрлэх шаардлагатай зүйлс, тэдгээрийн зорилт, арга хэмжээнүүд сайн туссан байгаа хэдий ч гүйцэтгэл, хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна.

Аюулгүй байдлын үзэл баримтлалыг эдийн засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж, хэрэгжилтийг үр дүнтэй хангах, явцын үнэлгээ, мониторинг хийх тал дээр учир дутагдалтай явж ирлээ. Иймд зорилтуудыг эзэн биетэй болгох, эрх үүргийн хуваарилалтыг оновчтой хийж, хариуцлагын механизмыг тодорхой болгож, ашиг сонирхол, авлигатай холбоотой асуудлаас ангижрахгүйгээр нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл харагдаж байна. 

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын заалтууд нь бусад орны үзэл баримтлалтай ерөнхийдөө нийцтэй, үзэл баримтлалд нь тусгагдсан заалтуудыг хамруулсан байна. Гэвч эдийн засгийн шинэ сорилтуудтай уялдуулан шинэчлэлийг эрчимжүүлэх, гамшгийн үеийн эдийн засгийн бэлэн байдлыг хангах, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, менежментийг сайжруулах, цахим эдийн засгийн хөгжил, хяналтыг сайжруулах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, орлогын тэгш хуваарилалтыг хангах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг гүнзгийрүүлэн судалсны үндсэн дээр нэмж тусгах нь зүйтэй гэж үзлээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top