Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Монголын хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмчит байсан. Гэвч одоо 34 хувиа олон нийтэд санал болгож байгаа юм билээ. Яагаад ийм шийдвэрт хүрэв ээ?
-УИХ-аас Шинэ сэргэлтийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогын гол зорилтуудын нэг бол төрийн өмчийг олон нийтэд шилжүүлэх юм. Ямарваа нэгэн байгууллага 100 хувь төрийн өмчид байх нь асуудалтай. Зөвхөн манай улсад төрийн өмчийг олон нийтийнх болгоод байгаа юм биш. Олон улсын туршлагын дагуу энэхүү арга замыг сонгосон. Олон улсын жишээнүүдээс дурдвал газрын тос, хийн Газпром компани 50 хувиа олон нийтийн эзэмшил болгосон. Цэвэр орлого нь 53 хувь өсөж, цэвэр ашиг нь 31 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Австрали улсын харилцаа холбооны хамгийн том, 100 хувь төрийн өмчит Телстра компанийг үе шаттайгаар хувьчилсан. Нийт нэг сая гаруй хөрөнгө оруулагчтай. Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк 24 хувиа олон нийтэд IPO хэлбэрээр гаргасан. Ингэснээр 21.9 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн байдаг. Орлого нь 7.8 хувиар, ашиг нь 3.3 хувиар өссөн.
Үүний сайн жишээ манай улсад бий. Тухайлбал, Монгол шуудан хувьцаат компанийг дурдаж болно. Тус компани олон нийтийн компани болсноор цэвэр ашиг нь 10 дахин өсөж, хувьцааны үнэ нь 5.4 дахин өссөн байх жишээтэй. Мөн Говь компанийг дурдаж болно. Нээлттэй хувьцаат компани болсноор 18.3 тэрбум байсан зах зээлийн үнэлгээ нь 220 тэрбум болж өссөн. Энэ мэтчилэн жишээг Монголд өргөнөөр нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Үүний хүрээнд хийж буй ажлын нэг бол Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд санал болгож буй явдал юм. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу Засгийн газрын шийдвэр гарснаар уг ажлын эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Энэ ажил амжилттай болвол бусад төрийн өмчит компаниуд энэ жишээгээр явж, засаглал сайжирч, шинэ түвшинд гарах боломжтой. Нөгөө талаас Монголын иргэд Хөрөнгийн биржээр дамжуулан төслүүдийн хувьцааг худалдан авснаар өгөөжийг нь хүртэх юм.
-Цаашдаа олон нийтэд санал болгож буй хувьцааны тоо нэмэгдэх боломжтой юу?
-Монголын хөрөнгийн биржийн хувьд дэлхийн хамгийн сүүлийн, магадгүй цорын ганц 100 хувь төрийн өмчит байгууллага байх. Тиймээс эхний ээлжид 34 хувийг амжилттай худалдаалж чадвал цаашдаа олон нийтэд өгөх хувь хэмжээ илүү нэмэгдэнэ. Хөрөнгийн бирж олон нийтийн эзэмшилд очсоноор тухайн компани сонгодог компани руу шилжиж байгаа юм. Хувьцаат компани болсноор Хөрөнгийн биржийн хувьд орлогын сегмент, хувьцаа эзэмшигчдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд илүү боломж үүснэ. Тиймээс цаашдаа үнэт цаасны хэмжээ нэмэгдэх боломжтой хэмээн тооцоолж байгаа.
-34 хувийн хувьцааг худалдан авах хүмүүст хязгаарлалт зааж өгөх үү. Үгүй бол нэг хүн хэт их хувьцааг худалдан авах боломж үүсэх юм биш үү?
-Тодорхой хэмжээний хязгаарлалт байлгүй яахав. Нэг хүн 34 хувийн хувьцааг худалдан авахаас сэргийлсэн хязгаарлалт байна. Хувьцаатай холбоотой шийдвэр гарсны дараа үнэт цаасны танилцуулгыг гаргах юм. Үнэт цаасны танилцуулга дээрээ хязгаарлалтынхаа талаар танилцуулна.
-Хөрөнгийн бирж нээлттэй компани болохын ач холбогдол нь юу бол?
-Өмнө нь дурдсанчлан төрийн мэдэлд 100 хувь байдаг хөрөнгийн бирж дэлхийд байхгүй. Монголын хөрөнгийн бирж олон нийтийнх болсноор биржийн хувьцааг хөрөнгийн зах зээлд оршиж буй компаниуд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид эзэмших шаардлагатай юм. Хөрөнгийн бирж төрийн мэдэлд байснаар хэд хэдэн сөрөг үр дагавартай. Хөрөнгийн биржээр хийсэн арилжаа болон арилжааны төлбөр тооцоо, крилингийг тусдаа төрийн өмчит компани хариуцдаг. Ингэснээр хөрөнгийн биржийн арилжааны шимтгэлд асар их дарамт учруулж, энэ нь эргээд хөрөнгийн биржийн өрсөлдөх чадварыг бурууулах үндсэн шалтгаан болж ирсэн.
Хөрөнгийн бирж нээлттэй хувьцаат компани болсноор өрсөлдөөнт орчинд зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Мөн шийдвэр гаргах үйл явц нэмэгдэх юм. Том гэлтгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ.
-Томоохон компаниуд эхнээсээ нээлттэй хувьцаат компани болж статусаа өөрчилж байна. Хувьцаат компани болоход тулгарч буй бэрхшээл, саад хийгээд шийдэл нь юу байгаа вэ?
-Монголын хөрөнгийн бирж, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар үнэт цаасны биржтэй хамтран судалгаа хийсэн. “Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй саад, бэрхшээл, дэмжлэг” судалгаагаар ТОП-100 аж ахуйн нэгж болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын 96.1 хувь нь нээлттэй хувьцаат компани болох талаар ойлголттой байгаа ч маш бага хувь нь бодит алхам хийгээд байна. Судалгаанд хамрагдагсдын 53 хувь нь нээлттэй хувьцаат компани болсноор дотоодын компаниуд өсөж, хөгжинө гэсэн бол үлдсэн нь урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэрийг бий болгоно хэмээн үзсэн.
Мөн судалгаанаас харахад хөрөнгийн зах зээлээс тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг ихэнх байгууллага тавьсан. Тодруулбал, судалгаанд хамрагдсан байгууллагуудын 71 хувь нь ийн хариулсан. Тухайлбал, хувьцаат компанид тодорхой хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлбэл компаниуд хувьцаат болоход асуудалгүй хэмээх байр суурьтай байгаа. Мөн IPO хийхтэй холбогдох хураамж, шимтгэлийг тодорхой хэмжээнд бууруулах хэрэгтэй хэмээн судалгаанд оролцогчдын 27.5 хувь нь хариулсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох хэдэн жилийн хугацаанд тодорхой хувьцаат компанитай холбоотой татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэхийн бол хөрөнгийн зах зээл цоо шинэ түвшинд гарах боломжтой.
Монголын хөрөнгийн бирж компанийн бүртгэл үйлчилгээний хөлсийг бууруулж байгаа. Тодруулбал, хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх шимтгэлийг бууруулахаас гадна анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгоход анхаарч байна. Мөн биржээс хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох үйл явцыг хөнгөвчлөхөд анхаарч ажиллаж байгаа. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид биржийн арилжаанд 100 хувь цахимаар оролцох боломж бүрдсэн. Эдгээр нь нээлттэй хувьцаат компаниудын тоог өсөхөд чухал нөлөөтэй хэмээн харж байгаа.
-Хувьцаат компанийн тоо нэмэгдэх нь эдийн засаг, хөрөнгийн зах зээлд ямар үр өгөөжтэй бол?
-Нээлттэй хувьцаат компаниудын тоо нэмэгдвэл иргэдийн хувьд баялгийн шударга хуваарилалт үүснэ гэсэн үг. Ингэснээр иргэд хөрөнгөжиж, дундаж давхарга нэмэгдэнэ. Төсвийн орлого нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулалт өсөж, гадаад валютын урсгал нэмэгдэх, компанийн засаглал сайжирч, зах зээлийн зарчимд шилжих, төгрөгийн ханш тогтворжих зэрэг үр дүнг үзүүлэх юм. Компаниудын хувьд цорын ганц санхүүгийн эх үүсвэр хэмээн хэлж болохоор зүйл бол зээл. Хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал нөхцөлд байдаг. Манай улсад урт хугацааны зээл авах боломж байдаггүй. Тэгэхээр урт хугацааны капиталтай болсноор компаниуд шинэ түвшинд гарах, үйл ажиллагаа нь өргөжих үр дүнтэй. Энэ нь Монголын эдийн засгийг шинэ түвшинд аваачих хамгийн гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээлийн хөгжил юм.
Үүнд нэгэн жишээг дурдахад АНУ-ын иргэд Тэтгэврийн даатгалын сан болон Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж, Америкийн төдийгүй дэлхийн шилдэг компаниудын хувьцааг эзэмшиж байна. Энэ нь тухайн улсын нээлттэй хувьцаат компаниудад төдийгүй иргэдэд өгөөжтэй байгаа юм.
-Хөрөнгийн зах зээлийн идэвх, үйл ажиллагаа ямар түвшинд байгаа бол. Өнгөрсөн хугацаанд багагүй бууралттай үзүүлэлттэй байсан шүү дээ?
-Биржид бүртгэлтэй компанийн хувьцаанаас гадна бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг. Цаашдаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл өргөжин тэлэхээр байна. Хөрөнгийн зах зээл өнгөрсөн онд хамгийн өсөлттэй байлаа. Энэ он гарснаар тодорхой хэмжээний буурсан үзүүлэлтийг харуулсан. Хөрөнгийн зах зээлийн хувьд томоохон өсөлтийг үзүүлээгүй ч тогтвортой, эсвэл багахан хэмжээний үзүүлэлтийг үзүүлсээр ирлээ. Гэхдээ энэ жилээс хөрөнгийн зах зээл өсөх хандлагатай байгаа. Жишээлбэл, манай улсын томоохон таван банк системийн шинэчлэл буюу хувьцаагаа олон нийтэд гаргах гэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрнэ хэмээн тооцоолж байгаа.
Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны байдлаар 13.7 хувьтай тэнцсэн. Бусад улс оронтой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт. Гэсэн ч олон улсын шинжээчдийн хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлээр нэрлэсэн. Энэ оны зургаадугаар сарын 13-ны байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.88 их наяд төгрөг байгаа. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
-Таван том банкны IPO-г хойшлуулсан. Банкны IPO-г хүлээж байсан, худалдан авахаар зэхэж байсан хөрөнгө оруулагчдын хувьд том цочрол боллоо. Холбогдох салбарын мэргэжилтний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль гарсан учраас банкууд бэлтгэл ажлаа хангаж, шаардлагатай баримт бичиг зэргээ ч бэлдсэн байлаа. Гэтэл гэнэт нэг жилээр хойшлуулсан нь сайн зүйл биш. Ганц, хоёр компани манайд мэдээллээ илгээсэн байсан юм. Гаднын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчид хэдийн хөрөнгөө оруулахаар бэлдсэн үед төр, засгаас ийм шийдвэр гаргасан нь төдийлөн оновчтой шийдвэр байгаагүй хэмээн харж байгаа.
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд шинэчлэл хийж байгаа. Үүнд тусгасан гол онцлог заалтаас дурдвал?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд шинэчлэл хийхээр бэлтгэж байгаа. Ажлын хэсэгт манай байгууллагын төлөөлөл ажиллаж байна. Үнэт цаасны зах зээлд эрх зүйн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгтэй. Цаг үеийн шаардлагын дагуу нарийн зохицуулалтуудыг ч оруулахаар ажиллаж байгаа. Нэмэлт заалтуудад олон зохицуулалтыг тусгасан. Одоогоор эцсийн байдлаар эрх зүйн зохицуулалтыг дуусгаагүй болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Юутай ч шинэ бүтээгдэхүүнүүд гаргах, хөрөнгийн зах зээлийн сул талыг сайжруулах зохицуулалтыг хийж байгаа хэмээн ойлгож болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n