Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 1000 километр туулж, Улаанбаатарыг зорьсон шалтгаанаа “Намайг гүтгэж байгаа учраас өөрийгөө АТГ-аар шалгуулна” хэмээн шударга царайлав. Алтайн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдохдоо олон асуудалд холбогдож дөжирсөн нөхөр “нэг сая төгрөгөөр “Ландкрузейр” машин зарлаа” гэх мэдээллийн араас өндөсхийхгүй. Тэр ч бүү хэл “Төрийн 110 алба хаагчийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн” гэх Төрийн албаны зөвлөлийн мэдээлэлд ч ухасхийгээгүй гэдгийг алтайчууд харсан.
Тэгэхээр Засаг даргын нийслэл, АТГ-ыг зорих шалтгаан юу байв гэх асуудал зүй ёсоор хөндөгдөнө. Үүний цаана улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байхыг үгүйсгэхгүй мэдээ мэдээллүүд олон бий. Энэ тухай дурдъя. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд боомтуудын үйл ажиллагааг сэргээх, шинээр нээх нь зүйтэй гэх малгай дор 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нараас “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг оруулж ирсэн.
Үүнд “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээн нээж, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгох”-оор тусгасан байдаг. Харин гишүүдийн олонх нь төслийг сайн нягтлан, холбогдох байгууллагуудын саналыг авч судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэнээр асуудал хана мөргөсөн.
Ийнхүү О.Амгаланбаатар дарга гурван гишүүний унасан саналаас хойш буюу 2022 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймагт уул уурхайн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаад “Наран Сэвстэй боомтыг нээж, та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам босгохоор хөөцөлдөж байна” хэмээсэн. Мөн хоёр сарын дараа иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ “Наран Сэвстэйн боомтыг нээхээр бид бүгдийн эдэлж хэрэглэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бууна, шатахуун түлш гээд бүхий л зүйлийн үнэ буурч Алтай төдийгүй баруун бүс тэр чигтээ хөгжинө” хэмээн ярьжээ.
Мөн үүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан. Энэ үеэр Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэйн боомтыг нээснээр Наран Сэвстэй-Алтай чиглэлд 500 километр хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” хэмээн уухайлж байгаагаас харахад нэр бүхий гурван гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд боомт нээх тухай санал оруулснаас хойш Засаг даргын идэвхи ийн сэргэсэн гэхэд болно.
Тэр ч бүү хэл өнгөрөгч хавар төвөөс сэтгүүлчдийн баг Алтайд залж, боомтын маршрут дагуу танилцуулахдаа “Хятадууд хилийн дагуу Алтай хот хүртэл хатуу хучилттай зам тавьж өгнө гэсэн, тэгэхээр хилийн шугам дагуу зурвас чөлөөлж, 500 километр зам тавьчихаар байгальд халгүй асуудлыг шийднэ. Бид өрсөхгүй бол хятадууд цаанаас нь газар доогуур ухаж байна” хэмээн тэдний тархийг угаасан.
Засаг дарга маань энэ мэт давшингуй үйл ажиллагааныхаа завсарт эрх баригчдаас тунхагласан шинэ сэргэлтийн бодлого ярьж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хэрэгтэй хэмээн халаглана. Мэдээж өгүүлбэрийнх нь гол санаа нь Наран Сэвстэйн боомтыг нээхээр Говь-Алтай аймаг төдийгүй баруун бүс, бүр Монгол Улсын хөгжил дэвшилд асар том хөрөнгө оруулалт болно гэх “үлгэр” байв.
Засаг даргын энэхүү удаа дараагийн хөгжлийн тухай халаглал дундуур нэрт сэтгүүлч Б.Галаарид “Говь-Алтай аймгийн өмнөд хил дээрх Наран Сэвстэй боомтыг нээх асуудлыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар идэвхтэй хөөцөлдөж байна. Түүний яриад байгаа үндэслэлүүд яагаад худал, бүтэшгүй болохыг тайлбарлая. Наран Сэвстэйн боомтыг нээхийн цаана Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ухах улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу сонирхол байгаа гэдгийг бас хэлье” хэмээн учир шалтгааныг тайлбарласан баримт бүхий томоохон нийтлэл гарсан.
Тиймээс засаг ноёны “Шинэ сэргэлтийн бодлого” нурж, “Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлого” алдагдаж эхэлсэн учраас нийслэлийг зорьж, АТГ-ын газрын үүдэнд очих шалтгаан болсон болов уу. Магадгүй цаана нь бүлэглэлийн шахалт ч байхыг үгүйсгэхгүй. Өчигдөр тэрбээр АТГ-ын үүдэнд “Наран Сэвстэйн боомт нээх нэрээр Талын мэлтэсийн алтыг ухах гээд байгаа юм биш үү” гэх сэтгүүлчдийн асуусан асуултад “Наран Сэвстэйн боомтыг нээхээр алтайчууд хямд шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэрэглэнэ. Бүтээж босгоё хөгжүүлье гэхээр зорилготойгоор харлуулдаг хүмүүс байна. Боомт нээх нэрээр алт ухах гэж байна гэх юм. Алт бидэнд ямар хамаатай юм” хэмээн мэлзээд зулрана лээ.
Ямартай ч Засаг ноёны хэлснээр “Наран Сэвстэйн боомтыг нээж, Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” гэдэг худлаа гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлажээ. Тэдний хэлж байгаагаас харахад тус боомттой Эрээн-Замын-Үүд шиг үйл ажиллагаагаар холбогдох газар нь Гансу мужийн Мазуншань боомт нь 1000 гаруйхан хүнтэй, хилийн зурвасаас 115 километр зайтай, алслагдсан бөглүү тосгон аж. Тосгоны ойр орчимд ямар нэгэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн байгууламж байхгүй. Мазуншань боомтоос хамгийн ойрхон Үймэн хот хүрнэ гэвэл 320 километр, Ганьсу мужийн төв Ланжу хот орно гэвэл 1000 гаруй километр туулна гэдгийг дуулгасан.
Ийм дэд бүтэцгүй, нөхцөлгүй боомтыг нээгээд хаашаа, яаж, хэрхэн Ази Европыг холбох вэ гэдэг нь хэнд ч тодорхой харагдаж байна. Ийм боломж нөхцөлгүй зүйлээр дөрөөлж хөгжил дэвшил ярьж байгаагийн цаана Талын мэлтсийн ордыг ухах гэсэн санаархал байгааг дурдаад эхэлсэн. Тал талаас үндэслэлүүд ч гаргаж байна.
Талын мэлтэсийн орд газар нь дэлхийн болон Монголын Улаан номонд данстай хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль хонь, мазаалай зэрэг ховор амьтад нутагладаг, нэн ховордсон ургамалтай газар гэдгийг тэмдэглэжээ. Иймээс нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалах зорилгоор 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авч, Их говийн дархан цаазат газар болгожээ.
Мөн унаган төрхөө хадгалж үлдсэн, амьтан, ургамал хосолсон говийн экосистемийн бүрдэл нь дэлхийн онцгой бүс гэж үзэн ЮНЕСКО-гоос 1991 онд Олон улсын хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан байна. Эндээс харахад хуралдаанд санал оруулсан нэр бүхий гурван гишүүн, Засаг дарга нар Монголын байтугай дэлхийн анхааралд орсон дархан цаазат газрыг хамгаалалтаас гаргах нь эхний алхам байж таарна.
Талын мэлтэсийн алтыг ухах санаархал зөвхөн өнөөдөр ч гарсан хэрэг биш, 1996 онд М.Энхсайханы Засгийн газраас эхлэн санаархлаа цухалзуулж ирсэн газар нутаг. Үүгээр ч зогсохгүй С.Баярын Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж асан Д.Зоригт, Н.Алтанхуягийн Засгийн газарт Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж асан Д.Оюунхорол нар тухайн Засгийн газрынхаа Талын мэлтэсийг ухах санааг хэрэгжүүлэхээр баримт материалаа бэлдсэн байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг ч ажиллаж байсан танхим нь урт наслаагүй юм гэдэг. Харин тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүтэй нөхөд эрс эсэргүүцсээр сонгуулийн босго хүргэж байсан. Өнөөдөр ч эх нутгаа гэх зүрх сэтгэлтэй гишүүд энэ асуудлыг эсэргүүцэн тэмцсээр байна.
Алтайн засаг ноён 1000 километр туулж, АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийг дуудна гэдэг өөрийнх нь ярьж байгаа шиг “Хууль бусаар газар олгосон”, “нэг сая төгрөгөөр Ландкрузейр машин зарсан”, “Төрийн алба хаагчдыг хоморголон халсан”, “Төсвийн мөнгөөр худалдан авалт хийсэн” гэх зэрэг гүтгэлэгт хариу өгч, АТГ-т шалгуулах бус Наран Сэвстэйн боомтыг нээлгэхгүй хэмээн тэмцэж байгаа хүмүүст урьдчилсан сануулга өгч, өөрийгөө цэвэрхэн харагдуулах гэсэн ажиллагаа байж таарна. Эцсийн эцэст бүлэглэлийн гар хөл болж, Талын мэлтэсийн алтанд шунаагүй гэдгээ л харуулах зорилго өвөрлөн АТГ-ын үүдэнд ирэв бололтой. Мэдээж санаагаа цухалзуулахгүйн тулд шударга дүр эсгэх нь карьерт нь тус нэмэр болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Зиндаа маш зөв байр суурьтай байгаад баяр хүргэе. Үнэхээр үнэнийг илүү дутуугүй бичсэн байна. Алт ухах нь л энэ хүмүүсийн үндсэн ашиг сонирхол. Талын мэлтэсийн ордыг ухвал говийн энэ онцгой сайхан байгаль тэр чигтээ ТАМ болж үлдэнэ. Адьшаа, Амгаланбаатар хоёр түрүүвч нэгтэй, энэ хоёр хүн юу ч хийж чадна. ХАрин одоо Хятадуудын барьцаанд хэр гүн орсон байгаа бол. Гансугийн хувийн хэвшлийнхэнтэй алт ухахаар тохирч мөэнгө хвсан л байгаа болов уу. Сонгуулиар маш олон тэрбум төгрөг цацсан гэсэн. Бас орон нутгийн сонгуулиар Амгаланбаатар маш их мөнгө тараасан гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
Аймгуудын засаг ларга гэсэн мафийг устгах хэрэгтэй.
Говь алтай аймагмнанц боомт Бургастайгаа олигтой тордож чадаагүй байж хүн амьтангүй хилийн цаана ч олигтой сууршлийн бүсгүй цөлд боомт нээнэ ч гэх шиг сайндаа биш лдээ алтаа ухах гэж улайрчээ
Энэ чинь нөгөө дарга бүсгүйн үхэлтэй холбоотой нөхөр мөн үү биш үү
bolio burgastain uchriig oloogui bj luivarchnii ugeer tam bolgohnee